Thursday, December 1, 2011
Снүп Дог: Миний чаддаггүй цөөн зүйлсийн нэг нь дуурийн дуу дуулах
Цомог нь хэдэн сая хувь борлогдож, хип хоп урлагийн томоохон төлөөлөл болсон рэппер бол Снүп Дог. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт худалдаанд гарсан “Хорслоос илүү”, энэ долоо хоногт нээлтээ хийх “Малиса гайхамшгийн оронд” киноныхоо тухай сонирхуулахаар Ларри Кингийн нэвтрүүлэгт зочилжээ.
-“Хорсол бол өвчин”-д юун тухай өгүүлдэг юм бэ?
-Миний тав дахь соло цомог ийм нэртэй. Би энэ дуугаа зүгээр л өөрийнхөө сонирхол таашаалд нийцүүлэн бичүүлсэн юм. Хөгжим бол зугаа цэнгээний урлаг. Сайхан дуу хөгжим сонсоод хүмүүс тайвширч, алжаалаа тайлдаг шүү дээ. Би ч бас яг л ийм зорилгоор энэ дуугаа бичүүлсэн.
-Гэхдээ “Хорсол” гэдэг үг тийм ч сайхан утгагтай биш шүү дээ. Имй зүйл сонсоод хүн таашаал авч чадна гэж үү?
-Үнэхээр “Хорсол” гэхээр хүн бүрт л муу муухай зүйлс төсөөлөгддөг. Энэ дууг бичүүлэхийн өмнөхөн зүрх сэтгэл минь уур хилэн, хорсолд автсан байсан. Тухайн үед намайг ихээр хавчиж, гадуурхдаг байлаа. Дуугаа бичүүлсний дараа би сэтгэлдээ амар амгаланг олж, жинхэнэ гайхамшгийн орныг өөртөө бүтээсэн. Эцэст нь би хорсол заналаа аз жаргал болгон хувиргасан тул цомгоо “Гайхамшгийн орон дахь хорсол” хэмээн нэрлэсэн юм.
-Тэгэхээр энэ дуугаа бичүүлснээр таны хувьд бүх зүйл өөрчлөгдсөн байх нь ээ?
-Яг л хуучны сайхан цаг шиг хүмүүс миний дуунуудыг сонсохыг хүссэн хэвээр байгаа гэсэн төсөөлөлтэй байсан юм. Тиймээс ч бодит байдал надад их хатуу цохилт болсон. Азаар хүмүүс дуу хөгжимд дуртай хэвээр байгаа нь, мөн гэр бүлийнхэн минь надад урам хайрлаж байсан нь надад энэ бүхний эергээр өөрчлөх тэнхэл хайрласан.
-Рэп хөгжим үүсэх үед олонх хүн таагүй ханддаг байсан. Харин одоо олны энэ хандлага өөрчлөгдсөн үү?
-Өнөө цагт хөгжмийн ертөнцийн хамгийн чухал хэсэг нь рэп гэдэгт би итгэдэг. Учир нь шинэ зуунынхны сонголт өөрчлөгдсөн байна. Та сайн ажиглавал спорт, шоубизнесийн ертөнц гээд таны уулзсан хүн бүр рэп хөгжимтэй ямар нэгэн шижмээр холбоо хамааралтай байгаа. Орчин үед хөгжмийн хамгийн дээд хэлбэр нь рэп болсон болохоор тэр.
-Гэхдээ рэпийг хөгжим гэж тодорхойлж болно гэж үү? Жишээлбэл та рэпийг аялж чадах уу?
-Чадна. Рэп ч бас аялгуу, хэмнэлтэй шүү дээ.
-Таныг “We Are the World 25” дууг бусад алдартнуудтай хамтран дуулсандаа тун их баяртай байгаа гэж сонссон.
-Гайхалтай байсан, Ларри. Тийм гайхалтай дуучидтай нэгэн өрөөнд зогсон, хамт дуулуулахаар над руу залгасанд нь би тун их баяртай байгаа. Хүүхэд байхаасаа л би Майкл Жэксон, Лионел Ричи, Рэй Чарьлз гэх мэт гайхалтай дуучдын хамтран дуулсан эл дууг сонссоор ирсэн. Энэ гайхалтай дуу сонсогдын хүртээл болсны 25 жилийн ойгоор дахин дуулсан минь надад тун сайхан санагдаж байгаа.
-Та машинд дуртай байх аа?
-Би бүхий л насаараа машин сонирхдог байсан. Ялангуяа хуучны буюу 1930-1970-аад оны машинуудад нүдээ унагадаг.
-Хуучны машинууд илүү чанартай байдаг гэж үү?
-Хавьгүй илүү.
-Танд ийм машин олон бий юү?
-Би 25 машинтай.
-Тэднийгээ хаана хадгалдаг юм бэ?
-“Bat Cave” нэртэй жижигхэн газар бий. Яг л Бэтмэний газар дорх агуулах шиг. Бэтмэний туслалцаа хэрэг болсон үед тэр гялалзсан хар машинаа унаад л хонгилоос сүн сүн гээд гараад явдаг даа. Яг л түүн шиг. Та миний яриаг ойлгож байна уу?
-Хагас хугасыг нь л ойлгож байна. Ийм шинэ хэлийг та зохиосон юм уу?
-Үгүй дээ. Ийм яриа бүр 1970-аад онд үүссэн гэдэг юм.
-Та хаана өссөн бэ?
-Лонг Бичийн өмнөд хэсэгт.
-Хэцүү газар шүү.
-Гэхдээ бас хөгжилтэй шүү. Энэ газар өссөнөөрөө би ихийг мэдэж авсан. Тэнд олон сайхан хүмүүс амьдардаг. Буруу гарын нөхдүүдээс гадна агуу хүмүүс ч олон бий. Энэ нь л надад сайхан туршлага болдог юм.
-“Малиса гайхамшгийн оронд” кинонд юун тухай өгүүлдэг вэ?
-Снүп Догийн хөгжмийн ертөнцөд өнгөрүүлсэн амьдралын туршлагаас үндэслэсэн кино юм. Би өөрөө Малиас нэртэй супер баатрын дүрд тоглосон. Тэр баатар маань гайхамшгийн орон хэмээх нийгмийг цэвэрлэхээр тэмцэж байгаа тухай гардаг.
-Та “Аав” нэртэй шоугаа яагаад орхисон юм бэ?
-Үйл явдал нь хэтэрхий сайхан, гэгээлэг болохоор нь дуусгахаар шийдсэн. Хүмүүс надаас төгс аав байхыг шаардаж байсан. Яг л уянгын кино шиг. Гэтэл би бол Снүп Дог. Миний гэрт хэзээ ч тийм нөхцөл байдал бүрддэж байгаагүй. Тиймээс би хиймэл, жүжигт тоглохыг хүсээгүй юм. Эхнэр минь ажлаа хийхийн зэрэгцээ гэр орныхоо асуудлыг хариуцаж, харин хүүхдүүд минь харьцангуй бие даасан байдалтай байдаг. Миний хувьд ийм амьдрал хамгийн сайхан нь.
-Та хоёр ажлаа хэрхэн зохицуулдаг вэ?
-Өө бид тун гайхалтай зохицдог шүү. Яг л зөв галт тэргэндээ суун хурдалж яваа юм шиг. Бид зөвхөн ирээдүйдээ анхаарлаа хандуулан урагш зүтгэдэг. Хэзээ ч өнгөрснөө сөхөж байгаагүй.
-Та гэр бүлийнхэнтэйгээ уулзалгүй хэр удаж байна вэ?
-Зургаан сар орчим болж байна.
-Хэцүү байна уу?
-Маш хүнд байна. Гэхдээ би сонголтыг өөрөө л хийсэн. Энэ цагт, энэ газар байх хэрэгтэй байгаа учраас гэрийнхнээсээ хол байгаа. Тиймээс харамсахаасаа илүү чухал гэсэн бүхнээ хурдан, чанартай гүйцэтгэхийг хичээж байна.
-Гэхдээ таны тухай бичлэгүүд, хэвлэлд гарсан нийтлэлүүдээс харахад Та яг л тоглоом тоглож байгаа юм шиг санагддаг.
-Тийм ээ. Тэр чинь л би шүү дээ. Хэн нэгний дүрд тоглож байвал Снүп гэсэн үг. Гэхдээ би хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байдаг. Юу гэх гээд байгааг минь ойлгож байна уу, Ларри?
-Холливуд болон хөгжмийн ертөнцөд булхай, луйвар гэдэг зүйлс хүчээ авч байгаа гэдэгтэй Та санал нийлэх үү?
-Мэдээж нийлнэ. Холливудад хүрэх маш олон арга зам байдаг болсныг хүмүүс анзаарсан ч байж мадагүй.
-Таны жинхэнэ нэрийг хэн гэдэг юм бэ?
-Кордозар Салвин Броадус.
-Тэгээд яагаад Снүп Дог гэгдэх болсон юм бэ?
-Эхэндээ ээж минь намайг тэгж дууддаг байсан. Би багадаа “Чарли Броун” гэдэг хүүхэлдэйн киног их үздэг байсан юм. Тэр хүүхэлдэйн кинонд Снүпи гэдэг нохой гардаг.
-Хип хопчдын хувьд хувцаслалт тун чухал уу?
-Тийм ээ. Яг одоо би “Adidas”-ийн хослол өмссөн байна. Хувцсаараа би өөрийгөө илэрхийлдэг гэсэн үг. Гурван зураас бүхий бэлгэ тэмдэгтэй хувцсаараа би хэр хурдан “гүйдэг” гэдгээ харуулах гэсэн хэрэг.
-Яагаад ногоон, цэнхэр, шар зэрэг тод өнгө сонгосон юм бэ?
-Гайхалтай сайхан харагддаг болохоор нь тэр. Энэ өнгөнүүд надад Боб Марлиг санагдуулдаг юм. Яг л ямайкачууд шиг.
-Та марихуаныг бэлгэ тэмдгээ болгосон байдаг. Одоо ч хэрэглэсэн хэвээрээ байгаа юу?
-Цэнхэр сар гарах бүрт татдаг.
-Сард хэдэн удаа цэнхэр сар гардаг юм бэ?
-Үдэш бүр.
-Сюзан Бойлын талаар Та ямар бодолтой байдаг вэ?
-Тэр сайн дуучин. Тиймээс ч би түүнтэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа.
-Хамт дуулах дуугаа сонгочихсон уу?
-Үгүй дээ. Одоохондоо зөвхөн төсөөлж, төлөвлөж байна.
-Харин дуурийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Би тэр талаар боддоггүй.
-Та Мариачи шиг дуулж чадах болов уу?
-Миний хийж чадахгүй цөөн зүйлсийн нэг нь тэр.
-Та хэзээ нэгэн цагт “Америкийн шүтээн”-д оролцож байсан уу?
-Хэзээ ч оролцож байгаагүй.
-Хүсэж байсан уу?
-“American Idol” нэвтрүүлэг надад таалагддаг. Би гайхалтай хөтөлж чадна гэдэгтээ итгэлтэй байна.
-Харин сайн шүүгч болж чадах юм биш үү?
-Тийм ээ. Учир нь би хөгжмийг сайн ойлгодог. Хөгжминйн ертөнцийг хөдөлгөх гол хүч нь юу байдгийг, од болохын өмнө дуучид ямар зүйлс хийх шаардлагатай гээд бүгдийг нь мэднэ. Тиймээс муугүй шүүгч болж чадах байх шүү.
-Тэгвэл энэ шоуны амжилтад хүрсэн нууц юунд байдаг вэ?
-Хүн бүрт од олны танил болох гэсэн хүсэл бий. Түүгээр нь тоглосноороо энэ шоу амжилт олсон. Хүмүүсийн мөрөөдлийг борлуулснаараа жинхэнэ реалити шоу болж байгаа юм.
-Та энэ нэвтрүүлгийг үздэг үү?
-Заримдаа л хардаг. Оролцогчдын авьяасаа хэрхэн гаргаж байгааг нь харах сонирхолтой байдаг юм. Шинэ авьяастнууд төрөх нь бидний хувьд хамгийн сайхан зүйл. Нэвтрүүлгийн ялагчид одоо бүгд л амжилтад хүрч, алдар нэрээ цуурайтуулж явна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment