“Музейн хамгаалагч” Бен Стиллер Холливудын хамгийн их орлоготой хүмүүсийн нэг. Түүний тоглосон, найруулсан кинонууд нь Америкт л 2.1 тэрбум долларын ашиг олоод байгаа аж. Кино урлагт хөл тавиад удаагүй байхдаа найруулагч хийж эхэлсэн тэрбээр өдгөө жүжигчин, найруулагч, зохиолч, продюссерийн ажлыг хавсран хийх болжээ. Тэрбээр Америкт өнгөрөгч сарын 4-нд нээлтээ хийсэн “Аугаа дээрэм” кинонд тоглосон тухайгаа болон хувийн амьдрал, мэргэжлийнхээ онцлогийг сонирхуулахаар Пирс Моргантай ярилцжээ.
-Үзэгчдийн хамгийн сайн мэдэх Холливудын жүжигчин, шоу бизнесийн ертөнцөөс хамгийн их ашиг орлого ологчдын нэг болох Бен Стиллер студид маань ирээд байна. Уран бүтээлүүдээс нь бид түүнийг тун хөгжилтэй гэдгийг нь мэднэ. Харин бодит амьдралд тэр хөгжилтэй байж чаддаг болов уу? Бен биеэ барих хэрэггүй шүү. Өөрийнхөөрөө байгаарай.
-Тэгье ээ.
-За ярилцлагаа эхэлье. Хөгжилтэй байгаарай.
-Баярлалаа.
-Энэ мэтчилэн хүмүүс танаас дандаа хөгжилтэй байхыг шаарддаг нь таныг залхаадаг уу?
-Үгүй дээ. Би үүнд огтхон ч дургүйцдэггүй. Та ч бас надад таалагддаг.
-Яагаад тэр вэ. Бид хоёр бие биенээ бараг л мэдэхгүй шүү дээ.
-Таны үзэл бодол надад таалагддаг юм. (инээв) Зурагтаар харж суухад таны байгаа байдал ч, ярьж байгаа нь ч таалагддаг.
-Би ямар үзэл бодолтой гэж?
-Магадгүй зурагтаар та яг өөрийнхөө үзэл бодол, үнэн төрхийг гаргадаггүй байх л даа. Та ер нь яг ямархуу хүн бэ?
-Харин та юу гэж бодож байна вэ?
-Та хэдийнээс хүмүүсийн дотоод ертөнц рүү өнгийж эхэлсэн юм бэ?
-Надад энэ нь таалагддаг юм.
-Тийм гэж үү?
-Хүмүүстэй ярилцаж, үзэл бодлыг нь сонсох нь надад таалагддаг юм. Тиймээс ч би энд суугаад тантай ярилцаж байна. Өөртөө дэндүү итгэлтэй аажимдаа тэр нь биеэ тоох өвчин болсон хүмүүс л хөгжилтэй байж чаддаг гэж би боддог.
-Мммм.
-Та нэг удаа “Жүжигчдийн олонх нь биеэ тоосон бас итгэл даадаггүй. Би ч өөрийгөө тэдний гэж боддог. Бид энэ дэлхий дээрх хүн бүрээр хүндлүүлэхийг хүсдэг. Өөрсдийгөө хүндлэл хүлээх гавьяатай гэдгээ бид ажлаараа харуулдаг” гэж хэлсэн.
-Хөөх.
-Яриагаа энэ сэдвээр үргэлжлүүлэх бодолтой байна.
-Би ингэж хэлэх үедээ согтуу байсан байх аа. (инээв) Гэхдээ миний хэлсэн зүйлд үнэний хувь бий. Би ингэж хэлэх гэсэн юм л даа. Хүн бүр адилгүй. Хийж байгаа ажлаа тэд бүгд өөр өөр шалтгаанаар хийдэг. Тэднийг хөдөлгөх хүч нь харилцан адилгүй байдаг гэсэн үг.
-Таныг хөгжилтэй байхыг шаардах нь танд хэцүү санагддаг уу?
-Тийм шүү. Тийм байдалд хэн дурлах вэ дээ.
-Таныг гудамжинд явж байгаагаар төсөөлж ч чадахгүй юм. Хүмүүс танд хэрхэн ханддаг вэ?
-Би өөрийгөө тийм алиа марзан хүн гэж боддоггүй. Та бас ярилцлагын эхэнд хошигнох гэж оролдсон. Харин би огт хошигнож, марзаганаагүйг та анзаарсан байх. Би дэлгэцээр гардаг шигээ дандаа хошигнож явдаг хүн биш.
-Таны тоглосон кинонуудаас хамгийн их ашиг олсон бүтээл аль нь вэ гэдгийг та мэдэх үү?
-Хамгийн их ашиг олсон нь “Музейд өнгөрүүлсэн шөнө”- ийн аль нэг анги нь байх.
-“Фокерсийнхонтой танил”
-Тийм гэж үү?
-Таны Роберт Дениротой хамтран тоглосон кино 280 сая долларын ашиг олсон байна билээ.
-Кино маань надад их таалагдсан шүү. Учир нь би энэ кинонд тоглосноор их зүйл сурсан. Бас Дениротой хамт ажиллахсан гэсэн хүслээ биелүүлсэн.
-Та шоу бизнесийн ертөнцөд хүч соригчдын дунд өсөж, хүмүүжсэн.
-Тийм ээ.
-Энэ нь танд давуу тал болж чадсан уу?
-Мэдээж багаасаа шоу бизнесийн талаар мэдлэгтэй болно гэдэг давуу тал болдог. Шоу бизнесийн зарчмууд, тэнд бизнес хэрхэн өрнөдгийг би багаасаа харж өссөн болохоор надад энэ нь ажлаа хийхэд их дөхөм болдог.
-Аав, хоёр тань насаараа энэ салбарт зүтгэсэн болохоор танд заавар зөвлөгөө өгдөг байсан байх. Нөгөөтэйгүүр та энд бага насаа үдсэн болохоор танд ямар ч сонголт байгаагүй биз. Яг л нялх балчирт сүй тавьдаг шиг…
-Тийм шүү. Бага, өсвөр нас гээд л миний амьдрал тэр чигтээ шоу бизнесийн ертөнц өд үргэлжилсэн болохоор надад ямар ч сонголт байгааг үй. Учир нь би өөр ертөнцийн талаар юу ч мэдэхгүй юм чинь. Гэхдээ эгч бид хоёрт энэ байдал таалагддаг байсан. Бид заавал 21.00 цагт орондоо орох албагүй. Орой хэд хүртэл ч байж болно. Аав, ээж хоёрын маань ажил ихэвчлэн оройн цагаар өрнөдөг болохоор тэр. Тэд Калифорни явж, эсвэл телевизийн нэвтрүүлэгт оролцоно. Үгүй бол шөнийн цэнгээний газруудад ажиллана. Харин бид энэ ажилд нь их дуртай. Бүр сургуульд явахаас илүү сонирхолтой санагддаг байж билээ.
-Тэд хамтдаа 57 жил хамт амьдарч байгаа юу?
-Тийм ээ.
-Шоу бизнесийн ертөнц өд ажилладаг атлаа ийм удаан хамт амьдарна гэдэг гайхалтай юм. Тэднээс өөр ингэж удаан амьдарсан хос байхгүй байх.
-Тэд үнэн сэтгэлээсээ бие биенээ хайрладаг. Нууц нь тэр л байх. Мэдэхгүй юм даа. Одоо тэд яг л нэг хүн шиг болсон. Хамт ажиллаж, амарсан ч хамтдаа. Тэд өдөржин хамт байдаг болохоор ингэж удаан хугацааны туршид хамт байгаа байж ч мэднэ.
-Харин та гэрлээд 11 жил болж байна уу?
-Тийм ээ.
-Та хүүхдүүддээ өөрийн тоглосон киног үзүүлдэггүй гэсэн. Энэ үнэн үү?
-Үгүй дээ. Худлаа.
-Эсвэл ганц нэг үзүүлдэггүй кино байдаг юм уу?
-Үнэндээ тэдэнд миний тоглосон киног үзэх нь сонирхолгүй санагддаг юм. (инээв) Хэдийгээр би тоглосон кинонуудаа үзүүлэхгүй гэж хорьдоггүй ч, бас үзээсэй гэж хүсдэггүй. Ялангуяа “Мэригийн тухай” гэх мэт кино үзүүлэх дургүй. Учир нь том маань ердөө л есөн настай, бага нь зургаатай. Харин “Музейд өнгөрүүлсэн шөнө” гэх мэт тэдний насанд тохирсон киног чөлөөтэй үзүүлдэг.
-Тэдэнд инээдмийн дүр бүтээх авьяас байх шиг байна уу?
-Тэд ч урлагт их авьяастай хүүхдүүд шүү. Ялангуяа театрын урлагт.
-Аав болох танд ямар санагддаг вэ?
-Хүүхэдтэй болсон минь амьдралын хамгийн сайхан зүйл. Бүх зүйл тэр чигтээ өөрчлөгдөн, амьдрал илүү утга учиртай болдог. Ямар ч эцэг хүн танд энэ талаар хэлэх байх л даа.
-Эцэг хүний үүргээ гүйцэтгэхдээ ажлаа хэрхэн зохицуулж байна вэ?
-Ямар ч ажил эрхэлдэг байлаа гэр бүлдээ цаг зав гаргах хэрэгтэй. Хэдийгээр одоогоор би өөр хотод киноны зураг авахуулж байгаа ч амралтын өдрүүдээр заавал гэртээ харьдаг. Зуны улиралд аль болох гэр бүлийнхэнтэйгээ хамт байхыг хичээдэг. Хамт аялж, зугаална.
-Би цөөнгүй удаа инээдмийн жүжигчинтэй ярилцаж байсан. Тэдний ихэнх нь дутагдал ихтэй хүмүүс байсан. Харин таны талаар судалж байхад толбо болчихоор түүх огт байгаагүй.
-Би чөтгөрүүдийг хайгаад олохгүй байгаа юм аа. Чөтгөрийн сүнсгүйдээ би их харамсаж байна. (инээв) Бидэнд бүгдэд нь дутагдал бий. Би орой бүр тухайн өдрийнхөө үйл явдлыг төдийгүй туулж өнгөрүүлсэн амьдралаа цэгнэдэг.
-Та согтууруулах ундаа, мансууруулах бодисны асуудалд холбогдож байгаагүй.
-Сайн нууж чадсан байгаа биз.
-Хүүхнүүдтэй ч орооцолддоггүй.
-Хатуу хяналтанд байдаг болохоор тэр.
-Зүгээр л сайхан хөгжилтэй залуу юм.
-Тийм ээ.
-Танд сэтгэлээсээ аваад хаячихмаар эсвэл гэмшиж явдаг зүйл бий юү?
-Бриан Грейзер бид хоёр олон жил хамтран ажиллаж байна. Би түүний үсэнд хайртай. Өглөө бүр түүний үсэнд хацраа наадаг. (инээв) Үгүй дээ. Одоогоор бүх зүйл сайхан л байна.
-Хоёулаа таны киноны сурталчилгааг үзсэнийхээ дараа шинэ уран бүтээлийн талаар тань ярилцъя.
(Бичлэг)
-Бен Стиллерийн хамгийн сүүлд тоглосон кино болох “Аугаа дээрэм”. Та яагаад инээгээд байгаа юм бэ?
-Та дандаа л оролцогчдодоо өөрийнх нь тухай бичлэг үзүүлж байх юм.
-Тийм ээ. Та энэ кинонд их хөгжилтэй дүр бүтээсэн байх гэж найдаж байна. Энэ кинонд тоглох урилга хүлээн аваад гайхсан уу?
-Тийм шүү. Энэ урилга намайг их гайхашруулсан. Би өмнө нь хэзээ ч ийм адал явдалт кинонд тоглож байгаагүй юм. Тэр тусмаа дээрэм тонуул хийсэн кинонд. Тиймээс ч урилгыг дурай хүлээн авсан.
-“Уолл Стритийг эзэл” хөдөлгөөн өрнөж эхлэх үеэр дэлгэцнээ гарч байгаа болохоор цаг үеэ олоогүй сэдэв, бүтээл болсон юм шиг санагдахгүй байна уу?
-Угаасаа л эдийн засгийн асуудалд иргэд анхаарал хандуулаад эхэлчихсэн үед энэ киног хийх шийдвэр гаргасан. Энэ талаар хүмүүс нэгийг бодоосой гэсэндээ хийж байгаа юм.
No comments:
Post a Comment