Амжилтаараа америкчууд төдийгүй дэлхий дахиныг гайхуулсан цөөн бизнес эрхлэгчийн нэг бол Жек Уэлч. Тэргүүлэгч корпорациудын нэг болох “General Electric”-ийг удирдагчийг Пирс Морган нэвтрүүлгийнхээ зочноор урьжээ.
-Америкийн эдийн засгийн байдлыг түүнээс илүү тодорхойлох хүн үгүй гэж үзсэн тул “General Electric”-ийн гүйцэтгэх захирал Жек Уэлчийг нэвтрүүлгийнхээ студид урихаар шийдсэн юм. Тэр бизнест хэрхэн амжилт олсон арга ухаанаасаа хуваалцахаар хүрэлцэн ирээд байна.
-Би гоц гойд ухаалаг хүн биш шүү дээ. Харин тэр ухаалаг хүмүүсийг компанидаа ажиллуулдаг юм.
-Эдийн засгийн байдлын талаар хүн бүр л өөрийн гэсэн бодолтой байна. Харин та Америкийн эдийн засгийн байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Үнэндээ бид бүр төөрөлдчихөөд байгаа юм. Тиймээс л хүн бүр эдийн засгийг өөр өөрөөр дүгнэн хэлж байна. Гэхдээ байдал бүр ч дордчихоогүй. Үнэндээ бид хааш зүглэж байгаагаа өөрсдөө ч мэдэхгүй яваа нь л хамгийн том аюул. Зөвхөн улс орон гэлтгүй, томоохон компани тэр ч байтугай хувь хүмүүс ч зорилгоо тодорхойлж, хаашаа явахаа нарийн төлөвлөж, ядаж ирээдүйнхээ талаар урьдчилан таамаглах хэрэгтэй байдаг. Гэтэл Америк улс иргэдийнхээ эрүүл мэнд, амьдрах орчны талаар ямар ч таамаг, зохицуулалтгүй байна. Бүх зүйлд урьдчилсан төлөвлөгөө, бодлого, алсын хараа байх хэрэгтэй гэж би боддог. Эдийн засагт энэ бүр ч их хамаатай. Энэ зарчмыг мөрдөж байж л эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгаж чадна.
-Та 1980 онд “General Electric”-ийн захирлаар томилогдохдоо “Америкийн эдийн засгийн байдал Японыхоос ялгарах зүйлгүй боллоо” хэмээн егөөдөж байсан.
-Тийм ээ.
-Харин одоо Хятадынхтай адилхан болоод байх шиг. Ажилгүйчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
-Бүр тэднийхээс ч дор болоод байна.
-Бодлогын хүү 13 хувь хүртэл өссөн.
-Суурь хүү 20 хувь хүрээд байгаа.
-Бас нэгэн эмгэнэлтэй дүр зураг бол жил бүр томоохон корпораци, компаниуд ажилчдаа цомхотгож, багаар бодоход ажиллах хүчнийхээ 10 хувийг халж байгаа явдал. Зардлаа багасгаж, амжилт олох энэ хэв маяг бүр зуршил болох шинжтэй байна. Хэдийгээр ингэснээр компаниуд хожиж байгаа ч ажилгүйчүүдийн эгнээ өдрөөс өдөрт нэмэгдэж, нийгэмд сөрөг үр дагавар их гарч байна.
-Тийм ээ. Энэ бол улс төрийн бодлоготой шууд холбоотой. Өрсөлдөөнийг төрийн бодлогоор зохицуулахгүй байгаагаас ийм үр дүн гарч байгаа. Жишээ дурдахад л манай компани тухайн салбартаа тэргүүлэгч болж чадаагүйгээс маш олон үйлдвэрээ хаасан. Тэр хэрээр ажилчдаа халж, цомхотгож байгаа гэсэн үг. Бид Сиракуст зурагт үйлдвэрлэн борлуулдаг байлаа. Гэтэл Японы цахилгаан бараа үйлдвэрлэгчид манай бүтээгдэхүүнээс хямд үнэтэй зурагт худалдах болсон. Тиймээс бид үйлдвэрээ хаахаас өөр аргагүй болж байгаа юм.
-Дональд Трамп нэвтрүүлэгт маань оролцохдоо байсхийгээд л Хятадын тухай ярьж байсан. Тэр Америкчууд зах зээлээ Хятадуудад алдаж байна гэж халаглаж байсан. Та түүнтэй санал нэг байна уу?
-Хятадуудыг ялах ганц арга бол инновацид анхаарал хандуулах явдал. Энэ оронд үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага инновацийг дэмжих хэрэгтэй. Тэгж байж л бид шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тэр хэрээр ажлын байр ч нэмэгдэнэ. Зах зээлд хана хэрэм босгож, байр сууриа хамгаалдаг зарчим одоо үеэ өнгөрөөгөөд байна. Бид бүр 1930-аад оны арга барилаар Хятадын үйлдвэрлэгчидтэй өрсөлдөөд байгаа юм. Энэ арга үр дүн өгөхөө болиод удаж байна шүү дээ.
-Яг таны хэлснээр япончууд 1980-аад оны үед л баримталж байсан зарчмаа одоо ч ягштал мөрдөж, бизнес эрхлэгчид инновацид анхаарал хандуулж, түүнийхээ ачаар санасандаа хүрсэн гэж ойлгож болох уу?
-Яг зөв. Хэдийгээр “General Electric” корпораци япончуудыг маш олон бараа бүтээгдэхүүнээр хангаж байгаа ч энэ зах зээлд бид ялагч болж чадахгүй л байна. Улс төрийн бодлого бидэнд ялах боломж өгөхгүй байна.
Энгийн нэг жишээ дурдахад л манай улс бол гаднын орнуудад хөдөлмөр эрхлэгчдэд ногдуулдаг татвартай цорын ганц улс. Энэ онцгой татварын “ачаар” бид олон зүйлээ алдаж байна. Нэг мөнгөний урсгал тэр чигээрээ хаагдаж байна гэсэн үг.
-Та Стив Жобсыг ихэд хүндэлдэг нэгэн. Таны бодлоор америк хүн бүр түүн шиг байсан бол Америк өнөөдөр үлгэр жишээ улс болсон байх болов уу?
-Мэдээж тийм шүү дээ. Түүний хийж бүтээсэн бүхэн гайхалтай. “Apple” компанийг үүсгэн байгуулж, дараа нь авто машины компани байгуулсан гээд л... Зөвхөн “Apple”-ийг харахад л өнөөдөр компьютер үйлдвэрлэгчдийн дунд түүнтэй энэ тэнцүү өрсөлдөхүйц компани алга байна шүү дээ. Тэгэхээр түүний хийж бүтээсэн бүхэн ямар гайхалтай гэдэг нь тодорхой байгаа биз.
-Стив Жобс шиг хүн яагаад дахин төрөхгүй байгаа юм бол?
-Сайхан асуулт байна. Уг нь түүн шиг гайхалтай хүмүүс таны төсөөлж байгаагаас ч олон төрж байна. Харин тэднийг дэмжих бодлого дутагдаад байгаа юм. Шинийг сэдэх залуусыг дэмжихийн оронд тарган муур шиг залхууран суух захирлууд л томоохон компанийг удирдах юм.
Манай компани аль болох залуу, эрч хүчтэй залуусыг удирдах албан тушаалд дэвшүүлэхийг хичээдэг. Би “Жек Уэлчтэй хамт хоёр өдөр” нэртэй сургалт зохион байгуулдаг юм. Жилд 100 гаруй эрхлэгчдийг тэр сургалтаараа бэлдэж байна. Тэднээс маань томоохон корпораци биш ч, тэрбум долларын хөрөнгөтэй компани байгуулан ажиллаж байгаа залуус олон бий. Тэд ажлын байр бий болгож байна. Яг одоо бол ийм л хүмүүс эх оронд маань хэрэгтэй байгаа.
Түүнээс биш элдэв дүрэм журам ярьж, ажилчдаа цомхотгосон дарга, бизнес эрхлэгчид эдийн засагт маань нэрмээс болно уу гэхээс нэмэр болох цаг өнгөрсөн.
-Таныг хэдэн жилийн өмнө “General Electric”-ийг орхих үед…
-Арван жилийн өмнө.
-Арван жилийн өмнө бил үү?
-Тийм ээ.
-Их олон жил өнгөрсөн байна. Надад бол өчигдөрхөн юм шиг л санагдах юм. Тэр үед та 14 тэрбум долларын хөрөнгөө 400 тэрбум болтол нь өсгөж байсан. Магадгүй Америкийн эдийн засгийн оргил үе байсан байх. Саяхан л цэцэглэж байсан энэ байдал яагаад буруудчихав аа?
-Их олон хүчин зүйл нөлөөлсөн байх л даа. Жаахан ухаалаг, овсгоотой нэг нь хөрөнгө хуримтлуулахад тун хялбар байлаа.
-Тэгэхээр хүмүүс хэт шунаснаас болсон хэрэг үү?
-Үгүй дээ. Би тэгж хэлэх гээгүй. Хүн бүр үүнийг байх ёстой, хэзээ ч өөрчлөгдөхгүй юм шиг санаж байснаас л болсон болов уу. Конгрессийнхэн хүн бүр өөрийн хувийн орон сууцтай байх ёстой гэж зарлаж, компаниуд ч үүнийг нь хөхүүлэн дэмжсэн. Хүн бүр л зээлээр хувийн орон сууц худалдан авч, лизинг, банкны зээл гэдэг энгийн үзэгдэл болсон.
-Эдийн засгийн хямралд хэн буруутай юм бэ?
-Хэн нэгэнд ял тохох аргагүй л дээ. Хэрэглэгчдийг буруутгах гэж байгаа бол тэд байшин худалдан авсаныхаа төлөө хэний ч өмнө хариуцлага хүлээх ёсгүйг санах хэрэгтэй. “Wall Street”-ийнхнийг ч буруутгах аргагүй.
-Хэрэв Америк орныг нэг компани гэж үзээд, та тэргүүлж байсан бол ямар шийдвэр гаргах байсан бэ?
-Юун түрүүнд хөрөнгө барьцаалан мөнгө зээлдүүлэгчдийг цэвэрлэх байсан.
-Хэн нэгэнд ял оноох байсан уу?
-Үгүй дээ. Би энэ зах зээлийн нарийн учрыг сайн мэдэхгүй. Тиймээс надад шүүж, яллах эрх байхгүй.
-Сүүлийн арван жилд Америк эдийн засгийн хувьд тэргүүлэгч байр сууриа Хятадад алдах магадлалтай байна.
-Бид энэ хэвээр унтаад байвал байр сууриа алдах л болно.
-Хятадууд манай ажлын байрыг “хулгайлж”, тэр хэрээр мөнгөний эргэлтийг ч өөр рүүгээ чиглүүлэх боллоо. Бид тэдэнтэй хэрхэн тохиролцох ёстой юм бол оо?
-Цоо шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээр л энэ өрсөлдөөнд бид ялна.
-Хятадууд таныг айлгаж байна уу, эсвэл гайхашруулж байна уу?
-Гайхашруулж байна.
-Танд шинэ боломж олгож байгаа болохоор уу?
-Хятад бол агуу гүрэн. 1.3 тэрбум хүн амтай. Тэндэхийн зах зээлд 1.3 тэрбум хэрэглэгч байна гэсэн үг. Тэгэхээр боломж их байгаа биз.
No comments:
Post a Comment