Thursday, January 12, 2012

“Их утаат манан” давтагдахаас урьтаж…


1943 оны долдугаар сарын 26. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Лос-Анжелес хот халдлагад өртлөө. Гэхдээ энэ халдлага харийн түрэмгийлэгчдийнх биш, дотоодынх. Тэгэхдээ бүр Лос-Анжелесчуудын өөрсдийнх нь тарьсан хэрэг байж. Чулуун нүүрс, дизелийн замбараагүй хэрэглээ, хогоо ил задгай шатаах гэх мэт тэдний үйлдэл утаат манан үүсгэж, гурван байшингийн цаадах зүйлс харагдахгүй болтлоо бүүдийж, иргэдийнх нь хоолой хорсон, нүд нь аргаж өнжсөн байдаг. Зуны дунд сард болсон аймшигт манан Калифорни мужийн удирдлагуудад утаатай тэмцэх цаг болсныг сануулж, аюулын харанга дэлдсэн байна. Тэр цагаас хойш тус муж утаатайгаа хагас зуун жил тэмцэж байна. 
Гэхдээ хүн төрөлхтний утаатай хийх тэмцэл дөнгөж XX зуунд эхэлсэн юм биш. Бүр XIV зуунаас эхэлсэн болохыг түүхэн сурвалж бичгүүд баталдаг. 1306 онд Английн хаан Эдвард чулуун нүүрсний  хэрэглээг хориглосноор энэ дайн эхэлсэн гэдэгт түүхчид санал нэгддэг. Гэхдээ л энэ шийдвэр он цаг улирахын хэрээр мартагдаж, хариуг нь Лондончууд 1952 онд эмгэнэлтэйгээр нь хүртэх нь тэр. 
1952 оны арванхоёрдугаар сарын 5-нд “Их утаат манан” хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн утаат манан Лондоныг бүрхэн авах нь тэр. Үйлдвэржилт эрчээ авч, хүнд үйлдвэрүүд бүтээгдэхүүний зэрэгцээ агаарын бохирдол үйлдвэрлэж байх үед иргэдийн замбараагүй нүүрсний хэрэглээ ч үүнд нэрмээс болж. Хөгшин Европын томоохон хотуудын нэгийг бүхэлд нь нөмрөн авсан энэ утаат манан таван өдөр үргэлжилж, энэ үеэр тус хотын 4000 гаруй иргэн амь үрэгдсэн нь түүхэн дэх хамгийн их балаг тарьсан утаатай манан болсон байна. Гэхдээ утааны уршиг үүгээр зогссонгүй. Манангийн үеэр утаанд хордож уушги нь үрэвсэн эмнэлэгт хэвтсэн хэдэн мянган лондончууд ар араасаа үйлдвэржилтийн эриний золиос болсоор байв. Удалгүй их манангийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 12 мянга болж өслөө. Золгүй золиос бологчдын олонх нь хүүхэд хөгшчүүд, архаг өвчин хуучтай хүмүүс байсан бөгөөд тэдний дунд ганц нэг хүн үл үзэгдэх орчин үүссэний улмаас голд унаж амь эрсэдсэн залуус ч байсан хэмээдэг. 
Дэлхийн түүхэнд хараар бичигдэж, Лондон төдийгүй Европ тивийнхэнд мартагдашгүй сануулга өгсний дараа л британичууд утаатай эрчимтэй тэмцэж эхэлжээ. Угтаа агаарын бохирдол, утаат манангийн асуудал гэнэтхэн үүсчихсэн юм биш. Бүр XIX зуунд Европын хотуудад сануулга өгөөд л байж. 1892 онд Лондонд болсон утаат манангийн үеэр 1000 хүн амь үрэгдсэн ч, хотын удирдлагууд утаатай тэмцэх дорвитой алхам хийсэнгүй. 1930 онд Бельгийн нэгэн хотод мөн л утаат манан болж 60 хүн нас баран, мянга мянган хүн эмнэлэгт хэвтлээ. Энэ мэтчилэн Европ болон Хойд Америкийн хотууд удаа дараалан халдлагад өртсөөр л байв. Эцэст нь арайхийн ухаарсан англичууд утааны эсрэг дайнд зарлан, ялалт байгуулсан байна. 
1956 онд баталсан агаарын бохирдлын эсрэг “Цэвэр агаар” акт ёсоор Лондонд утаагүй бүс тогтоон, тус бүсэд чулуун нүүрс түлэхийг хориглож, шатдаг хий гэх мэт бусад утаагүй шатах түүхий эдээр нүүрсийг орлуулах болсон нь хамгийн их үр дүн өгсөн арга болов. Гэхдээ иргэдээс чулуун нүүрс түлэхгүй байхыг гуйх биш шаардаж, уг тогтоолыг зөрчсөн иргэдийг торгох, цаашилбал хотоос хөөх хүртэл арга хэмжээ авч чадсанаар утааны асуудлыг ихээхэн хөнгөлсөн байна. Мэдээж агаарын бохирдол үйлдвэрлэгч хүнд үйлдвэрүүдэд ч энэ шаардлага хамаарна. Удалгүй тухайн үед цэцэглэж байсан үйлдвэрүүдэд тавих хяналтаа чангатгаж, ирэх онуудад барихаар төлөвлөөд байсан ихэнх үйлдвэрийн төслийг цуцалж, хот дотор байрлах дулааны цахилгаан станцуудыг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Асуудлыг тэр даруй шийдэж чадсан англичуудын жишгээр хөгшин Европын манантсан хотууд утааны эсрэг тэмцэн үр дүнд хүрсэн байна. 
Харин хойд америкчууд утаа хэмээх аймшигт гамшигтай арай өөр аргаар тэмцэж эхэлжээ. Дээр дурдсан ёсоор тэдний тэмцэл Европчуудынхаас хожуу эхэлсэн ч үр дүн багатай, үргэлжлэх хугацаа урттай болсон гэж эрдэмтэд дүгнэдэг. Америкчууд төдийгүй Канад, Мексикийн эрх баригчид ч “Цэвэр агаар” акт баталж, агаарын бохирдолтой өөр өөрсдийн аргаар тэмцэж эхэлсэн. Тэд агаарын бохирдлын шалтгааныг тогтоох судалгааны байгууллагууд байгуулж, судалгаа ёсоор хүн төрөлхтний бүтээсэн гамшигтайгаа дайтжээ. Юуны өмнө үйлдвэрүүдэд хяналт тавихын зэрэгцээ иргэдийг ил задгай хогоо шатаахыг хориглож, хотын хогийг устгах асуудалд анхаарал тавьсан байна. Мөн агаарын бохирдолд нэмэр болж буй автомашинуудын утаанд хяналт тогтоожээ. Шаталт бага, утаа тортог ихтэй дизель түлшний хэрэглээг багасгаж, том оврын тээврийн хэрэгслүүдэд шинэчлэлт хийв. Тэмцэл үүгээр зогссонгүй. Автомашин үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулж, этилгүй шатахуунаар ажилладаг машин зах зээлд нийлүүлэн, цаашид цахилгаанаар ажилладаг машин үйлдвэрлэх үүрэг даалгавар өгчээ. Мэдээж их тэмцэл тодорхой нөлөө үзүүлсэн ч төлөвлөж байсан шиг амжилтад хүрсэнгүй. 
1956 онд 1000 хүн, 1962 онд 750 хүний аминд хүрсэн утаат манан дахиад л дэгдсэн хэдий ч 1960-аад оноос эрчимтэй хэрэгжүүлсэн Утаагүй бүс төслийн ачаар дахин үхлийн уршигтай манан Европын хотуудад үүссэнгүй. 
Харин Америкт байдал улам л хурцдав. Нью-Йорк хотыг 1953 онд бүрхэн авсан манан 260 хүнийг хөнөөж, 1966 онд агаарын бохирдлыг улмаас 168 нью-йорчууд нас баржээ. Нью-Йорк хотноо удаа дараалан 1963, 1966 онд болсон утаат манангийн үеэр хүмүүс хэдэн зуугаараа амь үрэгдэв. Экологийн асуудал дэлхий дахины сэтгэлийг түгшээх болж, үйлдвэржүүлэлтэд биш байгаль орчны асуудалд анхаарал хандуулах болсноор гамшигт манангийн асуудал хөгжингүй орнуудад дахин айлчилсангүй. Харин одоо эл асуудал Зүүн Ази дахь буурай орнуудын толгойн өвчин болоод байна. Гэхдээ л Хойд Америк утаа, агаарын бохирдлын асуудлаас бүрэн ангижирч чадсангүй. Ялангуяа Калифорни муж, Мексикийг энэ асуудал зовоосоор л байна. Утаагаараа алдартай Лос-Анжелес хотод гэхэд л жил бүр 9600 хүн агаарын бохирдлоос болоод хорвоог орхиж байгааг тус хотын агаарын чанарын албаныхан мэдээлжээ. Сонирхолтой нь Улаанбаатар шиг утааны асуудалд нь газарзүйн байршил, агаарын солилцоо муутай нь нөлөөлдөг тус хотод жил бүр машины ослоос болж 3200 хүн нас бардаг гэнэ. Тэгэхээр утаат манангийн аюулаас аврагдсан ч, агаарын бохирдол чимээгүй дайн хийсээр л байгааг тоо баримт нотолж байна. 
Автомашины түлшийг шинэчилж, ил задгай хог шатаахыг хорьсон төдийхнөөр агаарын бохирдолтой тэмцэх боломжгүй болсныг америкчуудын тавин жилийн “дайн” бидэнд анхааруулж байна. 
Нөгөөтэйгүүр хүн амын нягтшил агаарын бохирдолд шууд нөлөөлдгийг агаарын бохирдолтой тэмцэгч эрдэмтэд сануулах болсон. Тиймдээ ч хөгжингүй орнууд, ялангуяа хэдэн саяар тоологдох хүн амтай томоохон метрополис хотын удирдлагуудад агаарын бохирдолтой тэмцэхийн тулд хүн амын тоо, нягтшилд анхаарах ёстойг сануулах болсон. Хагас зуун жилийн турш утаатай нөхөрлөж буй Лос-Анжелес хотыг ч өндөр уулсаар хүрээлэгдсэн гэх шалтгаанаас гадна жил бүр хэдэн зуун мянгаар нэмэгдэж буй хүн амын тоо нь агаарын бохирдолд ихээр нөлөөж байгаа гэнэ. 
Зуун жилийн өмнө британчуудыг ч энэ асуудал зовоож байж. Хүн амын өсөлт эдийн засагт шууд нөлөөлдөг сайн талтай ч, хот төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж, цаашилбал агаар, ус, хөрсний бохирдолд хамгийн их нөлөөлж байсныг соргог эрдэмтэд анзаарчихаж. XIX зууны эхээр Британийн хүн амын 20 хувь нь нийслэл хотдоо оршин сууж байсан бол хэдхэн жилийн дотор нийслэл рүү хөлхөх нүүдэлчдийн цуваа үүсэж, 1851 онд хийсэн тооллогоор тус улсын хүн амын тал хувь нь Лондонд шавааралдан суух болжээ. Бас л яг Улаанбаатар шиг. Тус хотын агаарын бохирдлын шалтгаан олон зүйлээрээ манай нийслэлтэй адилхан. Газар зүйн хувьд нам дор газар байрладаг тул, салхи багатай, тэр агаарын солилцоо муу, нөгөөтэйгүүр чулуун нүүрсний замбараагүй хэрэглээ, ДЦС-уудын утаа хотыг утаж байж. Ингээд л хотын удирдлага утаа бүс тогтоож, тэнд чулуун нүүрс хэрэглэсэн хүмүүсийг хотоос хөөх хүртэл арга хэмжээ аван асуудлыг шийдчихэж. Тэгэхдээ бүр иргэдийн нийслэл рүү чиглэсэн их нүүдэл болон орчны бохирдол гэх хоёр ч туулайг нэг сумаар буудсан хэрэг. 
Тэгэхээр хүн төрөлхтний хэдийнэ даван туулсан түүх, арга туршлагаас харахад бидэнд хоёр л зам үлдэж. Утаатай тэмцэх нэрийдлээр энэ хэвээр илсээр байх уу, эсвэл “Их утаат манан” давтагдахаас урьтаж, хөгшин Европын жишгээр хүн төрөлхтний үүсгэсэн гамшигтай зоригтойгоор дайтах уу?

No comments:

Post a Comment