Sunday, April 24, 2011
Деми Мур: Гэрт маань хайрын үгтэй зурвас хаа сайгүй бий
Нэгэн цагт өөрөөсөө үе мултарсан залуутай дэр нэгтгэсэн хэмээн багагүй шүүмжлэл хүртсэн жүжигчин Дэми Мур зөв сонголт хийсэн гэдгээ өнгөрсөн найман жилийн турш баталсаар ирсэн. Тиймдээ ч тэднийг Холливудын үлгэр жишээ хос хэмээн өргөмжлөх болсон биз. 50 гаруй кинонд сэтгэл татам дүрээ мөнхөлж, гэр бүлээрээ Холливудын дээд зэрэглэлд багтсан хос ховор.
-Хүний наймааны золиос болж буй мянга мянган хүүхдүүдийн төлөө ажиллаж буй хос манай нэвтрүүлгийн энэ удаагийн зочин. Холливудын дээд зэрэглэлийн жүжигчид гэвэл яах аргагүй тэднийг нэрлэнэ. Дэми Мур, Эштон Качер нар энэ удаа чин сэтгэлийн яриа өрнүүлэхээр манай студид хүрэлцэн ирээд байна. Тэд анх удаа хамтдаа ярилцлага өгөх гэж байгаа нь энэ. Би та хоёрыг үүнээс өмнө зэрэгцэн суугаад ярилцлага өгч байсан гэж бодохгүй байна. Миний зөв үү? Мур: Тийм ээ. Бид хамтдаа ярилцлага өгч үзээгүй.
-Та хоёр анх удаа хамт ярилцлага өгч байгаа болохоор юуны өмнө гэрлэлтийн чинь тухай ярилцъя гэж бодлоо. Үнэндээ яг юу хүсэж гэрлэснийг чинь би сайн мэдэхгүй. Гэхдээ тухайн үед хүмүүс сайнаар яриахгүй байсан санагдана. Мур: Зөвхөн яриад зогсохгүй тэд бичиж байсан. Олон нийтийн анхаарал татсан явдал болсон шиг байгаа юм. Тэгээд бүр удаан хугацааны турш олны хэл ам огт тасраагүй.
Качер: Нэлээд удсан шүү.
-Та хоёр дотносоод хэр удаж байгаа билээ? Мур: Найман жил.
-Тухайн үед элэглэн шоолж байгаа хүмүүс амаа барина гэдгийг та хоёр мэдэж байв уу? Качер: Сүй тавьж, нэг насны амьдралаа холбохоор шийдсэн хүн бүр л тэгж боддог байх. Хэн ч сална гэж сууддаггүй.
-Өмнө минь сууж байгааг харахад та хоёрын насны зөрүү анзаарагдахгүй байна л даа. Гэхдээ Качер, өөрөөсөө ахимаг бүсгүйтэй хайр сэтгэлийн харилцаатай байх ямар санагддаг вэ? Качер: Яг л таны харж байгааг би өдөр бүр толинд хардаг.
Мур: Үнэндээ тэр дотоод ертөнцдөө үргэлж л миний үеийнх байсан гэж санагддаг.
-Шоу бизнесийн ертөнцөд гэр бүлийн харилцаагаа тогтвортой байлгах хэцүү гэдэг. Та хоёрын нууц юунд байв? Мур: Миний бодлоор харилцаагаа нэгдүгээр тавих нь хамгийн их ач холбогдолтой. Ажилдаа амжилт гаргахын зэрэгцээ гэр бүлдээ ч халамж анхаарал тавина гэдэг амаргүй л дээ. Харин бид хоёр биенээсээ хол байдаггүй нь л өнөөдрийг хүртэл хамтдаа аз жаргалтай амьдрахад тус болдог болов уу.
Качер: Бас нэг салбарт ажилладаг нь бидний давуу тал байж ч мэднэ.
-Качер хэр романтик вэ? Мур: Гайхалтай роматик залуу.
-Миний бодлоор тэр романтик гэхээсээ илүүтэй гэр амьтай, зоогийн газар биш гэртээ оройн хоол идэхийг илүүд үздэг нэгэн юм шиг. Мур: Тийм тал ч бас бий шүү. Гэхдээ би түүнийг романтик хүн гэж хэлнэ. Хэрэв та манай гэрт очсон бол хайрын үгтэй зурвас хаа сайгүй үлдээсэн байхыг олж харах болно.
Качер: Очир эрдэнийн шигтгээтэй бөгжнөөс хамаагүй хямд тусдаг юм. (инээв)
-Таны санаанд хамгийн тод үлдсэн зурваст юу гэж бичсэн байдаг вэ? Мур: Би түүний үлдээсэн бүх зурваст дуртай. Гэхдээ хамгийн их таалагдсан нь саяхан үлдээсэн нэг зурвас бий.
-Та их уяхан хүн юм аа даа? Мур: Тийм шүү.
Качер: Өөрсдийнхөө нууцыг олон нийтэд дэлгээд хэрэггүй байх аа. Энэ хүрээд зогссон нь дээр.
-Та хоёрыг хүний наймааны эсрэг нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тэр ч байтугай “Жинхэнэ эр хүн охидыг худалдан авдаггүй” гэсэн кампанит ажил зохион байгуулж байгааг бид мэднэ. Мур: Нийтэд хүний наймааны эсрэг бодлыг төлөвшүүлэх зорилгоор бид энэ кампанит ажлыг эхлүүлсэн. Гэхдээ бид энэ ажлаа эхлүүлснээс хойш иргэдийн олонх нь бодит байдлын талаарх мэдлэг мэдээлэл, ойлголттой болсныг анзаарсан. Харамсалтай нь хүн төрөлхтөнд тулгараад буй эл асуудалд хүмүүс тэр бүр ач холбогдол өгөхгүй юм. Магадгүй шийдэх гарцыг нь олчихвол хүмүүс дорвитой алхам хийж эхлэх байх л даа. Тиймээс бид энэ асуудлыг шийдэх хэд хэдэн арга боловсруулан хүн бүр жаахан хүч гаргавал хүний наймаа гэгч аймшигтай зүйлтэй дорвитой тэмцэж чадах юм байна гэдгийг ойлгосон. Нэгдүгээрт энэ ажилд хүн бүр бага хэмжээний мөнгө хандивлах. Хоёрдугаар нисэх буудлын аюулгүй байдлын талаарх хууль, дүрэм боловсруулах.
Харамсалтай нь манай улсад 4-5 муж л хүний наймааг ноцтой гэмт хэрэг гэж үздэг юм билээ.
Качер: Хуульд байдаг бас нэг цоорхой бол насны ангилал тогтоосон явдал. Хэрэв хүний наймааны гэмт хэрэгт холбогдсон нэг залуу шүүхийн танхимд дуудагдвал “Өө би түүнийг насанд хүрээгүй гэж мэдээгүй юм” гэж хэлээд л ялаа хөнгөрүүлэх, цаашилбал мултрах жишээтэй. Секс хийхийн төлөө мөнгө төлдөг хүн үгүй болчихвол хүн наймаа үгүй болох юм. Тиймээс бид энэ кампанит ажлаараа нийтэд энэ үзлийг төлөвшүүлэхийг зорьж байгаа.
-Хэрэгтнүүд зохих ял шийтгэлээ хүлээхгүй байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг улам даамжруулж байна гэсэн үг байх нь ээ. Гэхдээ хохирогч бүсгүйчүүдээс мэдүүлэг авдаг биз дээ? Мур: Хэрэгтнүүд тун сайн жүжигчид байдаг юм шүү. Би танд нэг жишээ хэлье л дээ. Миний танил нэг охиныг 11 настай байхад нь хулгайлсан байдаг. Гэмт хэрэгтэн түүнийг “McDonald's” болон их дэлгүүрээр удаан хугацаанд дагуулж явсан байдаг. Төөрүүлэхийн тулд тэгж явсан хэрэг. Эцэст нь түүнд өдөр бүр 1500 доллар өгч байна гэж хуурч, Вегас руу дагуулж явсан байна. Ингэхдээ ачааны машины чингэлэгт авч явсан гэсэн.
-Ингэхэд уран бүтээлийн сонин сайхнаасаа дуулгаач. Качер: “Шинэ жилийн үдэш” киноны зургийг авахуулаад саяхан дууслаа. Удахгүй кампанит ажлаа ч дуусгах байх. Тэгээд л ажилдаа шамдана даа.
Мур: Миний хувьд “LOL” нэртэй кинонд тоглосон маань удахгүй нээлтээ хийх байх. Одоо дуучин, жүжигчин Майли Сайристай хамтран “Холын дуудлага” кинонд тоглож байна. Бас тун удахгүй “Бас нэгэн баярт өдөр” кинонд тоглохоор гэрээгээ хийгээд байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment