Tuesday, December 6, 2011

“Тасарчихсан” сэдвийг тасдаж борлуулах ухаан


Хүний бүлээн амьсгал байгаа газарт сэдэв хэзээд байдаг. Бүр ганц нэгээрээ биш, газраар нэг хөглөрч байдаг. Гэхдээ тэднээс борлогдчихоор, дэлхийн бөмбөрцөг дээр аж төрж буй хүн бүхний биш юмаа гэхэд талынх нь анхаарлыг татаж, тэр тал хэсгийн хагас хувийнх нь, бүр хагасын хагасынх нь хүртээл болохоор сэдэв тэр бүр байдаггүй бололтой. Бололтой хэмээн эргэлзэхийн учир нь шоу бизнесийн төв хэмээгддэг Холливудад манлайлж буй кинонууд ихэвчлэн цуврал, олон ангит болон хувирч, тэр ч байтугай сүүлийн үед нэг ангийг хоёр тасдах моод дэлгэрээд байна.
Нэг талаас энэ нь ашиг орлогоо нэмэгдүүлэх бизнесийн нарийн ухаан байж болох ч, нөгөө талаас нь ажвал өнөөх хүн төрөлхтний олонхийн анхаарлыг соронзон мэт татах “тасарчихсан” сэдэв хомсдсоных.
Хүүхэд багачуудын үзэх дуртай хүүхэлдэйн киноноос эхлээд, супер баатруудын түүхийн өгүүлсэн “Хүн аалз”, “Бэтмэн”, “Төмөр хүн”, үлгэрийн ертөнцийг дэлгэцнээ амилуулсан “Бөгжний эзэн”, “Харри Поттер”, “Бүрэнхий”, тэр ч байтугай “Хөрөө”, “Эцсийн зогсоол” гээд аймшгийн кинонууд ч зарчим болтлоо хөгжсөн энэ аргаас хэвийсэнгүй. Ж.К.Роулинг, Стефани Майер, Ж.Р.Толкиен нарыг угаас цуврал зохиолоос сэдэвлэсэн дэлгэцийн бүтээлүүд байдаг ч, “Шарталт”, “Дэн буудал” гэх “дүүтэй” кинонуудыг ямар шалтгаар хаацайлах вэ.
Нэг ёсондоо эхний ангиараа хэрэглэгчдийн дунд ямар сэдэв эрэлттэй байгааг тандаж, дараагийн ангиудыг толгой өвтгөж, сэтгэл зовоолгүй хийх моод Холливудад дэлгэрээд байна гэчихвэл дэгсдүүлсэн болохгүй болов уу. Бүр эртнээс сууриа тавьж, өнөө цагт ноёрхлоо тогтоогоод байгаа уран бүтээлчдийн эл арга бүр нарийсах биш “бүдүүрч” сүүлийн үед нэг бүлгийг хоёр анги дамнуулан сунжруулах бас нэгэн зальжин арга сэдэх болжээ. Цайрсан кино багийнхан бүтээлч, эрэл хайгуулч байдлыг мартчихаад ашиг орлогоороо толгой цохисон “Харри Поттер”, “Бүрэнхий” цувралуудын сүүлийн ангийг хоёр таслан үзэгчдийг залхааж, үнэ хөлсөө ч тэр л зарчмаар хоёр хуваан авч байна.
Хоёр хэсэгт хуваан хоёр анги хийхэд гарах өртөг, зардал нь ч тэр хэрээр нэмэгдэнэ шүү дээ гэж та дотроо өмөөрөх гэж байна уу. Угтаа киноны хийц, бүтээх арга нь технологийн хөгжилтэй зэрэгцэж буй Холливудад дэлгэцийн бүтээлийн хийц бол гэдэг чухал асуудал байхаа болиод удаж байна. Тиймээс тэд зөвхөн өнөөх “тасарчихсан” сэдвээ борлуулж л мөнгө олж байна гэсэн үг. “Бүрэнхий”-н сүүлийн бүлэг болох “Уналт” киноны нэгдүгээр хэсэг гэхэд л нээлтээ хийсэн эхний өдрөө л зардлаа олчихсон байгаа юм. “Саммит” энтертайнментийнхан уг ангийг бүтээхдээ 110 сая ам доллар зарцуулсан бөгөөд нээлтээ хийсэн долоо хоногт зөвхөн Америкт гэхэд л 140 сая ам долларын ашиг олжээ.
Эрх чөлөөний хөшөөгөө нурааж, эх орноо алан хядагчдад “барьцаалаад” л, хүн шиг сэтгэдэг төмөр хүн бүтээж,  түүгээрээ хүн төрөлхтнийг хядуулсан гээд л Холливудынхан хийсвэрлэн сэтгэхдээ тун сайн. Тэр ч байтугай орчлонгийн огт өөр гариг дээрх амьдралыг ч нүдэнд харагдаж, гарт баригдам бодитой дүрсэлж чадвараа гайхуулсан. Гэхдээ тэд оросууд шиг жинхэнэ урлагийн бүтээл хийж, амьдралын эгэл бороос эрдэнийг нь шүүж чаддаггүй харалган болчихож. Нөгөө онцгойгоос онцгойг бүтээж, үзэгчдийн нүдийг хужирлах хүсэл, зорилго нь ийн “сохолж” орхисон хэрэг. Тиймдээ ч Холливудын ертөнцөд толгой цохиж буй драмын кинонууд бараг бүгд бодит явдлаас сэдэвлэсэн байдаг. Тэгээд л энэ төрлийн кинонууд хоёр, гурав дахь анги, эсвэл дөрөв дэх ангийн нэг, хоёрдугаар хэсэггүй байгаа юм.
Уншихад ч түвэгтэй уртаас урт бүлэг, анги, хэсгүүдийг тодорхойлсон тоонуудын дунд учрыг олохгүй төөрөлдөж, будилах энүүхэнд. Тэр ч байтугай олдохгүй чухал сэдвийг барьж авсан бол орлогоо хязгааргүй нэмэх гэсэн кино студийнхний шинэ арга олон ангит кино, цуврал кино гэсэн тусдаа ухагдахуун бий болгон, кино урлагт “хувьсгал” хийгээд амжлаа. Урт нэртэй хууль гэдэг шиг урт тодотголтой цуврал кинонуудад хуулийн зүйл заалт шиг хоёрын тавын долоо гэсэн “чимэг” зүүх цаг ирэх гээд байна уу даа.
Тандаж, түүний араас цувруулах моод Монголд ч дэлгэрэх шинжтэй. “Ийм нэгэн дурлал”-ын нэг, хоёрдугаар анги, үзэгчдийн сэтгэлд хоногшсон “Би чамд хайртай” киноны үргэлжлэл гээд л үүний жишээ мэр сэр төрөх боллоо.
Угтаа үзэгч бид хуучин сэдвийг нуршуулан, үндсэн чигийг барьж, цаг хугацаа, үйл явдлыг үл ялиг өөрчилсөн бүтээлүүдээс илүү амьдралд ойр шинэ санаа, сэдэв бүхий жинхэнэ кино үзэхийг хүсдэг. Магадгүй шинэ зүйл гэдэг мартагдсан хуучин юмыг хэлнэ гэх үгийг кино бүтээгчид санах цаг болсон байх. Эс бөгөөс энэ салбарт шинэ кино биш шинэ бүлэг, хэсгүүд л төрдөг болох нь. Эцэст нь хүний бүлээн амьсгал байгаа газарт сэдэв хэзээд байдаг гэдгийг дахин сануулъя.

No comments:

Post a Comment