Wednesday, December 14, 2011

Цэнгээнт нэвтрүүлгийн шинэ эрин


Мэдээллийн эринд бид сонин сэтгүүл, телевиз, радио, интернэт тэр ч байтугай гар утас зэрэг олон сувгаар мэдээллийг хүлээн авах болсон. Юмс хөгжихийн хэрээр эдгээр мэдээллийн сувгууд ч зөвхөн мэдээлэл түгээх гэсэн үндсэн үүргээсээ хальж, танин мэдүүлэх, зугаацуулах, сурталчлах гэх мэт олон талт үйл ажиллагаа явуулах боллоо. Яг л энэ хөгжлийн шинэ шатаар алхаж байх үед төрсөн цэнгээнт нэвтрүүлэг орчин цагт реалити шоу хэмээн нэрээ өөрчилж, зүсээ хувиргаад телевизийн бизнест гүн бат байр суурийг эзлэх болжээ.
Манай улс ч хөгжлийн энэ замаас хазайгаагүй. Цэнгээнт нэвтрүүлгүүд телевизийн сувгаар цацагдах болсоор олон жилийг ардаа үджээ. Харин өнөөх реалити шоу гэгч нь саяхнаас л хөлөө олж, үүргээ жинхэнэ ёсоор гүйцэтгэх боллоо.
Угтаа Монголын реалити шоуны түүх Оросын ТНТ сувгийн “Дом два” нэвтрүүлгээс сэдэвлэсэн “Миний гэр”-ээс эхэлсэн. Түүний араас төрөн гарсан олон арван нэвтрүүлэг өөрийн үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэсэн хэдий ч, өнөөх мэдээллийн сувагт тавигддаг зугаацуулах, эсвэл мэдээлэл түгээх, танин мэдүүлэх шаардлагыг төдийлэн хангаагүй. “Монголд реалити шоу зохиодог ч болоосой” гэсэн үзэгчдийн хүлээлт энэ шоуг амилуулсан гэхэд хилсдэхгүй. Хүн амын тоо, зах зээлийн хүрээ харилцан адилгүй учир Америк эсвэл Орос, Англи, Германд үзэгчдийн таашаалд нийцсэн нэвтрүүлгийг Монголын хөрсөнд буулгана гэдэг амаргүй. Тиймээс эр зориг гарган, эрсдлийг үл хайхран телевизийн хөгжлийн түүхэнд шинэ хуудас нээснийг нь үнэлэх хэрэгтэй. Түүний араас төрөн гарсан олон арван реалити шоунууд үнэндээ зугаацуулахаас илүүтэй үзэгчдийг залхааж орхисон гэвэл хэтрүүлсэн болохгүй л болов уу. Нөгөө талаас нь харвал өрсөлдөөн дундаас л чанартай уран бүтээл төрдөг гэсэн зарчмаар борооны дараах мөөг шиг олон нэвтрүүлэг гарч байсны ачаар Монголын реалити шоу өнөөдрийг хүртэл оршин тогтнож, хөгжсөөр байгаа нь лавтай.
Саяхныг болтол гаднын орнуудад нэр хүнд олсон реалити шоуг болхидуухан хуулбарласан нэвтрүүлгүүд ашгийн араас хөөцөлдөхдөө өнөөх зугаацуулах үүргээ умартчихаад үзэгчдийг хөгжөөх биш, бүр уурлуулж орхидог байсан нь нууц биш. Тиймээс ч үзэгчид нэвтрүүлгийн гол санааг олж харахаас илүүтэй, эх нэвтрүүлгээсээ юугаар дутуу дулимаг болсныг шүүн хэлэлцдэг байсан биз. Тэр бухимдангуй шүүмжлэлийн дунд “Манайхан өөрсдөө юм сэтгээд хийчихэж чадахгүй” гэх үгс ч цухалзаж л байдаг. Харин энэ хатуухан шүүмжлэлд бид л ганцхан хуулбарладаг юм биш гээд цээж түрэн хариу барьчихъя.
“Саятан болохыг хүсэж байна уу?” нэвтрүүлэг гэхэд л Их Британид анх дэлгэцнээ гарч байсан бол өдгөө дэлхийн 100 гаруй оронд албан ёсны эрх бүхий хувилбар нэвтрүүлэгтэй болоод байна. “Авьяаслаг америкчууд”, “Америкийн дараагийн шилдэг загвар өмсөгч” гээд дэлхийн олон оронд “ихэрлэсэн” нэвтрүүлгүүдийн нэрлэвэл нэлээн урт жагсаалт гарах байх. Энэ баримтаас үзэхэд сайн хуулбарлана гэдэг бас л нэг төрлийн чадвар байгаа биз. Харин бидэнд тэр чадвар жаахан дутсан нь үнэн. Өдгөө гарын арван хуруунаас хэтрээд буй телевизийн сувгууд барууны нэр хүндтэй бараг бүх реалити нэвтрүүлгийг хуулбарлаад амжсан. Тэднээс үзэгчдийн сэтгэлд хүрч, мэлмийг баясгасан нь хэд бол.
Гэхдээ цэнгээнт нэвтрүүлгийн түүх дандаа бараан байсан юм биш. “Тулах цэг” тэргүүтэй цөөнгүй нэвтрүүлэг үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж байсныг дурдах нь зүйтэй. Тэдний залгамж халаа болсон, реалити нэвтрүүлгийн хөгжлийг шат ахиулсан нэвтрүүлгүүд саяхнаас төрөн гарах болжээ.
Энэ шинэ үеийг “Авьяаслаг монголчууд” шоу эхлүүлсэн гэвэл мэтгэх хүн гарч мэдэх л юм. Гэхдээ бусад хуулбаруудтай харьцуулахад тус шоуны уран бүтээлчид үндэстнийхээ авьяастнуудыг тодруулдаг гүрэн дамнан “тэнэсэн” шоуг Монголд зохион байгуулах эрхийг албан ёсоор авснаараа анхдагчид болж чадсан юм. Хэдэн арван саяар тоологдох хүн амтай улсад зохион байгуулдаг нэвтрүүлэгтэй дүйцэхүйц бүтээл хийнэ гэдэг амаргүй. Зах зээл томтой хөгжингүй оронд хийж байгааг нь ч харгалзан үзэх учиртай. Энэ мэт хүндэтгэн үзэх шалтгааныг бодолцон тэдний зарим нэг алдааг үзэгчид уучлах биз ээ.
“Боловсрол” сувгаар цацагдаж буй “50 саяын уналт”, “Та тавдугаар ангийн хүүхдээс ухаантай юу?” нэвтрүүлгүүд өнөөх л хуулбарлах зарчмаар бүтээгдсэн хэдий ч хэд хэдэн ололттой талтай.
Танин мэдэхүйн ач холбогдолтойгоороо эдгээр нэвтрүүлэг бусад реалити шоунаас ялгарч чадсан. Тиймдээ ч бараг эзгүйрсэн цэнгээнт танин мэдэхүйн нэвтрүүлгийн орон зайг дүүргэснээрээ үзэгчдийн анхааралд илүүтэй өртөж буй биз. Түүний зэрэгцээ энэ төрлийн нэвтрүүлгийг үзэгчдийн байлдан дагуулахуйц сонирхолтойгоор хийнэ гэдэг амаргүй. “Миний гэр”, “Чи шүү” зэрэг шоунд оролцогчид нь өөрсдөө үзэгчдийн анхаарлыг татчихдаг бол, жингийн илүүдэлтэй хүмүүсийг турааж, эсвэл соёлт нийгмээс хол, онгон байгальд оролцогчдын авхаалж самбааг сорих нэвтрүүлгийн сэдэв нь л сонирхолтой учир үзэгчид түүнд хөтлөгдөх нь бий.
Нэвтрүүлгийн ур хийцийн хувьд ч чамбай, өнөөх өө эрдэг үзэгчдэд гологдохооргүй болжээ. Эх нэвтрүүлгийн детал бүрийг ач холбогдолтой гэж үзэн нарийвчлан судлаад, нэвтрүүлэгтээ шигтгэсэн нь илэрхий. Тиймдээ ч танин мэдэхүйн уйтгартай хэсгүүдийг шигтгэн чимж, үзэгчдийг чилээхээргүй болгосон биз.
Түүнчлэн өнөөх нэвтрүүлгийн дундуур завсар зайгүй бөмбөгдчихдөг сурталчилгаа, пиарын элементүүдийг үндсээр нь халсан нь олзуурхууштай. Үзэгчид үглэж барахаа болиод, яваандаа дөжирч, эцэст нь эвлэрээд байсан далд сурталчилгаа цэнгээнт нэвтрүүлэг гэлтгүй кино, нийтлэл  гээд мэдээллийн бүхий л сувагт халдаад байлаа. Харин цэнгээнт нэвтрүүлгийн хөгжлийг шат ахиулсан шоунууд энэ байдлыг халах боломжтой гэдгийг харуулж чадсанаараа үзэгчдээс өндөр үнэлгээ авлаа.

No comments:

Post a Comment