Tuesday, May 10, 2011

Монгол эрийн магтуу


“Хүний хүүхэд” гэсэн цаанаа л хүйтэн хөндий нэртэй киноны сурталчилгаа телевизийн нэвтрүүлгүүдийн дундуур цацагдах болсоор багагүй хугацаа өнгөрч. “Эс ти” студийнхний уран бүтээл болох эл кино нээлтээ хийн, үзэгчдийн хүртээл болоод арав гаруй хонож буй. Амьдралын симфони гэсэн содон тодотгол, хүн чанар, хүнлэг сэтгэлийн тухай гэсэн мэдээлэл нь анхаарал татсан тул Монголын кино ертөнцөд мэндэлсэн шинэхэн уран бүтээлийг сонирхохоор кино театр зорилоо.

Үзэгчдийн хуураагүй үнэн түүх
Коммершл буюу ашгийн төлөөх кино бүр өөрийн гэсэн сурталчилгааны бодлого, үзэгчдийг татах зальжин аргатай. “Татар ажиллагаа” гэхэд л тухайн үед нууцлаг байдлаараа олны анхаарлыг татаж байсан дуучин Б.Амархүү, загвар өмсөгч Э.Одгэрэл нарыг тоглуулж, Монголын кино урлагийн түүхэнд ховорхон төрсөн тулаант гэсэн төрөл жанраар “түрий барьсан” бол, “Хоёр хоёрын тав”, “Намрын синдром”, “Болсон явдал” зэрэг бүтээлүүд чихэнд хоногштол сурталчилгаагаа цацан, уран бүтээлчид нь нийтээр хошуурах болсон хайр дурлалын сэдвийг сонгож, нэрийг нь ч чих сортойлгом содноор өгсөн байх жишээтэй.
Харин “Хүний хүүхэд” тэднээс тэс өөр. Цаанаа л хүйтэн хөндий сонсогдох нэрэнд нь татагдан эл киног үзсэн хүн байхгүй гэдэг нь эргэлзээгүй. Түүнчлэн сэтгэл зүйн бүтээлүүд тэр бүр хүмүүсийн сонирхлыг татах цөөн. Тэр тусмаа тулаант, адал явдалт, зөгнөлт, инээдмийн гээд үйл явдлын хурц шийдэл, өгүүлэмж, агуулгаараа бүх наснынхны анхаарлыг татдаг бүтээлүүд хэдэн арваар төрж байхад сэтгэл зүйн драмын дэлгэцийн бүтээл үзэгчдийн байлдан дагуулж, ашиг орлого олох нь ховор. Гагцхүү бодит явдлаас сэдэвлэсэн гэх тодотгол нь л муугүй пи ар болж мэднэ. Гэхдээ энэ бүх эрсдлээс эмээлгүй цаг хорин минут үзэгчдийг дэлгэцийн ард суулгана хэмээн зориг гаргасны учрыг тайлъя.

Амьдралын симфони хэрхэн эгшиглэдэг вэ?
Үлгэр ингэж эхэлдэг. 1970 он, Сэлэнгэ аймгийн Хүдэр сум. Амьдралд дөнгөж хөл тавьж буй залуухан бүсгүй Нарангэрэл хөл хүнд болсноо мэднэ. Харамсалтай нь түүний сэтгэлт залуу сураг чимээ тасарсан тул бутач хүүхэд төрүүлэн, хэрэгт дуртай олны ярианы гол сэдэв болохоос эмээхдээ амиа егүүтгэхээр шийдэх боловч ангийн найз Анхбаяр нь тааралдсанаар шийдвэрээ өөрчилнө. Цэргээс халагдаад удаагүй байсан Анхбаяр хөөрхий бүсгүйд туслан, хайр сэтгэлгүй боловч түүнтэй гэрлэж, хүүг нь харж халамжлахаар тохиролцсоноор кино өрнөв. Харамсалтай нь тэдний амьдрал санасан шиг нь сайхан өрнөсөнгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам бие биедээ дассан ч “хүний хүүхэд”-ийн хүйтэн сэтгэл тэдний хооронд томоос том хана хэрэм босгосноор үйл явдал туйлдаа хүрдэг.

Цагаа олж төрсөн бүтээл
“Жинхэнэ монгол эр хүн” гэх өгүүлбэр нэгэн цагт бахархал болж байлаа. Эр хүнийг магтан дуулсан уран бүтээлүүд ар араасаа хөврөн гарч байсан бол сүүлийн арваад жилд эмэгтэйчүүдийн бие даасан байдал, эрх чөлөөг магтсан уран бүтээл хит болж байх жишээтэй. Эр хүнийг үнэлэх үнэлэмж буурч, тэднийг адлах болсны захын жишээ энэ. Чухам яг энэ үед эр хүний ноён нуруу, ууч сэтгэл, холч ухаан, сэтгэлийн хатыг магтан дуулсан тул “Хүний хүүхэд” кинонд “А” гэсэн үнэлгээ өгөх нь зүйтэй. Зохиолын гол өгүүлэх санаа энэ байсан ч жижиг хэсгүүдээс өнөө цагийнханд үлгэр жишээ болохуйц олон зүйлийг харж болно. XXI зууны бүсгүйчүүдэд инээд наргиа мэт санагдах эмэгтэй хүний журамтай, үнэнч байдлыг эл кинонд тод дүрслэх бөгөөд, зөвхөн нэг насны амьдралаа холбох хүнтэйгээ л дотно харилцаа тогтооно гэсэн хатуу чанд үзлийг ч тод гаргажээ.
Киноны бас нэгэн сонирхолтой шийдэл бол зохиолд хурц зөрчил, эсрэг дүр гэж үгүй. Амьдралын эрхээр хайрт бүсгүйгээ хөл хүнд байхад нь орхисон Очироо ч киноны төгсгөлд хүүгийнхээ ирээдүй, Анхбаярын сайхан сэтгэлийг өөрийн жаргалаас илүүд үзэж байгаагаар энэ кинонд хоёр ч эр хүний уужуу холч ухаан, сэтгэлийн хатыг харуулжээ.
Мэдээж кино төгс сайн байгаагүй. Хэлэх гэсэн санаа, агууламжийн хувьд сайн байсан ч хийц, жүжиглэлт муутай байсныг дурдах нь зүйтэй.

Зохиогч, найруулагч: Б.Амарсанаа
Гол дүрүүдэд: Гавьяат жүжигчин Б.Дашдондог, жүжигчин Т.Ариунбулаг, Д.Сүхээ
Төрөл: Сэтгэл зүйн драм
Үргэлжлэх хугацаа: 1 цаг 20 минут

No comments:

Post a Comment