Saturday, June 11, 2011

Эртний түүхт урлагийг ирээдүйд мөхөөхгүй юмсан

“Хошин урлагийг хорьвол таарна. Болхи бүдүүлэг, боловсролгүй нэгний уйдсан сэтгэлийг зугаацуулагч утгагүй тэнэглэл”. Нийтийн бодол нэг туйл руу хэлбийж, зэрэг зиндаагаар урлагийг зэрвэсхэн дүгнэж ялгаварлах болсон өнөө цагт хэдэн мянганы түүхтэй атал хэрэгцээгүй хэмээн адлагдах болсон хошин урлагийг өмөөрч бичих нь.
Эртний грект үүссэн цагаасаа л энэ төрөл адлагдаж байсан уу гэвэл эндүүрэл. Аристотель “Поэтик” бүтээлдээ утга зохиолын дөрвөн төрлийн нэгт эл урлагийг багтааснаас гадна хошин урлагийг “Бодит амьдралаас хамгийн хол хөндий” хэмээн тодорхойлсон байдаг. Цааснаас гараагаа эхэлсэн урлагийн энэ төрөл удалгүй хүрээгээ тэлж тайзнаа хөл тавьжээ. Түүнийгээ дагаад дундад зууны үед хошин урлаг гэх нэр томъёоны утга, агуулга бүрэн өөрчлөгдөж. Грек ромчууд аз жаргалтайгаар төгсөж буй жүжгийн төрлийг “комеди” хэмээн ойлгох болсон байна. Харин яг энэ үеэр арабчууд хошин урлагийг “зэмлэх урлаг” хэмээн нэрийдэж байв. Энэ нь ёж утга, егөө үгээр нийгэмд гарсан сөрөг үзэгдлүүдийг шүүмжлэн, буруушааж байсан нь өрнийн урлагт ч тусгалаа олов. Энэ үед л хошин жүжгүүд эрчээ авч, тайзны урлагийг байлдан дагуулж эхэлсэн байна. Жүжгийн зохиолчид бүгд л хошин жүжигт хүч сорьж, нэрт зохиолч Аристофан 40 гаруй жүжиг бичсэний 11 нь XXI зуунд ч дэлхийн өнцөг булан бүрт тоглогдсоор байна. Чарли Чаплин, Рован Аткинсон, оросын нэрт алиалагч Попов гээд эл урлагийн ачаар дэлхий дахинаа хүндлэгдсэн олон зуун алдартнуудын жагсаалтыг гаргаж болно. Өнөөдөр ч Дэвид Лэттермэн, Бэрри Хампри зэрэг уран бүтээлчдийг барууныхан үнэлж хүндэтгэсээр байгаа нь энэ урлаг дэлхий дахинд үнэ цэнээ алдчихаагүй байгааг харуулна.
Комеди буюу хошин урлаг гэх үг сонгодог грек хэлээр “тосгоны наргиа” гэсэн утгатай. Эндээс л доодсын гэж дорд үзэх үзэл урган гарсан байх юм. Угтаа үүссэн цагаасаа л энэ урлаг үнэ цэнэтэй байсныг түүхэн баримтууд гэрчилнэ. Театр хэмээх урлагийн ариун сүм сурвалжтан, язгууртнуудад л хаалгаа дэлгэж байх тэр үед л тайзэн дээр нь хошин жүжгүүд тоглогдож байж. Шинэ зууны монголчуудын олонх нь үзэгчдээр нь үнэлж, эл төрлийг доодсынх хэмээн ангилах болсон. Тэгвэл эзэгтэй Дэйм Эднагийн хошин үзүүлбэрийг хуримын цайллагад ирсэн зочдодоо сонирхуулах шийдвэр гаргасан ханхүү Уильямын сонголтыг юу гэх вэ. Төмөр хатагтай Маргарет Тэтчер ч түүний тоглолтыг таалан сонирхдог нь энэ төрлийн урлаг ихэс дээдэст хүндлэгдсээр байгаагийн тод илрэл.
Утга зохиолын нэг төрөл хэмээн цааснаа л харьяалагдаж байсан хошин урлаг өдгөө хүрээгээ тэлж, дэлхий дахинаа хөгжим, бүжиг, дуурь, драм, циркт ч өөрийн тусгалаа олоод буй. Харин бие даасан хэлбэрээр элэглэл илүүтэй эрчээ авах болсон. Үр ашиг, ач холбогдолгүй байсан бол эсэргүүцэх олны саналд би ч гэсэн хувь нэмэхсэн. Гэхдээ зэмлэх урлаг үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлэх боломж олгодгоороо давуу талтай. Үнэн үг чихэнд хатуу ч явдалд тустай хэмээдэг. Харин тэр хатуу үгсийг зөөлрүүлж, нийгмийн хар бараан бүхнийг толины тусгал мэт нийтэд ойлгуулах үүрэгтэй тул энэ урлаг ач холбогдолтой. Дундад зууны үед язгууртны ямба, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах болсон гаж тогтолцоог хошин жүжиг л нийтэд дэлгэн тавьж, сүр хүч, ач холбогдлоо гайхуулсан. Зэх зээлийн нийгэмд шилжих хүнд бэрх цагт, талх, сүүний дараалалд зогссон бухимдлаа инээдмийн жүжгүүдээр л гаргаж, стрессээ тайлж байсан учир эл урлагт талархах учиртай цөөнгүй үндэстний нэг нь бид.
Хүнд айх хэрэгцээ байдаг гэж эрдэмтэд дүгнэдэг. Түүний адилаар инээх хэрэгцээ ч бий. Эл хэрэгцээг хангаж, суурин соёлын өвчин хэмээдэг стрессээсээс урьдчилан сэргийлэх, түүнийг анагаахын зэрэгцээ нийгмийн “өвчнийг” ч эдгээх эм болох увдистай эртний түүхт эл урлагийг мөхөөчихгүй юмсан.

2 comments:

  1. Tedniig HEN HEN uzdeg baisan ni hamaagui. Gol ni HUN uzdeg baisan ni l chuhal.

    ReplyDelete
  2. сайхан санагдав бичлэг чинь.
    манай хошин урлаг хөгжөөсэй. мөнгөний төлөө биш хүнийг инээлгэхийн төлөө "уран бүтээл" хийгээсэй гэж бодогдож байна.

    ReplyDelete