Түүний анхны дурлал нь кино урлаг байсан. “Шоушенкагаас оргосон нь”, “Жолооч хатагтай Дейзи” зэрэг олон киноны дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин Морган Фримэн амьдралынхаа 40 жилийг кино ертөнцтэй холбосон нэгэн.
-Нэлээн хэдэн жилийн өмнө бид уулзаж ярилцаж байсан. Та тэр үеийнхээсээ бүр ч залуу болчихсон юм шиг харагдах юм. Цаг хугацаанд захирагддаггүйн нууц тань юу вэ?
-Удмынх юм болов уу даа. Би залуу харагдах гэж огт хичээж, ямар нэгэн арга хэрэглэж байгаагүй.
-Тэгэхээр гоо сайхны мэс ажилбар хийлгэж байгаагүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Би хутганаас айдаг хүн шүү дээ. Харин биеийн галбиртаа анхаарал тавьдаг. Яс сийрэгжиж, булчин шөрмөсгүй болчих вий гэхээс эмээдэг юм. Юу ч хийхгүй байна гэдэг юм бүхнээ алдахын шинж. Булчин суларч, яс сийрэгжих үед бие бүхэлдээ л өвчин хуучтай болчихдог юм. Тэгээд ч би жаахан бардам хүн болохоор сул дорой харагдахыг хүсдэггүй.
-Та бардам гэж үү?
-Тийм ээ.
-Хуучин эхнэр тань таныг өөрөөрөө бахархдаг, бас аминчхан гэж хэлж байсныг санаж байна.
-Үнэндээ би өөрөөрөө бахархаад байдаггүй л дээ. Бас өөрийгөө аминчхан хүн гэж бодохгүй байна. Би бүр 20 настай байхаасаа л бүжгээр хичээллэж эхэлсэн юм. Тэр үед багш маань бидэнд өөрийгөө хүндэл гэж сургадаг байлааа. Би түүнээс өөрийгөө хүндлэх ухаан гээд л их зүйлийг сурсан. Өөрийгөө хүндэлж чадахгүй бол гадаад үзэмжиндээ огт анхаарахаа больчихдог юм.
-Гадаад үзэмжиндээ анхаарах эсэх нь таны хувийн хэрэг байх, тийм үү?
-Тийм ээ.
-Өөрийгөө хүндлэх ухааныг бусдад ч бас ойлгуулахыг хичээдэг үү?
-Хичээдэг. Саяхан би бүсгүйчүүдийн харц булаасан эрийн дүрд тоглолоо. Өмнө нь хэзээ ч ийм дүр бүтээж байсангүй л дээ.
-Би таныг хэзээ ч тийм дүрд тоглохгүй гэж боддог байлаа.
-Би ч бас тэгж л боддог байсан.
-Харин тэр бодлыг тань юу өөрчилчихөв?
-Юу ч биш ээ. Зүгээр л ийм юм болчихсон хэрэг. Нас тогтсон хойно ийм зүйл болох ёстой байсан юм байлгүй дээ.
-Таныг 74 настай гэхэд итгэмээргүй харагддаг шүү. Бүр надаас ч залуу харагдаж байна.
-1937 оны зургадугаар сарын 1-нд төрсөн. Үгүй ээ, ээж минь надад тэгж хэлсэн юм. Би түүнд нь итгэдэг. Учир нь ээж минь надад хэзээ ч худал хэлж байгаагүй.
-Бүсгүйчүүдийн харц булаасан дүрийнхээ тухай яриач.
-Тэгье. Энэ киног Роб Рейнер бид хоёр хамтарч хийсэн юм.
-Эцэст нь та арай гэж романтик кинонд тоглов уу?
-Тийм шүү. Би өөрийгөө хэзээ ч романтик кинонд тоглохгүй гэж боддог байлаа. Гэхдээ хөгжилтэй байсан. Би гайхалтай чадварлаг жүжигчин Виржиния Мадсентэй хамтран тоглосон.
-Бас анх удаа амраглаж зураг авахуулав уу?
-Тийм ээ.
-Та их олон кинонд тоглосон. Гэхдээ өмнө нь авахуулж байгаагүй өөр төрлийн зураг танд ямар санагдав?
-Шинэ нээлт шиг л байсан. Амраглаж байгаа хэсэгт тоглоно гэдгээ би өөрөө ч мэдээгүй байсан юм.
-74 настай, тоглосон кино нь гурван тэрбум долларын ашиг олдог жүжигчин анх удаа амраглаж байгаа хэсэгт тоглосон гэдэг сонирхолтой санагдаад байна л даа.
-Би хуучин эхнэрийнхээ хүүхэд асрагчаар ажиллаж буй эрийн дүрд тоглодог. Нэг өдөр эхнэр маань намайг үнсэлтээр шагнадаг. Эхлээд хацар дээр, дараа нь уруул дээр их тачаангуй үнсдэг юм. Тэгэхэд нөхөр нь ихэд гайхна.
-Тухайн үед танд юу бодогдсон бэ?
-Би бүр юу бодохоо ч мэдэхгүй мэлэрчихсэн.
-Тэгэхээр кино зохиолд энэ талаар тодорхой бичээгүй байсан байх нь ээ?
-Зохиолд бичигдээгүй хэсэг. Бүр сүүлд нэмж оруулсан юм билээ.
-Та жүжигчидтэй болзож байсан уу?
-Огт үгүй. Ажлаа амьдралтайгаа хольж хутгана гэдэг тэнэг явдал. Хамтран тоглогчдоо жинхнээсээ дурлачихвал жүжиглэх шаардлагагүй болдог гэлцдэг. Гэхдээ надад ийм зүйл надад тохиолдож байгаагүй. Тийм ч сайхан санаа гэж бодохгүй байна.
-Яагаад?
-Ажил дуусахад амрагаасаа салах л болно. Учир нь чамайг гэрт чинь бас нэг хүн хүлээж байгаа шүү дээ.
-Гэхдээ та бүсгүйчүүдэд их хүндэтгэлтэй ханддаг хүн гэдгийг би сайн мэднэ.
-Тийм ээ. Би эмэгтэйчүүдийг хүндэлдэг. Би эмэгтэй хүнээс төрсөн, бас их олон жил ээжийн эрх хүү явсан шүү дээ. Гэхдээ үүнийг хүүхнүүдийг урхиддаг Дон Жуан шиг нөхөр байсан гэж бодох хэрэггүй шүү.
-Зарим нэг тохиолдолд бол эргүүлдэг байсан биз?
-Тэр бол нууц. Нэвтрүүлгийн дараа би чамд хэлье.
-Юу нь нууц гэж?
-Би эмэгтэйчүүдийг эргүүлдэггүй.
-Тийм гэж үү?
-Харин тэд намайг эргүүлэхээр байж чаддаг юм.
-Тэр л таны арга мэх байх нь ээ?
-Тийм ээ.
-Тэгээд хэр амжилттай хэрэгждэг вэ?
-Их сайн шүү.
-Аргыг нь надад зааж өгөөч.
-Өөрийгөө магтаж дөвийлгөх хэрэггүй. Түүний оронд бүсгүйн ямар гайхалтай харагдаж байгааг нь хэлээд, хүндэлж байгаагаа ч ойлгуулах хэрэгтэй. Тэгээд л орхичих.
-Энэ арга тань бүтэлгүйтэж байсан уу?
-Эмэгтэйчүүд гэдэг их сониуч хүмүүс шүү дээ. Заримдаа яг л идээшиж байгаа адуу шиг байдаг. Бэлчээрт нь хөл тавихад л анхаарлаа тэр зүгт хандуулдаг. Бүсгүйн зүг анхаарал хандуулж, шохоорхож байгаагаа мэдэгдэх үед л тэд шалтгааныг нь олох гээд улайрчихдаг.
-Адтай мэхийнхээ ачаар та ямар ч бүсгүйн араас хөл алдан гүйж үзээгүй байх нь ээ?
-Тийм ээ. Энэ арга тун үр дүнтэй шүү.
-Гоонь эрийн амьдрал танд ямар санагдаж байна вэ?
-Энэ бол миний хувьд цоо шинэ зүйл биш. Би залуу байхдаа гоонь эрийн амьдралыг амталж байсан шүү дээ. Хуучны амьдрал минь эргээд ирэх шиг л болж байна.
-Та “Бүхнийг орхих нь амжилт авчрах нь бий” гэж хэлж байсан.
-Миссисипид арьс өнгөөр ялгаварлах үзэл их олон жил оршин тогтносон. Тиймээс би төрсөн нутгаа орхих хэрэгтэй юм байна гэж бодох болсон л доо. Тэнд надад амьдрал байхгүй, амжилт гаргах боломж байхгүй байсан болохоор тэр.
-Арьс өнгөөр ялгаварлах үзэл танд багагүй нөлөөлсөн байх нь ээ?
-Багш нар маань энд сайн боловсрол эзэмшчихээд өөр хаа нэг тийшээ очиж амьдар гэж зөвлөдөг байлаа. Энэ амьдралдаа сэтгэл гутрах хэрэггүй гээд л ярьдаг байв. Харин би амжилтанд хүрэхийг их хүсдэг хүүхэд байв. Өөрийнхөө байдалд огт сэтгэл ханахгүй, илүү их амжилт гаргахыг хичээнэ. Бүр жаахан байхаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Уг нь ахлах сургуулиа төгссөний дараа Миссисипид тэтгэлэгтэй суралцах эрх хоёр ч коллежоос ирсэн юм. Харин би бодож байгаад явахаар шийдсэн.
-“Сая долларын бүсгүй” киноны дүрээр “Оскар”-ын шагнал авах үед танд юу бодогдсон бэ. Үүнээс өмнө авах ёстой байсан юм гэж бодсон уу?
-Үгүй дээ.
-Нэлээд олон кинонд тоглосны дараа ч “Оскар”-ын шагнал аваагүй болохоор урам хугарч би хэзээ ч авахгүй юм байна гэж бодогдож байв уу?
-Шагнал авахгүй болохоор нь би аргаа өөрчилж эхэлсэн юм. Одоо “Оскар”-ын шагнал авахын төлөө биш, хэдэн удаа нэр дэвшсэнээрээ бахархах ёстой гэж бодож эхэлсэн.
-Та хэдэн удаа нэр дэвшсэн юм бэ?
-Тав.
-“Шилдэг туслах эрэгтэй жүжигчний төрөлд Морган Фримэн яллаа” гэхийг сонсоход юу бодогдсон бэ?
-Дараагийн удаа шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг авна даа гэж бодсон.
-Хуучин эхнэртэйгээ одоо холбоотой байгаа юу?
-Үгүй дээ.
-Гэхдээ та хоёр 27 жилийг хамт элээсэн биз дээ?
-Тийм ээ. Гэхдээ бидэнд хүүхэд байхгүй учир холбогдоод байх шаардлага гардаггүй.
-Та хоёр удаа гэрлэсэн байх аа. Дахиж гэрлэх бодол бий юү?
-Одоо дахиж гэрлэхгүй ээ. Өтөл насандаа ганцаар суухгүйн тулд л би дахиж гэрлэсэн юм. Үхэхэд дэргэд минь хэн ч байхгүй байна гэхээр гунигтай байгаа биз. Тэгээд л гэрлэсэн. Одоо бол алдаагаа дахиж давтахгүй.
No comments:
Post a Comment