Tuesday, January 31, 2012

Алтан үеийн хэв маяг ахин дэлгэцнээ


Борооны улирал хэдийнэ эхэлчихэж. Гэхдээ эл хур цас, бороо биш шагналын хур гэдгээрээ онцлогтой. Кино урлагийнхны бүтэн жилийн ажлыг дүгнэдэг томоохон наадмууд энэ үеэр болдог тул барууныхан наадмын үе, шагналын улирал хэмээдэг. Хэдхэн хоногийн өмнө “Алтан бөмбөрцөг”-үүд эздэдээ очсон бол ирэх сарын 26-нд Кино академийнхан шагналаа гардуулах гэж байна. Харин “Оскар”-т сойсон бүтээлүүдийн нэр хэдийнэ тодорчээ.
Өнгөрөгч оныг хуучны дурсамжит киноны хэв маяг ноёлсон жил болсон гэвэл хилсдэхгүй. 84 дэх удаагаа зохион байгуулж буй наадмын хамгийн олон төрөлд нэр дэвшсэн “Хюго”, “Жүжигчин” гэх бүтээлүүд кино урлагийн хөгжлийн эхэн үеийг санагдуулам дүрслэлтэй. Гэхдээ мэдээж хөндсөн сэдэв, үйл явдлын хувьд эрс ялгаатай.
11 төрөлд нэр дэвшээд буй  Мартин Скорсесийн “Хюго” кинонд 1930-аад онд Парис болсон үйл явдлыг харуулах бөгөөд найруулагч бүтээлдээ гурван хэмжээст дүрслэлийг ашигласан байна. Сонирхолтой нь Мичел Хазанавикусын “Жүжигчин” өргөн дэлгэцийн хар цагаан, дуугүй кино атал наадмын 10 төрөлд нэр дэвшиж хамгийн олон төрөлд нэр дэвшсэн киноны жагсаалтад аман хүзүүдээд буй.

Хамгийн олон төрөлд нэр дэвшсэн кинонууд
“Хюго” - 11
“Жүжигчин” - 10
“Тусламж” - 6
“Мөнгөний бөмбөг” - 6
“Дайчин хүлэг” - 6
“Залгамжлагчид” - 5
“Лууны шивээстэй охин” - 4
“Шөнө дундын Парис” - 4

“Мэрилинтэй өнгөрүүлсэн долоо хоног” кино ч бас муугүй амжилт үзүүлнэ хэмээн шүүмжлэгчид таамаглаж байна. Ялангуяа шилдэг жүжигчдийн төрөлд юм дуулгана хэмээн бүтээлчид нь ч найдаж буй. Уг кинонд тоглосон Мишел Уильямс, Кеннет Брэна нарын залуу  жүжигчид “Оскар”-ын шагналд нэр дэвшсэнээрээ Холливуд дахь нэр хүндээ хэдийнэ өсгөөд байгаа юм.
Түүнчлэн шилдэг жүжигчдийн төрөлд нэр дэвшигчдийн дунд хэд хэдэн сонирхолтой хүмүүс бий. Залуу уран бүтээлчдээс гадна энэ төрөлд нэр дэвшсэн ахмад зүтгэлтнүүд ч үзэгчдийн сонирхлыг багагүй татаж байна. Итгэхэд бэрх ч Гари Олдмэн анх удаа “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байгаа бөгөөд түүний Британийн тагнуулч Жорж Смайлигийн дүрд тоглосныг Кино академийнхан ийнхүү үнэлжээ.
Харин түүний өрсөлдөгчөөр Жорж Клуни “Залгамжлагчид” киноны Хавайн эргийнхний богино ханцуйтай цамцнаас салдаггүй эцгийн дүрээр, Брэд Питт “Мөнгөний бөмбөг” киноны бэйсболын менежерийн дүрээр нэр дэвшиж байна. Акулуудтай өрсөлдөж буй ч хүчтэйд тооцогдож буй залуу бол франц жүжигчин Жон Дурдин.
“Алтан бөмбөрцөг” наадмыг гартаа атган зогсоо Мэрил Стрипийг хараад гайхах хүн байгаагүй болов уу. “Төмөр хатагтай” киноны Маргарет Тэтчерийн дүрээрээ тэр “Оскар”-ын наадамд ч бас шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд нэр дэвшсэн. Харин энэ сойлго түүний Оскарын амжилтыг ахиулж байгаа юм. Тэрбээр энэ наадамд нийт 17 удаа нэр дэвшсэн нь Катрин Хэпбурн, Жэк Николсон нарынхнаас таваар илүү юм. 1979 онд туслах эмэгтэй жүжигчний төрөлд, 1982 онд “Софигийн сонголт” киногоор шилдэг эмэгтэй жүжигчний төрөлд кино академийн шагнал хүртэж байсан түүнийг гурав дахь “Оскар”-аа гэртээ зална гэдэгт шүүмжлэгчид эргэлзэхгүй байна.
Харин үзэгчдийн огтхон ч таамаглаагүй өрсөлдөгч бол “Лууны шивээстэй охин” киноны аюултай хакерийн дүрээр нэр дэвшсэн Руни Мара.
Өнгөрсөн жил тэрбээр “Facebook”-ийг үндэслэгчийн түүхийг харуулсан кинонд жижиг дүр бүтээснээс өөрөөр дэлгэцнээ гараагүй бол 2012 оны “Оскар”-ын тэргүүн шугаманд яваа нь хүмүүсийг гайхашруулсан биз.
Ахмад жүжигчин Кристофер Пламмер туслах жүжигчний төрөлд нэр дэвшиж буй. Хэрэв тэр ялбал “Оскар”-ын шагналтнуудаас хамгийн өндөр насандаа шагнал хүртсэн жүжигчин болох юм. Жессика Танди 80 настай байхдаа шагнал хүртэж байсан бол ноён Пламмер өдгөө 82 настай. Түүнтэй Кеннет Брэна, Жона Хилл нар өрсөлдөнө.
84 дэх удаагийн наадмын бас нэгэн онцгой тохиолдол бол Брэна нэгэн зэрэг таван төрөлд нэр дэвшиж буй явдал. Тэрбээр кино зохиолч, найруулагч, шилдэг эрэгтэй жүжигчин, туслах эрэгтэй жүжигчин болон богино киноны төрөлд нэр дэвшээд байна.
Энэ жилийн наадмын шалгаруулалтын дүрэмд өөрчлөлт гарсан нь шилдэг зураглалтай киноны төрөлд есөн бүтээл нэр дэвшихэд хүргээд байна. Энэ төрөлд Стивен Спилбергийн “Дайчин хүлэг”,  Стефен Далдригийн “9/11”, Каннын наадмын шагналт бүтээл болох Терренс Маликийн “Амьдралын мод” болон Вуди Алений “Шөнө дундын Парис”  тэргүүтэй хатуу самрууд өрсөлдөж байна.

No comments:

Post a Comment