Saturday, May 21, 2011

“Би рок попын маамаанууддаа хайртай”

Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, “Пентатоник” академийн тэргүүн Б.Долгион, “Харанга”-ын Н.Пүрэвдаш, “Хурд” хамтлагийн Д.Отгонбаяр тэргүүтэй рок попын одод “цугласан” урлан IV хороололд бий. Олны танил хүмүүс тэр дундаа рок попынхны хөрөг зурдаг гэх өвөрмөц тодотгол нь түүний урланд зочлох шийдвэр гаргахад хүргэсэн юм. Хаалгаар нь оров уу үгүй юу зузаан ултай шаахай өмсгөөд, “Миний урлан гэж нэг ийм л бөөгнөрсөн газар даа” хэмээн яриагаа эхлэх зураач Ц.Болдбаатар үг дуу цөөтэй, өтгөн сахал, урт үстэй зураач нараас тэс өөр нэгэн.
Хүүгийнхээ өрөөнд өлгөсөн рок попынхны хөргийг үзүүлэнгээ “Би саяхан “Нисванис” хамтлагийн Амгаагийн зургийг зурж, тоглолтынх нь үеэр бэлэглэсэн юм. Зургаа гардуулахдаа “Би рок попын маамаанууддаа хайртай. Тиймээс ч тэднийгээ зурах дуртай. Гэхдээ яагаад ч юм дандаа эрчүүдийг нь зурсан байдаг юм. Зурсан нэгийнхээ хөөрхөн, сайхныг нь гайхаад л дараа уулзахдаа тэвэрч үнсдэг хүн. Гэхдээ би гей биш шүү” гэчихсэн. Тоглолт үзэж байсан залуус миний хэлэхийг сонсоод инээлдэж байна билээ. Бодвол яасан задгай яриатай ах хүү вэ” гэж бодсон биз” хэмээн асуулт тавих завдал ч өгөлгүй өөрөө яриад эхлэх нь тэр.

-Та аль сургууль төгссөн юм бэ?
-Би мэргэжлийн зураач биш ээ. Бор зүрхээрээ зураач болсон хүн. Уг нь тухайн үеийн Багшийн дээд сургуулийг шугам зургийн багш мэргэжлээр төгссөн юм.
-Тэгээд яаж яваад зураач болчихсон юм бэ?
-Сургуулиа төгсөөд техник мэргэжлийн сургуулиудад шугам зургийн багшаар ажилладаг байлаа. Удалгүй ТМС-үүд татан буугдаж, би “халтуур” хийдэг болсон. Байгууллагуудын дотоод заслыг голчлон хийнэ. Дотоод засал гэдэг хүнд ажил. Зурна, будна, хадна, оёно гээд бүхий ажил хийдэг болохоор тэр. Тийм юм хийгээд ирэхээр залуудаа үзэж байсан зүйлс аяндаа сэргээд ирдэг юм билээ. Тэгээд л зураач болсон доо. Зургаа долоон жил зурж байна. Томоохон үзэсгэлэнгүүд зургийг минь тоож авдаг болсныг бодоход одоо л гайгүй уран бүтээлч болж байгаа юм болов уу. Үзэсгэлэнд зураг багтана гэдэг амаргүй л дээ. “Хавар” гэх мэт томоохон үзэсгэлэн гаргах сургаар зураачид 700-800-аад бүтээлээ илгээдэг. Тэднээс 150 орчмыг нь л шигшиж үлдээдэг болохоор тийм үзэсгэлэнгийн үзвэрт багтана гэдэг олон шалгуур давсан чанартай уран бүтээл болсон байна гэсэн үг. Гэхдээ л би өөрийгөө сайн болсон гэж бодох биш, дотроо “Арай болоогүй байна аа, чи” гэж чамладаг юм.
-Хөрөг зурна гэдэг хэцүү байх, тийм үү?
-Хүн харахад танигдахаар дүрийг нь гаргаад л орхивол амархан л даа. Гэхдээ хөрөг зураг гэдэг тухайн хүний дотоод ертөнц, араншинг нь гаргадаг болохоор хамгийн хүнд төрөл гэж би боддог. Бусад зураач хэрхэн зурдгийг мэдэхгүй ч миний хувьд гэхэд л нэг хөрөг зурахын тулд тухайн хүнийхээ дотоод ертөнц рүү орчихдог.
-Тэгэхээр хөрөг зураач хүн сайн сэтгэхүйч байх шаардлагатай байх нь ээ?
-Олон жил багшилсан маань тухайн хүний дотоод ертөнцийг харцнаас нь олж харахад тус болдог шиг байгаа юм. Би ер нь хүмүүсийн харцыг хараад л ямархуу хүн бэ гэдгийг нь тодорхойлчихдог.
-Нэг зургийг их удаан зурдаг уу?
-Ямар ч төрлийн зургийг зурж дуусдаггүй шиг байгаа юм. Бусдад танигдахаар төрхийг нь гаргаад орхиход хоёр цаг л шаардлагатай. Харин дотоод ертөнцийг нь илэрхийлэхийн тулд их удаан бодно. Би ихэвчлэн үүрээр зурдаг. Эхнэр хүү хоёрыгоо орой ирэхэд нь хоол нэхэж идчихээд, хаалгаа хаагаад л унтчихна. Тэгээд л үүрээр сэрээд өрөөн дотуураа холхин, тамхи баагиулаад гэрийнхнийгээ унтуулахгүй зовоочихдог юм.
-Холхидог нь ямар учиртай юм бэ?
-Бодно. Би ер нь зүгээр сууж чаддаггүй хүн. Өдөржин энэ өрөөн дотроо холхичихдог болохоор шаахайн ул тэсдэггүй юм. Гэхдээ өдөржин гадуур явбал орой хөл хөшөөд, тамирдчихдаг. Тиймээс өглөөд гарч гүйснийхээ дараа эхнэрийгээ ажилд нь хүргэж өгчихөөд л гэртээ бүгчихдэг. Угтаа бол өрөөндөө холхихдоо гадуур явсанаас хэдэн арав дахин хол алхаж байгаа.
-Тэгээд яагаад гэртээ холхихоороо ядардаггүй юм бол?
-Нэг л сайхан өнгө тавьчихад сэтгэл сэргээд, хамаг ядаргаа гарчихдаг юм. Зураачдыг “Дуртай ажлаа хийж байгаа азтай хүмүүс” гэж ярьдаг шүү дээ. Ямар ч стрессгүй ажилладаг. Ер нь зураачдыг ажиглаад байхад дандаа цагаан цайлган, гэгээлэг ертөнцтэй хүмүүс байдаг. Хэрэв атаач, муу санаа агуулдаг хүн байвал хэзээ ч сайн зураач болохгүй байх.
-Яагаад заавал рок попынхны зурдаг болсон юм бэ?
-Би нэлээн хэдэн жилийн өмнө гурван том зураг зурсан юм. Нэг нь улстөрчдийн, нөгөө нь урлагийнхны, гурав дахь нь рок попынхны хөрөг. Урлагийнхны хөргийг Ерөнхийлөгч худалдаад авчихсан. Харин рок попынхны хөргийг Долгионд үзүүлэхээр утас цохилоо. Долгион ч уриалгахан хүлээж авч байна. Зургийг минь үзээд их үнэлж, түүнээс хойш бид хоёр их дотно нөхөрлөх болсон. Тэгээд л энэ рок попын маамаануудыг хөргийг зурдаг болсон. Гэхдээ би тэднээс үнэ өртөг нэхдэггүй, зүгээр л бэлэглэчихдэг юм. Ганхүү харин “Хүний бүтээлийг юу гэж зүгээр авах вэ” гээд худалдаж авч байлаа. Түүнээс бусдыг эздэд нь дурсгачихсан. Уг нь жааз нь гэхэд л 50 гаруй мянган төгрөгийн өртөгтэй гээд нэг зураг зурахад миний хөдөлмөрөөс гадна багдаа 150 мянган төгрөг зарцуулчихдаг. Гэхдээ л тэднээс үнэ хөлс нэхэхийг хүсдэггүй. Дуртай ажил маань болохоор тэр. Манай эхнэр гэр орноо тохижуулмаар байна гээд үглэдэг л юм. Тэр бүрт нь би манай ханаар дүүрэн капитал байна гэчихдэг. Энэ өрөөнөөс гаргаад хаях зүйл нэг ч байхгүй юм чинь.

“Дүрслэх урлагт хөл тавихдаа л рок попынхныг зурж эхэлсэн. Үхэхдээ ч зураад л үхнэ гэж боддог” хэмээн ярилцлагынхаа төгсгөлд тэр онцолсон.

No comments:

Post a Comment