Америкчуудын сэтгэлийг сэртхийлгэсэн хэрэг 18 жилийн өмнө Арканзас мужийн Уэст Мемфис хотноо гарчээ. Найман настай гурван хүүгийн цогцос ойгоос олдож, тэдний үхэлд тус хотын гурван хүүг сэжиглэсэн байна. Өвөрмөц шашны үзэлтнүүдийг дунд сургуулиа орхисноос гадна гэр бүлийнхэн нь гэмт хэрэгт холбогдож байсан гэх үндэслэлээр бага насны хүүхдүүдийг хүчирхийлж, хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутган Дамьен Экхолст цаазаар авах, Жейсон Болдвин, Жессе Мискелли нарт бүх насаар нь хорих ял оноожээ.
Удалгүй хилс хэрэгт гүтгэгдсэн хөвгүүдийн төлөө шоу бизнесийн ертөнцийн алдартнууд тэмцэж, сан байгуулсан. “Уэст Мемфисийн гурав” гэх хочтой болсон хохирогчдын тухай ном зохиол хэвлэгдэж, найруулагч Жое Берлингерийн бүтээсэн “Алдагдсан аз жаргал” хэмээх баримтат кино тус оныхоо “Оскар”-ын шагнал хүртэж байсан. Уэст Мемфисийг гурав өнгөрөгч наймдугаар сард суллагдсан бөгөөд тэдний амьдралаас сэдэвлэсэн баримтат киноны гуравдугаар анги ирэх оны эхээр нээлтээ хийх аж.
-Нэлээд маргаантай шүүх хуралдааны эцэст Экхолс, Болдвин, Мискелли нарыг өнгөрсөн наймдугаар сард цагаатгасан. Хачирхалтай хуулийн системийн шаардлагаар тэд гэмт хэрэг хийсэн гэх худал мэдүүлэг өгч байсан удаатай.
Дамьен та гэм буруугүй гэдгээ удаа дараа мэдүүлсээр байсан атал шүүхийн шийдвэр гарч, таны амьдралын бараг 20 жил торны цаана өнгөрлөө.
-Тийм ээ.
-Цаазаар авахуулах ял сонсож, цаашид амьдрах эсэх нь эргэлзээтэй торны цаана өдөр хоногийг өнгөрүүлэх амаргүй байсан байх. Та гянданд хоригдож байсан байх аа.
-Сүүлийн арван жил би гянданд хоригдсон. Хоногийн 24 цаг орь ганцаар байна гэдэг амаргүй. Энэ хугацаанд би зөвхөн эхнэртэй Лорритойгоо л уулзаж байсан. Бидэнд долоо хоногт нэг удаа уулзахыг зөвшөөрдөг байсан.
-Хоригдож байх үедээ та Лорригоос өөр ойр дотны хүмүүстэйгээ уулзаагүй байх нь ээ?
-Тэгж хэлж болно. Заримдаа Лорри гэр бүлийнхэнтэйгээ хамт ирдэг байлаа. Гэхдээ жилд ганц хоёр удаа л цуг ирдэг байсан гэхээр өнгөрсөн 18 жилийн хугацаанд би Лорригоос өөр хүнтэй уулзаагүй.
-Гянданд хоригдож байгаа хоригдлуудад зурагт үзэхийг зөвшөөрдөг үү?
-Зурагт бий. Гэхдээ кабльгүй болохоор үндэсний цөөн сувгаас өөр зүйл үзэх боломжгүй. Шүршүүр нь тусгаарлах өрөөн дотроо байдаг юм. Хаалга нь хоол, захидал оруулах жижиг төмөр цонхтой. Тэгэхээр өдрийн дийлэнх хугацааг ертөнцөөс тусгаарлагдан цор ганцаар өнгөрүүлдэг.
-Ор нь ямар вэ?
-Босгож хана дагуу хураачихдаг хавтан бий. Түүн дээр дэвсгэр, даавуу тавиад л болох нь тэр.
-Компьютер бий юү?
-Үгүй дээ. Би шоронд байхдаа компьютерийн бараа ч хараагүй. Намайг ял сонсон, хоригдох үед интернэт л гараагүй байсан. Тиймээс би интернэт, гар утас гэдэг зүйлийг амьдралдаа ашиглаж үзээгүй.
-Өдөр салхинд гаргадаг байсан уу?
-Үгүй дээ. Би нарны гэрэл харалгүй 10 жил болсон.
-Энэ хугацаанд юу боддог байв. Та гэм буруугүй атал ял эдэлж байгаа гэж бодохоор бухимдах сэтгэл төрдөг байсан биз? Таныг гэм буруугүй гэдэгт олон хүн итгэдэг байсан.
-Хоригдож байх хугацаандаа эрүүл саруулаар сэтгэх хамгийн үр дүнтэй арга нь хэргийн тухай огт бодохгүй байх явдал байв. Энэ талаар бодохгүй байхын тулд өдрийн дэглэм гаргаж, түүнийгээ ягштал мөрддөг байлаа. Дасгал хийж, зураг зуран, юм бичиж өнгөрүүлдэг байсан.
-Та яаж тайван байж чаддаг байв аа?
-Надад сонголт байгаагүй шүү дээ. Би гэм буруугүй гэдгээ нотлох гэж чадах бүхнээ хийсэн. Эцэст нь арга барагдаж, эцэж цуцан зүгээр л тайван байхыг хүсэх болсон. Юу ч бодолгүйгээр хөлөө зөөн, өдөр хоногийг өнгөрүүлэхийг л хүсдэг байв.
-Энэ байдал таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Эрүүл мэндийн үйлчилгээ байхгүй учраас бие маань их хурдан өвчилсөн. Хязгаарлагдмал орчинд байгаа учраас хол байгаа зүйлийг харах боломж огт олддоггүй. Тиймээс хараа муудсан. Өөрөөсөө хэдхэн сантметрийн зайд байгаа зүйлийг ч тод харах чадваргүй болсон. Бас нарны гэрэлд их мэдрэмтгий, нүд гялбадаг болсон.
-Удаан хугацаанд хоригдож байгаад гадагш гарахад ямар санагдсан бэ?
-Гэрэл яг л нүүрэнд тулаад ирэх шиг санагддаг юм билээ. Гадагш гарахын өмнөх шөнө нойр ч хүрэхгүй байсан. Нар харахыг тэсэн ядаж хүлээж, хамгийн түрүүнд нар хэрхэн жаргахыг харах юмсан гэж бодогдож байсан. Учир нь би нар шингэхийг харалгүй бараг 20 жил болсон байлаа.
18 жил хоригдох хугацаандаа нар мандаж, шингэх, навчны өнгө хэрхэн өөрчлөгдөж байгааг харахыг их хүсдэг байлаа. Тиймээс суллагдахын өмнөх шөнө энэ тухай их бодсон. Энэ жил бол миний хувьд онцгой жил. Би 20 жилийн дараах анхны намраа үзнэ. Бас жинхэнэ ёсоор нь тэмдэглэх анхны зул сар, талархлын баярын өдөр тохионо. Бас бид гурвын нөхөрлөсний 20 жилийн ой тохионо.
-Одоо сурахыг хүсэж буй зүйл бий юү?
-Хүн насаараа суралцдаг гэдэг. Тиймээс хамгийн түрүүнд интернэт, гар утас ашиглаж сурмаар байна. Түүнээс гадна суралцах шаардлагатай олон арван зүйл байна. Би 18 жил хөлдөө гинжтэй явсан. Тиймээс алхахад дахин суралцах шаардлагатай болсон. Гинжтэй явдаг байсан болохоор их ойрхон ойрхон гишгэж, энгийн хүмүүс шиг явж чадахгүй болсон байсан. Мөн халбага, сэрээ хэрхэн барихыг дахин сурах хэрэгтэй байна. Сэрээ хэрэглэлгүй 18.5 жил болсон байна шүү дээ.
-Яагаад?
-Хоригдож байгаа хүмүүст сэрээ ашиглахыг зөвшөөрдөггүй юм.
-Тэгээд та хоолоо хэрхэн иддэг байсан юм бэ?
-Гараараа.
-Таныг гурван хүүгийн үхэлд буруутгагдан ял эдэлж байх үед жинхэнэ хэрэгтэн эрх чөлөөтэй алхаж байж. Харин одоо таны гэм буруугүй гэдэг батлагдсан. Ярилцлагыг тань үзэж, уншиж байгаа хүмүүсийн дунд таныг хилс хэрэгт гүтгэгдэн амьдралынхаа 18 жилийг алдчихлаа хэмээн халаглахын оронд гурван жаал хэрцгийгээр хөнөөлгөсний төлөө хэн хариуцлага хүлээж, шийтгэгдэх юм бэ гэж бодох хүн цөөнгүй байгаа болов уу?
-Тийм ээ.
-Таны туулж гарсан тэвчишгүй зовлонг дахин хэн нэгэн битгий үүрээсэй гэсэндээ энэ асуултыг тавих гэж байна. Та битгий эмзэглээрэй. 1993 оны тавдугаар сарын 5-нд яг юу болсон юм бэ? Уэст Мемфис бол их жижигхэн хот шүү дээ. Хотын иргэд нь бараг бүгд бие биенээ таньдаг.
-Тийм ээ.
-Гэтэл энэ жижиг хотод болсон үйл явдал америкчуудын анхаарлыг татсан. Энэ хэрэгт сэжиглэгдэж байгаагаа мэдэх үед юу бодогдож байв?
-Яг үнэндээ батлах баримт олдоогүй ч хэтэрхий жижигхэн хот учраас л биднийг сэжиглэсэн. Энэ явдал болохоос ч өмнө намайг хотынхон зэвүүцдэг байлаа. Миний сонсдог хөгжим, баримталдаг үзэл тэдэнд огт таалагддаггүй байснаас тэр. Талийгаачдыг олдохоос өмнө л хотынхон намайг ад үздэг байсан.
-Та их хэрэг тарьдаг байсан юм уу, эсвэл зүгээр л жирийн хүмүүсээс өөр өвөрмөц хүүхэд байв уу?
-Миний тарьсан хэрэг гэвэл үеийнхнээсээ хол хөндий, зожиг байсан явдал байх.
-Хүнд металь сонирхогчид шиг үү?
-Яг тийм.
-Гэхдээ таныг Стивен Кингийн зохиолуудад дургүй гэж бичсэн байдаг.
-Тийм ээ.
-Гэхдээ Стивен Кингийн зохиолд дурлагчид, эсвэл Окки Осборн шиг мянга мянган хүмүүс хилс хэрэгт гүтгүүлээгүй, харин ч олны анхаарлыг татан од болон явж байгаа тохиолдол цөөнгүй байна шүү дээ.
-1993 онд бол цаг үе, хүмүүсийн үзэл бодол өөр байсан л даа. Бидэн шиг хүмүүс ховор байсан бол одоо рок үзэлтнүүд түгээмэл болсон байна.
-Яг үнэндээ Уэст Мемфист юу болсон юм бэ?
-Байж болмооргүй аймшигтай хэрэг гарсан тухай тэр даруй л хотынхон шуугиж эхэлсэн. Юун түрүүнд дээрэмдүүлээгүй хөвгүүдийг хэрцгийгээр хөнөөх шалтгаан юу байв хэмээн ярих болсон. Ердөө л найман настай жаалууд шүү дээ. Тиймээс хэн нэгний хорсол занал байх учиргүй. Хэрэг явдал болсноос нэлээд хугацаа өнгөрсний дараа хүмүүс тэднийг хүчирхийлсэн талаар сонссон юм.
Тиймээс хүн бүр шашны үзэл суртал, мунхрал хэмээн үзэж байсан.
-Тэгээд хэдийд таныг цагдаагийнхан баривчилсан бэ?
-Цогцсууд олдсоноос нэг хоногийн дараа цагдаа нар манай хаалгыг тогшсон.
-Тэр үеэд танд юу бодогдов?
-Яаж тайлбарлахаа ч мэдэхгүй байсан. Хүмүүс бүгд чамайг гэж сэжиглэж байхад өөрийгөө зөвтгөх үг ч олддоггүй юм билээ.
No comments:
Post a Comment