Дэлхийн хамгийн том цөмийн эрчим хүчний цахилгаан станцуудын нэг болох Фүкүшима Дай-Ичид болсон ослоос хойш атомын цахилгаан станцын талаарх үзэл бодол дахиад л өөрчлөгдөв. Энэ нь үйлдвэржилтийн үе эхэлсэн 1950-аад оноос хойш гурав дахь удаагаа болж буй өөрчлөлт гэдгийг дурдах нь зүйтэй.
Атомын төхөөрөмжүүдийн сүйрлээс айх айдас, эрчим хүчний хэрэгцээгээ хангах гэсэн хүслийн дунд хүн төрөлхтөн цаашдаа ямар шийдвэр гаргахаа шийдэж ядан, тээнэгэлзэж, гацчихаад байна. Хирошимад болсон явдал, Хүйтэн дайны тухай аймшигт дурсамж биднийг улам л цөмийн эрчим хүчнээс болгоомжлоход хүргэж байсан бол Фүкүшимад болсон осол Зөвлөлт холбоот улсын үед гарсан Чернобил дэх дэлбэрэлтийн талаарх дурсамжийг эргэн сануулна.
Японд болсон гамшгаас авсан бидний хамгийн эхний сургамж бол цунами гэдэг замдаа дайралдсан юуг ч, тэр байтугай атомын цахилгаан станцыг ч сүйрүүлэх чадалтай байгалийн гамшиг.
Атомын цахилгаан станцуудын аймшигтай дэлбэрэлтээс өмнө энэ үйлдвэрийн талаарх бидний ойлголт арай өөр байж. Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээгээ хангах хамгийн ухаалаг гарц бол атомын цахилгаан станц гэсэн ойлголт түгээмэл байсан нь нууц биш. Хүн төрөлхтний толгойн өвчин болсон дэлхийн дулааралд хамгийн ихээр нөлөөлж буй нүүсний цахилгаан станцтай харьцуулахад атомынх хамгийн хөнөөл багатай гэх зохиомол үнэнд итгэж байж.
Учир зүйн ухаан судлаачид энэ асуудлыг хялбархан шийдэж, ямар ч зүйлд сайн, муу гэсэн хоёр тал байдгийг сануулах байх. Харин дэлбэрэлт болсон тэр аймшигт үйл явдлын үеэр учир зүйн талаас нь асуудалд хандах ухаан хэнд ч төрөхгүй байсан.
Тэр ч бүү хэл Герман, Швейцарь гэх томоохон орнууд цөмийн энергийн үйлдвэрлэлдээ хязгаарлалт хийж, цөмийн эрчим хүчийг ухаалаг гарц хэмээн үзэж байсан бодлоосоо няцаж, эдийн засагт нь нааштай нөлөө үзүүлсэн атомын цахилгаан станцууддаа яаралтай реактор нэмж барих ажлаа ч түр хойшлуулсан юм.
Атомын бөмбөгөөр л хязгаарлагдаж байсан хүн төрөлхтний цөмийн талаарх ойлголт атомоос эрчим хүч гарган авах технологи бий болсноор анх өөрчлөгдөж байжээ. Иргэд төдийгүй улстөрчид ч эрчим хүчний эх үүсвэрийн шинэ технологийн асуудлыг талархан хүлээж авч, өртөг, хор хөнөөл багатайг нь бахдан шагшиж байсан. Тиймээс тэр даруй хэдэн зуун станц барих ажилд яаравчлан оржээ. Ашигтай эрчим хүчний үүсвэр гэдгийг 2010 он гэхэд л дэлхий даяар сүндэрлээд байсан 400 гаруй атомын станц батлах биз.
Сөрөг үр дагаваргүй эрчим хүчний эс үүсвэр байхгүй гэдгийг баталсаар байхад л шинэ технологийн ололтыг сурталчилсаар л байв. Цөмийн реакторуудыг хамгийн аюулгүй, найдвартай хэмээгээд л…
Сурталчилгаа хэдий ч байсан ч 1960-аад оны сүүлчээр хүрээлэн буй орчинд анхаарал хандуулах болсноор цацраг идэвхит бодис алдагдах вий гэсэн түгшүүр нийтийн дунд бий болж, улс төрчдийн байр суурь эргэсний жишээ нь 1970 онд Америкт батлагдсан Цэвэр агаар тогтоол юм.
Удалгүй агаар мандал болон хэрэглээний усыг цэвэршүүлэх ажил өрнөж, энэ үеэр цөмийн энергийг хэрэглээнээс хасах саналтай экологичдийн тоо эрс нэмэгдсэн байна. Энэ үеэс эхлэн хүн төрөлхтөн цөмийн энергиэс дахин нүүр буруулсан юм. Цөмийн энергийг эсэргүүцэх үзэл 1979 онд болсон хоёр дэлбэрэлтээс хойш бүр ч гүнзгийрсэн байна. Америкийн Пенсилвани мужид болсон дэлбэрэлтийн тухай Жейн Фондын тоглосон “Хятад синдром” нэртэй кино хүртэл хийсэн байдаг.
Олон нийтийн энэ үзлээс болоод цөмийн энергийн үйлдвэрлэл зах зээлээс шахагдаж эхлэв. Эдийн засгийн хямралын үеэр байгалийн шатах хийн үнэ унасан нь бүр нэрмээс болох нь тэр. Магадгүй эдийн засгийн хямрал дэлбэрэлтээс ч илүү атомын цахилгаан станц шахагдахад нөлөөлсөн биз.
Цөмийн энергийн талаарх айдас түгшүүр эргэлзээ эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа гэсэн бодлыг ч дарж чадсан. Энэ үеэр Сиэрра клуб тэргүүтэй экологийн байгууллагууд цөмийн эрчим хүчний станцыг нүүрснийхээс илүү хөнөөл багатай хэмээн сануулах болов. Харин тухайн үед энэ нь ямар ч үндэслэлгүй суртал ухуулга мэт сонсогддог байж. Хэдийгээр үнэмшилгүй сонсогдох боловч ерөнхийд нь авч үзвэл атомын цахилгаан станц нүүрснийхээс аюул багатай нь үнэн юм. Гэхдээ 1986 онд Чернобилд болсон дэлбэрэлтийн улмаас энэ тайлбарыг сонсох сөхөөтэй хүн байсангүй.
Яагаад атомын цахилгаан станц сөрөг үр дагавар багатай гэж? Нүүрсээр ажилладаг станцаас хөнөөл багатай байж чадах уу?
Бид дулааны цахилгаан станц дэлхийн уур амьсгалд сөргөөр нөлөөлж буй нүүрсхүчлийн давхар исэл ихээр ялгаруулдгийг бид мэднэ. Харин атомын цахилгаан станц ямар ч давхар исэл ялгаруулдаггүй. Өнөөдөр экологичид дэлхий дээрх бүх атомын цахилгаан станц дэлбэрсэн ч агаар мандал, дэлхийн цаг уурт дулааны цахилгаан станц шиг аюул учруулахгүй гэж үзэх болсон байна. Хамгийн аюултай нь НАСА-ийн сансар судлалын хүрээлэнгийн захирал Жеймс Хансений өгүүлж буйгаар “Цолмон гаригийн синдром” буюу дэлхийн дулаарлаас болоод далайн ус ууршиж, усны уур агаар мандалд хүрэхдээ хүлэмжийн хий болж байгаа гэнэ. Ингэснээр усны уур бороо болон буух мөчлөг алдагдаж, дэлхий дээрх амьдрал мөхөх аюултай юм.
Өдгөө дэлхий нийтээр нүүрсхүчлийн хий ялгаруулалгүйгээр хангалттай эрчим хүч үйлдвэрлэдэг технологи гарган авахад анхаарлаа хандуулж байна. Одоогийн байдлаар энэ шаардлагыг хангах цорын ганц технологитой станц нь атомын цахилгаан станц. Учир нь түүхий эдийнхээ 90 хувь нь эрчим хүч болдог цорын ганц эх үүсвэр юм. Тэгэхээр нэг реактор 1000 мегаваттын түлшнээс 900 мегаваттын цахилгаан гарган авдаг гэсэн үг. Харин хор хөнөөлгүй хэмээгддэг нарны болон салхины эрчим хүчний станц тийм ч өндөр гарцтай биш. Элсэн цөлд байгуулсан станц гэхэд л ердөө 20 хүрэхгүй хувийг эрчим хүч болгох чадвартай бол, салхин цахилгаан станц 30 орчим хувийг эрчим хүч болгон үйлдвэрлэдэг.
Тэгэхээр атомын болон дулааны, шатах хийн станц шиг их хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж чаддаггүй гэсэн үг. Тиймээс эдийн засгийн хямралд өртөөд буй хэрэглээ багатай Энэтхэг, Хятадаас өөр улс орны эрчим хүчний хэрэглээг хангах чадваргүй тааруухан технологи байж таарах нь. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлж буйгаар америкчууд хамгийн их эрчим хүч зарцуулдаг үндэстнээр тодорчээ. Тэд жилд дунджаар 6700 ватт эрчим хүч хэрэглэдэг бол францчууд 3500 ватт, харин хятад хүн ердөө л 1400 ватт, африк тивийнхэн 650 ватт эрчим хүч хэрэглэдэг гэсэн тооцоо бий.
Сүүлийн жилүүдэд Хятад болон дундад Ази, Африкт эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа нь сайшаалтай зүйл юм. Учир нь дулаацаж, гэрэл гаргахын тулд нүүрс, мод түлэн амьдарч байгаа ядуу иргэд жил бүр хэдэн зуугаараа нас барж, нүүрс, модны хөө тортгоос болоод хэдэн мянгаараа өвдөж байна.
XXI зуунд эрчим хүчний асуудал дэлхийн дээрх үндэстэн бүрийн толгойг өвтгөсөн асуудал болоод байна. Үндэстэн бүр орчин үеийн хэв маягаар амьдардаг болчихвол эрчим хүчний хэрэглээ одоогийнхоос дөрөв дахин өсөх болохоор тэр. Станцуудын хүчин чадлыг нэмснээр станцын тоо цөөрөх хэдий ч, үйлдвэрүүдийн хэрэглээ ч өсөх магадлалтай. Жирийн америк хүн дунджаар 1500 ватт цахилгаан зарцуулдаг гэж тооцвол цахилгаанаар ажилладаг машин, галт тэрэг болон бусад тээврийн хэрэгслийн тоо энэ хэвээр нэмэгдэл эрчим хүчний хэрэглээ долоо дахин өснө гэсэн урьдчилсан тооцоо бий.
Эрчим хүчийг хэрхэн үйлдвэрлэдэг юм бэ?
Газар хөдлөлтийн нөлөөгөөр үүссэн далай, тэнгисийн усны асар том давалгааг Япон хэлэнд цунами гэдэг. Байгалийн энэ гамшгийг яагаад заавал япон хэлээр нэрлэсэн юм бэ гэж үү? Энэ улс мянган жилийн турш цунамид нүдүүлсэн арвин их туршлагатай болохоор тэр. Японы эрэг орчим амьдрах нь олон давуу талтай ч, үерийн аюул байнга заналхийлж байдаг аюултай бүсэд тооцогддог. Тэд цунамигийн аюулыг сайн мэднэ. Тиймдээ ч инженерүүд нь сургууль, эмнэлэг, орон сууцнуудаа, тэр ч байтугай атомын цахилгаан станцаа цунамид тэсвэртэй байхаар бодож, барьжээ.
Фүкүшима Дай-Ичигийн барилгын хувьд орчин үеийн атомын станцуудтай харьцуулахад тэсвэрлэх чадвар багатай, 5.7 метр цунамиг л тэсвэрлэх чадвартай аж. Харин энэ онд болсон цунами 29 метр өндөр, яг л 1933 онд болсон аймшигтай цунамитай адил байж л дээ.
Бидний мэдэж байгаагаар Фүкүшимад болсон цунамигийн үеэр атомын станцын хөргөлтийн систем гэмтсэний улмаас дэлбэрсэн. Атомын цахилгаан станц бол сургууль, эмнэлэг шиг гамшгийн үед нүүлгэн шилжүүлж болдоггүй зүйл, бас цунамид тэсвэртэй станц барих боломжгүйг энэ цунами бидэнд сургасан.
Харин германчууд энэ үеэр огт өөр сургамж авчээ. Германд цунамигийн аюул нүүрлэхгүй боловч тус улсын Засгийн газар өнгөрсөн зун долоон реакторын үйл ажиллагааг 2022 он хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Тэд арван жилийн өмнө цөмийн эрчим хүчнээс татгалзаж байсан ч бүрмөсөн татгалзахаар төлөвлөөгүй байсан юм. Харамсалтай нь бүх реактороо зогсоочихвол нүүрстөрөгчийг багасгах оролдлого нь бүтэлгүйтэх болов уу. Мэдээж тэд огт өөр гарц олж салхи, эсвэл нарны эрчим хүчийг ашиглахаар шийдэж болно л доо. Хүчин чадал өндөртэй томоохон станц барьсан ч шөнийн цагаар, салхигүй тогтуун үед Франц, Польш, Орос гэх мэт гаднын орнуудаас эрчим хүчээ экспортолно гэсэн үг үү. Атомын станцаас зугтахдаа эрчим хүчээ гадаадаас худалдан авна гэдэг оновчтой шийдвэр мөн гэж үү?
Герман бол өндөр хөгжилтэй орон учир нь иргэд нь нарны эрчим хүч ашиглаж байгаагийнхаа төлөө илүү татаас өгч мэдэх л юм. Гэхдээ мөнгө бол цөмийн эрчим хүчнээс татгалзсаныхаа төлөө өгөх олон зүйлийн ердөө л нэг нь. Хэрэв тэд атомын цахилгаан станцаас бүрмөсөн татгалзвал нүүрсхүчлийн хий дэлбэрэлтээс ч аймшигтай аюул авчирч мэднэ. Гэхдээ тэр аюул нь зөвхөн Герман төдийгүй бусад орны экологид ч нөлөөлнө. Тэдний сонголтын үр дагавар зөвхөн өөрсдөд нь хамаатай биш гэдгийг тэд ойлгох байх гэж найдъя.
Бид хэрэглээ болон айдсынхаа алийг нь дагахаа мэддэг болчихвол ирээдүйд цөмийн эрчим хүчийг сонгох эсэхээ хялбархан шийдэж чадна. Одоохондоо германчуудын хувьд нүүрсхүчлийн хий арай аюул багатай санагдаж байх шиг байна.
Гэхдээ сүүлийн хэдэн сарын туршид Бразил, Өмнөд Африк, Саудын Арабын улсууд атомын цахилгаан станц барих шийдвэр гаргаад байна. Бүр тэдний 16 нь зөвхөн Саудын Арабад баригдах юм. Тэднээс гадна Энэтхэг, Хятад тэргүүтэй орнууд цөмийн энергийг чулуун нүүрс шатааснаас хөнөөл багатай хэмээн үзэж, хэрэглэсээр байхаа мэдэгдээд байна.
No comments:
Post a Comment