Thursday, December 1, 2011
ЖЭЙМС КАРТЕР: ИРЭЭДҮЙД БУШИЙН НЭР ХҮНД УЛАМ ӨСНӨ
АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жэймс Картер Ларри Кингийн шууд нэвтрүүлгийн зочноор уригджээ. Тэд 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн тухай хуучиллаа.
-Ерөнхийлөгч Обамаг та хэрхэн дүгнэж байна вэ? Бид түүнийг хэтэрхий өндөр үнэлж, итгэл найдвар хүлээлгээд байгаа юм биш биз?
-Би таван ч Ерөнхийлөгчийн нүүр үзсэн хүн. Ерөнхийлөгчийн албыг хүлээлгэж өгөх ёслолын үеэр би Обаматай уулзаж байсан. Тэр үед Обама Ерөнхийлөгч болчихлоо гэж баярлахаасаа илүүтэй амлалтаа хэрхэн биелүүлэх вэ, Дундад Азийн тогтворгүй байдлыг яаж намжаах гэдэгт илүүтэй анхаарал хандуулж байсныг би тод санаж байна. Бүр албандаа томилогдоогүй байхдаа хуучин өрөөнөөсөө утас цохиж, ажлаа эхэлчихсэн байсан. Тиймээс түүнийг улс орныхоо тэргүүлэгч байж, конгрессийг зөв зүгт залах чадвартай гэж би үнэлж, түүнд бүрэн итгэж байна.
Итгэл найдварын тухайд гэвэл цөхөрч сууснаас горьдох нь хавьгүй илүү шүү дээ. Гэхдээ хүн бүр өөрчлөлт гэдэг хоромхон зуурт болж, үр дүнгээ харуулдаггүйг ойлгох хэрэгтэй. Эдийн засгийн байдал маш удаан хугацаанд тогтворжиж, магадгүй бид түүнийг үл анзаарах болно. Гол нь бид улсынхаа тэргүүнд итгэл хүлээлгэх хэрэгтэй.
-Түүний кабинетийн бүрэлдэхүүний тухайд ямар бодолтой байна вэ?
-Сайн сонголт хийсэн гэж бодож байна. Би тэдний олонхийг танина. Тиймээс Ерөнхийлөгчийн албыг хүлээлгэн өгөх ёслолын үеэр уулзаж ярилцах боломж олдсон. Ялангуяа ерөнхий нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой санал бодлоо солилцсон.
-Хиллари Клинтон Дундад Азийн талаар зөв бодлого явуулж байна уу?
-Миний бодлоор тэр энэ тухайд сайн ажиллаж байна. Мэдээж цагаан ордны гол хүн л энэ талаарх бодлогыг чиглүүлж байгаа болов уу. Ерөнхий нарийн бичиг, Ерөнхийлөгчтэй нэгэн санаа бодолтой байх шаардлагатай байдаг юм. Хэрэв жаахан зөрчилддөг бол Ерөнхийлөгчийн хүсэл, сонирхлыг өөрийнхөөс дээгүүрт тавих ёстой. Гэхдээ би тэдний дунд зүү орох зай байхгүй гэж бодож байна.
Ерөнхийлөгч Обама Дундад Азийн талаарх хоёр намын байр суурийг мэддэг, туршлагатай нэгэн тул энэ талаарх асуудалд илүү бодитой хандаж байна.
-Та өөдрөг үзэлтэн мөн үү?
-Мөн. Гэхдээ сүүлийн 16 жилд энэ үзэл маань улам лавшрах болсон.
-Тийм гэж үү?
-Бид улам л хөгжиж, дэвшиж байна гэдэгт би итгэдэг. Энэ тухайд огт эргэлздэггүй шүү.
-Ерөнхийлөгч нар хоорондоо хэр дотно харилцаатай байдаг вэ. Тэдний нөхөрлөл хэр дотно вэ?
-Би маш дотно гэж дүгнэдэг. Ялангуяа таван хүнийхийг би тун нөхөрсөг гэж баттай хэлэх байна. Миний хувьд Би Жорж Буш болон Жим Бэйкэр нартай тун дотно харилцаатай.
Мөн Билл Клинтонтой ч сайхан нөхөрлөдөг. Клинтоныг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед түүний зөвшөөрлөөр би Солонгос руу явж, Ким Сунтай хэлэлцээр хийж байсан юм.
-Хэдэн жилийн өмнө Таныг Гайтид айлчлал хийх үед нэг ч хүн дайраагүй гэж Колин Поуэлл хэлж байсан. Энэ ч итгэмээргүй түүх шүү. Би лав Таны оронд байсан бол тийшээ зүглэхгүй байсан. Тэнд байдал ямар байсан бэ?
-Тун аюултай байсан.
-Та Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой ямар харилцаатай байдаг вэ?
-Бид сайхан харилцаатай байдаг. Түүний ажлаа хүлээн авахаас өмнө бид гэр бүлээрээ уулзаж, ярилцаж байсан. Тэр намайг Ерөнхийлөгч болохоос өмнө тусалж байсан юм. Би мөн л түүнийг Ерөнхийлөгч болохоос нь өмнө тус хүргэж байлаа. Түүнээс гадна бидэнд хамтдаа хийж, бүтээсэн зүйл цөөнгүй бий. Тиймээс одоо ч бид уулзаж, Хилларигийн ажлын талаар ярилцдаг.
Харин Жорж Буш бол хэн нэгний туслалцаагүйгээр, цахилгаан шатаар энэ өндөрлөгт гарсан хүн. Тиймээс бид хожим дотно танилцсан. Гэхдээ одоо ч найрсаг харилцаатай байдаг.
-Ажлаа хүлээлгэж өгөх үед Жорж Бушийн нэр хүнд тийм ч сайнгүй байсан. Харин одоо өөрчлөгдөөд байх шиг. Харин таныг ажлаа хүлээлгэж өгөх үед ард түмний 34 нь дэмжсэн хэвээр байсан гэх судалгаа байдаг. Харин CNN-ээс явуулсан судалгаагаар энэ тоо 60 хувьд хүрсэн. Та Жорж Бушт зөвлөгөө өгч байсан уу?
-Би юун түрүүнд Америкийн ард түмэнд зөвхөн үнэнийг хэлж бай, тэгээд хэзээд ч суудлаа буцаан өгөх чадвартай бай гэж захиж байлаа. Мөн өмнөх Ерөнхийлөгч нарын нөлөөг ашиглаж, өөрийнхөө байр суурийн бэхжүүлж бай гэж хэлсэн.
Миний бодлоор тэр үүргээ онцсайн гүйцэтгэсэн. Тэр Африкт үзүүлэх тусламжийг нэмсэн. Магадгүй түүнээс өөр хэн ч энэ ажлыг ийм сайхан хийхгүй байсан. Энэ талаараа тэр бусдаас давуу юм болов уу.
Ирээдүйд түүний нэр хүнд улам өмнө гэдэгт би эргэлзэхгүй байна.
-Таныг Ерөнхийлөгчөөр сонгогдох үед охин Эми тань есөн настай байсан. Охидынхоо хамт цагаан ордонд амьдарч байгаа Ерөнхийлөгч Обамад хэлэх зөвлөгөө байна уу?
-Бид энэ талаар маш удаан ярилцсан. Роза ч хатагтай Мишель Обаматай цаг гаруй яриа өрнүүлж, зөвлөгөө өгсөн. Тэд охидоо цагаан ордонд байгаа хэрнээ Америкийн энгийн охид шиг байгаасай гэж хүсдэг. Эми цагаан ордонд ирэхдээ тэдний том охин шиг л байсан. Харин Роза бид хоёр хувийн амьдралаа бузгай сайн нууж байсан шиг байгаа юм.
Бид цагаан ордон дахь амьдрал хэрхэн өрнөдгийг урьд нь хэзээ ч, хэнд ч ярьж байгаагүй. Тэр тухай яриаг сонссон анхны хүмүүс нь Обамагийнхан. Цагаан ордон төдийгүй, Дэвидийн зусланд ч амьдрах гайхалтай сайхан шүү.
Эми цагаан ордонд байхдаа ангийнхнаа авчирч, хамт кино үздэг байлаа. Миний бодлоор хүүхдэд хамгийн ээлтэй нөхцөлтэй газар бол цагаан ордог. Тэндэхийн кинотеатрт охид хүссэн киногоо үзэх эрхтэй. Хамгийн сүүлд гарсан эсвэл хуучны ховор киног ч үзэх боломжтой. Эми ангийнхаа охидыг баасан гаригийн орой дагуулан ирж, бүхэл шөнийн турш кино үзэн, попкорн идэж, кола уун өнгөрөөдөг байсан.
Цагаан ордонд Ерөнхийлөгч асан Форд усан сан, Харри Трюмэн боулингийн талбай байгуулсныг та мэдэх байх. Одоо бол ордныг тойроод маш олон зүйл байгуулагдсан. Тиймээс Обамагийн охид тэнд жаргалтай байгаа болов уу.
-Эми одоо хэдэн настай вэ?
-Эми 1967 онд төрсөн юм. Тэгэхээр хэд хүрч байгаа гэсэн үг вэ?
-43.
-Тийм байна. 43 хүрч байгаа юм байна шүү дээ.
-Израйлд сургууль, сүм шатсан гэж Та ярьж байсан. Харин Израйлчууд үүнийг пуужин харвасан зүг рүү бид эсэргүүцэгч тавьсан нь тэр гэж тайлбарласан байдаг. Үнэндээ тэнд яг юу болсон юм бэ?
-Би тэр талаар сайн мэдэхгүй ээ. Би тухайн үед тэнд байгаагүй юм. Зөвхөн Америкийн сургууль шатаж, тэнд байсан гуч гаруй хүүхэд үрэгдсэн гэдгийг мэдэж байна. Харин Америкчууд тэнд террористууд байгаагүй гэж баталдаг юм.
Гэхдээ одоо эргээд бодоход “Террористууд хотыг бүхэлд нь дэлбэлэх гэж төлөвлөсөн боловч 22 мянга гаруй байшинг нэг дор устгаж чадахгүй тул сургууль, сүмээс эхэлсэн. Тэр үед нь манайхан зогсоосон байх” гэж санагддаг.
-Та “Хамас” хэмээх бүлэглэл байдаг гэдэгт итгэдэг үү?
-“Хамас”-ынхан өөрсдийн хүссэнээ хийдэг гэдэгт би итгэдэг. Гэвч би тэдэнтэй хоёр ч удаа уулзахдаа шаардлага нь тун энгийн, газын зурвасыг нээж, иргэддээ хоол хүнс чөлөөтэй авчрах боломж олгохыг л хүсдэг юм билээ.
Газын зурваст 1.5 сая хүн бий. Тэд бүгд “Хамас”-ыг дэмждэггүй гэдгийг ч би анзаарсан. Хэрэв газын зурвасын зүүн хэсгээр явбал тэдний олонх нь “Хамас”-ынхныг хүлээн зөвшөөрдөггүй болохыг түвэггүй мэдэж болно. Харин баруун хэсгийнхэн “Фата”-г эсэргүүцдэг.
Палестинуудын хувьд ч ялгаа байхгүй. Тэндэхийн хүн бүр энхтайвныг хүсдэг гэдэгт би итгэлтэй байна.
”Хамас” бүлгийнхэн ч 200 гаруй жил дайтсан Палестин Израйлийг энхийн хэлэлцээр байгуулж, найрамдахад хүрвэл эсэргүүцэхгүй гэдгээ мэдэгдэж байна билээ.
-Ерөнхийлөгч өө, Таны эрүүл мэндийн байдал ямар байгаа вэ?
-Муугүй байна. Улам ч сайжрах байх гэж бодож байна. Саяхан шинэ номоо хэвлүүлсэн болохоор би ирэх дөрвөн өдөр 51 ярилцлага өгнө. Энэ дөрвөн өдрийг ажралгүй давчихвал өөрийгөө тун сайн байгаа юм байна гэж дүгнэнэ дээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment