Thursday, June 23, 2011
Гималайн уулсаас ч ахмад Ази галуу
“Хамгийн, хамгийн” гэх тодотгол Ази галуунд л тохирно. Олон улсанд тэр дундаа барууны орнуудад ази галуу нэрээр танигдсан хээрийн галууг Их Британийн Бангор их сургуулийн шувуу судлаачид гурван жил ажигласны эцэст хамгийн өндөрт нисдэг шувуу хэмээн саяхан зарласан бол түүнээс ч өмнө галуу хэлбэртний багийн хамгийн ахмад нь Ази галуу хэмээн судлаачид санал нэгдээд байжээ. Түүнчлэн богино хугацаанд хол зай туулдаг, тэсвэр тэвчээртэй гээд энэ зүйлийн шувуу олон чадвараараа судлаачдын анхаарлыг татдаг.
БЛИЦ
Биеийн урт: 75 см
Биеийн жин: 1.87-3 кг
Тархац: Энэтхэг Бирмд өвөлжиж, Хангай, Хөвсгөлийн уулархаг бүсийн нуур гол, Орог, Бөө цагаан, Тонхил, Цэцэг нуур, Завхан голын сав, Хар ус, Ховд гол, Ачит, Өрөг, Цагаан, Толбо, Дөрөө нуурт өндөглөн зусдаг.
Өндгөө тээх хугацаа: 27 хоног
Өндөг: 4-6
Ангаахай өдлөх хугацаа: 50 хоног
Нас бие гүйцэх хугацаа: Гурван жил
Өвчний ачаар анхааралд өртсөн нь
Төв Азид нутаглаж, галууны хэлбэртний багийн эл зүйлийг эндээс анх олсон болохоор барууны орнуудад хээрийн галууг Ази галуу гэх нь түгээмэл. Мөн дагзан дээрх хоёр бараан судал нь “судалт галуу” гэх хочтой болоход хүргэжээ. Хэдийгээр хээрийн галууг галуу хэлбэртний өвөг хэмээдэг ч дэлхий нийтэд шувууны ханиад гэх тахал нүүрлэж, харанга дэлдэхээс өмнө судалгааны ажил хангалттай хийж, энэ шувууны ид шидийг нийтэд зарлаагүй байв. H5N1 вирусээр халдварладаг тахал дэгдэх үеэр шувуу судлаачид төдийгүй энгийн иргэдийн анхаарал Ази галууны зүг эргэсэн гэдэг.
Тэсвэр тэвчээрийн гайхамшиг
Нарны илч наашлахтай зэрэгцэн Гималайн уулсыг давж, Монголыг зорьдог тул хээрийн галууг хамгийн эрэлхэг, тэвчээртэй шувуу хэмээдэг. Хавар бүр хатуу ширүүн уур амьсгалтай Төв Азийн нутгаар 3500-4200 км зам туулж, өндөглөдөг учраас ийн тодорхойлдог. Энэтхэг өмнөд хэсэгт өвөлжиж, нүүдэллэх үедээ өвлийн хахир шуургатай нүүр туулдагийн дээр өндөр уулсын дээгүүр аялах үеэр хээрийн галууны далавч нь цантаж, заримдаа мөс тогтох үе ч бий.
Өндөр наст өвөг галуу
Их Британийн эрдэмтдийн гурван жил хийсэн ажиглалт судалгаа нь хүн төрөлхтөнд ази галууны хэд хэдэн нууцыг дэлгэх боломж олгосон. Саяхныг хүртэл эрдэмтэд хээрийн галууг өдрийн цагаар нүүдэллэн, өндөр уулсын салхинд элэгдэн эвдэрсэн хэсгээр нисдэг хэмээн таамагладаг байж. Харин 2009 оноос хийсэн ажиглалт тэднийг ихэвчлэн шөнийн тогтуун цагаар нүүдэллэдэг болохыг тогтоожээ. Эрдэмтэд саяхныг хүртэл “Ази галуу яагаад заавал хүнд ширүүн уур амьсгалтай бүсээр дайрч, Гималайн өндөр уулсыг даван нүүдэллэдэг юм бол” гэх асуултын хариуг ололгүй гайхсаар байж. Харин энэ судалгааны эцэст “Гималайн уулс атираатан тогтохоос ч өмнө хээрийн галуу Энэтхэгээс Төв Азийг чиглэн нүүдэллэдэг байсан” гэсэн таамаг дэвшүүлэн санал нэгдээд байна. Энэ талаар тус судалгааны багийн ахлагч ноён Хаукс “Галуу хэлбэртний багийнхан шувууны төрөл зүйлүүдээс хамгийн эртнийхт тооцогддог. Тиймээс судалт галуу уулс өнөөдрийнх шиг өндөр болон атираатахаас өмнө амьдарч байсан байх магадлал өндөр” гэжээ.
Өндөрт нисэхийн нууц
Өндөрт нисэх чадвар нь хээрийн галууны биеийн онцлогтой холбоотой. Цусан дахь улаан эсийн бүтээмж нь бусад амьтныхаас хэд дахин их тул түүнийхээ ачаар даралт ихтэй өндөр газар хүчилтөрөгчөөр дутагдалгүй удаан хугацаагаар аялдаг аж. Түүнчлэн улаан эсийн энэ онцгой чадамж нь хатуун ширүүн нөхцөлд ч олон цагаар нисэх эрч хүчийг сэлбэж, хүйтэн орчинд биеийн дулаанаа хадгалах боломж олгодог хэмээн Бангор их сургуулийн эрдэмтэд дүгнэлтдээ онцолжээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
gaihaltai amitan yumaa ene shuvuu chin.
ReplyDeleteNadaas heden tum dahin tevcheertei zolig bna.
Getel bi tooj ch haraagui yavdag.