Thursday, December 1, 2011

Мадонна: Миний анхны хайр бол бүжиг



Дуучин, жүжигчин Мадонна тэр бүр шууд нэвтрүүлэгт оролцон, ярилцлага өгдөггүй. Харин тэр энэ удаад нөхөр Гай Ричигийн хамт бүтээсэн киноныхоо талаар танилцуулахаар Ларри Кингийн нэвтрүүлэгт зочилжээ. 

-Найруулагч Гай Ричи та хоёрын “Swept Away” киног дахин бүтээснийг би мэдэх юм. Ямар учраас уг киног шинэчлэн хийсэн юм бэ?
-Бидэнд хуучны киног шинэчлэн хийе гэсэн бодол огт байгаагүй юм. Ричигийн дээхнэ үед өгсөн ярилцлагандаа “Би хэзээ ч хуучны киног дахин бүтээхгүй” гэж байсныг зарим хүн санаж байж магадгүй. Харин бид “Swept Away”-г үзсэнийхээ дараа энэ шийдвэрээсээ татгалзахад хүрсэн. Юм бүхэн хувьсан өөрчлөгдөж байна шүү дээ. Тэгээд ч Ричи…
-Хийж үзээгүй зүйлдээ хүч сорихыг хүссэн байх. Тийм үү? 
-Яг зөв. Тэр энэ сайхан киног орчин үеийн хэв маягт оруулан шинэчилж, илүү хөгжилтэй болгохыг зорьсон.
-Тэгээд танд ааш муутай хүний дүрд тоглох  таалагдав уу? 
-Тийм ширүүн, хурц зантай байна гэж үү?
-Тийм ээ. Хурц, ширүүн зантай, бас хорон санаатай. 
-Нэг талаас харвал тэгж ойлгож болох л юм.
-Хорон санаатны дүр бүтээх хөгжилтэй байв уу? 
-Хөгжилтэй байсан шүү.
-Амьдралд тань гарсан өөрчлөлтийн талаар сонирхуулаач. Та хүү, охин хоёр төрүүлсэн. Охид хөвгүүдээс ялгаатай биз? 
-Тэд чинь тэс өөр ертөнц гэсэн үг.
-Хамгийн том ялгаа нь юу вэ? 
-Хөвгүүд бодол санаагаа илэрхийлэх нь түргэн. Тэд бүгд машин, техникт дуртай байдаг.
-Тоглоом уу? 
-Тоглоом, дугуй, механик зүйлс. Эд зүйлс хэрхэн ажилладгийг сонирхоно.
-Харин охид яадаг вэ? 
-Та мэдэх байлгүй дээ. Охид хүүхэлдэй, даашинз, будаг шунх, өндөр өсгийт гээд л сонирхол нь тэс өөр.
-Харин эцэг эхийн хувьд бас л ялгаатай ханддаг уу. Зарим аав, ээж хөвгүүдийг өсгөх амаргүй гэлцдэг. 
-Хөвгүүдийг бага насанд нь асарч, хүмүүжүүлэх амаргүй ч өсөж, томрох тусам илүү бие даасан болдог юм шиг. Харин охидын хувьд эсрэгээрээ. Балчир охидыг өсгөх амархан ч, томрох тусам толгой өвтгөж эхэлдэг. Охид амархан хөлд, хэлд ордог. Гэхдээ томрох тусам илүү халамж, анхаарал шаарддаг.
-Та бол дуучин, жүжигчин, бизнес эрхлэгч, маркетингийн мэргэжилтэн, ээж, эхнэр. Энэ бүх ажлаа хэрхэн амжуулдаг юм бэ? 
-Амьдралын минь хором мөч бүр нарийн цагийн хуваарьтай байдаг. Надад сул зогсох цаг ч байдаггүй. Миний ажлын ихэнхийг чадварлаг туслах маань нугалчихдаг юм.
-Мэдээж энэ бүхнээс хамгийн чухал нь хүүхдүүд тань байх. Тийм үү?
-Тэгэлгүй яах вэ. Миний хувьд хамгийн чухал зүйл бол гэр бүлийнхэн минь. Гэвч бид яаж ийгээд л ажилдаа илүү цаг зарцуулчихаад байх юм. Бүр унтах цагаасаа ч хумсалдаг гээч.
-Гэхдээ зарим хүмүүс хэний туслалцаагүйгээр ажил амьдралаа зохицуулаад явж байна шүү дээ. Энэ талаар Та ямар бодолтой явдаг вэ? 
-Хүүхэд асрагч нарыг амарсан үед намайг та юу хийдэг гэж бодож байна. Тэгээд ч хүмүүс зөвхөн ажилдаа бүх амьдралаа зориулж, эсвэл өөр юу ч хийлгүйгээр хүүхдээ л асраад байддаггүй шүү дээ. Гэхдээ би бүхнийг өөрөө амжуулдаг эзэгтэй нарыг хүндэлдэг.
-Та хүүхэд гаргасандаа хэзээ нэгэн цагт харамсаж байв уу. Жаахан хүлээсэн бол би үүнээс ч илүү амжилтад хүрэх байлаа гэж бодогддог уу? 
-Огтхон ч тийм бодол төрдөггүй.
-Үргэлж шинийг эрэлхийлдэг хүмүүс байдаг. Та тэдний нэг мөн үү? 
-Мөн.
-Үргэлж тийм байсан уу? 
-Тийм ээ. Үргэлж л тийм байсаар ирсэн.
-Таны хийж байгаа зүйлсийг хараад байхад шинэ салбар, шинэ ажилд тэмүүлдэг хүн шиг санагддаг. 
-Тийм шүү. Би үргэлж л шинэ санаа, шинэ онгод, шинэ бодрол, шинэ авьяас хайж явдаг. Тиймээс л би сэтгэл санаа нь байнга өлсгөлөн байдаг хүмүүст дуртай.
-Еврей од зүүсэн харагдана. Та Иүдаизм шүтлэгтэй юм уу?
-Тийм ээ, энэ Кабаллагийн од. Гэхдээ би иүдаизмийг шүтдэггүй, зөвхөн зан үйлийг нь дагадаг. Шүтлэггүй хэрнээ зан үйл, гүн ухааны онолыг нь мөрдлөг болгогчид цөөнгүй шүү дээ. Би тэдний л нэг.
-Юу таныг иүдаизмд хөтөлсөн юм бэ? 
-Анхандаа би зөвхөн иогоор хичээллэдэг байлаа. Улмаар маш олон асуултад хариу эрж, иүдаизмын гүн ухааныг сонирхох болсон. Би эртнээс л амьдралын тухай олон арван асуултад хариулт эрсээр ирсэн юм. “Би яагаад энэ дэлхий дээр төрсөн юм бэ? Миний туйлын зорилго юу вэ?” гээд л… Мөнгө хөрөнгө, амжилт алдар нэр, гэр бүлээс ч чухал зорилго амьдралд бий. Тэр нь чухам юу вэ, бидний аялал хаа хүрэх бол гэдгийг сонирхсон хэрэг. Энэ бүхний учир шалтгааныг еврейчүүдэд сургадаг гэдгийг сонссон. Тэгээд л сонирхон судлах болсон.
-Овгоо хэрэглэдэггүй тань ямар учиртай юм бэ. Зүгээр л маркетингийн бодлого уу? 
-Үгүй дээ. Анхны бичлэгийн гэрээгээ хийхдээ би Мадонна Сиккон гэж бичүүлж байсан. Нэг мэдэхэд л зүгээр л Мадонна болчихсон. Богиносгосон нь тэр байх.
-Таныг яагаад Мадонна гэж нэрлэснийг мэдэх үү? 
-Ээжийг минь Мадонна гэдэг байсан юм. Тэгээд л ээжийн минь өнгөрсний дараа тэгж нэрлэх болсон.
-Бага нас тань хэрхэн өнгөрсөн бэ? 
-Жаахан байхад ээж минь өнгөрсөн болохоор сэтгэл их л шаналдаг байсан санагддаг юм.
-Тэгээд аав тань өсгөсөн үү? 
-Аав өсгөж байгаад дахин гэрлэсэн. Тэгээд хойд ээж маань асардаг болсон.
-Дагавар хүүхдийн асуудал тийм ч амар шийдэгддэггүй. Танд хүнд байсан уу? 
-Үнэнийг хэлэхэд би хойд ээжийгээ огт хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Одоо эргээд дурсахад надад биш түүнд л хэцүү байсан болов уу.
-Гэхдээ л тэр сайн ээж болох гэж хичээдэг байсан уу? 
-Тийм ээ.
-Тэгэхээр Та ээжтэйгээ дотно байсан байх нь ээ? 
-Аавтайгаа бүр ч илүү дотно байсан. Би ердөө л өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүй байх.
-Та багаасаа л шоубизнест дурлаж байв уу? 
-Хүн бүр л намайг урлагт дуртай охин байсан гэж ярьдаг юм.
-Хэдийнээс дуулж эхэлсэн бэ? 
-Таван настайдаа л тоглолт оролцож, дуулдаг болсон гэлцдэг. Гэвч би түүнийгээ бүдэг бадаг л санадаг. Харин жаахан томроод бүжигчин болохыг хүсдэг болсон. Нью-Йоркод очиж, бүжигчин болох нь миний мөрөдөл байлаа. Миний анхны хайрт бол бүжиг. Би эхлээд бүжигт, дараа нь дуу хөгжим, тэгээд жүжиглэх урлагт дурласан.
-Яагаад хөгжмийн ертөнц рүү урвачихсан юм бэ? 
-Би хэдэн жил Манхэттэнд бүжиглэсэн. Гэвч амьдрал тийм ч сайн байгаагүй. Тэгээд л би хөгжимт жүжгийн театрт ажиллах болсон. Дуулж, бүжиглэж байхыг минь хэн нэгэн харчихсан юм билээ.
-Тэгээд л шоубизнест хөл тавьсан байх нь ээ? 
-Үгүй дээ. Тэд ирээд “Хонгор минь, бид чамайг од болгоё” гээд Франц руу авч явсан. Тэнд намайг яг л робот шиг ажиллуулж, тийм байдалд бэлэн биш байсан болохоор би шантарч, Нью-Йоркод эргээд ирсэн.
-Хэрхэн олонд танигдаж эхэлсэн бэ? 
-Дуу минь радиогоор явж эхлэх үед л хүмүүс анзаарсан байх. Гэтэл төд удалгүй би хөгжмийн сувгийн шагнал гардуулах ёслолд оролцон, тайзнаа чанга чанга хөхөрч, үзэгчдийг гайхашруулсан.
-Яагаад тэгсэн юм бэ? 
-Би угаасаа сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байсан.
-Одоо ч тэр хэвээрээ байгаа юу? 
-Сэтгэл хөдлөл багатай байхын хичээж байна. Хэлж ярьж, хийхээсээ өмнө боддог болсон.
-Ам халсан үед ч тэр зарчмаа баримталдаг уу? 
-Би ирээдүйд санаа зоволгүй зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг. Тэр ч байтугай амьтны совиндоо найдах үе ч цөөнгүй бий.

No comments:

Post a Comment