Tuesday, November 1, 2011
Уолтер Исааксон: Стив эцсийн мөч хүртлээ хавдрыг ялчихлаа гэж бодсон
Компьютерийг хүн төрөлхтний амьдралд хамгийн их нөлөөлсөн суут бүтээлүүдийн нэг хэмээдэг. Тиймдээ ч техник технологи тэр дундаа компьютерийн ертөнцөд тэрсэлт хийсэн Стив Жобсыг дэлхийг өөрчилсөн “алимны” эзэн хэмээн нэрийдэх болсон. Түүнийг энэ сарын 5-нд нас барснаас хойш ““Apple” компанийг үндэслэгч чухамдаа хэн байв?” гэсэн асуултын хариу олон хүний сонирхлыг татах болсон. Түүний намтрыг хүүрнэсэн “Стив Жобс” ном худалдаанд гарсан даруйдаа л борлуулалтаараа тэргүүлэгчдийн жагсаалтыг тэргүүлэх болсон нь үүний баталгаа. Олон мянган хүний сонирхлыг татсан асуултад хариулахаар “Стив Жобс” номын зохиолч Уолтер Исааксон “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэгт зочилжээ.
(Бичлэг)
-Стив Жобс гэж чухамдаа хэн байв?
Уолтер Исааксон: Тэр бол эрсдлийг үл хайхрагч, боломжийг алдалгүй ашиглагч, гайхалтай удирдагч, жинхэнэ ухуулагч байсан.
Стив Жобс: Бидний амьдрал богинохон. Энэ богинохон хугацааг бусдын амьдралыг сүйтгэхэд бүү зориулаарай.
-Өнөөдөр би Жобсын тухай, түүний түүхийг үнэнээр өгүүлэх нэгэн хүнтэй ярилцах гэж байна. Магадгүй бидний яриа домог мэт яригдах болсон Жобсын тухай бодлыг тань өөрчлөх байх. Манай нэвтрүүлгийн зочин Уолтер Исааксон. Тэрбээр Аспен институтын гүйцэтгэх захирал, “Steve Jobs” номын зохиогч юм.
-Нэвтрүүлэгт тань уригдсандаа их баяртай байна.
-Таны ном худалдаанд гарсан даруйдаа л борлуулалтаараа тэргүүлэгчдийг манлайлж, шүүмжлэгчдийн дунд ширүүн маргаан дэгдээгээд амжсан. Америкийн түүхэн дэх хамгийн гайхалтай бизнесмэний намтар учир ийм амжилт үзүүлнэ гэдэгт нь та итгэлтэй байсан уу?
Би бүтээлийг тань уншсан. Гайхалтай санагдсан шүү. Ялангуяа түүнийг адармаатай ааш, эгдүү хүрэм байдал, зөрүүд, харгис хэрцгий зантай гэж тодорхойлсон чинь их таалагдсан. Хэдийгээр би түүний тухай сайн мэдэхгүй ч яг л тийм хүн байдаг болов уу гэж төсөөлж байлаа. Гэхдээ дээр нь гайхамшигтай авьяаслаг, овсгоотой гэж нэмэхийг хүсэж байна.
-Бас суут ухаантан.
-Таны бодлоор суут хүн бүр ийм дутагдалтай байдаг уу?
-Та намайг хэвлэл мэдээллийн салбарт цөөнгүй жил ажилласныг мэднэ. Би Тед Тюрнерийн компанид ажилладаг байлаа. Тэр үед хүн бүр л түүний ямар яхир зантай болохыг гайхаж, өөр өөрсдийнхөөр тодорхойлдог байв. Гэхдээ л түүнийг салбартаа ямар их зүйл бүтээснийг хэн ч үгүйсгэдэггүй. Яг л түүн шиг Стивтэй хамт ажиллаж байсан тэр ч байтугай түүнийг хамгийн их хүндэлж, хайрладаг хүн бүрийн дурсамж яриа “Стив тэгэхэд толгой хяргачих шахаж билээ” гэх өгүүлбэрээр төгсдөг.
Магадгүй эл номыг бичихэд хамгийн их намайг зовоосон зүйл бол энэ сэдэв. Би уншигчдад хилэн бээлийгээр хүмүүсийн толгой илж буй хүн хэзээ ч дэлхийг өөрчилж, анагааж чадахгүй гэдгийг ойлгуулахийг хичээсэн. Этгээд энэ араншингаараа л тэр хүмүүст урам хайрладаг байсан юм.
-Тэр тантай нэлээн олон жилийн өмнө уулзсан гэсэн байх аа?
-Тийм ээ.
-Та Эйнштейн, Франклин зэрэг суутнуудын намтрыг бичиж байсан. Тиймээс Стивийн хүсэлтэд татгалзсан гэсэн. Мэдээж үе тэнгийн залуухан эр намтраа бичүүлэхээр таныг зорин ирсэн нь таныг гайхашруулсан байх.
-Тийм шүү, таны зөв. Түүнийг өөрийн намтраа бичүүлэх хүсэлтэй байгаагаа хэлэхэд нь би тэр даруй л “Та чинь миний үеийн л хүн байна шүү дээ. Хорь эсвэл гучин жилийн дараа хоёул энэ асуудлаар дахин ярилцсан нь дээр болов уу” гэж хэлж билээ. Тэгээд ч тухайн үед тэр одоогийнх шиг амжилтад хүрээгүй, алдаж онож байсан цаг. Тиймээс би 2009 онд эхнэр нь надад хандах хүртэл энэ ажлаас татгалзсан. Эцэст нь эхнэр нь түүний хорт хавдар тусаж, үхлийн аюултай болсныг дуулгасан. Тэгээд л би түүнтэй элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсны дараахан дахин уулзсан даа. Мэдээж энэ удаагийн уулзалтын үеэр би түүнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дуулгасан.
-Та номондоо Жобсыг хавдартай тэмцэх олон эмчилгээг туршсан гэж бичсэн байсан. Хэдий ухаантай ч тэр бидний адил жирийн л хүн. Тиймээс өөрийгөө аврах гэж тэмцэхдээ тийм шийдвэр гаргасан хэрэг үү?
-Түүнийг өөрийгөө аврахын тулд элдэв эмчилгээ туршсан гэж бодохгүй байна. Мэдээж тэр бидний адил жирийн л хүн. Гэхдээ түүнд хоёр чанар бий. Тэр хэзээ ч гаж зүйслийг хүлээн зөвшөөрдөггүй. Бас үргэлж шинийг сэдэж, санаачилдаг.
Тэр анагаах ухааны сүүлийн үеийн бүхий л ололт амжилтуудыг туршиж, түүнийгээ судлан өөрийнхөө өвчнийг эмчлэхийг хүссэн. Гэхдээ өвчнөөс, үхлээс айхдаа тэгж шийдээгүй гэдэгт нь би эргэлзэхгүй байна. Хүн төрсний эцэст үхэх нь үнэн. Тиймээс тэр үхлээс ер айгаагүй. Харин тун өөдрөг үзэлтэй хүн байсан тул эцсийн мөч хүртлээ хүн төрөлхтнийг зовоож байгаа хорт хавдар гэх аймшигт өвчнийг ялчихлаа гэж бодож байсан болов уу.
-Та түүний хамгийн дурсамжтай мөчүүдийг хуваалцаж чадсан байх. 40 гаруй удаа ярилцлага авсан байсан. Таны номыг уншиж дуусахад хамгийн түрүүнд “Стив Жобс түүнд таалагдсан болов уу” гэх бодол.
-Таалагдсан.
-Тэр тийм хайр татмаар хүн гэж үү?
-Тэр итгэл даахуйц бас бусдын хайр хүндэтгэлийг хүлээж чаддаг хүн. Анх түүнтэй уулзахад эмээх сэтгэгдэл төрдөг. Учир нь тэр зоогийн газар, зочид буудал гээд олон нийтийн газар явж байсан ч хамаагүй харилцагчийнхаа тэнэг үйлдэл, яриаг тэр дор нь л шүүмжилж орхидог. Тэгэхдээ бүр “Би тантай санал нийлэхгүй байна” гэхийн оронд “Миний сонсож байсан хамгийн тэнэг, бүтэлгүй санаа байна” хэмээн чангаар хэлэх вий.
-Шүүмжлэл хоёр янз байдаг шүү дээ. Тэгэхээр тэр эелдэг биш, бүдүүлгээр шүүмжилдэг нэгэн байсан байх нь. Тэгээд яаж бусдын хайр хүндэтгэлийг хүлээдэг байсан юм бол?
-Таны таашаахгүй ааш араншин түүнд цөөнгүй бий л дээ. Гэхдээ түүнтэй удаан ярилцвал тойруулж, бөөрөнхийлөхгүй оновчтой байдлыг илүүд үздэг гэдгийг нь ойлгох болно.
Миний бодллоор хүмүүсийг эелдгээр шүүмжилснээр олон найз нөхөдтэй болохоос өөр ашиг тус өгөхгүй. Ийм удирдагч хэзээ ч авьяастнуудыг олж нээхгүй.
Гэхдээ тэр хатуу ширүүн үгтэй ч болхи бүдүүлэг хүн биш. Урлагийн гайхалтай мэдрэмжтэй. Пикассо, Боб Диланы бишрэгч. Түүнд төгс байх хүчийг урлагийн мэдрэмж нь өгдөг. Бизнесийн хатуу чанд байдлаа урлагийн романтик мэдрэмжээр зөөллөж, өөрийгөө тэнцвэржүүлдэг байсан юм.
-Номын тань нүүрний зургийг тэр өөрөө сонгосон уу?
-Би шийдвэр гаргасан. Тэр нэг удаа “Би номын чинь ажилд ер оролцохгүй. Унших ч үгүй” гэж хэлсэн юм. Хэвлэлийн компанийн ажилтан каталогоос энэ зургийг сонгосон юм.
-Надад их таалагдсан шүү. Яг л Стивийн бүтээлүүдийн нэг шиг санагдсан.
-“Apple”-ийн бүтээгдэхүүн шиг.
-Энгийн, цэвэрхэн атлаа гайхалтай сайхан. Таны номноос Стивийг өргөмөл бас төрсөн эцэг эхээ хайдаг байсан гэдгийг олж уншсан. Энэ талаар яриач.
-Тэр намайг хөршүүдтэйгээ танилцуулахаар бага насаа өнгөрүүлсэн байшиндаа аваачиж билээ. Тэр үед энэ талаар дурссан. Түүний зургаа, долоо орчим настай байхад хөршүүдийнх нь нэг болох Лиза Макмуюллер өргөмөл гэдгийг нь хэлсэн гэдэг. Тэр үгийг сонсмогцоо л тэр байшин руугаа буцаад гүйсэн гэсэн. Гэртээ ирээд аав, ээж хоёрыгоо хараад өөрийн эрхгүй уйлсан байна. Тэднээс “Намайг өргөж авсан юм уу?” хэмээн асуухад нь Пол Клара нар “Үгүй дээ. Бид чамайг олон арван хүүхдүүдээс сонгож авсан юм. Чи бол онцгой хүүхэд” гэж хариулж л дээ.
Тэр бага байхдаа өргөмөл гэдэгтээ сэтгэл шаналдаг байсан. Өргөмөл гэдэг чинь эцэг эх нь түүнийг голсон гэсэн үг гэж боддог байж л дээ. Тиймээс ч сэтгэлд нь нэг орон зай хоосрох шиг санагдаж, би энд байх ёстой хүн мөн үү гэх бодол толгойг нь ээрдэг байж. Тэр бүр коллежийнхоо найзуудад, “Apple”-ийг байгуулаад удаагүй байхдаа хамт олондоо “Надад нэг зүйл үгүйлэгдээд байх шиг санагддаг юм” гэж ярьдаг байсан юм билээ. Эцэст нь тэр төрсөн ээжийгээ хайхаар шийдсэн.
-Тэгээд ээжийгээ олсон гэж бичсэн байсан.
-Нэлээн удаан хайсан боловч эрэл нь төдийлэн амжилт олоогүй тул тэр мөрдөгч хөлсөлсөн. Энэ үеэр төрсний гэрчилгээн дээр нь бичсэн эх баригч эмчийн нэр санаанд орж түүн рүү залгасан байгаа юм. Харин эмч түүнд “Миний баримтууд бүгд устсан. Тиймээс ээж тань чухам хэн болохыг би танд хэлж чадахгүй нь дээ” гэж хариулсан гэдэг. Гэхдээ тэр нь худал байж. Тэр оройдоо л “Намайг нас барсны дараа Стив Жобст хүргээрэй” гэсэн хаягтай захидал бичсэн байна. Удалгүй эмч нас барж, захидал Стивд ирсэн байна. Захидлын дагуу Стив ээжтэйгээ уулзаж, охин дүүтэй болсноо ч мэдсэн.
-Харин аав нь хэрхэн хүлээж авсан бол?
-Аавыгаа хайхаар эхлээд дүүтэйгээ уулзсан гэдэг. Дүү нь яг л Стив шиг уран бүтээлч байсан нь түүнийг багагүй баярлуулсан. Гэхдээ дүү нь аавтайгаа уулзахыг тийм ч их хүсэхгүй байсан гэсэн. Гэхдээ Сирид төрж, Уисконсиний их сургуулийг дүүргэж, Калифорни руу нүүсэн гэдгийг нь ч хэлжээ. Тэднийг хайсаар очиход аав нь Сакраментод кофены газар ажиллуулж байж. Монаг аавтайгаа уулзуулахаар явуулахдаа Стив өөрийнхөө тухай битгий хэлээрэй гэж захисан байна. Тэр өөрийг нь бас ээжийг нь орхиод явсан хүнтэй уулзахыг хүсээгүй.
-Гэхдээ тэр өөрөө ч найз охиноо хөл хүнд болсных нь дараа орхиод явсан биз дээ.
-Тэр үед тэр 23 настай байсан юм. Аав ч бас 23 настай байхдаа тэднийг орхисон байдаг.
-Аавынхаа хийсэн үйлдлийг давтсан байх нь.
-Тийм ээ. Би энэ тухай түүнээс асуухад “Тэр үед сонин юм. Ингэж давхцах гэж байдаг аа гэж бодогож билээ” гэж хариулсан. Гэхдээ ааваасаа ялгаатай нь тэр охиныхоо өмнө хариуцлага хүлээж чадсан.
-10 жилийн дараа биз дээ?
-Эцэг тогтоох шинжилгээний хариу гарсны дараа. Хэдийгээр Стив түүнтэй тийм ч ойр дотно байж чадаагүй ч тэр 10 жилийн хугацаанд охин нь их сайн төлөвшсөн байсан. Ахлах сургуульд байхдаа тэр аавтайгаа хамт амьдарч байсан.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment