Saturday, June 11, 2011
Опра: Баяртай гэж хэлэхгүй
1986 оны есдүгээр сарын 8. Америкийн өнцөг булан бүрт “The Oprah Winfrey Show” шоу нэвтрүүлгийн анхны дугаар цацагдсан өдөр. Түүнээс хойш даруй 25 жил өнгөрч, энэ хугацаанд хөтлөгч Опра Уинфри нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг болж, харин нэвтрүүлэг нь 149 оронд цацагдан, зөвхөн АНУ-д гэхэд л өдөр бүр 15-20 сая хүн цэнхэр дэлгэцийнхээ ард шимтэн сууж тус нэвтрүүлгийг үздэг болжээ.
Бүсгүйчүүдийг байлдан дагуулсан эл нэвтрүүлэг 4,560 дугаараа үзэгчдэд толилуулсны эцэст өнгөрөгч тавдугаар сарын 25-нд хаалтаа хийж, сүүлийн нэвтрүүлгээ цацсан бол Опра хамгийн сүүлийн удаа нэвтрүүлгийнхээ тайзнаа гарч, хамгийн чухал хичээлээ заасан юм. Том Круз, Арета Франклин, Стив Уондер, Бьонси, Том Хэнкс, Мадонна, Уилл Смит зэрэг шоу бизнесийн ертөнцийн акулуудыг нэгэн тайзнаа цуглуулсан Опрагийн нэвтрүүлэг хоёр хэсэгтэй болсон бөгөөд эхний өдрийн нэвтрүүлэг Чикаго хотын “United Center”-д 13 мянган үзэгчдтэйгээр өрнөсөн бол сүүлийн хэсэг нэг ч зочингүй цомхон үргэлжилжээ.
“The Oprah Winfrey Show” -ны тусгай дугаарын эхний хэсэг олны танил эрхмүүд, оддын чин сэтгэлийн үгс, мэндчилгээгээр үргэлжилсэн тул нэвтрүүлэг гэхээсээ шоу тоглолт хэлбэрт ойрхон байжээ. Харин хоёрдугаар хэсэг болох “дурсамж хичээлийн” үеэр Опра үзэгчдэдээ зориулсан захиагаа уншиж танилцуулсныг “Өнөөдөр” орчуулан хүргэе.
“Өдөр бүр үздэг нэвтрүүлгийнх нь төгсгөлийн дугаарыг хэрхэн сайхан хийх талаар бид багагүй зөвлөлдсөн. Нэвтрүүлэг маань үзэгчдэд итгэл найдвар төрүүлж, хүн бүрт өөрийн амьдралаа өөрчлөх хүч бийг ухааруулдаг байлаа. Хэрэв үзэгч та нэвтрүүлгийн минь нэг ч атугай дугаарыг анхааралтай үзсэн бол бид бүтээлээрээ дамжуулан “Та ганцаараа биш шүү” гэдэг мессежийг л хүргэх гээд байсныг ойлгосон болов уу. Ухааны учиг зангидан нэвтрүүлэг бэлдсэнээс хойш 25 жил өнгөрчээ. Нэвтрүүлгийг минь ийм амжилтад хүрэхэд үзэгчдийн хайрласан урам зориг их. Тиймээс Америкчуудаа та бүхэнд баярлалаа гэдэг үгийг дахин дахин давтмаар байна.
Би нэвтрүүлгийнхээ энэ тайзнаа 30 настай байхдаа анх гарч байлаа. Тэр үед ийм амжилтад хүрэх талаар мөрөөдөө ч үгүй байв. Тухайн үед ердөө л чанартай нэвтрүүлэг хийхийг л зорьж байсан хэрэг. Гэхдээ зураг авалтын эхний өдөр намайг алмайруулж орхисон. Бичлэгийн студид байдгаараа гоёсон намайг орж иртэл үзэгчдийн суудал хоосон байх нь тэр. Нэвтрүүлгийн минь анхны зочид Чикаго хотын хөлбөмбөгийн тоглогчид байсан бөгөөд тэд 1984 оны шинэ жилийн баярын тусгай дугаарт оролцох байв. Гэтэл нэг ч үзэгчгүй нэвтрүүлэг болох гээд байсан тул үзэгчдийн сандлыг цөөлж, цөөн үлдсэн суудалд эзэн олохоор студийн байраар гүйж эхэллээ. Нарийн бичгийн дарга нар, оффисын ажилтнууд гээд тэнд сууж болох бүх хүнийг гуйсан. Тэр ч байтугай гудамжинд гараад зөрж өнгөрөх хүмүүсийг кофе, нарийн боовоор дайлж, үзэгчдийн суудалд урьж байлаа.
Үүнээс ердөө л хоёр жилийн дараа бид америкчуудыг байлдан дагуулж эхлэв. Тэр үед Кэрри нэртэй бүсгүйгээс захидал ирснийг нь би ер мартдаггүй юм. Тэрбээр захидалдаа “Опра, таны нэвтрүүлгийн үзэх тусам өөрийнхөөрөө байх хүсэл минь бадрах юм” гэсэн байсан. Миний сонсож байсан урмын үгнүүдээс тэр хамгийн сайхан нь. Яг л Кэрри шиг нэвтрүүлгийг минь үзсэн хүн бүр өөрийнхөөрөө байх ухаанд суралцаж, бусад хэн нэгнийг дуурайх биш, өөрийнхөөрөө байхыг хүсдэг болоосой гэсэндээ би нэвтрүүлгээ бэлтгэж байсан юм.
Анх зүгээр л чанартай, үзүүштэй нэвтрүүлэг хийхийг хичээж байсан миний зорилго төд удалгүй өөрчлөгдлөө. Би үзэгчийн оронд асуулт тавьж, түүндээ хариулт аван, аливаа зүйлсэд суралцаж, өсөж дэвжин, сэтгэлгээгээ хөгжүүлж, өөрийгөө өөрчилж байлаа. Тэр бүхнийхээ эцэст заримдаа би өөрөө багш болчихно. Би багаасаа л багш болохыг хүсдэг байсан. Харин энэ бүхний эцэст дэлхий дээрх хамгийн том ангийг нээчихээд, түүндээ багшилж байгаагаа ойлгосон.
Хүн бүрт дуудлага байдаг гэдэгт би итгэдэг. Харин тэр дуудлагыг хэрхэн хүлээн авч, сонсож байгаагаас амжилтад хүрэх эсэх нь хамаардаг. Нэвтрүүлэг бүртээ бид амжилттай яваа хэн нэгнийг урьж оролцуулдаг. Гайхалтай бялуу хийдэг бүсгүйчүүд, Тина Тёрнер, Лэди Гага, Селин Дион гээд л дэлхий дахинд үнэлэгдсэн уран бүтээлчидтэй ч уулзсан. Тэд бүгд л хүсэл мөрөөдлөө хөөж, ажилдаа чин сэтгэлээ зориулсан болохоор амжилт олсон алдартнууд. Үүнийг л дуудлага гээд байгаа юм. Энэ дуудлага л таны замыг гэрэлтүүлж, юу хийх ёстойг тань зааж замчилдаг байх нь. Харин би нэвтрүүлгийг минь үзсэн хүн бүр итгэл найдвар олж, энэ дуудлагаа сонсоосой гэсэндээ ажлаа хийдэг байсан. Амьдралыг чин сэтгэлээсээ хайрлаж, жинхэнэ ёсоор амьдарч байж л амжилтад хүрдэг гэдгийг би өөрөө нэвтрүүлгээ хийж байх явцдаа ойлгож, түүнийг бусдад ойлгуулах гэсэн учраас тэр.
Бүхний гэхэлж байхдаа би нэвтрүүлгээ ийм амжилт олно гэж төсөөлөхгүй байлаа. Гэтэл өнөөдөр 150 орны үзэгч нэвтрүүлгийг минь үзэж, өдөр бүр та надтай цэнхэр дэлгэцээр дамжуулан уулзаж байсан. Энэ үйлдэл чинь л надад нэвтрүүлгээ бэлтгэх урам зориг хайрлаж байлаа. Нэвтрүүлгийг минь үзэж байсны тань төлөө танд гүнээ талархаж байгаагаа тусгай дугаараараа дамжуулан илэрхийлье.
Сэтгэлийг минь хамгийн их өвтгөсөн дугаар нэвтрүүлгээ цацаж эхлээд удаагүй байхад гарсан юм. Архидалтын тухай нэвтрүүлэг байсан. Тэр дугаарыг бэлдэхийн тулд би бараг долоо аялсан. Эцэст нөхрөө архинд донтох өвчтэй, үүнээсээ болоод гэр бүлээ сүйрүүлж байна гэж бодож байгаа эмэгтэйтэй уулзлаа. Аавынх нь архи уудаг тухай ярьж эхэлмэгц л гурван настай охин нь сандарч байсан нь миний төдийгүй үзэгчдийн сэтгэлийг эмзэглүүлж, тэр нэвтрүүлгийн дараа хэдэн зуун хүн бидэнд хандаж билээ.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд би 30 мянга гаруй хүнтэй уулзаж ярилцсан. Харин тэд бүгд л нэг зүйлийг хүсэж байсан. Үүнийг студийн буйдан дээр суугаад биш, гэрт нь зочлон галын өрөөний ширээнийх нь ард суугаад ярилцвал бүр ч тод мэдрэх боломжтой. Тэд бүгд л “Та намайг сонсож байна уу” гэсэн асуултад хариу авахыг хүсдэг. Гэхдээ би хэн нэгнийг шүүх гэж уулзаж ярилцдаг байсан юм биш. Зарим үед шүүгч болох шаардлага эрхгүй гардаг байсан ч, түүнээс илүүтэй ярилцагчаасаа суралцаж, илүү их зүйлийг сонсохыг хүсдэг байлаа.
Хүмүүс надаас дандаа л “Нэвтрүүлгийн тань амжилтын нууц юу вэ” гэж асуудаг юм. Тэр бүрт би “Нэвтрүүлгийн багийнхан бас Исүс” гэж хариулдаг. Учир нь бурхан л надад энэ бүхнийг бүтээх боломж олгосон. Бурхан миний амьдралын бүхий л чухал үйл явдалд оролцсон шиг санагддаг. Нэвтрүүлгийнхээ нэрийг өгөхөөр толгой гашилгаж байх үед нэгэн далдын дуу хоолой надтай ярилцлах шиг болсон, тэгээд л энэ нэрийг санал болгож, багийнхан маань ч дэмжсэн.
Би нэвтрүүлгийнхээ ачаар их олон зүйлд суралцсан. Тэднээс хамгийн чухал нь хүмүүсийн хов яриаг үл тоомсорлон өнгөрүүлж болохгүй. Дэл сул яриа гэдэг үнэндээ бидэнд илгээж буй мессеж байдаг. Түүнийгээ чихнийхээ хажуугаар өнгөрүүлбэл асуудал үүсгэнэ гэсэн үг.
Хүмүүс надаас “Ямар нэг зүйлд харамсаж байсан уу” гэж асуудаг юм. Харин би тэдэнд “Нэвтрүүлгийнхээ хувьд юунд ч харамсаж байгаагүй” гэж хэлмээр байна. Би хүчирхийлэл, хүний наймаа гээд бүхий л аймшигтай зүйлсийн талаар хөндөхийг хичээсэн. Тэр ч байтугай 25 жилийн өмнө анх удаа олон нийтэд хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа дэлгэсэн. 1986 оны арванэгдүгээр сард энэ явдал болсон юм. Студид байхдаа би өөрийнхөө аюулгүй байгааг мэдэрч, бусдад сургамж болоосой гэсэндээ энэ түүхийг ярьсан. Түүнээсээ хэзээ ч ичиж, харамсаж байсангүй.
Өнгөрсөн улирлын туршид “Нэвтрүүлгээ өндөрлөх үед сайхан байх болов уу, эсвэл эсрэгээр бүр уй гашуу мэдрэгдэх болов уу” гэж өөрөөсөө асуудаг байлаа. Харин одоо бол сэтгэл өвдөхгүй ч үгүй, баярлах ч үгүй байна. Багийнхны маань олонх нь 25 жил хамт ажилласан. Бидэнд хамтдаа баярлаж, бүр гашуудан нулимс унагаж явсан өдөр олон. Эцэст нь хамт олондоо надад итгэсэнд баярлалаа гэж хэлмээр байна. Бас ээж, эгч, охинтойгоо зэрэгцэн суугаад нэвтрүүлгийг минь үзэж байсан бүсгүйчүүддээ, нэвтрүүлэг үзэх боломж олгож байсан нөхөр, найз залуучуудад нь ч баярлалаа. Би та бүхний төлөө ажиллахыг хичээсэн юм шүү.
Эцэст нь баяртай гэж хэлмээргүй байна. Түүний оронд дараа дахин уулзъя гэе.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment