Sunday, November 20, 2011

Хермейн Кейн: Цагаан ордонд ажиллаж байгаа хүмүүс сэтгэлд минь нийцэхгүй байна


АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хермейн Кейнийг татварын шинэчлэлийн цоо шинэ санаа дэвшүүлэгч гэдгээс нь өөрөөр төдийлэн мэдэхгүй. Тиймээс ч түүний тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл үзэгчдэдээ хүргэхээр Пирс Морган студидээ урин, ярилцжээ. 

-Хермейн Кейн гэж чухамдаа хэн бэ. Чадварлаг уран илтгэгчийн цаана ямар хүн нуугдаж байна вэ гэсэн асуултын хариу хүмүүсийн сонирхлыг багагүй татах болсон. Та тун сайн илтгэгч.
-“Бурхан чамд ярих чадвар харамгүй хайрлажээ” эмээ минь үргэлж л хэлдэг байлаа.
-Гэхдээ Хермейн Кейн ярьж байгаатайгаа адилхан хүн мөн үү. Кейний мөн чанарыг хүмүүс хэрхэн ойлгоосой гэж хүсэж байна вэ?
-Миний мөн чанарыг нэг үгээр тодорхойлох хэрэг гарвал би итгэл гэж хэлэх байх. Би гэр бүлийнхэндээ, Ерөнхийлөгч нь болохоор нэр дэвшиж байгаа эх орныхоо ирээдүйд итгэдэг нэгэн. Итгэл найдвар гэдэг миний болон амьдралын минь хамгийн чухал зүйл. Би арван настайгаасаа сүмд очдог болсон. Гэхдээ аав ээж минь хүчээр дагуулж явсан юм биш. Тэд харин намайг бурханд итгэдэг болгон төлөвшүүлсэн юм.
Зүгээр л мөрөөдөж, их том зорилго тавьсан болохоороо би эх орныхоо ирээдүйд итгэж байгаа юм биш. Харин тэр сайхан ирээдүйг бүтээхэд миний оролцоо тун чухал, энэ бол миний л хийх ёстой  ажил гэдгийг мэдэрч байна.
-Яг одоо таныг хийх ёстой ажил тань юу вэ? Хүмүүс Ерөнхийлөгчийн албыг хүсмээр ажил биш гэж боддог байхад та энэ албанд яагаад тэгж их дурлаад байгаа юм бэ? 
-Тийм шүү.
-Бүр дэлхий даяараа л тэгж боддог .
-Яг одоо миний хийх ёстой ажил бол өөрчлөлт хийх. Би ийм ажлыг насаараа хийсэн. Гэхдээ улс орныг өөрчлөх хэмжээний ажил хийнэ гэж зүүдэлж ч байсангүй. Зээ охин минь 1999 онд мэндэлсэн юм. Тэр үед л “Бяцхан үрсийг минь ямар ирээдүй угтаж байгаа бол? Зээг минь том болоход эх орон маань улам сайхан болж чадах болов уу” гэж бодогдсон. Хариулж чадахгүй тэр асуултаас болоод л миний улс төр дэх аялал эхэлсэн юм. Өнгөрсөн 12 жилийн хугацанд их олон зүйл болж өнгөрсөн байна. 2004 онд сенатчийн албанд томилогдсон. Сэтгэл хөдөлгөм үе байсан шүү. Харин 2006 онд…
-Сэтгэл хөдөлгөм гэнэ ээ?
-Тийм ээ.
-Гэхдээ энэ чинь зүгээр л ажил хүлээн авч байгаа явдал шүү дээ. Тэгэхээр тэр үед та жинхэнэ улс төрч болж чадаагүй байж. Тийм үү? 
-Тийм тохиолдолд бол…
-Сонгуульд ялсан учраас л баярласаг хэрэг үү?
-Тийм ээ.
-Уралдаанд хоёрдогч байхыг хэн ч хүсдэггүй. 
-Яг үнэн.
-Ямар ч тэмцээн ялагчтай байдаг. 
-Тиймээс л би нэр дэвшиж байгаа юм. Гэхдээ энэ нь бусад нэр дэвшигчдээ үл тоосон гэсэн үг биш. Би тэднийг бүгдийг нь хүндэтгэж байгаа.
-Хэнийг нь илүү их хүндэтгэдэг вэ?
-Захирагч Митт Ромни болон Спикер Гингрич нар.
-Таны хүндэтгэлийг хүлээсэн нэр дэвшигчдийн жагсаалтын сүүлийг хэн мушгив?
-Хоёулаа хамгийн их хүндэтгэл хүлээсэн хүмүүсийн талаар л ярилцъя л даа.
-Үгүй дээ. За Хермейн хэл л дээ. 
-Би Рон Полыг сайн Ерөнхийлөгч болно гэдэгт итгэхгүй байна.
-Яагаад?
-Учир нь түүний дэвшүүлж байгаа санаанууд ихэнхдээ аливаа асуудлын алдааг нь арилган засах биш, зүгээр л асуудалтай хэсгийг тэр чигт нь үгүй хийх аргачлалтай байсан. Эх оронд маань хийж бүтээх, тэр дундаа засаж залруулах зүйл их байна. Уйлж байгаа хүүхдийг уснаас нь гаргачихвал асуудал шийдэгдчихнэ гэдэгт би итгэхгүй байна. Бидэнд хойш тавих,  устгахгүйгээр нүүр тулан шийдэх олон бэрхшээл байна шүү дээ.
-Таны бага насны тухай ярилцъя л даа. “Би ядуу тарчиг гэр бүлд өсөөгүй. Бидний амьдрал бүр түүнээс ч дор байсан” гэж ярьсан байсан. 
-Хэдийгээр аав маань олдсон ажил болгоныг хийдэг байсан ч хангалттай мөнгө олж чаддаггүй байсан. Бидэнд долоо хоногт нэг л удаа хоолны  мөнгө өгч, харин бусад өдөр нь ээж зууш бэлдэж өгдөг байв. Гэхдээ өдрийн хоолонд бид махгүй хавчуургатай талх төдийхнөөр гол зогоодог байлаа. Дүү бид хоёрт өдрийн хоол авч идээрэй гээд өгөх 25 цент ч олдоггүй байсан юм. Долоо хоногт нэг удаа өгсөн мөнгөөр нь хотдог, алим, сүүтэй авч болдог юм.
-Хүн бүр л өөрийгөө ядуу тарчиг амьдралтай гэж ярьдаг. Гэхдээ таны амссан шиг зовлонг өнөөдөр Америкийн олон мянган өрх үзэж байна. 
-Тэр ч үнэн л дээ. Гэхдээ үүнд бүх хүнийг хамруулж болохгүй. Тэдний дунд гэртээ хөлөө жийн суухын оронд гадагшаа гараад л амьдралаа дээшлүүлж чадахаар хүн цөөнгүй бий. Тэвчээргүй тийм хүн олныг нэрлэж чадна шүү, би.
-Америк төдийгүй дэлхийн цөөнгүй орон ийм бэрхшээлтэй нүүр тулаад байх шиг байна. 
-Гэхдээ энэ бүхэн Уол Стритийг буруутгаад байж болохгүй. Обамагийн засаглалийн үед эмх замбараагүй байдал үүссэнээр л байдал ингэж дордчихоод байгаа юм.
-Тэгэхээр та Америкийн банкны системийг өө сэвгүй гэх гээд байна уу?
-Би тэгж хэлээгүй. Тэгж хэлэх ч үгүй. Би банкуудыг өмөөрч, хамгаалах гэсэн юм биш. Уол Стрит болон банкнууд бол бэрхшээлийн ердөө л нэг хэсэг нь. Тэдний арга барил нь цагаа олоогүй зүйл болсон гэж л хэлэх гэсэн юм.
-Яагаад? Энэ тал дээр би Рон Полтой санал нэгдэнэ. Зарим нэг увайгүй банкнаас болоод эд хөрөнгө барьцаалсан зээл нийгмийн дарамт болоод байна. Эдийн засгийн хямралын хохирогч болчихоод байгаа хүмүүст та “Ажилгүй, байргүй, мөнгөгүй болсон чинь таны буруу. Хэрэв таны буруу биш бол Обамагийн буруу” гэж хэлэх юм байна. 
-Үгүй дээ. Манай улсад ажилгүй 14 сая хүн байна. Тэд тэгээд юу хийдгийг та мэдэх үү? Тэд өдөр бүр ажил хайдаг юм. Гэтэл тэдэнд юу ч олдохгүй байна. Гэхдээ тэд хэзээ ч үүндээ Уол Стритийг буруутган, очиж гомдол мэдүүлж, тэдэнтэй тэмцэхгүй. Ажлаа хайсаар л байх болно. Тэдний төлөө би их харамсдаг. Цагаан ордонд ажиллаж байгаа хүмүүс сэтгэлд минь нийцэхгүй байгаагийн учир тэр.
-Аав, ээж хоёр тань их ажилсаг хүмүүс байсан гэсэн. Тэд танаар их бахархаж байгаа байх. Цагаан ордонд ажиллах гэсэн хүсэлд таныг юу хөтөлсөн бэ? 
-Юун түрүүнд миний итгэл. Бурханд итгэх итгэл. Бүр бага байхад маань л энэ үзлийг заасан. Харин тэр нь нас ахих тусам илүү хүчтэй болж байлаа. Хоёрдугаарт, өөртөө итгэх итгэл маань намайг ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн. Аав минь нэг дорж гурван жил хийдэг байлаа. Харин ээж гэртээ ажилладаг байсан юм. Тэд минь их ажилсаг. Хэрэв хүн хүссэн зүйлийнхээ төлөө шаргуу хөдөлмөрлөж, бас өөртөө итгэлтэй байвал бүтэхгүй зүйл байдаггүйг тэд минь надад өөрсдийн биеэр үзүүлсэн. Аав минь үсчин, хаалгач, жолоочоор ажилладаг байв. Хожим нь нэг л ажил хийх шаардлагатай болоход жолоочийн ажлыг сонгосон юм. Түүгээрээ ч бахархдаг байсан.
-Тэгээд “Coca Cola” компанийн тээвэрлэлтийн хэлтсийн дарга болсон. Энэ явдал танай гэр бүлийнхний амьдралын өөрчилсөн. 
-Аав минь мэргэжил эзэмшээгүй л дээ. Гэхдээ л тэр бусдын итгэлийг дааж, ажилдаа амжилт гаргасан. Гол нь аав минь өнгөрөхдөө ээжийг асрах хангалттай хөрөнгө үлдээсэн. Ээж минь альцгеймерийн өвчтэй байсан юм.  Аав минь үргэлж л тэтгэвэрт гарсан хойноо ээжтэй хамт хэрхэн амрахаа төлөвлөдөг байж билээ.
-Тэд таныгодоо хэрхэн дүгнэж байгаа бол?
-Ээж минь диваажинд байгаа байх. Аав минь ч бас тэндээс намайг хараад “Энэ чинь миний хүү шүү дээ” гээд дуу алдаж суугаа.

No comments:

Post a Comment