“Оскар”-ын шагналыг хоёр ч удаа хүртсэн жүжигчин Кэти Бейтс өдгөө найруулагчийн ажилд шамдаад буй. Бродвэйн театрт бүтээсэн дүрүүдээрээ тайзны урлагийн наадмаас “Тони”-ийн шагнал гардаж, телевизийн бүтээлээрээ “Эмми”-гийн есөн ч цомтой харьж байсан түүнийг Пирс Морган нэвтрүүлгийнхээ зочноор урьжээ.
-Жүжигчин Кэти Бейтсийн тоглосон 40 кино нийтдээ хоёр тэрбум долларын ашиг олж байсан аж. Энэ статистик үзүүлэлтийг нарийн тооцоолбол Кэти нэг л зургаараа кино бүтээгчдэд 50 сая долларын орлого оруулж байж. Ямар гайхалтай үзүүлэлт вэ, Кэти?
-Тийм шүү. Сайхан байгаа биз. Гэхдээ би өнөө өглөөг хүртэл энэ баримтыг мэддэггүй явжээ.
-50 сая долларын хатагтай.
-Сонсоход таатай байна шүү. Танд талархсан сэтгэлээ цаашид илүү ихийг бүтээж илэрхийлэх болно.
-Ийм өндөрлөгт хүрснээ сонсоход ямар сэтгэгдэл төрж байв?
-Энэ мэдээг сонсоод их баярласан. Гэхдээ үүндээ сэтгэл ханаагүй. Илүү ихийг хийх хүсэл, урам зориг орсон.
-Таны амжилтын нууц сэтгэл ханалгүй, байнга “өлсгөлөн” байх явдал мөн үү?
-Би тэгж л боддог. “Шарсан улаан лооль” кинонд Жессика Тандитай хамт ажилласан гэдгийг та мэдэх байх. Удалгүй тэр бурхны оронд одсон. Түүний бие муудаж Жоржиа дахь гэртээ сувилуулж байхад нь би очсон юм. Тэр 84 настай хэрнээ яг л 16 настай охин шиг жинсэн өмд, хүрэм өмсчихсөн байж билээ. Түүнтэй уулзах бүрт биеэс нь гэрэл гэгээ цацарч байх шиг л санагддаг. Тэр хүмүүст тийм л сайхан эрч хүч бэлэглэдэг гайхалтай нэгэн. Тэр л надад кино найруулах урам зориг хайрласан гэж бодогддог юм. Анхны киногоо найруулахаар зориг шулуудаж, ажлаа эхэлмэгцээ би түүнийг кинондоо тоглооч гэж урьсан юм. Жессика ч татгалзалгүй, зохиолтойгоо танилцаж, кинонд минь тоглохоор шийдсэн. Харамсалтай нь зураг авах ажил эхлэхээс өмнө хорт хавдрын улмаас нас барсан. Тэр хамтран ажиллахаас шийдвэр гаргаснаас хэдхэн долоо хоногийн дараа над руу залгаж “Миний бие бүр дордчихлоо” гэж сануулж билээ. Гэхдээ л тэр ажлаа зүгээр орхичихож чадаагүй. Удалгүй дахин залгаж, би чамд туслах хүн олж өгье гэсэн. Яг тэр үед би Жессикагийн тоглох ёстой дүрд тохирох хүнээ олж чадаагүй арга мухардаад байсан юм. Холливудын хэд хэдэн жүжигчин рүү залгасан боловч нэг нь ч хариу өгөхгүй байлаа. Тэр миний аврагч байсан.
-Та ч бас хорт хавдартай байсан. Гэхдээ та энэ өвчнийг ялан дйилж чадсан байх аа?
-Тийм ээ.
-Сонирхолтой нь та энэ талаар огт дурсдаггүй. Ажилд тань сөргөөр нөлөөлнө гэж боддог болохоор энэ явдлыг нууцлахаар шийдсэн үү?
-Тийм ээ. Өндгөвчний хорт хавдартай болсноо мэдсэний дараахан надад “Бяцхан хар ном” кинонд тоглох санал ирсэн. Харин би энэ кинонд их ач холбогдол өгч байлаа. Хөлс нь ч багагүй байсан тул их эргэлзсэн. Мэдээж эрүүл мэнддээ анхаарах чухал л даа. Гэхдээ би хорт хавдар туссан гэдгээ зарлахыг хүсээгүй.
-Тэр үед та хэдэн настай байсан юм бэ?
-Найман жилийн өмнө болсон явдал. Тэр үед би 55 хүрэх гэж байлаа.
-Энэ таагүй мэдээг сонсох үед юу бодогдож байв?
-Шинжилгээнийхээ хариуг сонсохоор эмэгтэйчүүдийн эмтэй уулзтал тэр эхлээд энэ өвчний талаар надад тайлбарласан л даа. Тэр үед толгой эргэж, би чихэндээ ч итгэхгүй байлаа. Дараа нь тэр надад сонограм зураг харуулж, хавдрын хэмжээ жижиг биш гэж анхааруулсан. Тэгэхэд бүх бие чичирч, гал хөл салганаж байж билээ.
-Хэн ч ийм мэдээ сонсоод айж эмээхгүй байж чадахгүй шүү дээ.
-Тэр өдөржин би салганан чичирсэн. Эмч намайг нарийвчилсан шинжилгээ өгөхөөр явуулсан юм л даа. Тэр үед ямар аймшигтай байсан гээч.
-Энэ бүхний дараа улаан хивсний ёслол гэх мэт хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох урилга ирвэл очих уу?
-Очно оо. Намайг өвчнөөсөө арай гэж ангижраад байх үед Мелиса Эдериж олон нийтийн өмнө гарч байсан. Та тэр явдлыг санаж байгаа эсэхийг би мэдэхгүй байна.
-Санаж байна аа.
-Тэр халзан толгойтой олон нийтийн өмнө гарч байсан шүү дээ. Мелисаг хараад би түүний оронд байсан ч болоосой гэж бодсон.
-Энэ явдал таны амьдралд ямар нэг байдлаар нөлөөлсөн үү?
-Хэдийгээр би эдгэсэн ч сонсгол маань жаахан муудсан. Хорт хавдрын химийн эмчилгээ үс болон сонсголд нөлөөлдөг юм билээ. Гэхдээ л би рокнрол сонссоор л байгаа.
-Та миний яриаг сайн сонсож байна уу?
-Тийм ээ. Би сонсголын төхөөрөмжөө зүүгээгүй байгаа ч яриаг тань сайн сонсож байна. Гэхдээ студид биш, шүүхийн танхимд оччихвол нэг ч үг сонсохгүй болох байх .
-Одоо өвчин тань бүрэн эдгэсэн үү?
-Тийм ээ.
-Хавдар таны гадаад байдалд нөлөөлсөн үү?
-Улиг болсон яриа мэт сонсогдож магадгүй. Би сэтгэл санаагаар их унасан. Гэхдээ хавдар туссан хүмүүст түгээмэл тохиолддог бэрхшээл бол сэтгэлээр унах өвчин. Химийн бодис нөлөөлдөг эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ хавдар эдгэсэн ч сэтгэлээр унах нь хэвээр байдаг.
Гэхдээ одоо бүх зүйл хэвийн болсон. Би аврагдсан, амьд үлдэж чадсан. Амьдрал өдөр өнгөрөх тусам сонирхолтой болсоор л байна. Ганц л хүнд бэрхшээлтэй нүүр тулахад амьдрал дэндүү энгийн болчихдог юм билээ.
Өвдөхөөсөө өмнө би өөрийгөө залуу хүн гэж огт боддоггүй байлаа. Амьдрал маань хэдхэн сарын дараа дуусна гэж бодон, үхэлтэй нүүр тулчихаад арайхийн түүний савраас мултарсны дараа энэ бодол эрс өөрчлөгдсөн. Одоо бол би өөрийгөө залуу хүн, хийж бүтээх цаг хугацаа, амжуулах ажил ч их байна гэж бодох болсон.
-Та 2002 онд “Шмитийн тухай” кинонд тоглож, тэр дүрээрээ “Оскар”-ын шагналд нэр дэвшсэн. Энэ кинонд та нүцгэлж, халуун усанд орж буй хэсэг гардаг. Энэ хэсгийн зургийг хэдэн удаа авсан бэ?
-Хоёр удаа.
-Таныг зохиолоо уншиж байх үед эгч тань зоригжуулсан гэдэг. Энэ үнэн үү?
-Тийм ээ.
-Гэхдээ зохиолын тэр хэсгийг унших үед танд юу бодогдсон бэ?
-Би энэ кинонд тоглосондоо баяртай байдаг. Зохиол нь гайхалтай сайн байсан шүү. Хувцсаа тайлан, ваннд ордог хэсгийг уншмагцаа зохиолч болон найруулагч Александр Пэйн нар үүгээрээ чухам юу өгүүлэхийг хичээж байгаа юм бол гэж бодсон. Тэд үүгээрээ нас тогтсон эмэгтэйн биеийн тухай өгүүлэх гэсэн байх гэж боддог юм. Би энэ талаар найруулагчтай цахилгаар шуудангаар дамжуулан ярилцсан л даа. Тэр намайг бүрэн нүцгэлэхгүй гэдгийг сануулсан. Түүний биеийг хэн нэгэн шоолж, гоочлохоор хэсэг битгий болчихоосой гэсэндээ би зураг авч дууссаны дараа шалгана гэдгээ ч анхааруулсан. Усан онгоцонд ордог хэсгийн зургийг авч дууссаны дараа би өөрөө үзсэн. Тэгээд л кинондоо оруулсан.
-“Зовлон” гэх кино таны амьдралд хэр нөлөөлсөн бэ. Тухайн үедээ үзэгчдийн байлдан дагуулж байсан шүү дээ.
-Уран бүтээлүүдээс минь хамгийн их нөлөөлсөн кино нь. Энд тэнд явж байх үед намайг “Зовлон” киноны дүрээр л сайн таньдаг. Канадад аялж явтал жолооч залуу маань байн байн эргэж хараад л байлаа. Тэгснээ хөтөчид маань “Шөнө энэ хүний хажууд унтана гэхээс айхгүй байна уу” гэж билээ. Ийм явдал үргэлж л тохиолддог юм. Гэхдээ энэ кино надад олон арван боломж бас “Оскар”-ын шагнал авчирсан.
-Таны хувьд гайхалтай жил байсан болов уу.
-Тийм ээ. Жулия Робертс, Мерил Стрип гээд л сайн жүжигчидтэй өрсөлдсөн юм.
-Харин таны нэрийг дуудахад хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?
-Нэр дэвшигчдийг зарлах үед би нүдээ анин хүлээсэн. Тэгээд нөхрөөсөө “Чи намайг ялна гэж бодож байна уу” гэж асуутал “Үгүй ээ” гэж билээ. Хэрвээ шагнал авч чадахгүй бол сэтгэлээр битгий унаасай гэсэндээ тэгж хэлсэн хэрэг. Гэхдээ л би шантралгүй “Би ялах болно оо” гэж хэлж байсан юм.
Даньел Дей Льюсийг тайзнаа гарах үед дугтуйд миний нэр байгаа гэдгийг би гадарлаж байсан. Харамсалтай нь тэр өдөр нөхөртөө талархаж байгаагаа хэлэхээ мартчихаж билээ.
No comments:
Post a Comment