Sunday, November 20, 2011
Кондолиза Райс: М.Каддафи надад зориулан “Цагаан ордны хар сарнай” гэдэг дуу хийлгэсэн байсан
Ерөнхийлөгч Ж.Бушийн засаглалын үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кондолиза Райс Цагаан ордонд амьдрал хэрхэн өрнөж байсныг сонирхуулахаар “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэгт оролцжээ. Тэрбээр “Вашингтон дахь он жилүүдийн дурсамж” нэртэй номоо хэвлүүлээд буй.
-Нэвтрүүлэгт маань дахин оролцож байгаад тун баяртай байна. Биднийг уулзаж байснаас хойш их олон зүйл өөрчлөгджээ. Энэ хугацаанд Арабын хавар бослого дэгдэж, Бин Ладен, Каддафи нар алагдаж, Мубаракийг түлхэн унагасан байна.
-Тийм шүү.
-Америкчуудын хувьд ч байдал их өөрчлөгдсөн. Дахин эдийн засгийн хямралд өртлөө. Миний бодлоор манай түүхэн дэх хамгийн аймшигтай хямрал байх. Мөн пицца худалдагчийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх гэж байна.
-Үнэхээр тийм байна шүү. Биднийг уулзсанаас хойш хэдхэн сар өнгөрсөн атал их зүйл өрнөсөн байна.
-Хермейн Кейнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ. Тэр Бүгд найрамдах намын нэр хүндийг өсгөж, эсвэл бүр шаварт хутгаж ч мэднэ. Сонгуулийн үеэр юу болохыг урьдчилан хэлэх аргагүй шүү дээ. Гэхдээ та түүнийг хэр сайн хүн гэж бодож байна вэ?
-Би үнэндээ түүнийг сайн мэдэхгүй ч сунгаа дөнгөж эхэлж байна шүү дээ. Миний бодлоор тэр тун сонирхолтой хүн. Гэр бүлийнхнийх нь замнал, өөрийнх нь өнөөдрийн өндөрлөгт хүрсэн зам нь ч анхаарал татахгүй байхын аргагүй. Бизнесийн арвин туршлагатай, эрсдэлтэй замаар өгсөж, уруудаж явахын зовлон жаргалыг тэр сайн мэддэг. Гэхдээ энэ муу зүйл биш. Харин ч бүр эсрэгээрээ байж ч мэднэ. Энэ л шалтгаанаар Бүгд найрамдах намынхан түүнийг сонгосон.
-Цагаан ордонд байх хугацаандаа хэн ч таныг хар арьст эмэгтэй, хар арьст америк гэж ялгаварлахааргүй болтол ажиллаж чадсан гэдгээ та номоороо дамжуулан илэрхийлсэн юм шиг санагдсан. Гэхдээ Хермейн Кейнийг арьсных нь өнгөнөөс болоод дэмжиж байгаа хүн олон байх шиг.
-Хожлын мод өрсөлдөгчийн маань гарт байгаа үед би тоглоомыг үргэлжлүүлэх дургүй. Бас Ерөнхийлөгч Обамаг зөвхөн хар арьстан гэсэн шалтгаанаар хийсэн үйлдлийг нь шүүмжлэхэд дургүй. Би өөрийгөө хар арьст Бүгд найрамдах намын гишүүн гэдгээ мэднэ. “Хэний ч өмнө хар арьст байх ямар байдгийг тоочих шаардлагагүй” гэдэг үгийг би хэлэх дуртай. Би хэзээ ч цагаан арьстай болохгүй. Түүнээс минь болоод улс төрийн үзлийг минь хүлээн зөвшөөрөхгүй байвал дэндүү ядмаг сэтгэж байна гэсэн үг.
-Номын тань тухай ярилцъя л даа. Шинэ мянган эхлэх үеийн найман жилийн амьдралаа өгүүлсэн номоо бичиж дуусгамагц сэтгэл тань хэр их хөдөлсөн бэ?
-Их хүч хөдөлмөр зарцуулсан зүйлээ хийж дуусгасны дараа сэтгэл амардаг юм билээ. Гэхдээ…
-Их зузаан ном болсон байна билээ.
-Тийм ээ. Гэхдээ ном маань ердөө 740 хуудастай. Тэгэхээр нэг жилийн амьдрал 100 хүрэхгүй хуудсанд багтсан гэсэн үг. Цагаан ордон дахь амьдрал, Нэгдсэн улсын төлөө хүмүүс хэрхэн хөдөлмөрлөж, нэг шийдвэр гаргах гэж л ямар их хичээл зүтгэл гаргадгийг тайлбарлахад энэ тоо багадна.
Тэнд ажиллаж байгаа бүх хүн жирийн хүмүүсийн л адил амьдралтай, сэтгэл зүрхтэй хүмүүс. Тэдэнд эргэлзэх зүйл олон. Гэхдээ хамгийн чухал нь тэд нэр хүндийн төлөө биш, эх орныхоо тусын тулд цаг наргүй ажиллаж байсан явдал. Тиймээс би үүнийг нь “Нэр хүндгүй алба” гэдэг юм. Найман жилийн хугацаанд Цагаан ордонд ажиллаж байхдаа би үүнийг мах цусандаа шингэтэл сайн ойлгосон.
-Та Ерөнхийлөгч Бушийг биширч, Дик Чейниг үзэн ядаж, Дональд Рамсфелдийг үл тэсвэрлэж, Колин Пауэллийн төлөө харамсаж явдаг уу. Номыг тань уншиж байхдаа ийм дүгнэлт хийсэн.
-Эхнээс нь ярилцъя л даа. Би үнэхээр Ерөнхийлөгчийг биширдэг. Энэ тухайд бол эргэлзэх хэрэггүй. Түүнийг тун хүнд нөхцөл байдалд гайхалтай сайн ажилласан гэж бодож явдаг цөөнгүй хүний нэг нь би. Харин дэд ерөнхийлөгчийг би хүндэтгэдэг. Бид олон зүйл дээр санал зөрдөг байсан. Ялангуяа хоёдугаар дөрвөн жилд хэд хэдэн удаа ширүүхэн тулаад авсан. Түүний гадаад бодлогод хэрхэн хандаж байгаа нь надад огт таалагдаагүй. Учир нь гадаад бодлогын асуудал надад ч, манай улсад ч тэр хамаатай. Гэхдээ санал зөрлөө гээд би түүнийг үзэн ядаагүй. Хүмүүс хүлээн зөвшөөрөхгүй ч, миний түүнийг хүндэтгэх байдал үзэл бодлын зөрчилдөөнөөс болж үгүй болоогүй.
Доны хувьд бол бид их удаан хугацаанд нөхөрлөсөн. Тиймээс би түүний цочмог зантай гэдгийг хэнээс ч илүү мэднэ. Тэр ажлаа сайн гүйцэтгэсэн. Иргэд Иракийн дайны шийдвэрийг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс түүнийг буруутгадаг байх. Миний бодлоор Колин Пауэлл ч бас ажлаа тун сайн гүйцэтгэсэн. Бид хоёр сайн найз. Түүний эх оронч хүн гэдгийг би сайн мэднэ.
-Ливийн удирдагч М.Каддафи танд анхаарал хандуулдаг тухай та номондоо бичсэн байсан.
-Тийм ээ.
-Та түүнтэй уулзсан тухайгаа номондоо бичсэн байна. Би түүнийг үзэгчдэд уншиж өгье л дөө. “Оройн хоолны дараа Каддафи миний тухай бичлэг хийснээ хэллээ. Чухам ямар бичлэг юм бол хэмээн бодож байх зуур тэр хэдийнэ бичлэгээ тавьсан байв. Харин тэр нь ердөө л миний зурагнуудын эвлүүлэг байсан юм. Бас надад зориулан “Цагаан ордны хар сарнай” гэх дуу захиалан хийлгэж түүнийгээ бичлэгтээ хавсаргасан байсан. Хачирхалтай санагдаж байсан ч түүнд ямар нэгэн далд санаа байгаагүй”. Хачирхалтай юм шүү.
-Тийм ээ, тун хачирхалтай бас аймшигтай. М.Каддафи надад анхаарал хандуулдаг талаар би ажилтнуудаасаа болон хэд хэдэн гадаад хэргийн хэргийг сайд нараас сонсож байсан л даа. Гэсэн ч би Ливид ажилтай байсан тул явахаас өөр аргагүй болсон. Хохирогчдод нөхөн төлбөр өгч, зэвсгээ хураалгах талаар дипломат хэлэлцээр хийхээр бид очсон юм.
Гэхдээ түүнийг дүрс бичлэг хийсэн талаар ярихад нь би их айсан. Тэр үед амьд мэнд эргэн ирсэндээ би их баярладаг.
-Түүнээс хойш Каддафи өөр ямар нэг хачирхалтай үйлдэл хийсэн үү?
-Үгүй дээ.
-Түүнийг алуулсан талаар мэдээлэхэд танд юу бодогдож байв?
-Хувьсгал гэдэг угаас төгс төгөлдөр сайхан зүйл биш. Олон жил ард түмнээ дарангуйлсан удирдагчид эрх мэдлээ зүгээр л тавиад өгчихдөггүй. Тиймээс тэнд хүчирхийлэл их бага хэмжээгээр заавал байдаг.
-Дундад Азид сүүлийн жилүүдэд цөөнгүй өөрчлөлт, хувьсгал гарч байна. Залуус өөрсдийн хувь заяаг дарангуйлагчдад даатгахыг хүсэхээ больж. Гэсэн ч Ирак руу дайран орсон Америкийн цэргүүд энэ удаа Ливийн удирдагчийн асуудалд оролцсонгүй. Магадгүй энд мөнгөний асуудал ч байгаа байх. Адилхан дарангуйлагчдыг хоёр өөр аргаар зайлуулсан талаар би яриад байна л даа. Ирак руу түрэмгийлсэндээ гэмшсэн учраас Барак Обама Каддафиг иргэдэд нь даатгачихсан юм болов уу?
-Үнэндээ бол адилхан хоёр дарангуйлагчийг унагасан мэт боловч огт өөр нөхцөл байдал, огт өөр цаг хугацаанд болсон үйл явдлууд байгаа юм. Саддам Хуссейн биднийг заналхийлж байсан учраас Иракийн дотоод хэрэгт бид оролцсон. Тэгээд ч Дундад Азид гарч буй зэвсэгт мөргөлдөөний гол буруутан нь Садам Хуссейн байсан. Тэр хэзээ ч эх орноо ардчилсан нийгэмтэй болохыг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Персийн булангийн дайны үеэр хэдэн мянган хүнийг хөнөөснөөрөө л М.Каддафи харгис удирдагч болон хувирсан. Гэхдээ тэр Саддам Хуссейн шиг цаг үргэлж бодлогоор хүмүүсийг устгаж байгаагүй.
-Таныг нэвтрүүлэгт оролцох тухай зарласны дараа манай нэвтрүүлгийн цахим хаягаар их олон захидал ирсэн. Тэдний дунд таныг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болов уу гэсэн асуулт цөөнгүй байсан.
-Сайхан л хэрэг байна, баярлалаа. Гэхдээ би ийм нэр хүндтэй албанд очих болоогүй байна.
-Таны туулсан туршлага багадаж байна гэж үү, эсвэл та өөрөө хүсэхгүй байгаа юм уу?
-Би улс төрд зүтгэж байгаа хэдий ч улстөрч биш. Би компанит ажлыг илүү сайн гүйцэтгэнэ. Өөр зүйлсийн төлөө би улс төрчийн албанаас татгалзаж байгаа юм.
-Есдүгээр сарын 11-ний явдлаас хойш та амьдралынхаа багагүй хугацааг Бин Ладений хойноос мөшгихөд зориулсан. Түүнийг алагдсан талаар сонсоход ямар санагдсан бэ?
-Вашингтонд дөнгөж газардаад байтал Бин Ладений үхлийн талаарх мэдээ зурагтаар гарсан. Тодорхой мэдээлэл байгаагүй учир би манай цэргүүд түүнийг барьсан байна гэж ойлгосон. Мэдээж энэ талаар сонсоод баярласан.
-Өндөр албан тушаал хашихын хүн бүр хүсдэг. Та харин цөөнгүй жил Цагаан ордонд ажиллаж, хүмүүсийн хүсдэг тэр байр сууринд очсон. Үүнийгээ үгүйлдэг үү. Эсвэл гэр бүлийнхэндээ, өөртөө илүү их цаг гаргах боломжтой болсондоо баяртай байна уу?
-Нэр хүндтэй ажил эрхэлнэ гэдэг гайхалтай сайхан байсан. Гэхдээ энэ бүхнийг хийж дуусгасандаа би баяртай байгаа. Найман жил гэдэг урт хугацаа.
Стэнфордын их сургуульд эргэн очиж, профессороор ажиллах болсондоо баяртай байгаа. Учир нь энэ ажилдаа би илүү дуртай. Тиймээс Төрийн нарийн бичгийн албаа огт үгүйлэхгүй байна. Энгийн иргэдийн адил улс төрийн чухал шийдвэрүүдийг сонингоос уншаад “Энэ ч сонирхолгүй юм байна. Өөр зүйл уншъя” гэх нь илүү сайхан санагдаж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment