Thursday, January 12, 2012

Цахим сүлжээний ноёнтон Зукерберг


“Time” сэтгүүлийн оны онцлох хүнээр тодорсон гэдгээс илүүтэй долоохон жилийн хугацаанд юу ч үгүй хоосноос 100 тэрбумтан болсон гэх амжилт нь түүнийг тодорхойлдог. Тиймдээ ч түүний намтрыг хүмүүс сонирхож, эл эрэлтэд нийцүүлэн “Columbia Pictures” кино бүтээсэн биз. Залуу тэрбумтан Зукербергийг уншигчдадаа танилцуулахаар BBC агентлагийн сурвалжлагч Чарльз Миллерийн бичсэн  нийтлэлийг орчуулан хүргэе. 

Марк Зукербергийн ажлын нэгэн өдөр өндөрлөлөө. Силикон Валли дахь ямар ч хаяг, тэмдэггүй оффисийн байрнаасаа гарахад үүдэнд нь түүнийг хэдэн арван жуулчид бүчин авах нь тэр. “Facebook”-ийн бэлгэ тэмдгийн өмнө хамт зургаа авахуулж болох уу?” хэмээн шуугилдах олонд Зукерберг найрсгаар талархлаа илэрхийлээд, машиндаа суув. Мэдээж түүний эл үйлдэл хамт патиараа татуулах найдвар үлдээгүйг жуулчдад ядах юмгүй ойлгуулж дөнгөсөн.
Ярьж хэлж, алхаж гишгэж байгааг нь харахад Зукерберг өөрийнх нь амьдралаас сэдэвлэсэн “The Social Network” киноны гол дүрд тоглосон жүжигчин Жессе Айсенбергтэй огтхон ч төсгүй аж. Хамгийн гол нь нөгөө дэлгэцнээ харуулаад байсан түүний даруу төлөв зан нь бүхэлдээ өөрчлөгдчихөж.

“Нинжа” Зукерберг

“Facebook”-д зочилсон анхны өдрөө бид Зукербергийн барааг хараагүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Эсвэл бид огт анзаараагүй ч байж болох. Гэхдээ шантарсангүй. Маргааш нь дахиад л Силикон Валли дахь албаны газруудыг зорилоо. Азаар энэ удаад Марк яг бидний араас орж ирж таарсан. Хачирхалтай нь түүний ирэхийг хүлээн “Facebook”-ийн албаны байрын үүдийг сахидаг жуулчид байтугай түүнтэй уулзах гэж бүтэн өдөр алдчихсан бид ч Зукербергийн орж ирснийг анзаарсангүй. Хүлээн авагч бүсгүй л “Захирал яг ард чинь явна. Санаа зоволтгүй ээ. Иймэрхүү явдал байнга л гардаг юм. Тэр яг л нинжа шиг хэнд ч анзаарагдалгүй орж, гарахдаа сурамгай юм” гэж билээ.
Олон нийтийн харилцааны сүлжээнүүдээс хамгийн өчүүхэн гэж болох зүйлийг ч нарийвчлан илэрхийлдгээрээ ялгардаг “Facebook”-ийг үндэслэгчийг Дэвид Киркпатрик ч нарийн тодорхойлжээ. Тус компаний тухай өгүүлэх “The Facebook Effect” номондоо тэр ““Номын” хэмээгддэг бүлгийнхнийг илэрхийлэх хамар дээрээ нүдний шил тохсон төрх, ном сугавчилсан байдал, эв дүйгүй хөдөлгөөний аль нь Зукербергт байхгүй. Харин ч тэр цаг үргэлж найз нөхдөөр хүрээлүүлж байдаг нэгэн. Тэр нийтэч, хөгжилтэй, “номын” гэж хэлэх аргагүй дэндүү нээллтэй хүн” гэсэн байдаг.
Харин Харвардын их сургуульд хамт суралцаж байсан өрөөний найз Жое Грин нь түүнийг “Марк ямар ч нөхцөлд өөртөө итгэлтэй байж чаддаг” хэмээн тодорхойлсон байдаг. Ердөө “хөлд орж буй” “Facebook” компанийнх нь ажилд туслахаар Грин 2006 оноос хамтран ажиллах болсон байна. Тухайн үед “Yahoo” тэдний компанийг нэг тэрбум доллараа худалдан авах санал тавьсан боловч Зукерберг зөвшөөрсөнгүй. Хачирхалтай эл шийдвэрээ тэр “Намайг тэрбум доллар биш цахим сүлжээ нь л илүү олон найз нөхөд, танилтай холбож чадна” хэмээн тайлбарласан байна. Грин тэр үеийг “Тэр үед хүн бүр л “Бид энэ сүлжээг тэрбум долларын үнэд хүргэлээ шүү дээ. Зарчихъя л даа. Чи чинь яг яачихаад байгаа юм бэ” гээд л Марк руу давшилж эхэлсэн. Өөртөө итгэлтэй байдал нь түүнийг шуурган дунд орчихсон мэт хэцүү байдалд оруулж билээ” хэмээн дурссан.

15 тэрбумын санал

“Технологийн гайхалтай сайн компаниуд бий. Бас олон нийтийн харилцааны сайн сүлжээ ч олон бий. Харин энэ хоёрыг хоёуланг нь хослуулсан нь үгүй” Марк Зукерберг.

Гэхдээ тэрбум долларын саналаас татгалзах шийдвэр гаргах нь Зукербергт ч амархан байсан юм биш. “Сүлжээг маань худалдан авах санал ирэх үед би бизнесийн талаар ямар ч ойлголтгүй байлаа. Тиймээс компаниа ямар үнэд хүрэхийг ч тооцоолж мэдэхгүй байв” хэмээн тэр эрсдэлтэй алхам хийснээ хүлээн зөвшөөрсөн. Түүний шийдвэрийг сонссон даруй цөөнгүй ажилтан нь сайн дураар ажлаасаа гарч, компаниа орхин одсон байдаг.
Энэ явдлаас жилийн дараа олныг гайхашруулсан санал “Microsoft” компанийн удирдлагууд тавьжээ. Тэд компанийг нь 15 тэрбум доллараар худалдан авахыг хүсэв. Харин энэ удаа шийдвэр гаргах тийм ч хэцүү байсангүй. Тэр уг саналаас татгалзахдаа “Бид хэдийнэ шийдвэрээ гаргачихсан шүү дээ. Бид компаниа худалдах биш, өөрсдийн гараар хөгжүүлэх болно” гэж байж.
Харвардад суралцаж байхдаа тэр компьютерийн шинжлэх ухааныг судлахыг зэрэгцээ сэтгэл зүйг ч сонирхож суралцсан аж. Тиймээс ч “Facebook” сүлжээ бусдаас хоёр зүйлээр давуу. Энэ тухайгаа тэр “Технологийн гайхалтай сайн компаниуд бий. Бас олон нийтийн харилцааны сайн сүлжээ ч олон бий. Харин энэ хоёрыг хоёуланг нь хослуулсан нь үгүй” гэсэн. Түүнчлэн “Бид “Facebook”-ыг нээлттэй индэр гэж үздэг” хэмээн компанийнхаа сүлжээг тодорхойлсон юм.

Зукерберг компьютерийн донтон уу? 

Виртуал ертөнцөд оршсон, ганцаардмал зожиг компьютерийн донтон болох уу, олон талын чадвартай, өөртөө итгэлтэй хувь болох уу гэсэн сонголт түүнд байсан. Өөртөө итгэлтэй байдал нөхөрсөг занг хослуулж чадсан учраас л түүний анхны ажил өнөө хэр амжилттай яваа биз. 27 насандаа нөлөө бүхий бизнесмэн болсон учраас амжилттай яваа гэдэг үг багадаж ч мэдэх юм.
Технологийн сэтгүүлийн тоймч Жесси Хемпел “Дэлхийн нөлөө бүхий хамгийн залуу хүн бол Зукерберг гэдэгтэй маргах аргагүй” гэж байсан удаатай. Гэсэн ч тэр энэ бүхэндээ сэтгэл үл ханана.  Тэр хоёр хөл дээрээ бат зогсож байхын тулд, элдэв цуу ярианд үл сатааран компанийнхаа хувьцааны үнийг тогтвортой байлгахад анхаарлаа хандуулан бүх хүчээ дайчлан ажилласаар л…
Хэрэв та Зукербергийн тухай илүү ихийг мэдэхийг хүсэж байвал “Facebook” дэх хуудсаар нь зочлоход л болно. Тэнд “Загалмайлсан эцэг”, “Матрикс” зэрэг түүний дуртай киноны жагсаалт, минимализмийн урлаг, зохион бүтээх зэрэг зүйлст чөлөөт цагаа зарцуулдгийг, тэр ч байтугай найз бүсгүй Приссилла Чаных (Тэд 2003 оны арваннэгдүгээр сарын 7-ноос буюу “Facebook”-ийг үндэслэхээс жилийн өмнө болзож эхэлсэн) нь тухай мэдээлэл ч бий.

Зукерберг юуны тухай ярих дургүй вэ?

Компанийнхаа тухай дэлгэрэнгүй танилцуулгыг хийж “Манай компанийн гол зорилго бол дэлхий нийтийг илүү нээлттэй, нэгдмэл болгох” гэж тодорхойлсон хэдий ч хувийн амьдралаа танилцуулахаас татгалзсан.
Гэхдээ л бид түүний тухай багагүй мэдээлэл цуглуулж чадлаа. Зукерберг жил бүр шинэ зүйл сурч, мэдэхийг эрмэлздэг нэгэн аж. Тиймдээ ч нэг жил Мандарин хэл сурч байж. Харин энэ жил тэр идэх хоолныхоо ангилалд илүүтэй анхаарал хандуулж, амьтдын эрх ашгийг хамгаалсан нийгэмлэгүүдийн ятгалганд автсан.
Харин түүний эл хачирхалтай үзэл бодлыг Жесси Хемпел дэмжиж “Гүйцэтгэх захирал хүн олон талын хообийтой байна гэдэг сайн хэрэг шүү” гэсэн байна.
Тэрбээр өнгөрөгч есдүгээр сард тавьсан илтгэлийнхээ үеэр сарлагийн мартай бургер зэргийг хэрхэн хийдгийг тэмдэглэсэн өөрийн тэмдэглэлийг танилцуулжээ. Эцэст нь тэр хэчнээн амттай болохыг нь сануулахаа ч мартсангүй.
Үүний зэрэгцээ Зукерберг 800 сая ажилтантай компанийг удирдаж, зөвхөн хувьдаа гэхэд л 17 тэрбум долларын хөрөнгө эзэмшиж байна. Тэгэхээр түүнийг сайн бизнес эрхлэгч хэмээн дүгнэхээс аргагүй.

No comments:

Post a Comment