Thursday, January 12, 2012

Эзэнт гүрний сэрэлт


Монголын томоохон компанийн зөвлөлдөх уулзалтад оролцохоор тус улсад долоо хоногт саатах боломж надад тохиосон юм. Аяллын маань явцад Монгол орны тухай төрсөн сэтгэгдлээ бусадтай хуваалцахаар шийдэж, ийн бичиж байна. Олонх хүн Монгол улсын тухай бүдэг бадаг төсөөлөлтэй байдаг болохоор тэр. Саяхныг хүртэл би бас л тэдний нэг байсан.
Хэдийгээр газар нутгийн хувьд харьцангуй том ч хоёр том гүрний дунд байрладаг нь тус улсын эдийн засаг зах зээлийн зарчмаар хөгжилгүй хэдэн арван жилийг ардаа үдсэний гол шалтгаан гэж бодогддог. Тэд тус улсын эдийн засаг, улс төрийн байдлыг бүхэлд нь хянаж байж.
Тиймээс би Монголыг нойрсож буй гоо бүсгүйтэй зүйрлэмээр байна. Тэд 70 жилийн турш их гүрний эрхшээлд унтаж байсан хэдий ч саяхнаас зовхио өргөн, нүдээ нээж хүчирхэг шинэ Монголыг хөгжүүлэх суурийг тавьж байгаа юм.
Монгол гэж хэлмэгц Эзэнт гүрэн, Чингисийн тухай бодол эрхгүй төрдөг. Түүхэн дэх хамгийн том газар нутаг эзэлж байсан хүчирхэг гүрэн учраас тэр. Тэд хуурай газрын 22 хувийг эзэлж байсан гэдэг.
Нэгэн цагт дэлхийг эзэгнэж байсан Монгол 1924 онд Бүгд найрамдах Монгол ард улс хэмээн улсаа тунхаглаж, Зөвлөлт улсын эрх мэдэлтнүүдэд захирагдах болжээ. Саяхнаас буюу дөнгөж 1991 онд л тэд Зөвлөлтийн хараанаас гарч, өөрийн замаар зүтгэх болсон байна.  Ингэхдээ олон арван жил мөрдөж байсан тогтолцоогоо бүхэлд нь өөрчилж, зах зээлийн нийгэмд шилжсэн боловч харамсалтай нь эдийн засаг, улс төр гээд бүхий л салбар нь уналтад орсон гэдэг.
Харин арван жил эрчимтэй хөгжсөний ачаар 2009 онд тус улс хөл дээрээ боссон хэмээн шинжээчид дүгнэдэг. Тэр ч байтугай хүний гар хүрээгүй эрдэс баялаг, цэцэглэж буй эдийн засаг нь Монголыг дараагийн Азийн бар улс болгоно хэмээн шинжээчид онцолж байсан удаатай. Өнгөрөгч зун Хятад, Япон зэрэг Азийн орнуудаар айлчлал хийсэн Америкийн дэд Ерөнхийлөгчийн Биден Монголд саатсан нь нэгийг өгүүлж байгаа биз.
Бас хэдэн зуун жилийн турш хоёр их гүрний дунд хавчуулагдаж байгаа ч, өөрийн газар нутаг, тусгаар тогтнол, тэр ч бүү хэл эдийн засгийн хувьд бүрэн хараат бус оршиж, дэлхий дахин өөрсдийн дуу хоолойг хүргэсээр байгааг ч санахад илүүдэхгүй. Түүнчлэн дотоодын нийт бүтээгдэхүүн нь хамгийн эрчимтэй нэмэгдэж буй улс бол мөн л Монгол.
Хүн амынх нь тэн хагас нь нийслэл хот Улаанбаатардаа бужигнаж байгаа хэдий ч тэр хэрээр эдийн засаг нь ч нэмэгдэж байна. Нэгэн Техас найзын маань хэлснээр дэндүү олон дугуй өнхрөх атал, тэдэнд зориулсан зам хангалтгүй юм. Зөвлөлтийн өнгө төрх, хийц маягтай барилгуудаас орчин үеийн тэнгэр баганадсан барилгатай болон аажмаар өөрчлөгдөж буй хот бол Улаанбаатар.
Бидний төсөөлдгөөс тэс өөр зүйл тэнд цөөнгүй бий. Хэрэв та Улаанбаатарын гудамжаар алхвал иргэдийнх нь баян чинээлэг, бас чамин ганган төрхийг нь хараад гайхах биз. Хотын гудмаар сүүлийн үеийн машинууд сүлжилдэж, дэлгүүрийнх лангуун дээр өрсөн бараа нь Нэгдсэн улс дахь зарим нэг дэлгүүрийнхээс ч сонголт арвинтай, тэр ч байтугай их дэлгүүрүүд нь худалдан авагчдаар дүүрэн байдаг юм билээ.
Миний оролцосн нэгэн хурлын үеэр брэнд бүтээгдэхүүний ач холбогдлын талаар ч хэлэлцэж байсан гэхээр эдийн засаг нь хэрхэн хөгжсөн нь илэрхий биз. Би уулзсан цөөн хэдэн хүнээс санаанд орсон автомашины нэр хэлэхийг хүсэхэд олонх нь “Toyota”, “Hyundai”-г л нэрлэх байх гэж бодтол “Mercedes”, “BMW”,  “Bentleys”-гийн нэр ч дурсагдсан юм.

Монголын тухай сэтгэгдэл

Нью-Йоркоос Улаанбаатар руу очих нислэг дэндүү урт, залхмаар. Бүр бизнес ангиллын тусгай хэсэгт суудалд тухалсан байсан ч ядарсан шүү. Гэхдээ энэ тохиолдолд үнийн хувьд харьцангуй өндөр юм билээ.
Онгоцны буудлаас гармагц хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл бол хүйтэн. Арваннэгдүгээр сарын 13 гэхэд хэдийнэ 0 хэмийн хүйтэн болчихсон байлаа. Цельс эсвэл фаренгейтийн хэдэн хэм байх нь хамаагүй, юутай ч их хүйтэн гэдэг нь л юун түрүүнд анзаарагдсан юм. Хачирхалтай нь долоо хоногийн сүүлч гэхэд би энэ хүйтэн нөхцөлд хэдийнэ дасчихсан байсан. Цаг агаарын ийм эрс тэс нөхцлийг давсан үндэстэн амьдралын болон түүхийн олон арван нугачааг туулах тэсвэртэй байхаас ч яах билээ хэмээн эрхгүй бодогддог юм билээ.
Хоёрдугаарт төрсөн сэтгэгдэл гэвэл агаарын бохирдол. Гэхдээ эндэхийн агаарын бохирдол зүүн Европ, Өмнөд Америк, Азийн бусад хотуудынхтай адилгүй. Өвөрмөц тэр үнэр нь нүүрсний угаар болохыг би хожим нь мэдсэн. Хотын ихэнх нутгийг хамрах гэр хорооллын оршин суугчид байшингаа дулаацуулах гэж нүүрс түлдгээс энэ их агаарын бохирдол үүсдэг гэнэ.
Газар зүйн байрлал нь ч үүнд нөлөөлдөг биз. Өндөр уулсаар хүрээлүүлсэн учир хүчтэй салхилахгүй л бол утаа униарыг туугдахааргүй шинжтэй. Яг л Лос-Анжелес шиг.
Дараа нь хүмүүсийнх нь харилцаа миний анхаарлыг татсан юм. Ачаагаа хүлээн онгоцны буудалд зогсох үед дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид үзэгдэх. Англи, Канад, Америк, Германы иргэд ч харагдана. Тэдний олонх нь ажил хэргээр яваа нь илт. Гэхдээ тэднээс илүү найрсаг, эелдэг зантай монголчууд анхаарлыг минь татаж байлаа. Ачаагаа хүлээж зогсохдоо би сэтгэл зовнин, ачаа маань бүрэн байгаа гэж зовнихоос илүүтэй нүүрэндээ инээмсэглэл тодруулсан, сэтгэл хангалуун байгаа хүмүүсийг олж харсан.
Надад төрсөн хамгийн хүчтэй, сэтгэл хөдөлгөсөн сэтгэгдэл бол хүмүүсийнх нь найрсаг, дотно, хөдөлмөрч, ухаалаг зан чанар. Харин би тэдэнд нэг лектор шиг л санагдсан байх. Гэхдээ би дахин Монголд очно оо.
Эцэст нь Улаанбаатар надад бүх талаараа Парисын эсрэг хот шиг л санагдсан. Парис надад таалагддаг. Харин хүмүүсийнх нь байдал, харилцаа нь огт сэтгэлийг минь татдаггүй. Гэтэл улаанбаатарчуудын найрсаг зан намайг соронздон татаж, харин дэд бүтцэд нь жаахан өөрчлөлт шинэчлэл хиймээр санагдлаа. Автомашины зам нь байнга л түгжирч байдаг. Гэтэл Сан Паолод бол зөвхөн гэрлэн дохионы хэсэгт л улаан гэрэл асмагц багахан түгжрэл үүсдэг. Гэхдээ Улаанбаатар Сан Паолог бодвол харьцангуй амар тайван, аюулгүй газар.
Хамгийн гол бэрхшээл нь дэд бүтцийн асуудал. Өдрөөс өдөрт эдийн засаг нь өсөж, иргэдийнх нь амьдрал элбэг хангалуун болж байгаа ч энэ хөгжлөөс дэд бүтэц нь л хоцроод байга бололтой. Бороо, цас, салхинаас болоод элгэдэн, эвдэрч сүйдсэн замын хэсэг энд хаа сайгүйг хараад дахин хэзээ ч Нью-Йоркийн замыг энхэл донхолтой байна хэмээн гомдоллохооргүй болсон.
Дэд бүтцийнх нь хөгжлийг хойш нь татаж байгаа зүйл бол мэдээж цаг агаарын эрс тэс байдал. Хэдийгээр шинээр барьж буй олон арван барилга хотод нь сүндэрлэх ч тэнд ажиллаж байгаа нэг ч ажилчныг би олж хараагүй. Аргагүй шүү дээ, тэг хэмийн хүйтэнд хэрхэн барилга барих билээ. Энд бүр намар гэхэд л барилгын ажил зогсож, хавар түүнийгээ үргэлжлүүлдэг аж. Цемент болон бетон цутгалтад агаарын хэм нөлөөлдөг учраас тэр.
Улаанбаатараас хөдөлж байхдаа би сонирхолтой, хүний хөл татардаггүй метрополис хот юм даа хэмээн бодож байлаа. Дэлгүүр, зоогийн газар, үзвэр үйлчилгээний газрууд гээд л энд өнгөрсөн болон орчин үеийн барилгууд зэрэгцэн оршино. Харамсалтай нь надад дэлгүүр хэсэж, дурсгалт газруудыг нь үзэж сонирхох хангалттай цаг байгаагүй юм. Гэхдээ би хоол нь их сайхан гэдгийг баталж чадна шүү. Энэ хотод Монгол, Япон, Герман, Солонгос, Франц гээд бараг бүхий л үндэстний хоолны газар бий. Амт муутай хоолтой газар лав таараагүй. Магадгүй хоол нь биш, хамт хооллон суугаа хүмүүс нь надад юу юунаас илүү таалагдаж байсан болохоор тэр биз.

No comments:

Post a Comment