Wednesday, December 14, 2011
Мэжик Жонсон: Зодог тайлаагүй байсан бол Ларриг заавал цохих байлаа
“Би Хүний дархлал хомсдын вирусын халдвар авсан. Тиймээс “The Lakers”-ээс гарч, зодог тайлж байна. Сагсан бөмбөгөө их үгүйлнэ дээ. Гэхдээ одооноос ДОХ өвчинтэй тэмцэх ажилд гар бие оролцоно” гэх мэдэгдэл олон хүнийг цочирдуулж байсан. Домогт сагсан бөмбөгч Мэжик Жонсоны зодог тайлах тухайгаа хийсэн хэвлэлийн бага хурлаас хойш 20 жил өнгөрчээ. Түүнийг Пирс Морган нэвтрүүлэгтээ урьж, биеийн байдал болон өвчнийх нь тухай ярилцсан байна.
-Бас нэгэн амьд домог бидэнтэй ярилцахаар ирээд байна. Их спортыг орхих болсон тухайгаа болон ДОХ хэмээх аймшигт өвчин туссанаа 20 жилийн өмнө зарлаж, энэ өвчний талаарх огт өөр ойлголтыг бидэнд өгч байсан хүн бол Мэжик Жонсон. Уг хэвлэлийн бага хурлаас хойш тэрбээр ДОХ-ын халдвар тээгчдэд туслах компанит ажлын элч төлөөлөгч болон ажиллаж байгаа юм. Ирвин Мэжик Жонсон студид маань тавтай морил.
-Нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа.
-Таны 20 жилийн өмнө хийсэн хэвлэлийн бага хурал онцгой болж чадсан. Дэлхийн даяар хэдэн мянган хүн уг хурлыг үзэн цочирдож байсныг би тод санаж байна. Тухайн үед ДОХ-ын талаарх ойлголт бүрхэг, ихэнх хүн үүнийг ичгүүртэй өвчин гэж үздэг байсан. Бас уг мэдэгдлийн дараа хүмүүс таныг хэдэн сар эсвэл хэдхэн жилийн настай гэж бодох болсон. Гэтэл 20 жил өнгөрсөн атал та энд эсэн мэнд сууж байна. Тэр ч байтугай тун эрүүл чийрэг харагдаж байна шүү.
-Намайг бурхан ивээсэн юм. Эмчилгээ ч үр дүнгээ өгсөн. Мэдээж хөгжөөн дэмжигчид, эхнэр, хүүхдүүд маань өнгөрсөн хугацаанд надад их тусалсан. 20 жилийн өмнө хүмүүс намайг цаазаар авахуулсан ял сонссон юм шиг л хүлээж авч байлаа. Харин би 20 жилийн дараа ингээд сууж байхын тулд их зүйлийг хийсэн. Хамгийн гол нь вирусээр халдварласан гэдгээ эрт мэдсэн маань миний амьдралыг аварсан юм. Цаг үргэлж надтай хамт, миний төлөө байсан эмч нартаа баярлалаа.
Шинжилгээгээр вирусын халдвар авсан гэдгийг эрт тогтоосны дүнд эмчилгээ ч үр дүнгээ өгсөн. Тиймээс л би хүмүүсийг байнга шинжилгээ өг гэж уриалаад байгаа юм. 20 жилийн өмнө ДОХ-той өвчтөнүүдэд зориулсан нэг л эм байдаг байсан бол одоо тэдний насыг нь уртасгах 30 гаруй нэр төрлийн эм гараад байна.
-ДОХ-ын вирус тээгчдийн амьдралын талаар хүмүүс тэр бүр мэдэхгүй. Эмээ зааврын дагуу уугаад л байвал амьдрах боломжтой гэсэн үг үү. Ийм олон жилийн турш аймшигт өвчинд ялагдахгүй явж байгаагийн нууц нь юу вэ?
-Юуны өмнө эмээ өдөрт удаа уух ёстой байдаг юм. Түүний хажуугаар хөдөлгөөний идэвхтэй байдал дархлааг сайжруулдаг. Тиймээс би эм уухын зэрэгцээ аль болох хөдөлгөөнтэй байхыг хичээдэг. Тухайн зүйлд чин сэтгэлээсээ итгэж чадаж байгаа эсэхээс үр дүн нь шалтгаалдаг гэдэгт би итгэдэг. Эмчилгээний тухайд энэ асуудал бүр ч илүү нөлөөтэй. Олонх хүн халдвар авсан л бол үхлийн ял сонссон мэт биеэ гаргуунд нь хаяж, эдгэнэ гэдэгт итгэхээс татгалздаг. Харин би эхний өдрөөс эхлэн эдгэнэ гэдэгтээ итгэх болсон.
Тэр ч байтугай би эмчдээ “Би халдвар авсан ч гэсэн урт удаан хугацаанд амьдрах болно” гэж хэлж билээ. Эмч маань надад эмээ сайн ууж, бүх зүйлийг ном ёсоор хийвэл эдгэх боломжтой гэж сануулсан болохоор тэр. Энэ л миний бодлыг үндсээр нь өөрчилж, эдгэнэ, бүхнийг өөрчилж чадна гэх итгэлтэй болгосон. Түүнийг тэгж хэлэхээс өмнө би өвчинтэйгөө тэмцэх биш, эвлэрээд байсан. Би амьдралд хайртай болохоор, олон жил нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар амьдрахын төлөө хичээсэн.
-Арванхоёрдугаар сарын нэгэн бол ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдөр. Та олон нийтэд хандан юуг анхааруулмаар байна вэ?
-ДОХ-ын аюул бүрмөсөн алга болчихсон юм биш шүү гэдгийг л хүмүүст сануулмаар байна. Ялангуяа африк гаралтай америкчуудын дунд энэ өвчний тархалт их байна.
Би 20 жилийн өмнө дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүмүүст хандан яаралтай шинжилгээ өгөхийг уриалж байсан. Сүүлийн үед ХДХВ-ээс эмээх бүх нийтийн айдас намжиж, энэ өвчний эсрэг тэмцэх тэмцэл ч унтаа байдалд ороод байна. Гэхдээ ДОХ үхлийн аюултай өвчин хэвээр байгаа тул хүмүүсийг “сэрээх” хэрэгтэй.
Одоогоор вирус эсэргүүцэх чадвартай эм бэлдмэл гараагүй л байна. Тиймээс бид байнга шинжилгээ өгч, бас өвчтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзэлтэй нийтээр тэмцэх ёстой. Учир нь ДОХ-ын вирусээр халдварласан хүмүүсийг гадуурхах үзэл амь бөхтэй зууралдсаар л байна.
Хамгийн гол нь халдвар авсан хүмүүст дархлааг нь сайжруулах эмийг өгөх асуудалд анхаарал хандуулах шаардлагатай.
-Таны яриаг сонсож суухад эрч хүчээр дүүрэн байгаа тань мэдрэгдэж байна. Таныг зодог тайлснаас хойш сагсан бөмбөгийн спортод тасралтгүй 20 жил зүтгэсэн Шакил саяхан зодог тайллаа. Их спортыг орхихын зовлонг та сайн мэднэ. Та түүнийг үргэлжлүүлэн тоглоосой гэж бодож байна уу?
-Шакил бол гайхалтай сайн тамирчин. Тэр бол сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн сонирхолтой гол тоглогч гэж боддог. Тамирчдад хэзээ ч зодог тайлахгүй юм шиг бодож явах үе байдаг. Би ч тэдний л нэг байсан. Хэрэв би ийм өдөр хэзээ нэгэн цагт ирнэ гэдгийг ухаарсан бол… Харамсалтай нь би боловсрол нимгэн болохоор ирээдүйн талаар бодолгүй явж.
Зодог тайлах шийдвэр гаргаснаа би зөв алхам гэж боддог. Түүний ачаар л би өнөөдөр эсэн мэнд эхнэр хүүхдүүдтэйгээ хамт байна. Түүний ачаар л энэ өвчний вирус миний дархлалын системийг гэмтээж чадахгүй байна. Хэрэв би тухайн үед төлөвлөсөн 82 тоглолтдоо оролцохоор шийдсэн бол вирус дархлааг минь үгүй хийх байсан гэж эмч нар хэлсэн.
-Тухайн үед та дэмжигчдээ багагүй цочирдуулсан. Харин бусад хүний зүгээс таныг гайхашруулсан үйлдэл гаргасан хүн бий юү?
-Амьдралын минь сүүлчийн өдөр ирсэн юм шиг л санагдаж байсан учраас намайг шүүмжлэхээс илүүтэй бүгд л сэтгэлийн дэм өгч байсан. Харин NBA-д эргэн орох хүсэлт тавихад хэд хэдэн тоглогч эсэргүүцсэн нь намайг цочирдуулсан. Тэд надтай хамт тоглохыг хүсэхгүй байна гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ түүнээс илүүтэй ойр тойрныхон гэлтгүй гудамжинд тааралдсан хүмүүс хүртэл намайг дэмжиж байсан нь намайг баярлуулж бас гайхашруулсан шүү.
-Ларри Бёрд таныг Оны шилдэг шинэ тоглогч болсны чинь төлөө цохиж байсан удаатай. Тэр үйлдэл нь таныг багагүй бухимдуулсан байх, тийм үү?
-Би түүнд одоо ч уурладаг шүү. (инээв) Түүнд ялагдах бүртээ би галзууртлаа уурладаг байсныг та мэдэх байх. Бид мөнхийн өрсөлдөгчид байлаа. Тиймээс ч би түүнд хайртай байдаг юм. Хэрэв би өнөөдөр ч сагсан бөмбөгөө тоглож байсан бол түүнийг цохих байлаа.
-Шакил ч бас Кобитой мөнхийн өрсөлдөгчид гэдгээ ярьж байсан. Спортынхон үргэлж тэргүүлэгч байхыг хүсдэг юм аа даа.
-Тэр ч үнэн шүү.
-Нэг багт тоглож байсан ч гэсэн багийнхаа шилдэг нь болохын тулд өрсөлддөг хэрэг үү?
-Үгүй дээ. Майкл Жордан, Ларри Бёрд гээд өрсөлдөгчид маань намайг цохихыг хүсдэг учраас л би ч бас тэднийг цохиод авахсан гэж боддог байсан. Энэ л тоглоомыг илүү сонирхолтой болгодог.
-Бүх цагийн үеийн хамгийн шилдэг нь хэн юм бэ. Шакил бол Майкл Жорданыг шилдэг нь гэсэн.
-Майкл шилдэг нь. Гэхдээ Билл Рассел бол байнга ялдаг, Шакил гэхэд л хүмүүсийн анхаарлыг татаж, тоглолтыг улам сонирхолтой болгодгоороо шилдэг нь.
-Нэг талбайд тоглохыг хүсдэг хүмүүсийн чинь жагсаалтад Шакил бий юү. Таныг бөмбөг шидэж байх үед Шакил хамгаалж байгаагаар төсөөлье л дөө. Спортын түүхэн дэх хамгийн сонирхолтой мөчүүдийн нэг байх болов уу.
-Тийм шүү. Хамт тоглохыг хүсдэг хүмүүсийн минь нэг яах аргагүй Шакил Онил. Түүнийг зөвхөн аварга биетэй болохоор нь биш, тэр том биедээ түүртэлгүй хөнгөн шингэн шаламгай байдаг болохоор нь хүмүүс түүний эсрэг тоглохыг хүсдэггүй. Магадгүй тэр хамгийн сайн дамжуулагч байх.
-Би үүнийг ажил хаялт гэж нэрлээд байгаа юм л даа. Харин Шакил үүнийг тэмцлийн нэг хэлбэр гэсэн. Хөгжөөн дэмжигч хүмүүс олон зуугаараа ажилгүй, гэр оронгүй болж байна. Магадгүй энэ баячууд болон дундаж амьдралтай хүмүүсийн хоорондын маргаан ч байж мэдэх юм. Харин та эдийн засгийн энэ хямралыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Өнгөрсөн бүхнээ эргээд харахад тоглогчид болон эздийн аль аль нь энэ байдлыг намжааж, аль болох ажилт хаялтаас татгалзахыг хичээж ирсэн. Тиймээс ч хүн бүр Зул сарын баярын өдрөөс хэлэн сагсан бөмбөгийн тэмцээнүүд дахин үргэлжлэх болсонд баяртай байна. Тоглолтын үеэр уух зүйлс зарж, машины зогсоол дахин хөлд дарагдаж, попкорн ч дахин худалдах болсонд баяртай байна. Учир нь энэ ажил хаялтын үеэр олон арван жижиг бизнес эрхлэгчдийн ажил зогссон шүү дээ.
-Тиймээс би энэ ажил хаялтыг дэндүү хувиа хичээсэн хэрэг болсон гэж дүгнэсэн.
-Магадгүй чи…
-Гэхдээ л би сагсан бөмбөгт дуртай.
-Тийм ээ, чи дуртай. Энэ бүхэн ард хоцорч, тоглолтууд хэвийн үргэлжлэх болсонд би баярлаж байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment