Thursday, December 1, 2011

ОПРА УИНФРИ: Нэвтрүүлэг минь өндөр албан тушаалын зөөлөн суудлаас ч үнэтэй


Опра Уинфри бол яах аргагүй хамгийн нөлөө бүхий бүсгүйчүүдийн нэг. Түүний бичсэн ном бүр борлуулалтаараа тэргүүлж, хэн ч анхаардаггүй асуудлыг тэр улс үндэстэн, тэр ч бүү хэл дэлхий нийтийн анхаарлын төвд авчирч чаддаг. Энэ бүхнийг хэрхэн амжуулдаг болон  өөр юу хийж чадахыг нь сонирхохоор Ларри Кинг түүнийг зочноороо урьжээ. 

-Сургууль байгуулснаар их зүйл өөрчлөгдөв үү? 
-Миний амьдралын хамгийн сайхан өдрүүдийн нэг нь сургуулийн минь нээлтийн өдөр байсан. Гэрлэлт гэдэг гэгээлэг, сайхан зүйл. Ялануяа сүйт бүсгүйн хувьд. Харин манай сургуулийн нээлт 20 сүйт бүсгүйн баяр жаргалыг нийлүүлсэн шиг сэтгэгдэл үлдээсэн. Зөвхөн нээлт ч биш, сургуулиа байгуулах гэж зүтгэж байсан он жилүүд ч сайхан байлаа. Сургууль байгуулагдсанаас хойш сурагч охидын амьдралд л хамгийн том өөрчлөлт гарсан. Би үүнд баяртай байгаа.
-Таныг маш олон салбарт хүч сорьдог гэдгийг би мэднэ. Гэхдээ чухам юу хийхийг хүсдгийг тань сонирхмоор байна. 
-Чин сэтгэлээсээ хүсэж хийдэг зүйлс надад цөөн бий. Би радио, телевизийн нэвтрүүлгээ бэлтгэх дуртай. Миний хөрөнгө, хүсэл мөрөөдөл болохоор тэр. Энэ салбарт хөл тавиад зургаа, долоон жил өнгөрчээ. Нэвтрүүлгээр минь дамжуулж энэ хорвоогийн элдэв зүйлстэй танилцан, өсөж хүмүүждэг олон хүн бий. Тийм болохоор би ажилдаа дуртай. Танд ч бас тийм үнэнэч үзэгч хэдэн мянгаараа бий шүү дээ. Би гэхэд л таныг нэвтрүүлгийг дөрвөн настай байхаасаа л үзсэн.
-Аймшигтай юм. 
-Тийм шүү. Хэн нэгнээс ийм үг сонсох надад ч аймшигтай, ичмээр санагддаг. Гэвч би хуулийг, хүүхдүүдэд араатан шиг ханддаг улс гүрнүүдийн бодлогыг өөрчилмөөр байна. Энэ бол минийх хийхийг хүсдэг зүйлсийн нэг. Тиймээс би энэ бүхнийг өөрчлөгдтөл тэмцсээр байх болно.
Америкчууд бид эрх чөлөөний улсын иргэд гэж цээжээ дэлддэг атлаа үргэлж л цагаачдыг нүд үзүүрлэж, дарамт шахалт үзүүлдэг. Гэтэл өдөр бүр хэдэн зуун хүүхэд хүний наймааны золиос болж, бидний ирээдүй болсон бяцхан иргэд гэртээ бэлгийн хүчирхийлэлд өртөж, амь үрэгдэх явдал ч өдөр бүр гарч байна. Энэ чинь төсөөлж ч боломгүй аймшигтай зүйл. Гэтэл хүмүүс ийм балмад гэмт этгээдэд цагаачдыг жигшдэг шигээ хандахгүй, ердөө л “Хууль бүхнийг шийдэх ёстой. Хүүхэд алсан гэмт этгээдийг шоронд хорьвол таарна” гээд л өнгөрдөг. Хуулийг гэмт хэрэг болсон хойно шийтгэхийн тулд биш болохоос урьдчилан сэргийлэх гэж баталдаг.
-Тэгэхээр та хууль тогтоох байгууллагад орохын тулд л энэ бүхнийг хийж байгаа байх нь ээ? 
-Тийм ээ. Хуулийг шинэчлэх нь миний дараагийн алхам. Гэхдээ би энэ бүхнийг ганцаараа хийж чадахгүй. Ард түмний туслалцаа надад хэрэгтэй.
-Азаар та сайн илтгэгч. 
-Бусдад нөлөөлж чадахгүй бол та нийгэм, улс төрийн салбар руу өнгийх ч хэрэггүй. Гэхдээ хөндөж буй сэдэв нь чухал болохоор намайг үзэн яддаг хүн ч энэ санааг минь дэмжих байх.
-Та улсын төрийн алба хаших бодолтой байгаа юм уу? 
-Тийм зүйл хэзээ ч болохгүй гэдг ийг та мэднэ шүү дээ.
-Яагаад?
-Миний хувьд нэвтрүүлгийн минь ажил ямар ч өндөр албан тушаалын зөөлөн суудлаас ч үнэ цэнэтэй. Учир нь нэвтрүүлэг минь намайг зөвхөн Америкчууд бус дэлхийн сая сая үзэгчидтэй “уулзуулж”, тэдэнтэй үзэл бодлоо хуваалцаж, чин сэтгэлээсээ ярилцах боломж олгодог.
Яг л таны нэвтрүүлэг шиг. Нэвтрүүлэг гэдэг гайхалтай шидтэй зүйл. Би Өмнөд Африкт байхдаа ч таны нэвтрүүлгийг үзэлгүй унтаж чаддаггүй. Бидний нэвтрүүлэг дэлхийн 200 гаруй орны иргэдэд хүрдэг. Тийм болохоор таныг хаа ч явсан хамт байж чадна гэсэн үг.
-Танд сургууль нээх санаа хэрхэн төрсөн юм бэ? 
-Би нэг удаа өөрийн шүтээн Нэлсон Манделатай уулзсан юм. Зул сарын баярын өмнөхөн би тэднийд уригдлаа. Хүмүүстэй уулзаж, ярилцахдаа би огт сандардаггүй. Харин түүнтэй уулзахдаа багагүй тэвдэж байлаа. Тиймээс ч тэднийд арав хонолоо. Тэр хугацаанд 29 удаа хамт хооллосон. Тэгсэн хэрнээ л ярилцаж зүрхлэхгүй байлаа. Юун тухай ярилцахаа мэдэхгүй тээнэгэлзэж байхыг минь анзаараад Стидмэн надад “Чи ярилцлагаа чиглүүлэх шаардлагагүй ээ. Тэр чинь Нэлсон Мандела шүү дээ. Зүгээр сонсоод л ууж бай” гэж зөвлөсөн юм. Тэгээд л би сонссон. Эцэст нь би Өмнөд Африкт дурласан.
-Тэгээд л Өмнөд Африкт сургууль нээхээр шийдсэн хэрэг үү? 
-Тийм ээ. Нэг өдөр бид хоёр тэдний зочны өрөөнд нь ярилцсан. Эцэст нь би Өмнөд Африкийн тусалж, тэдэнд зориулсан сургууль барих хүсэлтэй байгаагаа түүнд хэлсэн. Учир нь би дэлхийг боловсрол аварна гэдэгт итгэдэг юм.
Энэ ертөнцөд би үлдээсэн зүйлтэй байхын тулд л хөгжиж буй орнуудад тусалдаг. Дэлхий дээр 100 сая охид бага сургуульд ч суралцаж үзээгүй байдаг юм билээ. Тиймээс би үхэхээсээ өмнө энэ байдлыг өөрчлөхийг хүссэн юм.
-Тэгэхээр та өөр олон сургууль байгуулах нь ээ? 
-Тийм ээ. Би өөр олон арван сургууль байгуулна. Гэхдээ үлгэр болсон охидын сургууль. Сургуулийн минь сурагч охид тосгоноосоо гараад явсан ч танихгүй хүмүүст өөрийн үзэл бодлоо ойлгуулж чаддаг, сургуульд сурахын тулд юу хэрэгтэй байгаагаа хэнээс ч ичиж, эмээлгүй илэрхийлдэг болох нь бидний туйлын зорилго.
Урсгал ус, цахилгаангүй тосгонд бид сургуулиа босгосон. Сургуулийн барилгын дор бохир усны хоолой байрлуулж, цэвэр усны байгууламж ч тавьж өгсөн. Уг байгууламж борооны усыг хүрааж, цэвэрлэх маягаар ажилладаг юм. Тиймээс сурагчид одоо суултуурт бие засаж байгаа.
-Та яагаад Алабама гэх мэт мужид сургууль нээгээгүй юм бэ? Хүмүүс үүнд чинь нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. 
-Тэр мужийн иргэд чинь нэг байтугай нэлээн хэдэн сургууль барьж, байгуулах чадалтай засгийн газартай шүү дээ. Тиймээс би тэр ажлыг өмнөөс нь хийгээд яах вэ дээ. Би дэлхийн хамгийн шилдэг гүрэнд амьдарч байна. Хүссэн хүн нь сурч боловсрох бололцоотой улсад бид амьдарч байна. Харин энэ боломжийг дэлхийн хүүхэд бүрийн өмнө нээх гэсэн юм.
-Та их сайн ээж болох байх даа. 
-Би одоо ч өөрийгөө эх хүн гэж боддог шүү дээ. Би 151 охинтой. Тэгэхээр би чинь 151 хүүхдийн ээж гэсэн үг.
-Танай сургуулийг их хатуу дэглэмтэй, хүүхдүүдэд эцэг эхтэйгээ уулзах боломж олгодоггүй гэж сонссон. Энэ үнэн үү? 
-Би хүмүүсийн тэр худал яриаг тоодоггүй юм. Үнэндээ энэ хугацаанд эцэг эхчүүдийн зүгээс хоёр л удаа гомдол гарч байсан. Гэхдээ би сургуулийн байранд эрх чөлөөтэй явж болохгүй байна гэсэн хоёр хүний гомдлоос болж сургуулийнхаа дүрмигй өөрчлөх бодолгүй байна. Угаасаа хүн бүр л дүрэм журманд захирагдах дургүй байдаг шүү дээ. Энэ хоёр хүн хүүхдэд нь эрүүл хоол хүнс өгсөнд дургүйцсэн. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, сургуулийн байранд гаднаас оруулж буй зүйлсийг нь шалгахад дургүйцсэн. Охид нь сургуульдаа гар утас хэрэглэж болохгүй, жилд 10 мянгаас дээш орлого олдог гэр бүлийн охидын сургахгүй гэсэн дүрмийг эсэргүүцсэн. Сурагч бүр гар утастай байхыг хүсдэг. Гэтэл тэдний хэдэд нь гар утастай болох боломж байгаа билээ. Ялангуяа манай сурагчдын хувьд. Тиймээс л би ийм дүрэм тогтоосон.
-Үзэл бодол огт нийлэхгүй эсвэл тааламжгүй хүнтэй ярилцлага хийх хэцүү юу? Надад бол чөс өдөр тохиосон юм шиг л санагддаг. 
-Миний хувьд бол тооцоогоо гаргасан өдөр л хамгийн хэцүү санагддаг.
-Та тооцоогоо өөрөө хийдэг юм уу? 
-Тийм ээ.
-Таарамжгүй оролцогч танд ямар санагддаг вэ? 
-Ямар хүн байх нь чухал биш ээ. Би төвийг сахигч хүн гэдгийг та мэднэ шүү дээ. Би зөвхөн дэргэд нь суухаас ч жийрхмээр сөрөг энергитэй хүмүүст л дургүй. Тиймээс надад таалагддаггүй хүн тун цөөн. Харин юу хэцүү гээч. Оролцогч тань худал яриад байх үед л хамгийн хэцүү байдаг юм.
-Энэ үед бидний хийж чадах зүйл нь зөвхөн үнэнийг яриулах гэж оролдох л байдаг. 
-Тийм шүү.
-Танд ярилцлага хийхсэн гэж боддог хүн бий юү? 
-Алдартнуудтай ярилцах хөгжилтэй байдаг ч энгийн иргэдтэй ярилцах нь илүү сайхан. Хэдэн жилийн өмнө би нэг бүсгүйтэй ярилцсан юм. Түүнийг жолоо барьж явтал согтуу жолооч мөргөж, машинд нь гал авалцан шатсан байсан. Нүүр нь бүхэлдээ түлэгдэж, сорвитой болсон ч дотроосоо гэрэлтэж, тэр үзэгчдэд их зүйлийг ойлгуулсан. Дотоод гоо сайхны тухай хүн бүр ярьдаг. Би ч сэтгүүлдээ бичиж, нэвтрүүлгээрээ энэ тухай ярьж байсан. Гэсэн ч хүмүүс амьдралдаа хэрэгжүүлсэн нь ховор. Дотоод гоо сайхны жинхэнэ илрэл түүнд байсан юм. Чих хүртлээ түлэгдэж, нүд халтирам болсон түүнээс “тэр үед үхчихгүй яав даа гэж бодогдож байсан уу?” гэж асуухад “Үгүй ээ. Харин ч би олон арван жил амьдрахсан гэж хүсдэг” гэж билээ.
-Ийм хүмүүстэй ярилцах сайхан байдаг уу?
-Тийм ээ. Би хүмүүст аз жаргал бэлэглэх гэж л нэвтрүүлэг хийдэг.

No comments:

Post a Comment