Tuesday, January 31, 2012

Жимми Картер: Обама түүхэн дэх хамгийн эв нэгдэлгүй конгресстэй ажиллаж байна


Энэ оны арваннэгдүгээр сарын 6-нд товлоод буй Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодроод буй. Сонгуулийн компанит ажил эхэлсэнтэй холбогдуулан “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэг улстөрчдийг зочноороо урьж эхэллээ. Ерөнхийлөгчийн албаны тухай хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг болох Нэгдсэн улсын 39 дэх Ерөнхийлөгч, Нобелийн шагналтан Жимми Картер тэдний нэг аж. 

-1977-1981 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж, түүнээс хойш энх тайвныг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Жимми Картерт Нобелийн энх тайвны шагналыг гардуулж байсан. “Жимми Картертай өнгөрүүлсэн он жилүүд” номоо гаргаад буй Жимми Картер эхнэр Розалинын хамт нэвтрүүлэгт маань оролцож байна. Өөрийн төвдөө биднийг урьсанд баярлалаа. 
-Манай төвд та бүхнийг хүрэлцэн ирсэнд баяртай байна.
-Энд уулзах санал тань надад их таалагдсан шүү. Та 1977 онд Ерөнхийлөгч болсон байх аа? 
-Тийм ээ.
-Харин CNN…
-1980 онд байгуулагдсан.
-Картерийн төв хэдэн онд байгуулагдсан бэ? 
-1982.
-Ерөнхийлөгчид ажлаа хүлээлгэн өгсөний дараа өөрийн ажил хэргээ хөтлөх номын сан байгуулах нь түгээмэл. Харин танай төв их онцгой. Номын сан бол энэ төвийн ердөө нэг жижиг хэсэг нь байх юм. Танай төвийн гол зорилго юу вэ?
-Хүний эрх болон энх тайвны төлөө үйл ажиллагаагаа явуулж байна. Бид саяхнаас энхийн хэлэлцээр байгуулах ажилд анхаарал хандуулж эхлээд байна. Түүнчлэн төсвийнхөө 80 хувийг Африк болон Латин Америкийн ядуу иргэдийн амьжиргаа, эмчилгээ болон өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулж байгаа. Түүнчлэн хурцадмал байдалтай байгаа орнуудийн сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавьж байна. Саяхны жишээ дурдахад бид Египетийн 89 дэх сонгуульд ажилагчаар оролцлоо.
-Энэ төвийг байгуулснаараа Ерөнхийлөгч байхдаа хийж бүтээснээсээ илүү үр дүнтэй ажилласан юм шиг санагддаг уу? 
-Үүрэг хариуцлага, эрх мэдэл, нөлөөгөөрөө энэ хоёр ажил огт өөр л дөө. Хэрэв би Цагаан ордонд байхгүй л бол Нэгдсэн улсын Хятадтай тогтоосон дипломат харилцаа тогтоож, Израиль, Египетийн энхийн хэлэлцээрт нөлөөлж чадахгүй. Түүний адил энэ хоёр үйл хэрэг хэдийгээр түүхэнд тэмдэглэхүйц явдал болсон ч, төвийн маань үйл ажиллагаа дэлхийн олон сая хүнд илүү ойр үйл ажиллагаа явуулдаг. Жишээлбэл, бид өнгөрсөн жил 12 гаруй сая хараагүй иргэдийн эмчилгээг шийдэж чадсан. 3.5 сая хүн өвчилсөн гахайн ханиад хэмээн бидний нэрлээд буй халдварт өвчинтэй тэмцсэний үр дүнд халдвар авсан тохиолдол 1000-аар буураад байна.
-Ерөнхийлөгч байх хугацаандаа тийм ч сайн үүргээ гүйцэтгэж чадаагүй юм байна даа гэсэн бодол танд төрдөг үү. Ингэж асууж байгаагийн учир нь өнөөдөр Израиль Египетийн харилцаа, мөн Америк Хятадын харилцаа тийм ч сайнгүй, бүр зарим нэгний толгойг өвтгөх болсон. Гэхдээ тухайн үед тун чухал үйл явдал болсон санагдах юм. 
-Тийм ээ. Бид эх орныхоо энх тайвныг сахин хамгаалж чадсан. Энэ хэлэлцээр, дипломат харилцаа олон арван маргаан дэгдээсний зэрэгцээ бидэнд олон арван боломжийг нээж, бас сургамж болсон. Бас нэгэн дайныг эхэлж мэдэх үе тохиогоод байсан хэдий ч бид дайн өдөөгөөгүй. Хүний эрхийг дээдэлж, энх тайвныг илүүд үзсэн.
-Египетийн сонгуулийн үйл явцыг нүдээр харж байсан хүний хувьд Ойрхи Дорнодод байдал ямар байгааг сонирхуулаач. Сонгуульд исламистууд ялж, төрийн эрхийг гартаа авах нь гэсэн айдас төрөөд байна. 
-Юуны өмнө египетчүүдийн 90 хувь нь лалын шашин шүтдэг гэдгийг бид санах хэрэгтэй. Тиймээс лалын шашны намууд сонгогдоход гайхаад байх зүйлгүй. Би саяхан исламистуудын удирдлагатай уулзаж, ярилцсан. Тэд хүний эрхийг дээдэлсэн шударга засгийн газар байгуулж чадна гэдгээ харуулсан. Хамгийн гол нь Нэгдсэн улс исламистуудыг төрийн эрх барихыг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.
-Харин Израиль, Палестины асуудлыг та хэрхэн дүгнэдэг вэ. Миний санаж буйгаар та олон жилийн өмнөөс Палестиныг дэмжихийг эрс эсэргүүцсээр ирсэн. 
-Үгүй дээ. Би Израильд энх тайван тогтоохыг хүсэн 35 жилийн турш залбирсаар ирсэн. Мэдээж Палестинд энх тайван байдлыг тогтоохгүй бол Израиль дахь үймээн намжихгүй. Түүнчлэн Йордан, Сирийн асуудлыг ч шийдэх шаардлагатай болно гэсэн үг. Америк болон Европын холбоонд энэ үймээнийг намжаах боломж бий гэдэгт би итгэдэг.
-Хэсэг хугацааны завсарлагын дараа дахин энэ сэдвээр ярилцъя. 
(Бичлэг)
Картер: Энэ бол шинэ ертөнц. Бид энэ ертөнцийг эмхлэн байгуулахад өөрсдийн хувьд нэмрийг оруулах ёстой. Үүний тулд гадаад бодлогоо өөрчлөн шинэчилж, ёс журамд үндэслэсэн бодлого хэрэгжүүлэх ёстой юм.
-Та энэ үгийг 1977 онд Нотр Дамд тавьсан илтгэлдээ дурдаж байсан. Өнөөдөр Ерөнхийлөгч Обама яг л энэ зарчмаар гадаад бодлогоо шинэчлэх ёстой байх гэж бодогдох юм. 
-Тэр бол огт өөр цаг үе байсан. Тухайн үед  манай улс анхлан хүний эрхийн хэм хэмжээг тогтоож, нэг ёсондоо бусад улс орнуудад үлгэрлэж байсан хэрэг. Латин Америк дахь цэргийн дарангуйллын эсрэг тэгж тэмцэж байлаа. Удалгүй тэдгээр орнуудад ардчилсан ёс тогтсон шүү дээ.
-“Жимми Картертай өнгөрүүлсэн он жилүүд” номондоо та олон сайхан түүхийг бичсэн  байна билээ. Таныг газрын самрын фермд өссөнийг тань хүмүүс сайн мэдэх байх. Тиймээс цөөнгүй хүн энэ асуултад хариулт авахыг хүсэж байгаа болов уу. Та газрын самранд дуртай юу?
-Би газрын самар тарьсаар л байгаа. Бас идэх дуртай хэвээрээ.
-Таныг бага байхдаа 04.00 цагт босож самраа усалж, гэгээ тасрахаас өмнө самраа хурааж авахаар ажилдаа яарч, түүсэн самраа борлуулахаар хэдэн километр газар алхдаг байсан тухай дурдатгал номоос тань уншсан. 
-Тийм ээ.
-Өөрийн гэсэн эзэнт гүрнийг босгосон түүх тань өнөөгийн залууст үлгэр жишээ болох байх. Гэхдээ тэднийг буруушаан зэмлэх аргагүй юм. Орчин үеийн амьдралын хэв маяг, соёл л тэднийг ийм болгож байна. 
-Алс холын бөглүү тосгонд фермер хүү болон төрсөн маань надад бүтээлч, хөдөлмөрч сэтгэлгээтэй болгон хүмүүжүүлсэн гэж бодогддог. Гадаад ертөнцийн тухай ойлголтгүй, зөвхөн ажилдаа шамдаж, аав ээжийнхээ хайранд өлгийдүүлэн хүн болсон маань надад их тус болсон. Удалгүй би усан цэрэг болохыг хүсэх болсон.
-Ерөнхийлөгч Обама тун удахгүй иргэдэд хандан үг хэлнэ. Таны тавьсан илтгэл шиг иргэдийг зоригжуулж чадах болов уу. Өдрөөс өдөрт ажилгүйдэл нэмэгдэж, иргэдийн нуруун дээрх ачаа нэмэгдсээр л байна. 
Гэхдээ одоо америкчууд төрийг буруутгахаас илүүтэй хувь хувьдаа хөл дээрээ дахин зогсохын тулд хичээж, өөрийн замыг эрж олоход, яг л таны бага байсан шиг эрэл хайгуулч, хөдөлмөрч, бүтээлч болох ёстой юм шиг. 
-Ерөнхийлөгч Обама хэрхэн илтгэл тавих талаар энд нурших нь илүүц биз. Тэр надаас илүү сайн илтгэгч. Миний хувьд ямар ч үед, бүр ичгүүргүй мэт санагдаж, бусдын уур бухимдлыг төрүүлэхүйц байсан ч үнэнийг хэлэх нь чухал гэж үздэг.
-Таны бодлоор Барак Обама ажлаа хэр сайн хийж байгаа вэ?
-Миний бодлоор тэр төлөвлөсөн бүх зүйлээ хийж, гүйцэтгэж чадахгүй байх шиг байна. Учир нь тэр түүхэн дэх хамгийн хагаралтай, эв нэгдэлгүй конгресстэй хамтран ажиллаж байна.
-Та Обаматай ямар харилцаатай байдаг вэ?
-Бид төдийлэн харилцаатай байдаггүй. Түүнийг ажлаа хүлээн аваад удаагүй байхад нь анх танилцаж байлаа.
-Та үүнд харамсдаг уу?
-Арай ойр дотно байхыг хүсдэг.
(Бичлэг)
Рик Санторум (Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч): Жимми Картераас хойш сонгогдсон Ерөнхийлөгчдөөс хамгийн аюултай нь Барак Обама. Тиймээс энэ удаагийн сонгууль зөвхөн эдийн засаг төдийгүй, эх орны маань аюулгүй байдлын асуудлыг шийдэх чухал мөч юм.
-Тэгэхээр Барак Обама танаас хойшхи хамгийн аюултай Ерөнхийлөгч байх нь. 
-Бид…
-Таны аюултай гэдгийг би огт мэдээгүй юм байна. 
-Харин би өөрийгөө хамгийн аюул багатай Ерөнхийлөгчдийн жагсаалтад бичигдэх байх гэж боддог.
-Та энх тайвныг тогтоосон болохоор уу? 
-Зөвхөн тэр ч биш л дээ. Бусад улс орнуудад ч энхийг сахиулсан нь бидний амжилт юм.
-Энэ үгийг сонсоод танд юу бодогдсон бэ? 
-Магадгүй тэр алдаа гаргасан байх л даа. Гэхдээ энэ илтгэл нь түүнд тус болохгүй л болов уу. Тэр Жоржиа мужид компанит ажлаа өрнүүлж байгаа юм билээ. Харин Жоржиа мужийн сонгогчдын 85 хувь нь миний төлөө саналаа өгч байсан.
-Хатагтай Картерийг нэвтрүүлэгтээ урья.  Жимми Картер дурдатгал номондоо гэр бүлийнхээ тухай олон арван хөгжилтэй түүхийг өгүүлсэн байсан. Тэр хэдэн жилийн өмнө таны төрсөн өдрийг мартаж байсан гэдэг. 
Розалин Картер: Тийм ээ.
-Тэгээд тэр гэнэтхэн санаад, сандрахаад дэлгүүр рүү гарч бэлэг худалдан авалгүй их өвөрмөц байдлаар асуудлыг шийдчихсэн гэдэг. Энэ түүхээ та өөрөө ярьсан нь дээр болов уу, Картер?
Жимми Картер: Би түүнийг оройтсоных нь төлөө дахин шүүмжлэхгүй хэмээн ам тангараг өргөсөн батламж бэлэглэсэн.
-Хатагтай Картер би таныг их зарчимч, цаг нарийн баримталдаг хүн гэдгийг мэднэ. Ийм бэлэг хүлээн авах ямар санагдаж байв?
Розалин Картер: Нэг минут хоцорно гэдэг түүний хувьд их том алдаа гаргаж байна гэсэн үг. Гэхдээ надад өгсөн бэлэг нь их таалагдсан.
-Тэр цаг барих тухайд дахин гомдоллоогүй юу?
Розалин Картер: Тийм ээ. Гэхдээ тэр удалгүй зул сарын баяраар надад бэлэг авахаа мартчихсан.
-Та ер нь хэр олон удаа ийм чухал үйл явдлыг мартсан бэ, ноён Ерөнхийлөгч өө?
Розалин Картер: Тэгээд л зул сарын бэлэгний оронд өглөө бүр надад кофе хийж өгч байхаар болсон. Түүнээс хойш амласнаа ягштал биелүүлж байгаа шүү.
-65 жилийн турш хамтдаа аз жаргалтай байгаагийн нууц нь юу вэ?
Розалин Картер: Цагаан ордноос гэр рүүгээ нүүж ирээд удаагүй байхад их хүнд байсан. Бид олон жилийн дараа өдөржин гэртээ хамт байдаг болсон нь том өөрчлөлт юм. Тэгэхэд л хүнд хувийн орон зай, цаг хугацаа хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон доо. Магадгүй энэ аз жаргалтай хамтын амьдралын нэг нууц байх.

No comments:

Post a Comment