Wednesday, January 11, 2012

Мөнхийн залуу Хефнер


Дэлхийн хоёрдугаар дайны дараа төрөлт эрс нэмэгдэж, Америкийн хүн амын өсөлт 40 хувиар нэмэгдсэн байдаг. Тиймээс 1946-1964 оныг “их тэсрэлтийн үе” хэмээж, энэ үед төрсөн “нялхсыг” мөнхийн залуу үеийнхэн гэх нь ч бий. “Их тэсрэлтийн үеийн нялхас”-ын хамгийн залуу нь гэхэд л 100-ийн талыг насалсан ч, эрүүл энх, урт удаан амьдарсаар л байна. Тэдний нэг болох мөнхийн залуу Хью Хефнерийн эрүүл, урт насалж байгаагийн нууцыг “New York Times” дэлгэжээ. Тэрбээр Лос-Анжелес дахь харшдаа тус сонины сэтгүүлч Адам Нагорниг урьсан байна.

Нас ахих тусам бид өдрөөс өдөрт гундаж буй гадаад төрхөндөө сэтгэл зовж, гутарч эхэлдэг. “Та хөгширч байгаадаа сэтгэлээр унаж, гутардаг уу?” гэсэн эхний асуултад минь нас сүүдэр хэдийнэ 85 хүрсэн ярилцагч маань “Хэдийгээр нүүрэнд минь үрчлээ сууж, би хөгшин харагдах болсон ч сэтгэлээр унадаггүй” гэж хариулсан юм. “Playboy”-г үндэслэгч Хефнер гутарч суухын оронд twitter.com сүлжээ цахим хуудаснаа “жиргэж”, амьдралын сонин хачинд илүү дурлах болсон гэлээ. Тэгээд тэр асуултыг минь амандаа давтан хэсэг бодолхийлснээ “Насаар ялгаварлах тухайд бол миний сексийн амьдрал руу хэт хошуу дүрж, болох, болохгүйг миний өмнөөс шүүн хэлэлцэж байгаа явдлыг би тэсээд л өнгөрөөдөг. Ихэвчлэн хэвлэлийнхэн намайг ач охин шигээ бүсгүйтэй болзож болохгүй гэдэг юм. Гэхдээ бид чинь чөлөөт нийгэмд амьдарч байна. Аливаа бүх асуудалд шүүмжлэлтэй ханддагаа больё л доо”  гэв.
Нэг гартаа “Pepsi”, нөгөө гартаа “Playboy”-ын бэлгэ тэмдэг болсон туулайтай цэвэр ус барьчихаад тэр яриагаа үргэлжлүүллээ. “100 хол давсан настай хүн цаашид их олон болно. Би их олон жилийн турш ялгаварлагчидтай тэмцсээр ирлээ. Эхлээд хүйсээр ялгаварлагчид намайг гадуурхаж байсан бол удалгүй арьс өнгөөр ялгаварлагчид, харин одоо насаар ялгаварлах үзэлтнүүд надад тээг болж байна”.
Торгомсог унтлагын хувцасныхаа гадуур хатгамалтай хүрэм өмссөн Хефнер Холмби Хиллс дэх харшынхаа номын санд сууна. Мөнхийн залуу эрийн дөчин жилийн амьдралын түүхийг хадгалсан байшингийн хана дурсамж зургуудаар дүүрэн. Хананд нь багын найзууд, эхнэр, найз бүсгүйчүүд болон олон арван хагас нүцгэн бүсгүйчүүдийн зураг өлгөөтэй. Бас Мэрилин Монрогийн зургаар чимсэн “Playboy” сэтгүүлийн анхны дугаар ч харагдана. Бас Билл Клинтон, Кевин Спэси, Дорис Дэйгээс Мик Жаггэр хүртэлх алдартнуудын гэрэл зураг байна. Мэдээж тэдний дэргэд Хефнерийн гаанс зуусан залуугийнх нь хөрөг зургийг жаазлан хаджээ. Элдэв зургаар гоёсон өрөөндөө тэр тоглоомын ширээний ард суух бөгөөд ард нь залуу үеийнх нь амраг Барби Бентоны цээж баримал байлаа.
Түүний амьдралын өдрүүд огт өөр хэв маягаар үргэлжилдэг гэнэ. Гэхдээ ар араасаа урсах тэдгээр өдрүүд ажлын цаг урттайгаараа ижилхэн. Харин Хефнер энэ ерийн бус амьдралаа тун удахгүй эцэслэчихнэ гэж бодохгүй байгаа аж.
“Playboy Enterprises” компаниа саяхан өөрийн мэдлийн болгож, төв байраа Чикагогоос Лос-Анжелес руу нүүлгэсэн тул түүнд хийх ажил бишгүй их. Түүний хажуугаар сэтгүүлийн өдөр тутмын ажилд ч гар бие оролцсоор байгаагаа тэр хэлсэн. Тэр өглөө бүр редакцийн хурал хийдэг гэнэ. Гэхдээ үүнээс өмнө 10.00 юм уу 11.00 цагийн үед унтлагын өрөөндөө өглөөний ундаа ууж, дараа нь хувцсаа солин хуралдаа бэлтгэдэг аж.
Сэтгүүлийнхээ ажлын тухайд “Би мөр бүрийг нягтлан уншиж, хянаж, засварладаггүй. Гэхдээ дугаар бүрийн нүүр хуудасны болон дотор хуудсуудад орох зураг сонгох ажилд оролцож, дугаар бүрийн төлөвлөгөөг ерөнхий гаргах, уншигчдаас ирсэн захидал, үдэшлэгийн тухай егөө нийтлэлийг хянадаг” гэв. Эцэст нь хөгширнө гэдэг үхсэн гэсэн үг биш гэдгийг тэр дахин сануулсан. Гэхдээ л энэ нь түүнийг хөгшрөлтийн үр дагаврууд тойрсон гэсэн үг биш. Түүний алхаа удааширч, зургаа авахуулахын тулд таван минутаас удаан цэх зогсож чадахаа байж. Нуруу нь өвддөг учраас тэр. Бас сонсгол нь муудан, холестрол болон цусны даралт тогтворжуулдаг эм байнга хэрэглэх болжээ.
Нас ахиж буйтайгаа эвлэрсэн нэгэн шийдвэр бол гаансаа орхисон явдал. Саа өвчин туссаныхаа дараа буюу 1985 онд тэр тамхиа бүр мөсөн хаяжээ. Гэхдээ л “Jack Daniels”, “Coca Cola”-нд дурласан хэвээр. “Дурлалынх” нь тухай асуултад тэр “Миний анд Jack уу” хэмээн дуу алдан хариулаад, харин хоолны дуршил муудаж, хоолны цэсэнд төдийлэн анхаарал хандуулахаа больсныг дурдав.
“100 наслахыг хүсэж байна уу” гэсэн асуултад минь тэр давхийн цочсон боловч сэтгэл хангалуун байгаа нь илэрхий. “Хэрэв царай зүс, гадаад төрх минь муухай болчихгүй бол асуух юу байх вэ. Хүсэлгүй яах вэ. Харин мөнх амьдрах тухай бол эсрэг бодолтой байна. Дуусахгүй бол энэ амьдрал дэндүү уйтгартай болчихно шүү дээ” гэсэн юм.
Одоо харин түүний мөнхийн залуу байгаагийн нууцыг задалъя. Хөгширсөн атал өөртөө сэтгэл хангалуун байгаагийн нууц нь тэтгэвэрт гарахгүй байх явдал гэнэ. Тэр энэ талаар “Ажиллаж бас, амарч зугаацаж байгаа болохоор л би урт удаан насалж, бас түүндээ сэтгэл хангалуун байгаа юм. Тэтгэвэрт гарна гэдэг төгсгөлийн эхлэл юм шиг л санагддаг. Би их бие бялдрын хувьд ч тэр, оюун санааны хувьд ч тэр их эрч хүчтэй хүн. Тэр идэвхтэй байдал л урт наслахын нууц байх” гэсэн.
Тэгэхээр Хефнер урт наслахын тулд дасгал хийж, ямар ч дэглэм баримталдаггүй байх нь.
Үүнийгээ ч “Манайд биеийн тамирын танхим бий л дээ. Гэхдээ би тэр өрөөг огт ашигладаггүй юм. Теннисний ширээ байдаг ч би тэр ширээн дээр теннис тоглож байгаагүй. Усан сангаа ч ашиглаж байгаагүй” гэх яриагаараа баталсан.
Тэр бас гадуур төдийлэн гардаггүй. Хомбли Хиллстээ өөрт хэрэгтэй бүхнийг цогцлоосон бяцхан ертөнцийг байгуулчихаад л тэндээ хоёр найз бүсгүйн хамт амьдардаг гэнэ. “Би надад хэрэгтэй бүхнийг багтаасан тэр л ертөнцийг бий болгож чадсан. Тиймээс гадагшаа гарах шаардлага бараг л гардаггүй” гэсэн юм. Тэр жижигхэн үзвэрийн танхимдаа баасан, бямба гаригуудад зочдын хамт сонгодог кино үзэж, харин ням гаригт шинээр нээлтээ хийж буй киног сонирхдог гэсэн. Тэр ч байтугай энэ бяцхан ертөнцөд амьтны хүрээлэн ч бий. Үнэн шүү. Тэнд нь ягаан фламинго, Африкийн тогоруу зугаалж, сармагчингууд модны мөчир дамжин дүүлж байдаг юм билээ. Хэрэв зугаалахыг хүсвэл эдлэнд нь агуй, хуучны хөгжмийн хайрцаг, пинболл тоглоомын ширээтэй тоглоомын өрөө ч бий.
Гэхдээ Хефнер өдрийнх ихэнх цагийг хоёр давхарт байрлах унтлагын өрөөндөө өнгөрүүлдэг. Ном, сонин сэтгүүл ширээ, шүүгээ, шал бүр орон дээр нь хөглөрсөн унтлагын өрөө. Харин энэ замбараагүйтлээ тэр “Энэ чинь залуусын өрөө шүү дээ” хэмээн эвтэйхэн тайлбарлачихсан. Бүх хөшгөө татсан хэдий ч унтлагын өрөө нь яг л Лос-Анжелесийн гудамж шиг гэрэлтэнэ. Орныхоо  чанх дээр дэлгэц болон хувирдаг толь байрлуулчихаж. Харин дэлгэцэнд залгасан кабелийн нөгөө үзүүрт байгаа тоглуулагчийн дэргэд элдэв янзын кинонууд хөглөрнө. Дунд нь насанд хүрэгчдэд зориулсан кино ч байж л байна.
“Playboy”-ын эзэн нас бол ердөө л тоо гэж үзэгчдийн нэг. Түүнийг нас барсан гэх цуу тараах ч боломжгүй байх. Учир нь түүний Твиттер дэх хуудасны мэдээлэл 900 мянган хүнд очдог. Тэгэхээр тэр дор нь худал мэдээллийг няцаан, “жиргэчих” юм байх.
Хамт амьдардаг Кристал Харристаа гэрлэх санал тавьсан боловч сэтгэл нь хувирсан сүйт бүсгүйгээсээ болоод эцсийн мөчид бодлоо өөрчилснийг нь ч хүмүүс тэр дор нь л мэдчихсэн. Нөгөөх нь Твиттерийн ачаар.
Тэр үхлийн талаар огтхон ч бодохгүй байгаагаа дахиад л санууллаа. Амьдралынхаа ес дэх арван жилтэй золгох гэж байгаа ч түүнд энэ талаар бодох хүсэл байхгүй бололтой. Хөгшрөлтийн талаар тэр “Амьдралд өгөө аваа их бий. Нэг талаас хөгширнө гэдэг сайхан. Өнгөрсөн жилүүдэд тарьсан тариалангаа одоо л хураан авч байна. Гэхдээ тэр хэрээр бас муу үр дагавар ч бий. Хөгшрөлттэй мөнхөд хамт байдаг цөөн хэдэн өвчнийг амсаж байна” хэмээн бодлоо илэрхийллээ.
Одоо бол тэр хэний ч ёжилсон инээдийг тэсээд өнгөрч чадна. Учир нь тэр өөрийн гэсэн өв хөрөнгийг бүтээгээд амжсан. Тэр ч байтугай тэр хийсэн бүтээсэн зүйлс нь нийгмийг өөрчилснөө “Playboy” дөнгөж гарч эхэлж байх үед залууст гэрлэхээсээ өмнө хамт амьдарна гэсэн ойлголт байдаггүй байлаа. Нөхөрт гараагүй байж жирэмсэн болох нь амьдралаа сүйтгэлээ л гэсэн үг. Эцэггүй хүүхдийн талаар бүр санах ч хэрэггүй. Харин тэр явцуу ойлголтыг би эвдэж чадсан. Америкчуудын тэр ядмаг ойлголтыг өөрчилж чадсан эр өмнө чинь сууж байна. Тиймээс би өөрийн байгаа байдалдаа сэтгэл хангалуун байна” хэмээн сонирхууллаа. Ингээд л бидний яриа өндөрлөсөн юм. Түүнийг доод давхар байх галын өрөөнд хамтран амьдардаг хоёр бүсгүй нь хүлээж байлаа.

No comments:

Post a Comment