Хүүхдийн ертөнцийг зохиолчид ихэвчлэн хиргүй тунгалаг, эсвэл цасан цагаан өнгөөр бэлгэддэг. Харин “Ягаан театрын” баруун бөөрөн дэх Хүүхэлдэйн театр их олон өнгөтэй. Шатаар уруудан доош буумагц тус театрын үйлдвэр анги буюу тайз засал хариуцсан зураач болон хүүхэлдэй урлаачдын өрөө, цаашилбал агуулах байх. Хаалгыг нь татмагц л охидын дуртай усан ягаан өнгөтэй гүнжийнх гэж эндүүрэм сэнтий, уртаас урт хамартай Буратиногийн ув улаан нөмрөг, шар хэрэм, ногоон мэлхий, цэнхэр тагтаа гээд л эл театрын амин сүнс болсон хүүхэлдэйнүүд болон жүжигчдийн хувцас, тайз заслын хэрэглэл тосон авна. Харин тэдний дунд эсгүүр даавуу, элдэв баримал, цавуу, хайч гээд түмэн зүйлийг дэргэдээ өрсөн хүн суугаа нь эл театрын зураач Б.Бямбацэрэн аж.
-Манайд хүүхэлдэй урлаач гэсэн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг үү?
-Нэг л удаа хүүхэлдэй урлаач гэсэн мэргэжлээр хүүхдүүд сургаж, төгсгөж байсан гэдэг. Гэхдээ би тэр ангийг төгсөөгүй л дээ. Дүрслэх урлагийн их сургуулийн Монгол зургийн ангийг төгссөн юм.
-Ер нь Хүүхэлдэйн театрын үйлдвэр анги ямар орон тоотой байдаг юм бэ?
-Уг нь таваас зургаан хүний орон тоотой байдаг гэсэн. Одоо бол хоёр зураач, нэг оёдолчин ажиллаж байна.
-Жүжигчин хүүхэлдэй ер нь ямар шат дамжлага дамжиж бэлэн болдог юм бэ?
-Юун түрүүнд зохиол бэлэн болсны дараа найруулагчтай ярьж зөвлөн, ерөнхий дүрүүдээ гаргана. Эндээс гол дүр хэд байх вэ, тэд ямар ямар онцлогтой байх вэ гэдгийг тогтооно. Туслах дүрүүдийнхээ ерөнхий байдлыг ч гаргана. Дараа нь төлөвлөсний дагуу загвар зураг гаргана.
-Яг л хувцасны загвар зохион бүтээгчид урьдчилан зураг гаргадаг шиг үү?
-Тийм ээ. Харин дараа нь хөдөлгөөний конструкт зураг гаргадаг. Хөгжингүй орнуудад бол ийм төрлийн зургийг гаргадаг тусгайлан бэлтгэсэн мэргэжилтнүүд байдаг юм билээ. Манайд орон тоо цөөн, мэргэжлийн боловсон хүчин дутмаг гэх зэрэг шалтгаанаар хүүхэлдэй урлах бүхий л шат дамжлагыг нэг гурван хүн хамтран амжуулж байна даа. Тэр ч байтугай цаг давчуу болсон үед жүжигчид бидэнд туслах нь ч бий.
-Уг нь бол зураач загвар зураг гарган, хөдөлгөөний зураач хүүхэлдэйн хөдлөх хэсгүүдийн ширхэгчлэн зурж, мужаан, дархан, оёдолчин, сийлбэрч, барималч тус тусын жижиг хэсгүүдийг хийчихээд нэгтгэж хүүхэлдэйгээ бэлэн болгодог байх нь ээ?
-Тийм юм билээ. Бид барууны хүүхэлдэй хийх технологийг интернэт ашиглан их судалдаг. Тэндээс харж байхад зөвхөн хүүхэлдэй хийх анги нь бүхэл бүтэн үйлдвэр шиг том байх жишээтэй. Гэтэл бид зөвхөн хүүхэлдэй хийгээд зогсохгүй тайзны заслаа хийж, заримдаа жүжгийн үеэр тайз солигдоход өөрсдөө тайзны чимэглэл, хэрэгслүүдээ зөөх нь ч бий.
-Хүүхэлдэй урлах энгийн тоглоом хийхээс эрс ялгаатай байх, тийм үү?
-Гол ялгаатай тал нь хөдөлгөөн. Зөөлөн тоглоомыг зүгээр л оёод болчихдог бол театрын хүүхэлдэйн гар хөл, зарим үед нүд, ам, хамар нь хөдөлдөг байх нь ч бий. Тиймээс Хүүхэлдэйн театрын амин сүнс нь хүүхэлдэй байдаг бол хүүхэлдэйн амин сүнс нь хөдөлгөөн.
-Хөдөлгөөнийг нь хүүхэд багачуудад үнэмшилтэй, сонирхол татахуйц хийхийн тулд зураачаас их ур чадвар шаарддаг уу?
-Мэдээж хүүхэлдэй хийх нь хавтгай цаасан дээр зураг зурахтай адилгүй л дээ. Түүнийг товолгойж, биежүүлэхээс гадна хөдөлгөөнтэй болгоно. Үүний тулд эхлээд загвар зургаа сайн зурж, хөдөлгөөний техникүүдийг нарийн гаргах шаардлагатай байдаг. Би ихэвчлэн бага тайзны хүүхэлдэйг урладаг. Хамгийн сүүлд “Эвтэй дөрвөн амьтан” жүжгийн баатруудыг хийсэн.
-Тагтааных нь далавч, туулайн гар хөл нь хөдөлдөг байсан байх аа?
-Бас зааных нь хамраас ус гарч байгаа биз. Театрын хүүхэлдэй зөвхөн жүжигчин төдийгүй хүүхдийн анхаарлыг татдаг, бас танин мэдэхүйн ач холбогдолтой байх шаардлагатай. Тиймээс амьтдыг төрх байдлаас гадна, өнгө, хөдөлгөөн, ааш аягийг нь ч судалж, түүнийг нь хүүхэлдэйндээ оруулах хэрэгтэй. Зааны хошуунаас ус гардаг байхаар хийсэн маань ч үүнтэй холбоотой.
-Тэгэхээр хүүхэлдэй урлаачид бас зохион бүтээгч байх шаардлагатай болдог байх нь ээ?
-Тийм ээ. Сайн зохион бүтээгч байж чадаж байж л хөдөлгөөнийг үнэмшилтэй болгон шүү дээ.
-Хүүхэлдэй хийх явцад хөдөлгөөний техникт алдаа гарч, ажлаа дахиад л эхлэх тохидолдол гардаг уу?
-Үгүй дээ. Энгийн хүүхэлдэйг бодвол хөдөлгөөн ихтэй учир бид хүүхэлдэйгээ хөдөлгөөний хэсгүүдээс эхлэн дотроос нь угсарч хийдэг. Тиймээс бараг бэлэн болсон бүтээлээ задалж, дахин эхлэх тохиолдол бараг гардаггүй.
-Та яагаад заавал Хүүхэлдэйн театрт ажилд орсон юм бэ?
-Би энд ажилд орохоосоо өмнө их олон газар ажилласан. Сонины зураачаар бүр шаазангийн үйлдвэрт ч мэргэжлээрээ ажиллаж үзсэн. Гэтэл нэг удаа солонгосуудын хүүхэлдэй хийх сургалтад суусан юм. Түүнээс хойш л Хүүхэлдэйн театрт оръё гэж эргэлт буцалтгүй шийдсэн дээ.
-Хүүхэлдэй хийхийн тулд их олон чадвартай байх шаардлагатай болдог байх. Анх энэ ажилд ороод хэр шантарч байв?
-Хүүхдийн ертөнц гэдэг их гэгээн сайхан. Тиймээс шантрах үе гарч байгаагүй ээ. Харин ч өөрөө энэ ажилдаа дуртай, хийх тусам илүү их зүйлийг сурч мэдмээр санагдан, ажлын гүн рүү намайг хөтөлдөг. Байнга цавуу, будаг хэрэглэдэг тул хурц үнэр нь таагүй санагддагаас бусдаар бол ямар ч бэрхшээлгүй сайхан ажил.
-Манайд хүүхэлдэй урлаачдыг ганц л удаа бэлтгэж байсан гэсэн. Тэгэхээр хүүхэлдэйн театрынхан шавь сургалтаар л дараагийн үеийнхнээ бэлтгэж байна уу?
-Миний хувьд хуучин хүүхэлдэй харж байгаад л өөрөө сурсан. Надаас өмнө ер нь настай хүүхэлдэй урлаачид байсан эсэхийг би сайн мэдэхгүй юм.
Тэр ингэж хэлмэгцээ хамтран зүтгэгчдээ “Амгалан ах аа, манайхан ер нь хүүхэлдэйн техникийг яаж сурдаг байсан юм бэ” хэмээн асууснаар тус театрын зураач В.Энх-Амгалантай яриагаа үргэлжлүүлсэн юм.
-Би энэ театрт 2003 онд ажилд орсон. Тэр үед лав хууччуулаас хүн байгаагүй. Уг нь ахмад үеийнхэн нь залуустаа зааж сургадаг байж байгаад нэг хэсэг энэ холбоо тасарсан шиг байгаа юм. Уг нь мундаг хүүхэлдэй урлаачид байсан гэсэн. Цалин мөнгийг нь голдгоос ч тэр үү үйлдвэр ангийн ажилчид их солигдсон. Тэр үед л ахмадуудаас холбоо тасарсан байх.
-Тэгээд яаж хүүхэлдэй хийх арга техникт суралцсан юм бэ?
-Хуучны хүүхэлдэйнүүдээ л харна даа. Тэднээс л яаж хийсэн арга барилыг нь ажиглаж, өөрсдөө туршиж хийж үзнэ. Бас ахмад жүжигчид их зааж зөвлөдөг байсан. Тэд сураар хийвэл тасрахгүй гээд л их зүйлийг бидэнд сургасан. Харин Хулан дарга ирмэгцээ бидэнд компьютер тавьж өгснөөр интернэт ашиглан сүүлийн үеийн хүүхэлдэй хийх арга барилуудыг их судалдаг болоод байна.
-Зураач хүнд бол бийр, будаг, цаас байхад л болно. Харин хүүхэлдэй хийхийн тулд юу юу шаардагддаг вэ?
-Хүүхэлдэй хийхийг их хэцүү гэж бодоод байх шиг байна. Үнэндээ тийм ч хэцүү биш л дээ. Гол нь хөдөлгөөн. Энгийн хүүхэлдэйгээс театрынх хөл гар, нүүр, ам нь хөдөлж, жүжиглэдгээрээ ялгарна. Тиймээс хүүхэлдэй урлаач сайн зураач байхаас гадна оёдолчин, барималч, мужаан, сийлбэрч гээд бүхий л зүйлд гарын ур дүйтэй байх хэрэгтэй. Уг нь бол гадаадын орнуудад энэ бүх ажлыг тус тусад нь мэргэжилтнүүд хариуцдаг. Манайд бол хүн хүч муутайгаас бүгдийг л амжуулж байна. Би гэхэд л барималч мэргэжилтэй хүн. Одоо мужаан, сийлбэрч гээд л чадах бүхнээ л хийж байна. Гэхдээ хүүхдийн төлөө хийж буй юм бүхэн саадгүй байдаг. Тиймээс сайхан ажил. Жүжгийн нээлт өнөө маргаашгүй болох гээд яаж амжуулна даа гэж бодож байтал жүжигчид ч ирж туслаад аяндаа л ажил бүтчихдэг.
-Жүжиг тоглож дуусмагц таны бүтээлүүдийг хаана байрлуулдаг вэ?
-Агуулахад. Агуулах гэснээс манайх зориулалтын байранд байдаггүйгээс хүүхэлдэйнүүдийнхээ хадгалалт, хамгаалалтад ер анхаарал хандуулж чадахгүй байна. Театртаа ирснээс хойш миний хамгийн анх хийж байсан хүүхэлдэй одоо эвдэрчихсэн байгаа. Театр 1948 онд байгуулагдсан. Түүнээс хойш 60 орчим жүжиг тавьсан гэдэг. Гэтэл одоо тэдгээр жүжгээс тоглох гэхээр нэгийнх нь ч хүүхэлдэй бүрэн байж чаддаггүй. Бүгд л эвдэрч гэмтэн, эсвэл алга болчихсон байна. Гэтэл гадаадын оронд хүүхэлдэйнүүдээ шилэн хоргонд хийн нэг өрөөнд музей болгочихсон. Хуучны жүжгүүдээ сэргээн жил бүр тоглодог юи билээ. Уг нь хүүхэлдэйн театр гэдэг багачуудыг урлагтай танилцуулж, тайзны урлагийн “А” үсгийг заадаг чухал газар. Гэтэл хүүхэлдэйнүүдээ шаардлагын дагуу хадгалах өрөө ч үгүй байна гэдэг харамсалтай юм.
No comments:
Post a Comment