Thursday, December 29, 2011

Шакил Онил: Зураглаачид аймшигтай санагдахаар тохохыг хүсдэг


NBA-ийн түүхэн дэх хамгийн хүнд биетэй тоглогчдын нэг Шакил Онил өнгөрөгч зургадугаар сард “Tout” цахим хуудсаар дамжуулан зодог тайлж буйгаа фэнүүддээ мэдэгдсэн. Тэрбээр тус сайтад байрлуулсан бичлэгтээ “Бид чадсан. 19 жил тоглосон байна. Маш их талархаж байгаа учраас энэ талаарх мэдээллийг та бүхэндээ түрүүлэн хүргэж байгаа юм. Та бүгдэдээ хайртай шүү. Удахгүй дахин уулзъя” гэсэн байж. 19 жил мэргэжлийн сагсан бөмбөг тоглохдоо 28,596 оноо багтаа авчирсан тэрбээр  Пирс Морганы нэвтрүүлэгт оролцжээ. 

-NBA-ийн домогт сагсан бөмбөгч Шакил Онил студид маань хүрэлцэн ирлээ. Түүний энэ жил тоглохгүй гэдгийг төсөөлөхөд ч бэрх юм. Зургадугаар сард зодог тайлснаасаа хойш огт өөр салбарт хүч сорихоор шулуудсан Шакил “Миний түүх” номоо тун удахгүй худалдаанд гаргах гэж байгаа. 
Өнгөрсөн 19 жилийн хугацаанд та их олон хочтой болсон байна. Шак, Аварга Шактус, Дизель, Супермэн, Аварга Аристотел гээд л… Харин надад аварга Шактус нь илүү таалагдсан. Харин танд аль нь илүү таалагддаг вэ?
-Таны өгсөн шинэ нэр ч бас бий шүү дээ.
-Ямар? 
-Том Дюк. (инээв)
-Англид бол бүр Асар том Дюк гэх байх. 
-Тийм шүү.
-Дахин тоглохгүй гэхээр ямар санагдаж байна вэ? 
-Сайхан. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд би их зүйлийг хийж бүтээжээ. Мэдээж түүнээс ч их амжилт гаргамаар байгаа ч сагсан бөмбөгөөс өөр зүйл хийх цаг нь ирсэн байна.
-Танд үнэхээр зөв алхам хийж байна гэж бодогдож байсан уу? Таны зодог тайлж байгаагаа мэдэгдэж буй бичлэгийг харахад дотроо огт өөр бодолтой байх шиг санагдсан. 
-Зөв алхам хийж байгаа гэж бодогдсон. Магадгүй бэлдсэн бичвэр маань жаахан уцаартай байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлсэн байх. Шөрмөсөө гэмтээснийг минь та мэдэх байх. Нөхөн сэргээх эмчилгээ жил гаруй үргэлжилсэн. Гэхдээ 40 нас шүргэж буй эр мэргэжлийн сагсан бөмбөгт их амжилт гаргах магадлал бараг л үгүй. Тиймээс л 19 жилийн эцэст би ийм шийдвэр гаргалаа.
-Танд гольф тоглоё гэсэн бодол төрөхгүй байна уу? 
-Үгүй дээ.
-Одоо бол танд хамгийн их тохирох спорт юм шиг санагдаж байна. 
-Үгүй дээ. Би гольфоор хичээллэдэг байсан л даа. Гэхдээ тоглолгүй их удсан байна.
-Та NBA-ийн ажил хаялтын тухай яриач. Учир нь манай нэвтрүүлгийг олон мянган гадаадын хүмүүс үздэг. Тэрбумтнууд өөр бүлэг тэрбумтнуудтай хэдэн сая долларын асуудалд санал зөрөлдөж байгаа нь Америкийн хүн амын 10 хувийг эзэлж буй ажилгүйчүүдийн хувьд хэтэрхий хувиа хичээсэн явцуу маргаан шиг санагдах байх. 
-Юуны өмнө таныг их буруу нэр томъёо хэрэглэж байна гэж хэлмээр байна. Ажил хаялт гэдэг бол ажилчдын хийдэг зүйл. Гэтэл бид гэмтэж бэртсэн тохиолдолд хангалттай сайн эмчилгээ хийлгэж чадахгүй байна. Гэрээний нөхцөл таалагдахгүй байгаа учраас бид тоглохоос татгалзсан. Тэгэхээр энэ хоёр бол огт өөр нөхцөл байдал. Гэхдээ аль аль нь чухал. Гэтэл Ерөнхийлөгч Обама саятнууд болон тэмбумтнуудын хоорондын гэрээнээс илүү ажилгүй болж буй иргэдийн асуудал чухал гэж үзсэн. Эцэст нь тэд арайхийн шийдвэр гаргасан. Дерек Фишер, Дэвид Стерн нар сайн ажиллаж, оновчтой шийдвэр гаргасан шүү. Энэ сагсан бөмбөгчдийн хувьд зул сарын баяраар хийж буй анхны тоглолт байх.
-Та Обамагийн тухай ямар бодолтой байдаг вэ? 
-Би цэргийн гэр бүлд өссөн. Тиймээс Ерөнхийлөгчийн хүндэлдэг. Түүний ажил их хэцүү шүү дээ. Би хэзээ ч тийм алба хашихыг хүсэхгүй ээ. Бас түүнийг Америкийн нэгдсэн улсыг удирдаж байгаагийнх нь хувьд хүндэтгэж байна.
-Анхны Африк гаралтай Ерөнхийлөгч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг намжаасан болов уу, эсвэл дэврээсэн үү? 
-Миний хувьд намжаасан л гэж хэлнэ. Мартин Лютер Кинг үүнийг л мөрөөдсөн. Түүний хүсэл ч биеллээ. Гэхдээ үүнийг биелүүлнэ гэдэг амаргүй шүү. Дэлхийн дээр хэдэн сая хүн бий. Тэр бүхний сэтгэлд нийцүүлж, таалагдана гэдэг боломжгүй зүйл. Хэдийгээр бага зэрэг үймээн самуун дэгдээд байгаа ч түүнийг их сайн ажиллаж байгаа гэж дүгнэж байна. Эдийн засгийн хямрал болж байгаа л даа, гэхдээ тэр энэ асуудлыг шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Бас түүнийг дараагийн сонгуульд ялна гэж бодож байна.
-Тийм гэж үү? 
-Тийм ээ.
-Та сагсан бөмбөг тоглохоос гадна бизнест хүч сорьдог. Олон сая долларын ашиг олдог хүний хувьд Америкийн бизнесийн салбарыг хэрхэн дүгнэх вэ?
-Би яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Америкт бизнес хоёр өөр хэв маягаар хөгжиж байна. Компаниа өөрөө махран зүтгэж, босгодог Стив Жобс шиг хүмүүс байна. Тэд бол жинхэнэ бизнесмэн. Хэрхэн бизнес эрхлэхийг Мэжик Жонсон надад зааж сургасан юм.
-Спортод гаргаж буй амжилтаа хэрхэн өргөжүүлж, өөр салбарт ашиглах вэ гээд л үү? 
-Тийм, тийм. Нэр хүндтэй, багийнхаа тэргүүлэх тоглогч байна гэдэг сайн л даа. Гэхдээ тун удахгүй чи өөрийн гэсэн ажил эхлүүлэхийг хүсэх болно гэж билээ. Сайн бизнес эрхлэгч болох замнал минийхээс тэс өөр л дөө. Учир нь би зүгээр л азтай хүн.
-Таны ном гайхалтай сайн болсон байна. Номыг тань уншаад хойд эцэг тань танд хүндлэх ёс, хатуужил сургасан юм байна гэж дүгнэлээ. Бас ээж тань танд их нөлөөлсөн байх гэж бодогдсон. Миний зөв үү? 
-Тийм ээ. Намайг их зоригжуулдаг байсан. Ээж минь л надад мөрөөдөхийг, мөрөөдөлдөө хэрхэн хүрч болохыг зааж сургасан. Харин аав маань цэргийн хүн болохоор их хатуу чанга өсгөсөн. Буруу зүйл хийсэн үед хатуухан шийтгэл хүртээнэ. Гэхдээ өнөөдөр миний ингээд сууж байгаа нь аав ээж хоёрын минь ач.
-Коби Брайнт та хоёр бол мөнхийн өрсөлдөгчид. Магадгүй энэ өрсөлдөөн танай багийг дийлдэшгүй болгодог байх тийм үү. Гэхдээ та хоёр бие биенээ үзэн ядсандаа бус, хэн хэн нь шилдэг тоглогч болохын төлөө “уралцаж” байгаа биз? 
-Үүнийг ойлгож байгаад тань их баяртай байна. Гэхдээ би “Hershey”-д байх цагаасаа зөвхөн өөрийн үүрэг даалгаварт л анхаарал хандуулдаг байсан. Таны хэлснээр бид их олон гайхалтай зүйл хийж бүтээж, багаа ялагдашгүй болгосон.
Би түүнийг хүндэлдэг. Тэр одоо “Laker”-ийн шилдэг тоглогч, гайхалтай ур чадвартай гэдгийг нь ч би мэднэ. Харин тоглож байх үед надад ногдсон үүрэг хариуцлага байсан. Би түүнийгээ ч биелүүлсэн. Дөрвөн удаагийн аварга болсон шүү дээ.
-Таны бодлоор хамгийн шилдэг тоглогч хэн бэ? 
-Би Майкл Жордан гэж хэлмээр байна. Гэхдээ зарим үед энэ асуултад хариулах их хэцүү санагддаг. Мэжик Жонсон ч бас агуу тоглогч шүү дээ. Тэгэхээр энэ асуултад тодорхой хариулт олдохгүй юм шиг санагддаг. Ларри Бёрд, Билл Рассел, Уилт Чамберлэйн нар ч сайн тоглогч.
-Цөөнгүй хүн таныг хамгийн түрэмгий тоглогч гэдэг юм билээ. Леброн бүр “Би түүн шиг түрэмгий хүнтэй тоглож байсангүй” гэсэн байдаг. 
-Аав ээж минь надад нэрийг чинь мартахгүй болтол дурсамж үлдээхээр онцгой бай гэж сургадаг байсан. Би ур чадвар сайтай гэдгийг та мэдэх байх. Хэдийгээр би шилдэг “мэргэн бууч” биш ч, хүмүүс намайг үргэлж дурсаж байгаасай гэж хүсдэг. Шийтний дор камер барин зогсож байгаа залууд аймшигтай санагдахаар довтолж, тохохыг хүсдэг.

No comments:

Post a Comment