Tuesday, January 31, 2012

Хиллари Дафф: Урлаг намайг гадаад ертөнцөөс тусгаарласан



Ердөө л 13-хан насандаа дэлхий дахиныг шуугиулсан од болсон цөөн уран бүтээлчдийн нэг нь Хиллари Дафф. Диснейн хит цувралуудын нэг болох “Лиззи Магуайер”-ийн гол дүрд тоглон үзэгчидтэй танилцаж байсан бяцхан охин өдгөө бокс оффисыг тэргүүлэгч кинонд тоглодог чадварлаг жүжигчин, хит дууны жагсаалтыг тэргүүлсэн дуучин, борлуулалтаараа тэргүүлэгч номын зохиогч болоод буй. Түүний хоёр дахь зохиол “Үнэнч” ном худалдаанд хэдийнэ гарчээ. Амьдралынхаа хамгийн сайхан үйл явдлыг тэсэн ядаж хүлээж буй Хиллари Пирс Моргантай уран бүтээл, хувийн амьдралынхаа өөрчлөлтийн талаар ярилцсаныг орчуулан хүргэе. 

-Студид маань тавтай морил, Хиллари. 
-Баярлалаа.
-Мөн баяр хүргэе. 
-Баярлалаа.
-Тун удахгүй хүүтэй болох гэж байгаа талаар чинь сонссон. 
-Тийм ээ.
-Ээж болно гэхээр ямар санагдаж байна вэ?
-Их сайхан мэдрэмж төрж байгаа шүү. Жирэмсний эрт үед тохиолддог бэрхшээлүүдийн талаар сонссон аймшигтай түүхүүд намайг бага зэрэг түгшээж байсан. Харин би их азтай хүн бололтой юм.
-“Лиззи Магуайер”-т тоглож үеийнхээ бичлэгийг үзэхээр ямар бодол төрдөг вэ. Өөрөөрөө бахархдаг уу, эсвэл тухайн үед огт өөр цаг үе, ертөнцөд байсан юм шиг сэтгэгдэл төрдөг үү?
-Олон л бодол төрдөг. Энэ цувралд тоглосноороо Хиллари Дафф гэж хэн болохыг харуулахад бэлэн болсон гэж бодогддог. Киноны ажил дуусмагц би өөрийгөө сорихын тулд дуулах гэх мэтээр их олон зүйлийг хийж эхэлсэн.
Цаг хугацаа өнгөрөх тусам би илүү туршлагатай болж, харин хүмүүс намайг Лиззи биш Хиллари гэдгээр нь хүлээн авдаг болсон. Тиймээс хаанаас эхлэн, өнөөдрийн цэгт хүрснээ хүлээн зөвшөөрдөг. Эл цуврал нийтэд зориулагдсан бүтээл. Тиймээс их олон хүн миний талаар ташаа төсөөлөлтэй болсон байсан л даа. Гэхдээ тэр цувралгүйгээр миний ажлын амжилт өнөөдрийнх шиг болж чадахгүй байсан. Хөгжилтэй нь олон жилийн дараа өөрийн тоглосон цувралаа дахин үзэхэд харамсах сэтгэл огт төрдөггүй ээ.
-Бүр бусдын амны зугаа болсон ч гэсэн үү. Чамайг 13 насандаа олны танил од болсон болохоор олон хүн өсөж том бололгүй тэр хэвээрээ үлдээсэй гэж хүсдэг шүү дээ. Тэдгээр хүмүүс өсөж томрон огт өөр дүрд тоглохыг чинь хараад их шүүмжилдэг. 
-Огт харамсдаггүй.
-Гэхдээ Лиззи Магуайерийн олиггүй нэр чамайг их удаан дагасан. 
-Намайг 18 билүү 19 настай болоход л хүмүүс Лиззигийн дүрээр харахаа больсон. Харин би тэдний энэ бодлыг өөрчлөхийн тулд их тэмцсэн. Заримдаа бүр бухимдмаар…
-Бага насандаа олны танил болсон хүүхдүүд 19 хүрэхээр галзуу юм шиг л авирлаж эхэлдэг. 
-Тийм ээ.
-Хар тамхи татаж, архи хэтрүүлэн хэрэглэж эсвэл найз залуу, бүсгүйгээ байн байн сольж, сексийн асуудалд орооцолддог. Харин та энэ бүхнээс холуур байсан. 
-Үнэндээ би тийм ааш авиртай хүн биш л дээ. Энэ бүхэн миний амьдралаас тэс өөр ертөнцөд өрнөдөг гэдгийг батлах гэж би их хичээсэн.
-Гэхдээ та яаж энэ бүхнээс хол байж чадсан юм бэ. Танд бусдын л адил алдар нэр, мөнгө хөрөнгө байсан. Миний бодлоор залуу хүний хувьд ийм асуудлаас холуур явна гэдэг их хэцүү. Би ч залуудаа…
-Та бас тэдний нэг байсан гэж үү?
-Гэхдээ надад алдар хүнд, эд хөрөнгө байгаагүй. 
-Би энэ тал дээр их хатуу байр суурьтай байдаг хүн л дээ. Ээж минь хэдийгээр намайг хорьж цагдаад байдаггүй ч бидний хэн хэн нь аливаа асуудалд их нухацтай ханддаг. Ажил маань хэдэн цагт эхэлж, хэдийд дуусахыг ээждээ байнга хэлдэг байсан. Харин ээж надад үлгэр жишээч биеэ авч явахыг захидаг байв. Ээж минь үргэлж л чамайг ямар нэг хариуцлагагүй үйлдэл хийж, бусдыг үл тоомсорлон, биеэ хэт дөвийлгөхөд л тун удалгүй хэдэн мянган охин чамайг даган дуурайх болно гэдгийг сануулдаг.
-Чи Холливудад бүр 9 настай байхдаа ирсэн байх аа?
-Тийм ээ. Ээж эгч хоёртойгоо.
-Ээж чинь чамайг ийм алдартай болно гэдгийг их эрт таамаглаж байсан байх нь ээ?
-Үгүй байх. Эцэг эхчүүд бүгд л хүүхдээ эгдүүтэй, хөөрхөн гэж боддог. Тиймээс ч зурагтаар гаргахыг хүсдэг. Харин эгч бид хоёр үнэн сэтгэлээсээ урлагийн хүн болохыг хүсдэг байв. Тэгээд л ээж минь “Би яаж хүүхдүүдээ хориглож зүрхлэх билээ” гээд л ийм шийдвэр гаргасан хэрэг. Энэ чинь хүүхдүүд нь спортоор хичээллэх гэж зүтгэж байгаатай адилхан шүү дээ. Спортоор хичээллэхийг эцэг эхчүүд их дэмжиж, тусалдаг.
-Урлагаас болоод олон сайхан зүйлсийг золиосолчихсон юм шиг санагдах үе гардаг уу?
-Тэгэлгүй яах вэ.
-Жишээлбэл юуг хамгийн их үгүйлдэг вэ?
-Инээдтэй гэмээр зүйлүүд дээ. Хичээл дээрээ захидал шидэлцэж, сургуулийн автобусаар хүргүүлэх гээд л бусад хүмүүсийн хувьд тэнэг гэж бодогдохоор зүйлүүдийг үзэж чадаагүй. Нэг удаа аялан тоглолтоор явж байтал амьдрал минь гадаад ертөнцөөс тусгаарлагдчихсан юм шиг санагдаж билээ. Тэр үед л ямар их зүйл алдсанаа…
-Ганцаарадсан уу?
-Яг үнэн. Би их олон найзаа алдсан. Нийтийн тоглоомын газар би очдоггүй байв. Тэгээд л цаг хугацаа их хурдан өнгөрч, удалгүй энэ бүхэн намайг огт өөр ертөнцөд аваачсан байсан. Гэхдээ би энэ бүхнийг сольж болохгүй. Надад сайхан амьдрал байна. Харьцангуй эрт би энэ бүх сайхныг амссан. Энэ тусгаарлалт надад олон сайхан зүйлийг өгсөн шүү дээ.
-Хэрэв хүү тань 8, 9 нас хүрмэгцээ…
-Үгүй дээ.
-Ээж ээ, би…
-Үгүй ээ. (инээв)
-Би жүжигчин болмоор байна гэвэл та яаж энэ бүхнийг зогсоох вэ?
-Хэцүү л дээ. Хүссэн хүсээгүй л энэ бүхэн нөлөөлдөг байх. Нөхөр маань хоккей тоглодог. Багийнхан хүүг маань төрөнгүүтээ л тэшүүрээр гулгана гэлцдэг юм. Бас олны анхаарлын төвөөс хол байлгана гэдэг бараг л боломжгүй зүйл. Тиймээс хүү минь өөрөө хүсвэл би тэр бүхнийг зогсоох гэж хүчлэхгүй. Хүүхдүүд юу хүсэж буйгаа сайн мэддэг гэж би боддог. Тэгэхээр би зөвхөн “Хүүгийн минь хүссэн зүйл биш байгаасай” гэж залбирах байх.
-Та түүнд юунд ингэтлээ санаа зовоод байгаа юм бэ?
-Шоу бизнест хөл тавьж байхдаа би энэ ертөнцийг их өөрөөр төсөөлж байсан. Энэ салбарын хүмүүст хувийн амьдрал гэж байхгүй. Өмнө нь ч тийм байсан гэдэгт итгэлтэй байна. Тэр үед папарацциуд байж л байсан. Хүмүүсийн амьдралыг ухаж төнхөн, хүн бүрийг цочирдуулсан мэдээлэл хайгаад л… Гэтэл бид ч бас хүн шүү дээ. Тэр эрэл хайгуул нь ямар их уршиг тарьдаг билээ дээ.
-Таныг төгс гэж бодоход муу нь юу байх билээ?
-Үгүй дээ.
-Би их хайсан боловч ямар ч өө олоогүй шүү. 
-Хүмүүс намайг төгс гэж бодох нь байдлыг бүр ч дордуулдаг.
-Та бараг л төгс шүү дээ. Би мэдээллийн эх сурвалж гайхалтай сайн. Гэхдээ л би ямар ч өө илрүүлж чадаагүй. 
-Тийм гэж үү?
-Таны хувьд сахиусан тэнгэрийнх шиг гэрэлт цагариг толгой дээр чинь байдаг юм билээ. 
-Надад Фэй Данауэйгээс өс хонзонгоо авсан асуудал бий шүү дээ.
-Тэр тухайгаа яриач. Хэнээс өшөө авсан гэнэ ээ?
-Би тэр таагүй явдлын талаар дахин дурсмааргүй байна. Их олон жилийн өмнө болсон зүйл шүү дээ.
-Хэр таагүй дурсамж гэдгийг нь сонирхож болох уу?
-Та “Google”-ээс хайгаад олчихож болох байх аа.
-За тэгвэл түр завсарлаад би сахиусан тэнгэрийн өшөө авалтын тухай мэдээллийг “Google”-ээс хайж мэдчихээд ирье. 
-Та үнэхээр хайх гэж байгаа юм уу?
-Тийм ээ. “Үнсгэлжингийн түүх” кино 70 сая долларын ашиг олсон байдаг. Бага тоо биш шүү. 
-Муугүй ээ.
-Киноны зэрэгцээ дуу гаргаж, ном бичээд л олон газраас орлого олж байгаа байх аа?
-Тийм ээ.
-Та хэр баян хүн бэ?
-Ээж минь надад мөнгөний талаар битгий ярьж бай гэж байнга захидаг.
-Фэй Данауэй та хоёрын дунд болсон асуудлын талаар ярилцъя л даа. 
-Үгүй дээ.
-Таныг “Бонни Клайд хоёр” киноны шинэ хувилбарт тоглох болсныг мэдээд Фэй Данауэй “Та нар дөрөвхөн центийн үнэтэй жүжигчнээ халвал яасан юм бэ? Би жинхэнэ жүжигчнийг хайж байгаа гэж бодсон юм” гэж хэлсэн байна. Олонх залуу жүжигчид өөрийгөө түүнээс хавьгүй илүү гэж боддог. Харин та юу гэж хэлсэн билээ?
-Та утсаа цааш тавьсан нь дээр байх аа. (инээв)
-Харин та түүнд “Та бас Данауэй шиг царайтай байсан бол түүн шиг л байнга уурлах байсан” гэж хэлсэн. Надад энэ үг чинь их таалагдаж байна шүү. 
-Миний дотор нэг жижигхэн шулам бий.
-Энэ үг чинь түүнийг дуугүй болгож дөнгөсөн үү?
-Үгүй дээ. Тэр буцаж ирээд л “Би амьдралдаа ийм үг сонсож байсангүй” гээд л баахан юм ярьсан. Тэр талаар сонин хэвлэлүүдэд хангалттай бичсэн шүү дээ.
-Та одоо гэр бүлтэй, эд хөрөнгөтэй бүсгүй болсон. Эелдэг, спортын од залуу таны анхаарлыг хэрхэн татсан бэ?
-Тэр гайхалтай залуу. Түүнтэй учирснаа би одоо ч аз гэж боддог. Бид бусдын л адил харилцаатай, энгийн айлууд ямар байдаг яг л түүн шиг амьдардаг.
-Та түүнийгээ олохоосоо өмнө хэдэн мэлхий үнссэн бэ?
-Цөөхөн шүү. Бид энэ тухай өнөөдөр өглөө ярилцсан юм.
-Таны бодлоор хамгийн аймшигтай жагсаалттай нь хэн бэ?
-Түүний жагсаалт илүү урт байсан.
-Та Аарон Картер Жоел Мадден гэх хоёр ч алдартантай болзож байсан. Алдартнуудтай болзоход давуу тал бий юу. Тэд таныг циркийн манежний голд зогсож байгаа гэдгийг ойлгодог гэдгээрээ ч юм уу…
-Тийм шүү. Энэ давуу тал нь байх. Тэд амьдралын хэв маяг маань ямар хэцүү болохыг сайн ойлгодог. Магадгүй нөхөртөө татагдсан шалтгаан маань энэ байх. Спортын ертөнц өөр хэдий ч түүний алдар хүнд бие биенийхээ байдлыг ойлгоход тус болдог. Гэхдээ өдөр тутам хийдэг зүйлс нь өөр.
-Би таны хуруун дахь бөгжийг ер анзаараагүй юм байна. Хамгийн том шигтгээтэй бөгж байх, тийм үү?
-Үгүй дээ. Та Ким Кардашианыг нэвтрүүлэгтээ урихдаа бөгжийг нь анзаараагүй гэж үү. Шигтгээ нь минийхээс илүү том байх.
-Сүйн бөгж тань байх аа?
-Тийм ээ. Би одоо ч бөгжөө ширтсээр л минийх гэдэгт нь итгэж ядан байдаг. Бүр түүнийг бөгж өгөхөд нь муужирч унах шахсан шүү.

No comments:

Post a Comment