Thursday, December 1, 2011
Микки Рурк: Харли унаж, Марлборо зуусан эрийн дүрд тоглохоос залхсан
“Би хэний ч эрх ашгийг хөндөлгүйгээр ажлаа сайн гүйцэтгэхийг хичээдэг хүн. Гэхдээ тэгж чадаагүй. Тиймээс л би бүхнийг орхисон”. “Алтан бөмбөрцөг” наадмын шагналтан жүж игчин Мики Рурк кино урлагаас бокс руу урвах болсон шалтгаанаа ийн тайлбарлажээ. Тэрбээр хувийн амьдрал болон олныг гайхашруулсан шийдвэрийнхээ тухай ярихаар Пирс Морганы нэвтрүүлэгт оролцжээ.
-Эрчүүдийн зүүдэндээ л мөрөөддөг бүхнийг амсаж, туулсан жүжигчин Мики Рурк гурван жилийн өмнө амралтаа авсан хэдий ч студид маань зочлоод байна. Мэргэжлийн боксчин болоод амжсан тэрбээр олон талын авьаястай хүн. Мики сайн уу?
-Таван жилийн өмнө тэтгэвэртээ гарсан. Гэхдээ би тун сайн байгаа шүү.
-Цахиур хагалж мэдэх насандаа кино ертөнцийг орхих шийдвэр гаргасан чинь намайг их гайхашруулдаг юм. Та яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?
-Кино урлаг сайхан л даа. Гэхдээ би хэзээ ч “Кинонд тоглоно гэдэг гайхалтай сайхан энэ бол надад яг тохирсон ажил” гэж боддож байгаагүй . Тухайн үед надад их олон шалтгаан гарч ирсэн л дээ. Улс төр, нийгэм гээд бүх зүйл доройтож байгаа мэт санагдаж, амьдрал бүхэлдээ бүдэг саарлаар харагдах болсон. Тэгээд л ийм амьдрал хүсэхгүй байгаагаа ойлгосон.
-Та бүр багаасаа бокст дуртай байсан уу?
-Тийм ээ. Би бүр кинонд тоглохоосоо өмнө боксоор хичээллэдэг байлаа. Гэмтэл авснаас болж кино урлагт хөл тавьсан юм. Гэхдээ “Сахуисан тэнгэрийн зүрх” кинонд тоглосны дараа л өөрийгөө жинхэнэ ёсоор кинонд тоглолоо гэж бодох болсон. Жүжиглэхэд тун хүнд байсан боловч сайн найруулагч, жүжигчидтэй хамтран тоглосны ачаар ажлаа давгүй гүйцэтгэсэн. Тэгээд л чөлөөнд гарахаасаа нэг билүү, хоёр жилийн өмнөөс хүссэн ажлаа хийж байгаа эсэхтээ эргэлзэх болсон. Том байшин худалдан авч, сайхан машин унаж, олон хүнээр хүрээлүүлсэн хэрнээ нэг зүйл үгүйлэгддэг байлаа.
Бас өглөө бүр туслах маань “Та ажилдаа явах ёстой шүү дээ” хашгична. Гэтэл би Харли унаж, Марльборо зуусан эрийн дүрд тоглохоос залхаад байлаа. Бүр хором мөч бүр нь миний дургүйг хүргэдэг байсан. Уг нь тэр дүрд Дон Жонсон яг тохирох хүн. Тэр гайхалтай сайн жүжигчин. Чи мэдэх байлгүй дээ даанч найруулагч нь гэж бүтэлгүй амьтан байсан юм. (инээв)
Тэгээд л би нэг өдөр “Би дахиж ийм дүрд тоглож чадахгүй ” гэсэн. Нэгдүгээрт би мэргэжлийн жүжигчин биш. Тэдэн шиг биеэ авч явж ч чаддаггүй, үүрэг хариуцлагаа ухамсарладаггүй, том толгойтой нөхөр байсан. Үр дагаврыг нь үл хайхран ямар ч дүрэм журамд захирагдалгүй ажлаа хийдэг байлаа. Тэгээд л бүхнийг нураахаасаа өмнө өөртөө жаахан чөлөө олгох хэрэгтэй гэж бодсон юм. Гэтэл би хэдийнэ бүгдийг баллачихсан байсан.
-Боксоор хичээллээд хэр амжилттай байна вэ?
-Муугүй шүү. Таван жилийн хугацаанд хэд хэдэн удаа дэвжээн дээр гарсан. Есөн удаа ялахдаа зургаан удаа өрсөлдөгчөө хүнд цохилтоор унагаасан.
-Та сайн өрсөлдөгч байж чадаж байна уу?
-Чадаж байгаа гэж хэзээ ч хэлж чадахгүй байх. Харин сайн өрсөлдөгч болохын тулд мэрийж байна. Зорьсон л бол түүнийгээ биелүүлэх гэж зүтгэдэг хүн гэдгийг минь чи мэдэх байлгүй дээ. Миний насны хүмүүс ихэвчлэн нэг зорьсон газартаа хүрч байж санаа амардаг зантай болчихсон байдаг. Би тэдний л нэг.
-Дэвжээн дээр гарсан үед танд ямар сэтгэгдэл төрж байна вэ. Нөгөө дутагдаад байсан зүйлийг тань боксын спорт нөхөж чадаж байна уу?
-Спорт гэдэг хатуу чанд сахилга баттай байж амжилтанд хүрдэг салбар. Амьдралд минь тийм л хатуу чанга дэглэм хэрэгтэй байсан юм. Гэтэл кино урлаг гэдэг хүнээс тийм хатуу дэглэм шаарддаггүй. Өглөөд юу хийхээ ч мэдэхгүй сэрнэ. Мотоцикль унан олон жил давхилаа. Тэгж давхихад дэглэм баримтлах ямар ч шаардлага байхгүй. Тиймээс мотоциклио зогсоолд тавихаас өөр аргагүй болсон.
-Бокс таны нүүрэнд мартагдахын аргагүй ул мөрөө үлдээсэн байх. Одоо толинд харахад юу бодогддог вэ?
-Тэр нөхөр ч хамрыг минь сайн цохисон шүү. Би одоо ч хамраараа амьсгалж чадахгүй байгаа. Эмч нар хамарт минь мөгөөрс нэмж суулган, арьс ч нөхсөн. Зургаан удаа хамартаа мэс засал хийлгэсний дараа ийм болоод байгаа юм. Олон дахин мэдээ алдуулсан болохоор би одоо хамраа мэдэрдэггүй юм. Хамарнаас гадна гар жаахан салгалдаг.
-Тулаанаас олсон бэртэл үү?
-Гар маань дандаа боолттой явдаг байсныг чи мэдэх байлгүй. Байнга цуурчихдаг байснаас тэр.
-Зөрүүд, дураараа зангаасаа болоод та Холливудад дахин ажиллах боломжгүй болсон гэсэн үг үү?
-Тийм ээ.
-Холливудад байх ямар вэ?
-Чи ямар гэдгийг нь төсөөлж байна уу?
-Таны ярианаас дүгнэхэд аймшигтай, тамд байгаа юм шиг л байж. Миний зөв үү?
-Гэрийнхээ гадаа “Астон Мартин” сойчихоод ажил руугаа явган алхана гэдэг ямар байдаг билээ? Холливудад ажиллах миний хувьд тийм ичгүүртэй санагддаг байлаа. Шоу бизнесийн ертөнцөд хөл тавж байгаагүй нэгэнд тийм санагдахгүй байх л даа. Би уйгагүй хөдөлмөрлөдөг байлаа.
-Дэлхийн шилдэг кино жүжигчин болохын тулд уу?
-Санасан хэмжээндээ хүрсэн сайн жүжигчин болохын тулд хөдөлмөрлөж байсан. Өглөө босоод өөртөө өчигдрийнхөөс илүү сайжирсан байна гэсэн дүгнэлт өгөхийн тулд хичээдэг байлаа. Тиймээс их олон жил уйгагүй зүтгэсэн. Харамсалтай нь тэр үед зорилгоо огт ойгодоггүй байж.
-Та гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шүүгдэж байсан.
-Тийм ээ. Ээж, аав хоёрын минь салалт надад их хүнд цохилт болж, намайг сул дорой болгосон. Тэгээд л би өөрөө өөрийгөө зоригжуулах гэж боксоор хичээллэдэг байлаа. Харин энэ маань өвчин болж өөрийгөө бусдаас тусгаарлах болсныг эмч хэлсэн. Удалгүй энэ байдал миний ааш араншинд ч нөлөөлөх болсон. Түүнчлэн би тэр үед буруу газар очиж, буруу хүмүүстэй нөхөрлөж байсан хэрэг. Удалгүй хийсэн үйлдлээ ч ухамсарлах чадваргүй болсон байсан.
-Уг явдлаас болоод таны нэр хүнд унаж, та их олон жил хүнд байдалтай байсан. Энэ үед гадуур явж, дэлгүүрт ороход хэцүү байсан уу?
-Бүр аймшигтай байсан. Тамхи, чихэр гээд л мухлаг орох хэрэг зөндөө л гарна. Тэр үед хүмүүс ам амандаа юм яриад л, хэдэн арван хүн дэргэд ирээд юм асууж байх шиг л санагддаг байж билээ. Та нөгөө хүн мөн үү? Та үнэхээр эхнэрээ зодсон юм уу гээд л шуугилдана.
-Танд үнэхээр тэгж хэлсэн гэж үү?
-Тийм ээ. Та хүмүүсийн тэгж ярьж байхыг сонсоогүй юм уу. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр явдал надтай хамт мартагдаж зарим нь бүр “Өө би таныг таних юм байна Та чинь нөгөө хэн байна шүү дээ” гээд л шал өөр нэр хэлдэг болсон.
-Хэнтэй андуурдаг байсан бэ? Тэднээс хамгийн таагүй нэр нь хэнийх байв?
-Тэр хэлээд хэрэггүй биз дээ. Хэдэн жилийн өмнө байсан бол хэлэх л байлаа.
-Хэцүү цагт хэн танаас нүүр буруулаагүй вэ?
-Сталон надад их тусалсан. Бас Шон надаас огт нүүр буруулаагүй.
-Шон Пенн үү?
-Шон Пенн мөн. Гэхдээ бид холбоо барилгүй 10 жил болсон байна. Гунигтай юм.
-Тэр ч аргагүй л дээ. Та хоёр хоёул их омголон шүү дээ.
-Тийм шүү. Намайг тоож кинонд тоглуулах хүнгүй болсон үед Шон Жэк Николсонтой хамтран хийж буй кинондоо туслах дүрд тоглохыг санал болгосон. Олон жилийн дараа дэлгэцээр гарсан тэр 12 хором их сайхан байсан шүү.
-Эхнэрийн тань тухай хэдэн асуулт асууж болох уу?
-Бололгүй яах вэ. Юу хүссэнээ л асуу.
-Та одоо ч түүнд хайртай, тийм үү?
-Юу гэхээр…
-Хамт кинонд тоглохыг хүсэж байгаа биз дээ?
-Бид хоёр их олон жилийн өмнө л хамт кинонд тоглож байлаа. Гэхдээ хүмүүс “9 долоо хоног” хамт тоглосон гэж боддог юм. Түүнээс өмнө бас нэг кинонд хамт тоглосон юм шүү дээ. Продюсер Марк Кентоны кино байсан юм. Тэр нэг өдөр над руу яриад Ким Бесинжертэй хамт кинонд тоглох санал тавьсан. “Нигерийн дельта” гэдэг нэртэй кино байсан юм. Зургийг нь ердөө хоёр өдөр л авсан юм. Ким ч бас хоёр өдөр л зураг авахуулсан байх.
-Түүнээс хойш түүнтэй дахин уулзсан уу?
-Нэг л удаа таарсан.
-Түүнтэй тааралдахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Бухимдаж байсан. Тэр үед би их омголон байж дээ.
-Харин тэр ямар харагдаж байсан бэ?
-Анх уулзаж байсан шигээ л сайхан харагдаж байна билээ.
-Таныг саяхан сүй тавьсан гэлцэх юм. Энэ үнэн үү?
-Үгүй дээ би сүй тавиагүй.
-Дахиад хэн нэгэнтэй дотно харилцаа тогтоох бодол бий юү?
-Энэ чиний хэрэг биш ээ, Пирс.
-Тийм л дээ. Гэсэн ч энэ асуултыг асуух хэрэгтэй гэж бодсон юм.
-Өөрийнхөө асуудалд л анхаар даа залуу минь.
-Би асууж, та хариулах нь л нэвтрүүлгийн маань зорилго шүү дээ.
-Тав дахь хүнтэйгээ учирна аа.
-Та аз жаргалтай байж чадаж байна уу?
-Юу гээч. Цаг хугацаа өнгөрөх тусам хүн хөгширдөг. “Та нас ахих тусам та улам сайхан харагдах болжээ” гэдэг үгийг би цөөнгүй сонссон. Тэр чинь та сайхан өтөлж байна гэсэн үг үү? Үгүй дээ. Тэр чинь угтаа та үхэж байна гэдгийг минь сануулж байгаа юм.
Бүх зүйл эхэндээ идэвхтэй, хурдан, хүчтэй байдаг бол цаг хугацаа өнгөрөх тусам хуучирч, удаан, зөөлөн болдог биз дээ. Хэзээ ч хэн нэгний амнаас “Хонгор минь зөөлөн, удаан” гэдэг үг сонсож байсангүй. Тэд үргэлж л “Хүчтэй, хурдан” гэсэн шаардлага тавьдаг байх аа. Тэгэхээр хөгшрөх сайхан байна гэж үү. Би үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Толинд хараад миний хувьд бүх зүйл дуусаж дээ гэж хэлэхийг хүсэхгүй байна.
-Өөрийнхөө тухай ярь л даа, Микки.
-Чи ч бас хэзээ нэгэн цагт ийм юм яриад л сууж байна даа.
-Би саяхныг хүртэл таныг ямар ухаалаг юм ярьж байна аа гэж бодож байлаа. Таны ажилд амжилт хүсье. Тун удахгүй манай студид Уэльсийн тухай хийж буй шинэ киноныхоо тухай ярихаар ирнэ гэж найдаж байна.
-“Бөх”-өөс илүү сайн бүтээл болно.
-Би ч бас тэгж найдаж байна. Баярлалаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment