Thursday, December 1, 2011

Л.Паваротти: Би усанд орж байхдаа ч дуулж л байдаг


Түүн шиг сайн тенор өнөөг хэр нь төрөөгүй л байна гэвэл маргах хүн үгүй биз ээ. Тиймээс “Өнөөдөр” алдарт дуучин Лучиано Павароттигийн амьд ахуйдаа өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. 
Тэрбээр анхны цомгоосоо хойш 15 жил завсарласны эцэст “Ti Adoro” нэртэй шинэ цомог худалдаанд гаргах гэж байхад нь Ларри Кинг зочноороо урьжээ. 

-Яагаад 15 жилийн дараа цомог гаргахаар шийдсэн юм бэ? 
-Би шинэ цомог гаргах талаар урьд өмнө нь огт бодож байсангүй л дээ. Охин минь гэнэтхэн Нью-Йоркод ирээд “Аав аа, та энэ дууг дуулах хэрэгтэй” гээд л нэг дуу өглөө. “Caruso” хэмээх тэр дуу ч надад таалагдсан юмм. Үүнээс л бүх зүйл эхэлсэн дээ. “Caruso” бол нэлээн эртний дуу. Гэхдээ би энэ дууг дуулж л…
-Дуунуудаа шинэчлэн гаргасан нь ямар учиртай вэ? 
-Мэдэхгүй ээ..
-Муу дуулсан болохоор засч, шинэчилсэн хэрэг үү? 
-Үгүй дээ. Зөвхөн надад зориулан бүтээсэн болохоор хэн ч эдгээр дуунуудыг дуулаагүй юм.
-Тэгэхээр хөгжмийн найруулгыг нь л шинэ стилээр найруулан зассан байх нь ээ? 
-Тийм ээ. Поп стилд хөрвүүлсэн байгаа.
-Танд поп стилээр дуулах таалагдав уу? 
-Маш их. Бүр гайхалтай санагдсан.
-Яагаад?
-Өмнө ярьсанчлан эдгээр шинэ хөгжмийн найруулгыг зөвхөн надад зориулан миний хэзээ ч заалгаж, сурч байгаагүй хэв маягт оруулан бичсэн. Поп урсгалыг дуурийн дуутай хослуулж. Тиймээс би хэд хэдэн тенороос зөвлөгөө авч, багагүй судалгаа хийсний эцэст дууллаа. Урьд өмнө хэний ч хийж байгаагүй зүйлийг хийсэн гэж бодож байна. Дуунуудын сонголт ч сайн хийгдсэн.
-“Ti Adore” гэдэг нь ямар утгатай үг вэ? 
-“Чамайг хайрлахуй” гэсэн утгатай. Охиндоо зориулан гаргасан болохоор ингэж нэрлэсэн. Үүгээрээ би охиндоо ямар их хайртай, тэр минь миний хувьд ямар үнэ цэнэтэй болохыг илэрхийлж байгаа юм.
-15 жилийн дотор дуу бичих арга тэс өөр болсон байгаа биз? Гэвч танд хуучны амьдаар дуулдаг бичлэг нь илүү санагдав уу? 
-Үгүй дээ. Дуу бичих арга үндсээрээ өөрчлөгдсөн байна. Нэг дууг хоёр, гурав тасалж бичүүлдэг болж. Сүүлд нь түүнийгээ эвлүүлчихдэг юм байна. Сэтгэлдээ нийцтэл, эсвэл тааруухан дуулсан бол илүү сайхан дуулж, засуулсан ч болно. Нэг ч алдаа гаргаж болдоггүй урьдны арга ул болсон байна.
-Уран бүтээлийн амралт авах гэж байгаа тань үнэн үү? 
-Нэгэнт энэ асуултыг тавьсан болохоор тийм л гэж хэлье дээ. Хэрэв бид хоёр жилийн дараа уулзаж, чи энэ асуултаа тавьсан бол би “Үгүй” гэж л хариулах байлаа.
-“Тайзаа санана даа” гэж бодогдохгүй байна уу? 
-Мэдэхгүй юм даа. Би усанд орж байхдаа ч дуулж л байдаг. Би уран бүтээлийн амралт авч үзээгүй болохоор хэлж мэдэхгүй байна.
-Дуучны нас дуулах чадварт нөлөөлдөг үү? Би Синатра, Тони Бэннет зэрэг олон дуучидтай ярилцлага хийж байхдаа энэ тухай асууж байсан л даа. Тэд бүгд л “Нас ахих тусам туршлага сууж, илүү сайн дуулдаг болдог” гэж хариулж байсан. 
-Тийм шүү. Зарим зүйл дээр туршлага сууж илүү сайжирдаг байхад, зарим чадвар аажмаар үгүй болдог. Хүн бүрт энэ байдал харилцан адилгүй байдаг байх. Өнгөрсөн жил аав минь нар барлаа. Гэхдээ тэр сүүлийн өдрөө ч сайхан дуулж байсан. Би аавыгаа дууриах сан гэж боддог юм. Ямар ч байсан тайзнаа гарахгүй юм аа гэхэд гэртээ, өрөөндөө дуулсаар л байх болно.
-Дуучны хувьд таны сайн чаддаг байсан атлаа өнөөдөр чадахаа больсон тийм зүйлс бий юү? 
-Намайг урлагт хөл тавьж байх үед дуурийн дуу одоогийнх шиг байгаагүй л дээ. Би “Puritannes”, “Favorita”-г дуулдаг байлаа. Дуулахад тун хэцүү, бүр таны төсөөлж байгаагаас ч хүнд байлаа.
-Харин одоо тэднийг хангалттай сайн дуулж чадахгүй байгаа байх нь ээ? 
-Тийм ээ.
-Ам барьчихаж болно биз дээ? 
-Болохгүй ээ. Урлаг гэдэг чинь хамгийн шударга шүүгчтэй салбар байгаа юм. Энд чи хэнийг ч хуураха аргагүй. Өөрийн чадвараа л гаргаж байвал, тайзнаа илүү удаан амьдрах болно гэсэн бичигдээгүй хуультай.
-Та хэдийнээс дуулж чадна гэдгээ мэдэрсэн бэ? 
-Би дөрөвтэй байхдаа л ширээн дээр үсэрч гараад “Аав минь тенор болохоор би ч бас бяцхан тенор” гээд л дуулж гардаг байсан гэдэг.
-Харин мэргэжлийн дуучны хувьд…
-18 настай байхдаа би нэг эсвэл хоёр доллараар энд тэндхийн тоглолтуудад оролцдог байлаа. Харин 1961 оны дөрөвдүгээр сарын 29-нд оркестртой хамт анхны дуугаа дуулж билээ. Миний хувьд энэ өдөр дунд сургуулийн багш Паваротти тенор болсон мартагдашгүй өдөр байсан юм.
-Мартагдашгүй дурсамжаа бидэндтэй хуваалцаач. 
-Анх удаа оркестртой дуулах гэж байгаа болохоор удирдаачаас нь их л эмээж билээ. Тэр үдшийн үйл явдал, хүмүүсийн хэлсэн үг бүрийн би өчигдрийн юм шиг л тод санадаг. Бүтэн сарын турш бэлтгэл хийсэн ч бшх зүйл нь цоо шинэ мэт санагдаад л… Анхны юм бүхэн тийм л байдаг шүү дээ. Гэхдээ би найрал хөгжимчидтэйгээ баг болж чадсан байсан.
-Тэгээд тоглолт амжилттай болсон уу? 
-Амжилттай. Гэхдээ тухайн үед сэтгэл хөдлөлөө огт илэрхийлээгүй. Тэгэхээс ч аргагүй. Хүн бүр л теноруудыг даруу, төлөв байхыг шаарддаг юм.
-Юу таныг ийм алдартай болгосон юм бэ? Дэлхи дахин Павароттиг мэддэг шүү дээ. 
-Яг хэдийнээс дэлхий дахин Паваротти гэгч этгээдийг таньдаг болсныг би огт мэддэггүй юм. Гэхдээ Стефаногийн Лондон дахь тоглолтын үеэр хэн ч намайг мэддэггүй байсныг тод санаж байна. Стефано тоглолтоо цуцалж, би оронд нь тоглосон ч тухайн үед зөвхөн Стефаногийн тухай мэдээлэл сонинуудад гарч билээ.
-Та яагаад фэнүүддээ захидал бичсэн юм бэ? “Тоска” тоглолтоо цуцалснаас багагүй шүүмж сонсож байсныг тань санаж байна. 
-Тэд намайг тэнэг, мулгуугаар дуудаж байсан. Гэхдээ би түүнийг өөрчилж чадахгүй л дээ. Тоглолтоо цуцлаагүй байсан ч тэд муу дуулахыг минь хараад бас л тэгж “цоллох” байсан.
-Та өвдөгний хагалгаанд орсон байх аа? 
-Таван жилийн өмнө.
-Одоо тэгээд хөл тань сайн байна уу? 
-Маш сайн.
-Та дандаа л найгаж яваа харагддаг. Жингийн илүүдлээс тэр үү? 
-Би хоёр ч удаа дөчөөд кг хасаж байсан. Та төсөөлж байна уу? Хоёр удаа шүү дээ.
-Та жин ихтэй байхдаа сайн дуулдаг юм уу? 
-Үгүй дээ. Зарим хүмүүс турахыг хүсдэггүй. Түүний л адил. Би тийм ч тарган биш шүү дээ.
-Та дэлхий дахинд алдартай. Бүхий л шар сонинууд таны тухай мэдээллээр хуудсаа дүүргэдэг. Хүн бүр таны хувийн амьдралыг сонирхдог. Та хэзээ нэгэн цагт энэ бүхэн яагаад имй болчихов гэж бодож байсан уу? 
-Үгүй. Давташгүй дүр төрхтэй болохоор ч тэр байж мэдэх юм.
-Та жаргалтай байна уу? 
-Маш их.
-Николетта таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ? 
-Бүхэлд нь. Тэр минь надад хөөрхөн охин төрүүлж өгсөн.
-Та хоёр яаж танилцсан юм бэ? 
-“Паваротти ба түүний найзууд” тоглолтод минь хамтарч ажилласан юм. Хөтлөгчөөр ажилласан л даа. Биднийг танилцуулахад би зүгээр л “За за, ажлаа сайн хийгээрэй” гэж хэлсэн ч, дотроо “Ямар сайхан, эелдэг, авьяаслаг бүсгүй вэ” гэж бодож байсан. Тэгээд л дурлачихсан.
-Гэхдээ гэрлэлтээ цуцлуулах гэж нэлээд хөөцөлдсөн байх аа? 
-Тийм ээ.
-Энэ байдал ажилд чинь хэрхэн нөлөөлсөн бэ? 
-Хэсэг хугацаанд байдал их хүнд болсон. Би өөрөө өөрөө ийм байдалд оруулчихсан болохоор нэлээн шаналж байлаа. Эхнэрээ бүр ч илүү зовоосон гэдгээ ч мэдэж байна.
-Николетта та хоёр гэр бүлээ батлуулсан уу? 
-Үгүй. Бид өнөөдөр л энэ тухай ярилцлаа. Охиноо адислуулах үеэр хуримаа ч бас хийх төлөвлөгөөтэй байна.
-Энэ жил үү? 
-Энэ жил.
-Охиныг тань хэн гэдэг вэ? 
-Алис.
-Би удахгүй 70 хүрэх ч хоёр жаахан хүүтэй. Тэд минь 3, 4 настай юм. Ийм насандаа хүүхэдтэй болох ямар санагдаж байна вэ? 
-Яг тань шиг би охиныхоо хувьд аав нь ч, өвөө нь ч болсон. Гэхдээ яг л тэр хэрээр охиноо хоёр дахин илүү хайрлаж, хоёр дахин илүү анхаарал тавьдаг.
-Таны нэг хүүхэд эндсэн бил үү? 
-Тийм ээ. Алис минь ихэр байсан юм.
-Аав тань дуучин байсан болохоор танд их л нэмэртэй байсан байх даа. 
-Тэгэлгүй яах вэ. Бүр анхнаасаа л надад тусалдаг байлаа. Ээж минь ч тун мэдрэмжтэй хүн байсан болохоор тэдний хэн хэн нь л намайг дуучин болоход нөлөөлсөн.
-Аав тань таныг өөрөөсөө илүү сайн дуучин гэдгийг хүлээн зөвшөөрдөг байсан уу? 
-Бага зэрэг л. Гэхдээ аав минь надаас ч илүү сайхан хоолойтой хүн байсан.

No comments:

Post a Comment