Угтаа эрэл маань Морин хуурын олон улсын III наадмын шилдэг морин хуурчийг хайхаас эхэлсэн юм. Зам зуур энэ салбарын цөөнгүй уран бүтээлчээс “Морин хуурчид дундаа үнэлэгдсэн, Монголын номер нэг морин хуурч бол Н.Жигжиддорж” гэсэн “ухуулга” сонссоноор огт өөр зүгт хазайлаа.
Мэргэжил нэгтнүүдийнх нь үнэлснээр Монголын номер нэг хуурч өдгөө Хөгжим бүжгийн коллежийн нэгдүгээр ангид суралцахын зэрэгээ Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчнөөр ажиллаж байгаа Н.Жигжиддорж. Тэрбээр Морин хуурын II наадмаас тусгай байр, III наадмаас хоёрдугаар байрын шагналт хүртсэн.
-Юуны өмнө Морин хуурын олон улсын наадамд амжилттай оролцсонд тань баяр хүргэе. Энэ жилийн тэмцээн ямар онцлогтой болсон бэ?
-Энэ удаагийн мэргэжлийн морин хуурчдын уралдаан Олон улсын чанартай болж өргөжсөн нь наадмын гол онцлог гэж хэлж болно. Тэр ч утгаараа шүүгчдийн бүрэлдэхүүнд олон улсын шүүгч, ӨМӨЗО-ны нэрт морин хуурч Чибулаг байсан бөгөөд оролцогчдын нас ч нэлээд залуужсан харагдсан. Монголын хүүхдийн ордны сурагч 13 настай морин хуурч мэргэжлийн морин хуурчдын програмыг хангаад, уралдаанд амжилттай оролцсон нь үзэгчид төдийгүй өрсөлдөгчдийнх нь анхаарлыг багагүй татаж байсан. Түүнчлэн Америк, Герман, Франц, Япон зэрэг олон орны морин хуурчид оролцсон.
-Мэргэжлийн морин хуурчдын наадам сонирхогчдынхоос юугаараа ялгаатай байдаг вэ?
-Програмаараа ялгаатай.
-Уралдааны програм гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Мэргэжлийн морин хуурчдын уралдаан гурван үе шаттай зохион байгуулагддаг. Шат бүрт хуурчдын заавал тоглох ёстой гурван бүтээлийг зааж өгсөн байдаг юм. Түүнийг нь програм гэдэг. Энэ удаагийн наадамд Бах Марчеллогийн “Гобойний концерт”, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Морин хуурын концерт”, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноровын “Морин хуурын концерт”, П.И.Чайковскийн “Меланхолическая серенада” зэргийг заавал тоглох бүтээлийн жагсаалтад багтаасан байсан. “Меланхолическая серенада” гэхэд л мэргэжлийн хийлчдийн уралдааны програмд багтдаг. Тэгэхээр морин хуураар тоглоход илүү их ур чадвар шаардана гэсэн үг. Тиймээс мэргэжлийн морин хуурын уралдаанд заавал тоглох бүтээлүүд нь өөрөө өндөр босго болдог гэж ойлгож болно.
-Хийлийн уралдааны програмд багтдаг бүтээлийг манай морин хуурчид эгшиглүүлж байна гэхээр морин хуурын хөгжил сонгодог хөгжмийн түвшинд дөхөж байгаа байх нь ээ?
-Тийм ээ. Сүүлийн үед морин хуур асар хурдацтай хөгжиж байна. Юм бүхэн уялдаа холбоотой байдаг гэдэг дээ. Нэг талаас харахад ур чадвар шаардсан бүтээл тоглох нь зөвхөн хуурчдын ур чадварыг илэрхийлэх юм шиг харагддаг. Гэвч энэ нь бүхэл бүтэн нэг салбарын хөгжлийг харуулж, шат ахихад нь нөлөөлж байгаа хэрэг юм. Ийм хүнд бүтээлүүдийг тоглох тусам хуурчдын чадвар сайжирч, түүнийгээ дагаад морин хуурын хийцийг өөрчлөх шаардлага гарна. Тэр хэрэгцээг хангахын тулд мастер хуур урлаачид чанарыг нь улам боловсруулан сайжруулах арга зам эрж, морин хуур боловсронгуй, сонгодог хэлбэртээ дөхөж очино гэсэн үг. Тэгэхээр манай морин хуурчид “Меланхолическая серенада”-г тоглож байна гэдэг энэ салбарын хөгжлийг илэрхийлж байна гэсэн үг.
-Улс орны хөгжлийг сонгодог урлагийнх нь түвшнээр тодорхойлдог гэдэг. Морин хуур сонгодог хөгжмийн хэлбэрт дөхөж байна гэдэг нь улс орны хөгжилд ч тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэсэн үг үү?
-Нөлөөлөх бүрэн боломжтой. Урлаг нь дэлхий дахинаа танигдаж, түүгээрээ багагүй орлого олж, иргэдээ тэжээж байгаа жишээ олон бий шүү дээ. Түүний л адил монголчууд морин хуураа сурталчилж, өөрсдөө үнэ цэнийг нь мэддэг, ойлгодог болчихвол зөвхөн морин хуураараа дэлхийд танигдах боломж бидэнд бий.
Манайхан морин хуурыг уртын дууны аялгуу, эсвэл татлага тоглодог, үндэсний хөгжмийн цөөхүүл, морин хуурын чуулга зэргээр л төсөөлдөг. Үнэндээ морин хуур дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн Монголын сонгодог хөгжим болтлоо хөгжчихлөө. Хөгжмийн зохиолчдын бүтээлээс харахад л энэ хөгжил илэрхий ажиглагдана. Хөгжмийн бүтээлийн хамгийн том хэлбэр нь концерт байдаг. Гэтэл морин хуурын гоцлолд зориулсан концерт нэлээд олон болж. Үүнийг урлагийн салбарынхнаас өөр хүн, тэр дундаа төрийн түшээдүүд огт анзаарахгүй байна. Ямар үнэ цэнэтэй хөгжим болохыг нь ч ухаарахгүй юм. Америкт гэхэд л Ерөнхийлөгч Барак Обама төрийн ёслолдоо сонгодог урлагийн тоглолт багтааснаас биш, зохиолын дуучин дуулуулахгүй байгаа биз дээ. Хөгжингүй улс орнууд тэгж л сонгодог урлагаа дээдлэн, үнэлж түүгээрээ дамжуулан дэлхийд үнэлэгдэж байгаа юм. Хэдийгээр манай сонгодог урлаг Азийн орнуудтай харьцуулахад сайн ч бид сонгодог урлагийн өлгий болсон Италийн уран бүтээлчидтэй өрсөлдөнө гэдэг бараг л боломжгүй зүйл. Тиймээс бараг л сонгодог хэлбэрээ олоод буй морин хуураар дэлхийн тавцанд нь гарч ирэх нь оновчтой байх. Сонгодог хөгжмөөр дэлхий дахинаа эх орноо сурталчилж байгаа түүх олон бий шүү дээ.
-Хийлч Ваннеса Мэй гэх мэт үү?
-Яг зөв. Гэхдээ Ваннеса Мэй урлаг гэхээсээ илүүтэй шоу бизнес тал руугаа чиглэсэн уран бүтээлч. Харин бид түүнээс менежментийг нь суралцаж, нэг сайн уран бүтээлчээ яг л тэр маягаар прожект хийж дэмжээд, дэлхийд морин хуураа сурталчлах хэрэгтэй байгаа юм. Тэгж чадвал тухайн уран бүтээлчээр дамжуулан морин хуурыг хөгжим сонирхогчид анхаарна. Цаашлаад морин хуураар дамжуулан Монгол Улсыг хүмүүс сонирхоно шүү дээ.
-Харамсалтай нь төр засаг хөгжимчдөд төдийлэн анхаарал тавьдаггүй байх аа?
-Тийм ээ. Төр засаг урлагийнханд төдийлэн анхаарал тавьдаггүй. Ялангуяа хөгжимчдийн асуудлыг орхичихдог юм шиг санагддаг. Баруунд бол олон улсын хийлийн уралдаанд тэргүүн байрт шалгарвал тэр хүн зөвхөн ур чадвартаа анхаарлаа хандуулж, бусад бүх асуудлаа төрд даатгачихдаг. Яг л Олимпийн тамирчдыг насаар нь бэлддэг шиг урлагийн салбарынханд ч бас улс орнууд анхаарал хандуулж, багагүй хөрөнгө хаядаг.
No comments:
Post a Comment