Friday, November 11, 2011

Хайди Клум: Загвар өмсөгч бол мэргэжил гэдгийг ч мэддэггүй байв


“Бүх сайхан зүйлс эхэлсэнтэйгээ адил дуусах ёстой байдаг. Би Викторияг үргэлж хайрлан хүндэтгэж, нууцыг нь чандлан сахих болно. Энд өнгөрүүлсэн цаг хугацаа минь гайхалтай сайхан байсан юм шүү” хэмээн 2010 оны аравдугаар сард “Victoria’s secret”-тэй хийсэн гэрээгээ дуусгахдаа Хайди Клум хэлж байжээ. “Victoria’s secret”-д 13 жил зүтгэсэн тэрбээр өдгөө загвар өмсөгч төдийгүй жүжигчин, хөтлөгч, продюсер, загвар зохион бүтээгч, бизнес эрхлэгч, дуучны ажлыг хослуулж буй. Тиймдээ ч “Форбес” сэтгүүлээс явуулсан судалгаагаар 2010, 2011 онд хамгийн их ашиг орлоготой загвар өмсөгчөөр шалгарч байж. Супермоделоос супер бизнес эрхлэгч болсон түүнийг Пирс Морган нэвтрүүлэгтээ урьжээ. 

-Би танаас хувцасны талаар зөвлөгөө авах гэсэн юм. 
-Тэг л дээ.
-Ярилцлагынхаа үеэр би ямар зангиа зүүвэл зохистой вэ? 
-Та огт зүүхгүй байж болохгүй юм уу? Би үнэндээ зангианд тийм ч дуртай биш л дээ.
-Тийм гэж үү? 
-Тийм ээ. Тэгээд ч та зангиагүй сайхан харагдаж байна. Дээрээс нь нэг товч задгайлчихвал бүр ч зүгээр.
-Та яг ямар Хайди байхыг хүсдэг вэ? 
-Нөхөр маань үргэлж энэ асуултыг тавьдаг. Би аз жаргалтай сайн эхнэр, ээж байхыг л хүсдэг.
-Та бүхнийг өөрийнхөөрөө шийддэг үү? 
-Та дөнгөж сая хэрхэн шийдвэр гаргадгийг минь харлаа шүү дээ. Би удирдагч байх дуртай. Нөхөр маань ч үүнийг байнга хэлдэг.
-Сийл их биерхүү залуу шүү дээ. Тэр ч бас таны шийдвэрийг л дагадаг уу? 
-Хэдийгээр тэр биерхүү ч их зөөлөн, дөлгөөн хүн. Тийм хүнд гэр бүлийн элдэв асуудлыг асуулгүйгээр шийдвэрлэдэг удирдагч эхнэр хэрэгтэй байдаг.
-Сийлтэй учирснаа аз гэж боддог уу? 
-Тэгэлгүй яах вэ.
-Хайди бусдад хайж байсан хүнтэйгээ учраад л хэдэн 100 хүүхэдтэй болж, аз жаргалтай амьдарч байгаа гэж санагддаг.
-Бид дөрвөн хүүхэдтэй л дээ. Гэр тойрон гүйлдэж эхлэхэд нь 100 хүүхэдтэй болчихсон юм шиг санагдах үе ч байдаг шүү. Таны хэлсэнчлэн би яг л хайж, хүсэж мөрөөдөж байсан хүнтэйгээ учирсан. Бид Нью-Йорк хотын нэгэн зочид буудлын үүдний танхимд танилцсан. Би түүндээ анхны харцаар л дурлачихсан. Яг л хоёр соронзон шиг бие биедээ татагдаж билээ.
-Та хоёр зочид буудалд ямар зорилгоор очсон юм бэ? 
-Би найзтайгаа уулзахаар очсон байсан. Тэгээд л үүдний танхимд хууч хөөрөн сууж байсан хэрэг. Харин тэр найзыг минь Сийл сайн таньдагаар барахгүй тун дотно нөхөрлөдөг байсан юм билээ. Биднийг ярилцан сууж байтал нөхөр маань биеийн тамирын танхимаас гарч ирсэн. Жижиг богино өмдтэй байдгаараа хөлөрчихсөн залуу бидэнтэй уулзсан.
-Та түүнийг мэддэг байсан байх нь ээ? 
-Бид түүнээс өмнө уулзаж байгаагүй л дээ. Гэхдээ дууг нь сонсдог мэддэг байсан.
-Харин тэр таныг мэддэг байсан уу? 
-Үгүй ээ.
-Тэгээд дараа нь юу болсон бэ? 
-Би түүнийг бидэнтэй хамт сууж пицца идэхийг хүссэн боловч нөхөр маань шүршүүрт орох хэрэгтэй байна гээд татгалзаж билээ. Гэсэн ч би түүний зүгээр явуулалгүй “Тэгвэл шүршүүрт орчихоод эргээд ир” гэж хэлсэн юм. Тэр ёсоор Сийл буцаад ирсэн.
-Та үнэхээр захирагч юм аа. 
-Тэгээд л бид пицца идэнгээ олон зүйлийн тухай ярилцсан. Эцэст нь утасны дугаараа солилцон…
-Тэр үнэхээр таныг супермодел гэж мэдэхгүй байсан хэрэг үү? 
-Тэр миний юу хийдгийг гадарлахгүй байсан. Түүнээс хойш цөөнгүй удаа уулзаж, хамт оройн хоол идэн, загварын шоу үздэг байв. Нэгэн удаа загварын шоуны дараах хүлээн авалтын үеэр ширээн доогуур бидний гар санамсаргүй мөргөлдчихсөн. Гэхдээ бид юу ч болоогүй юм шиг царайлж, удалгүй ширээн доогуур гар гараа барилцан суусан.
-Та хоёрын хэн нь хэнийхээ анхаарлыг татсан юм бэ? 
-Хоёулаа л бие биедээ татагдсан.
-“Миний хайж явсан залуу энэ мөн” гэж бодогдож байв уу? 
-Дуу алдмаар, яг эрж байсан зүйлээ олчихсон мэт санагдаж байсан.
-Харин түүнээс өмнө олон “мэлхийг” мөрөөдлийн ханхүү байна гэж бодон үнссэн үү? 
-Тийм шүү.
-Супермоделууд ихэвчлэн надад тохирох хүн үгүй гэсэн бодолтой, энэ талаар айдастай явдаг шүү дээ. Та ч бас тэдний нэг байсан уу? 
-Хэдийгээр би захирангуй, бүхнийг өөрийн дураар шийддэг зантай ч супермоделуудын тэр айдсаас хол байсан шүү.
-Гараа атгалцаад л удалгүй гэрлэчихсэн байх нь. Тэр танд хэрхэн гэрлэх санал тавьсан бэ? 
-Би цөөнгүй хүний гэрлэх санал хэрхэн хүлээж авч байсныг нь сонссон. Магадгүй биднийх хамгийн гайхалтай нь байсан болов уу. Сийл уулын орой дээр цасан гэр барьж бэлдсэн байсан юм билээ. Дотор нь ор байрлуулж, ноосон хөнжил, дэр тавин, сарнай, лаагаар чимэглэсэн байлаа. Тэгээд нисдэг тэрэг хөлсөлсөн байсан. Гэтэл би нисэхээс айдаг юм л даа. Нисдэг тэргэнд бол бүр ч дургүй. Сийл үүнийг минь мэддэг атал нисдэг тэрэг хөлсөлсөн учир түүнд чухал шалтгаан байгаа гэдгийг нь би таамагласан. Тэгээд л бид нисдэг тэрэг рүү үсрэн орсон. Хөөрч эхэлмэгц би уйлж билээ. Нисэхээс айж байсан учраас тэр. Уулын орой дээр биднийг буусны дараа тэр минь гитар даран дуу дуулж, өвдөг дээрээ сөхрөн “Надтай гэрлэхийг хүсэж байна уу” гэж асуусан.
-Гайхалтай сайхан түүх байна. 
-Тийм шүү. Тэгээд бид цасан гэрт орсон.
-Тэгээд… 
-Түүнээс есөн сарын дараа Хенри төрсөн.
-Тэгвэл түүнд цасан гэр гэдэг нэр өгөх байж шүү дээ. 
-Сийл Хенри Олюсган Олюмайд Адеола Самуэл бол нөхрийн маань нэр. Надад Хенри гэдэг нэр нь их таалагддаг байсан. Ойр дотнынхон нь ч түүнийг Хенри гэж дууддаг. Тиймээс би хүү төрвөн Хенри гэдэг нэр өгнө гээд шийдчихсэн байсан.
-Бизнес эрхлэгч хоёр хүн нэг гэрт зохицож амьдарна  гэдэг амаргүй шүү дээ. 
-Бид бие биедээ хайртай. Хамтдаа хөгжилтэй байж чаддаг. Бас бие биенээ хүндэлдэг. Заримдаа надад хэцүү байсан ч тэвчиж, нөхрийгөө өөрийн ажлыг хийхийг зөвшөөрдөг. Бид хамтдаа цаг хугацааг элээх тусам олон арван зүйлд суралцдаг.
-Энэ их ажлын хажуугаар та яаж дөрвөн жаахан хүүхэд өсгөдөг юм бэ? 
-Үнэндээ бид нэг л бага насны хүүхэд асарч, өсгөж байсан гэсэн үг шүү дээ. Блингийг том болж, биеэ даах үед Хенри төрсөн. Тэгсэн ч хоолны ширээ маань эзгүйрээд байх шиг санагддаг байлаа. Тэгээд л Жоан төрсөн. Удалгүй бид хөөрхөн охинтой болохыг хүссэн юм. Тиймээс гурван жилийн дараа Лоуг төрүүлсэн.
-Дахиад хүүхэдтэй болох төлөвлөгөө бий юү? 
-Байхгүй ээ. Одоо бол болсон.
-Эелдэг бяцхан охин хэрхэн супермодел болсон юм бол? 
-Та яагаад намайг эелдэг охин байсан гэж бодсон юм бэ?
-“Project Runway” нэвтрүүлгийг чинь үзэж байгаад л тэгж бодох болсон. Та энэ нэвтрүүлгээ ийм их амжилт олно гэж төсөөлж байв уу? 
-Үгүй шүү. Шинэ ажил эхлүүлж байхдаа төсгөлийг нь төлөвлөх хэрэггүй байдаг юм. Бид 15 жил загварын ертөнцөд хамт ажилласан бөгөөд “Project Runway” нэвтрүүлгийг бид шоуны хөшигний цаана үнэндээ ямар олон хүний хөлс урсдагийг харуулах гэж зорьсон. Би энэ салбарт 18 настай байхдаа хөл тавьсан. Загвар зохион бүтээгчдийн өдөр бүр шинэ зүйл хийж байгаа нь миний сэтгэлийг эрхгүй татсан юм.
-Нэвтрүүлэг тань их амжилт олсон шүү. Хүмүүс үзэх дуртай байдаг. 
-Учир нь жинхэнэ авьяасыг манай нэвтрүүлгийг оролцогчдоос харах боломжтой байдаг.
-Жаахан байхаасаа л загвар өмсөгч болохыг мөрөөддөг байв уу? 
-Үгүй шүү. Үнэнийг хэлэхэд загвар өмсөгч бол мэргэжил гэдгийг ч мэддэггүй байлаа. Загвар зохион бүтээгч болохыг хүсдэг байсан. Тиймээс ч сургууль төгсөөд загварын сургуульд элсэн орсон. Тэнд байхдаа нэг тэмцээнд оролцсон юм. Найз охиныхоо хамт зургаа тус тэмцээнд илгээж билээ. Угтаа энэ тэмцээний зорилго нь өөрийн загвар өмсөгчийг хайж байсан юм билээ. Азаар би тэр тэмцээнд түрүүлчихсэн. Яг л сугалаанд хождог шиг. Тэгж л загвар зохион бүтээгчээс загвар өмсөгч рүү урвасан даа.
-Карл Лагерфелд “Хайди бол загвар өмсөгч биш. Тэр дэндүү том биетэй, цээж томтой” гэж хэлдэг байсан гэсэн. 
-Тэр ч үнэн шүү. Би үнэндээ тайзны загвар өмсөгч биш. Хэзээ ч тийм байгаагүй. Томоохон загварын шоунуудад би оролцдоггүй байсан. Хэтэрхий том биетэй, цээж томтой байсан. Надад таарах хувцас ч олддоггүй байв. Бас намхан, хангалттай туранхай биш.
-Намхан, махлаг гэнэ ээ? 
-Тийм ээ. Загварын ертөнцөд бол намхан, таргандаа л орно. Би бас хоолны дэглэм барьж чаддаггүй, хоолонд тун дуртай нэгэн. Тэр хамгийн том бэрхшээл байсан.
-Үнэндээ 0 хэмжээтэй хувцас өмсдөг бүсгүйчүүдийг эрчүүд таашаадаггүй. Гэсэн ч 1990-ээд оны үеэд бол яс арьс болсон бүсгүйчүүд их түгээмэл байсан. 
-Тийм ээ. Сэтгүүлийн нүүрэнд гарах боломж тийм хүүхнүүдэд л олддог байсан.

No comments:

Post a Comment