Sunday, July 3, 2011
Гордон Браун: Жон Кеннеди Их Британид айлчлах үед ерөнхий сайд унтаж байсан гэдэг
Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг Гордон Браун CNN телевизийн студид зочилжээ. Тэрбээр АНУ болон Их Британийн харилцаа холбооны талаар өөрийн үзэл бодлоо дэлгэхээр “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэгт оролцож буй нь энэ.
-Ерөнхийлөгч Обама болон Ерөнхий сайд Дэвид Камерон нар АНУ болон Их Британийн харилцааг сайн биш, бүр хамгийн чухал хэмээн онцолсон. Тэр ч байтугай “АНУ Их Британи хамтдаа байвал хоёр улсын иргэд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүн амар тайван байж, үсрэнгүй хөгжиж чадна” гэж хэлсэн нь бий. Харин та энэ талаар ямар бодолтой байна вэ? -Манай хоёр улсын харилцаа юу юунаас ч илүү ач холбогдолтой. Бидний харилцаа зөвхөн түүхэн улбаа ч биш, өөр олон чухал зүйлс биднийг холбодог. Энэ харилцаа нэр хүнд, шинэ шинэ боломж гээд их олон зүйлийг хоёр орныхонд өгдөг учраас тэр.
Та мэдэх байх л даа. 200-гаад жилийн өмнө Америкчууд биднийг хаант засаглалтай хэмээн гадуурхан, харилцаа холбоогоо тасалснаа 50 жилийн өмнө сэргээж, сүүлийн таван арваны турш манай хоёр орон олон талаар холбоотой байх болсон. Тэр ч байтугай америк хүн нас барахад британичууд гашуудаж, британи хүн нас барахад америкчууд гашууддаг болсон нь энэ хоёр улсын иргэдийн зүрх сэтгэл ч ойртон дотноссоныг гэрчлэх биз.
-Та Их Британийн Ерөнхий сайдаар сонгохдох үедээ Америкийн засагт нөлөө бүхий хүн болно гэдгээ таамаглаж байсан уу? -Үгүй дээ. Их Британи Америкийн засгийн газар хамтран ажилладгаас биш, өөр нөлөө байхгүй. Одоо бол Их Британийн Европын холбооны бүрэлдэхүүнд орж, Америктай тэр шугамаар харилцаатай байх болсон. НАТО хүйтэн дайныг хэрхэн шийдвэрлэхийг та харсан л байх. Энэ чинь л Европ болон Америк тивийн гүрнүүд хамтарч ажилласны үр дүн шүү дээ. Хэрэв америкчууд Их Британийг Европын гол гүрэн гэж үзэж зөвхөн манай улстай харилцаа холбоотой байвал энэ харилцаа аль ч талаараа ахиц гаргахгүй. Бүх зүйл буруу тийш хазайна. Худалдааны салбарт ямар ч ахиц гарахгүй. Харин Европ Америк тивийнхэн хамтарвал бусад орнуудад ч тустай.
-Ерөнхийлөгч Обама энэ долоо хоногт Их Британид айлчилсан. Ирландчууд ч түүнийг тун найрсгаар хүлээн авч байгаа харагдсан. Харин та түүний тухай ямар бодолтой байдаг вэ? -Тэр тун гайхалтай ерөнхийлөгч. Тэр зөвхөн анхны африк гаралтай ерөнхийлөгч гэдгээрээ бус Америк улс хүн төрөлхтний сэтгэхүйд нөлөөлж, хүйтэн дайныг дарж чадна гэдгийг харуулснаараа түүхэн хүн болсон. Тэр хувь хүний хувьд ч тэр, боловсрол, оюуны чадамжийн хувьд хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэгийг удирдахад бүрэн төлөвшсөн нэгэн. Бас миний үзэж байгаагаар тэр америкчуудын түүхэн замнал, тэр дундаа америкчуудын хүсэл мөрөөдлийг тун сайн мэдэрдэг.
50 жилийн өмнө болсон их өөрчлөлтийг та санаж байгаа байх. Би уржигдар энэ түүхийг нэг хүнд ярьж байсан юм. Түүнийгээ давтъя. Тухайн үед Жон Кеннеди Их Британид айлчилж, Ерөнхий сайд асан Хэролд Макмиллантай уулзсан юм. Гэтэл тэр үед Ерөнхий сайд унтчихсан байж. Бүр сэрээгүй гэдэг. (инээв) Тиймээс Кеннеди үүдний өрөөнд нь сонин уншин цаг гаруй хүлээсэн байдаг.
-Тийм гэж үү? -Хэрэв өнөө цагт улс төрийн айлчлалын үеэр тийм зүйл болсон бол хоёр орны харилцаанд сэв суухаар том асуудал сөхөгдөх байх. Гэхдээ 1940-өөд оны үед улс төрийн айчлал их өөр хэлбэртэй байсан. Ерөнхийлөгч асан Харри Трюмэн тухайн үеийн Их Британийн ерөнхий сайд Климент Атлиг урих үеэр тэд хамтдаа төгөлдөр хуур даран, дуулж байсан удаатай.
-Ерөнхийлөгч асан Буш таныг төгөлдөр хуур тоглохыг хүсэж байв уу? -Тэр миний дуулах чадварыг үнэлэхгүй л байсан болов уу. Гэхдээ бид түүхийн тухай хэдэн цагаар яриа өрнүүлэн суудаг байсан. Тэр түүх их сонирхдог юм билээ. Тэр үргэлж л “Миний уншиж судалснаас бодит амьдрал тэс өөр болжээ” гэж ярьдаг. Та түүнтэй уулзвал Америк Европын түүхийн талаар асуугаарай. Их олон зүйл ярьж өгөх вий.
-Хатан хаан болон түүний гэр бүлийнхний амьдрал америкчуудын анхаарлыг татдаг гэсэн үзэл тань юунаас үүдэлтэй вэ? -Их Британи гэдэг агуу гүрэн. Түүх нь баялаг. Өв соёл ихтэй. Түүнчлэн америкчуудын олонхийн нь судсаар британи эсвэл ирланд цус гүйж байгаа шүү дээ. Тиймээс хатан хааны гэр бүл тэдний сонирхлыг татах нь аргагүй.
-Та Диана гүнжийн дурсгалын сангийн ажилд оролцдог байх аа. Түүний олны анхаарлыг ихэд татдаг байсан нь үхэлд хүргэсэн гэж үзэх хүн цөөнгүй бий. Харин одоо бол Уильям Кэйт нар дэлхий нийтийн анхаарлыг татах боллоо. Үүнд та хэр сэтгэл зовниж байна вэ? -Хэдийгээр би Диана гүнжийн талаар төдийлэн сайн мэдэхгүй ч язгууртан гэр бүлд амьдрах, хөвгүүдээ үлгэр жишээ өсгөж хүмүүжүүлнэ гэдэг багагүй дарамт болж байсныг гадарлаж байна. Олны анхаарал татсан хурим хийсний ачаар Уильям хүмүүсийн хайрыг татсан юм биш. Гүнжийн хөвгүүд ээжийнхээ хүсэж байсан шиг хүмүүжиж чадсан. Тиймдээ ч британичуудын хайрыг татдаг юм.
-Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал арилжааны салбарт чанга хатуу гар дутагдсаных гэж үзэх хүн цөөнгүй байдаг юм билээ. Та үүнтэй санал нэгдэх үү? -Бидэнд тулгамдаж буй хамгийн том асуудал бол өнөө цагт хүмүүс хувь хүний эрх ашгийг улс орныхоос дээгүүр тавьдаг болсон явдал. Энэ бүхнийг үндсээр нь өөрчилнө гэдэг амаргүй. Үүнд цагаачид ч тодорхой хэмжээгээр нөлөөлж буй.
-Хоёр улсын харилцаанд итгэлцэл гэдэг хамгийн чухал зүйл. Гэтэл таван жилийн өмнө Осама Бин Ладен Пакистаны нутагт нуугдаж байсан нь илчлэгдсэн. Энэ мэдээг сонсоод та цочирдсон уу? -Үгүй дээ. Пакистан алан хядагчдын үүр болсон газар гэдгийг бид мэднэ. Гэхдээ Их Британид ч алан хядагчид үйл ажиллагаагаа явуулж, 30 орчим бүлэг байрлаж байсныг бид илрүүлсэн. Тэгэхээр тэд хаана ч нуугдаж байж мэдэх юм.
-Пакистанчууд энэ талаар мэдэж байсан гэж бодож байна уу, та? -Энэ асуултын хариуг хүн бүхэн мэдэхийг хүссэн байх. Учир нь тус улс удирдагчидтай, зэвсэгт хүчинтэй, бизнесийн үйл ажиллагаа ч тэнд өрнөдөг.
-Эцэст нь та Ерөнхий сайдын албаны юуг нь илүүтэй үгүйлэх вэ гэдгээ сонирхуулаач. -Би энэ албыг огт үгүйлэхгүй байх. (инээв)
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment