Thursday, January 12, 2012

ХОЛЛИВУДЫНХНЫ ШИВНЭЭ


“Алдартнууд хоорондоо чухам юун тухай ярилцдаг бол” гэсэн бодол танд төрж байсан уу? Шоу бизнесийн ертөнцийн алдартнуудыг шүтэн биширдэг, хүндэлдэг хүмүүст ийм бодол төрөх нь цөөнгүй. Тиймдээ ч нэр хүндтэй сэтгүүл, сонинууд Холливудын жүжигчид, хөгжмийн ертөнцөд дуулиан дэгдээгчдийг сэтгүүлчээр ажиллуулах тохиолдол цөөнгүй. 
Инээдмийн киноны чадварлаг жүжигчин Женнифер Анистон “Оскар”-ын шагналт жүжигчин, өөрийнх нь хүндлэн биширдэг Николь Кидманаас ярилцлага авчээ. 

Би Николь Кидмантай танилцаж байснаа одоо ч тод санадаг. Бид 2005 оны “Алтан бөмбөрцөг” наадмын үдэшлэг дээр танилцаж билээ. Холливудын сонгодог түүх болох туслахынхаа тусламжтай танилцсан хүмүүсийн нэг нь бид. Нуруулаг сайхан бүсгүй аав, ээжийнхаа хамт үдэшлэгт ирсэн байлаа. Оддын өвчин туссан би чадах хэрээрээ гоёчихсон, харин Николь эелдэг зан инээмсэглэлээс өөр ямар ч илүү дутуу маяггүй явж байсан. Тэр романтик инээдмийн кинонуудын минь нэгийг үзсэнээ хэлээд, намайг их магтаж билээ.

Женнифер Анистон: Би саяхан таны тоглосон “Туулайн нүх” киног  үзсэн. Тэгээд л “Эхнэрийн минь дүрд тогло” киноны Адам Сандлерт тэврүүлсэн хэсэгт ядах юмгүй тоглосныг чинь ойлголоо. Та яаж хүүхдээ алдсан эхийн дүрийг тийм сайн бүтээсэн юм бэ?
Николь Кидман: Мэдэхгүй юм даа. Зураг авахуулах хугацаа дөхөх тусам би эмээдэг байлаа. Гэхдээ ухамсарт бүхий л амьдралаа кино урлагт, тэр дундаа жүжиглэхэд зориулсны хувьд би энэ дүрд тоглохыг их хүсэж байсан. Гэхдээ би хийж байгаа бүх зүйлдээ анхаарал хандуулж, чухал ач холбогдол өгдөг. “Эхнэрийн минь дүрд тогло” киноны Хавай дахь зураг авсан хэсэг ч амаргүй ажил байсан.
-Та бол Холливудын эмэгтэй жүжигчдийг манлайлагч. Таны бүтээсэн дүрүүдийг харахаараа ямар хөгжилтэй хүн болохыг тань мартах шахдаг. 
-Намайг хөгжилтэй хүн гэж дүгнэдгийг чинь би мэднэ. Гэхдээ надад хэзээ ч инээдмийн кинонд тоглох санал ирж байгаагүй юм шүү. Түүний оронд “Туулайн нүх” гэх мэт драмын кинонд тоглох санал л хөвөрдөг байлаа. Харин Адам Сандлертай хамт телевизийн нэгэн нэвтрүүлэгт оролцсоны дараа тэр надад “Би нэг л өдөр танд инээдмийн кинонд тоглох урилга явуулна аа” гэж билээ.
-Бид хоёр хула бүжигтэй хэсгийг ердөө л 15 минут сургуулилсныг та санаж байна уу? 
-Бид их залхуурсан шүү.
-Та сургуулилтын үеэр яг л сайн сурагч шиг хула бүжгийг сурч байсан. Харин миний хувьд бүжиг суръя гэхээс илүүтэй киноны тэр хэсгийг хэрхэн инээдэмтэй болгох тухай л бодож байлаа. 
-Хүлээгээрэй, хүлээгээрэй! Бүжиглэдэг хэсгийг инээдтэй болгоход миний оролцоо ч бас бий шүү.
-Ямар үед таны анхаарал илүү төвлөрдөг вэ. Сайн дүр бүтээх нууцаа хуваалцаач. 
-Ихэвчлэн их хүний санаанд багтамгүй хачирхалтай нөхцөлд анхаарал илүү төвлөрдөг. Ялангуяа ер бусын онцгой, этгээд сонин, түгшүүртэй үед л би их сайн ажилладаг.
Бүр жаахан охин байхаасаа л хийхэд хэцүү, ярвигтай зүйлст илүү дурладаг байлаа. Охид гэр бүлийнхнээ, амьтан, нар, сар, од зурдаг байхад би их этгээд, сонин зүйлсийг л зурдаг байв. Ээж, аав хоёр минь яг тийм хүмүүс. Ээж минь үргэлж л биднийг хүнд хэцүү бүхнийг хийлгэхийг, тэгэхдээ тэр ажлаа бусдын адил биш, өвөрмөцөөр хийхийг хүсдэг байв. Тиймээс би хамгийн хүнд нөхцөлд дүрээ сайн гаргаж чаддаг. Барьцгүй, хэцүү дүрүүдэд би их сайн тоглосон байдаг. Хамгийн сайн ажил маань болсон байх нь ч бий. Ажлыг амарчлахыг би огт хүсдэггүй. Харин ч хэцүү ярвигтай дүрийн санал ирэх бүрт ажлаа эхлүүлэхийг тэсэж ядан хүлээдэг.
Мэдээж энэ бүх хүнд хэцүүг даван туулахад амьдралд түшиг тулгуур болж яваа хүний үүрэг их байдаг. Дэргэд байгаа хүний хайрлаж халамжлахын хэрээр ажил нь бүтэмжтэй байж, мөрөөдөл зорилгодоо хүрэхийг нь төдөлгүй хардаг шүү дээ. Би шагнуулах бүртээ түүнийгээ ээждээ өгдөг. Учир нь бүхнийг хийж чадна гэсэн итгэлийг ээж минь л надад өгсөн. Цөхөрч, арга барагдах үед ээж минь хамгийн сайн сонсогч болдог. Намайг урамшуулж, зоригжуулдаг хүн бол ээж минь. Тиймээс талархлаа илэрхийлж байгаа нэг хэлбэр юм л даа.
-Би их муу сэтгүүлч юм шиг байна аа. Та Нэшвил дэх гэр бүлийнхнийхээ тухай яриач. Кэйт, Сандей Рөүз та гурав тэнд хэр удаан амьдарч байгаа билээ?
-Таван жил.
-Би өмнөд Жоржиад саяхан очсон. Зурагчдаас, хүмүүсийн анхаарлын төвөөс хол яг л диваажин шиг санагдсан. Нэшвил рүү нүүр санааг Кэйт та хоёрын хэн нь гаргасан бэ? 
-Цаг хугацаа нь их сайхан таарсан л даа. Кэйттэй танилцаж байх үед би тогтсон орон гэргүй байлаа. Чемоданаа чирээд л очсон газраа өөрийн гэр болгож явсан үе. Тиймээс дотроо хэн нэгэнтэй танилцах сан гэж боддог байлаа. Тэгээд Нью-Йорк, Лос-Анжелест л биш бол өөр хаана ч хамаагүй амьдардаг хүнтэй танилцаж, дотносоод байгаа газар руу нь нүүнэ гэж төлөвлөж байв. Хэрэв тийм хүнтэй учрахгүй бол Орегон руу нүүхээр шийдээд байлаа.
-Орегон гэнэ ээ? Сайхан газар шүү. Яагаад тийм шийдвэр гаргасныг тань сайн ойлгож байна.
-Би олны хөлийн газраас холхон амьдрахыг л хүсэж байсан. Би амьдралынхаа дийлэнх хугацааг Лос-Анжелест өнгөрүүлсэн болохоор тэнд амьдрахыг хүсэхгүй байв. Аз болоход Кайт Теннесид амьдардаг байлаа. Тэр намайг Нэшвиллийн ойролцоох Лейперс Форк гэх зэлүүд газар аваачсан. Охид ирээдүйн нөхрөө дүрслэн бодож, мөрөөддөг шүү дээ. Би яг л тэдний нэг. Өнөөх бодол, мөрөөдөл минь тэр чигээрээ биеллээ олоход өөрийн эрхгүй уулга алдаж билээ.
-Таныг усан дээгүүр алхаж байгаа мэт зөөлөн алхахыг тань хараад л дурласан гэж Кэйтийн ярихыг сонссон. Кэйтийн догдолж байсан шиг сэтгэгдэл танд ч бас төрсөн үү? 
-Би түүнтэй уулзсан даруйдаа “Бурхан минь та намайг ийм л залуутай учруулах юм бол үлдсэн амьдралаа түүний төлөө зориулна гэдгээ амлаж байна” гэж дотроо бодож байлаа. Түүнтэй эсвэл түүнтэй яг адилхан залуутай учруулж өгөхийн хүсэн залбирч байснаа одоо ч тод санадаг.
-Тэр тун сайн залуу. Зоогийн газар танд хэрхэн халамж тавьж байхыг нь би харсан. Шоу бизнесийн барьцгүй далайд та завиа гайхалтай залахын зэрэгцээ гэр бүлээ нэгтгэж яваа хүн. Би энэ байдлыг тань хараад бахархаж, өөрийн эрхгүй ийм л амьдралтай болох сон гэж хүсдэг. Хориод настай байхдаа хүүхэд асрах, 40 гаруй настай болсон хойноо хүүхэд асрах хоёр их ялгаатай биз? 
-Изабелийг өргөж авч байх үед би 25 настай, харин Коннорыг манайд ирэх үед 27-той байлаа. Одоо бол би харьцангуй туршлагатай ээж болсон ч, бие махбодийн хувьд эрч хүч багассан байна. 20 гаруй настай байхдаа хүүхдүүд хөлнөөс зүүгдсэн байсан ч ажлаа амжуулж, гүйж харайгаад л явдаг байсан. Харин одоо бол тэгж чадахаа больсон байна. Гэхдээ илүү гэр бүлсэг болсон. Оюуны эрч хүч нэмэгдэж, биеийнх суларсан шиг санагддаг.
-Хүүхдүүдээ шилжилтийн насанд хүрэхэд ямар асуудалд нь илүү сэтгэл зовнидог байв? 
-Тэд юунд илүү сэтгэл хангалуун байгааг олно гэдэг л хамгийн хэцүү. Хүн өөрийн аз жаргалыг юунаас эрж хайхаа мэддэг болсон үедээ л жаргалтай болдог. Би тэднийгээ ч бас өөрийг нь жаргалтай, баяр хөөртэй байлгаж чадах зүйлсийг олоосой гэж хүсдэг.
-Та бүр жаахан байхаасаа л жүжигчин болохыг хүсдэг байв уу? 
-Тийм гэж бодож байна. Харин чиний хувьд?
-Тийм ээ, би ч бас багаасаа мөрөөддөг байсан. Гэр бүлийнхэн маань ч үүнд багагүй нөлөөлсөн. Тэдний ажлаа хийж байгаа нь надад их хөгжилтэй санагддаг байлаа. 
-Харин миний хувьд жүжиглэх нь ажил гэж огт бодогддоггүй. Учир нь надад ажлаа хийх нь их хөгжилтэй байдаг. Би их мэдрэмтгий хүүхэд байсан.
-Жүжигчин байхын хамгийн хэцүү тал нь таны бодлоор юу вэ? 
-Нэр алдар. Мэдээж нэр алдар гэдэг хүн олон давуу тал олгодог зүйл л дээ. Тиймээс хүмүүс биерхүү гориллатайгаа бүжиглэж байгаагаа огт хүлээн зөвшөөрдөггүй юм.
-Тийм шүү. Алдар нэрээс л болж шидэт дагинаас Мөсөн хатан болж хувиран удалгүй дахиад л шидэт дагиана болон шаардлагатай болдог. 
-Олонх жүжигчид их мэдрэмтгий байдаг. Аливаад сэтгэлийн хөөрлөөр ханддаггүй, ул суурьтай хүн байсан ч тэр мэргэжил маань мэдрэмтгий байхыг шаарддаг болохоор тэр. Гэтэл нэр хүнд бидний сэтгэлийн хатыг сорьдог. Нэгэн нэгэн зэрэг мэдрэмтгий эмзэг атлаа хатуу чанга байх хэрэгтэй болж байгаа биз.
-Хүмүүс миний талд байснаа хормын дотор л миний эсрэг болчихдог. 
-Тиймээс бид дэндүү хачирхалтай ертөнцөд оршдог юм.
-Үнэн үг. Таны бие урлагийн бүтээл л гэсэн үг. 
-Харин та усны хувцастай зураг авахуулж байхдаа 20 настай бүсгүй шиг л харагдаж байсан.
-Вазелин, бас камерын дуран нөлөөлсөн байх л даа. 
-Та байгалийн онцгой бүтээл шиг л харагддаг. Миний уулзаж байсан бүсгүйчүүдээс хамгийн сайхан галбиртай нь та шүү дээ.
-Би чинь жийнсэн өмд, богино ханцуйтай цамцнаас салддаггүй хүн шүү дээ. Аавын хувцаслалтаас хол зөрөхгүй. Гэтэл Нью-Йорк гудамжаар яваа бүсгүйчүүдийг харахаар уулга алдмаар болдог. Та ч бас гайхалтай сайхан хувцасладаг хүн. 
-Хөвгүүд шиг хувцасладаг эмэгтэйчүүд надад таалагддаг. Надад загварын ямар ч мэдрэмж байдаггүй. Харин юу өмсөх дуртайгаа бол сайн мэднэ шүү. Нэг нь улиг болж, шинэ зүйл хүч түрэн орж ирж байгаа гэдэгт би итгэдэггүй. Дуртай хувцасныхаа жагсаалтыг би амьдралынхаа турш мөрдсөөр л ирсэн. Салхины аясаар өөрчлөлт хийхийг би хүлээн зөвшөөрдөггүй. Байгаа байдалтайгаа зууралдсаар байдаг хүмүүсийн нэг шүү дээ.
-Та “L'Wren Scott”-ын хувцсыг ихэвчлэн өмсдөг байх аа? 
-“L'Wren Scott”-ын хувцаснууд миний өмсөж чаддаг зүйлсийн нэг л дээ. Би бүр 20-иод настай байхаасаа л өмсдөг болсон. Өөр шинийг хайх хангалттай цаг зав надад байдаггүй юм.
-Гэхдээ танд өөр зүйл өмсөх сөн гэх хүсэл төрдөггүй гэж үү? 
-Рене Зилвегер загвар зохион бүтээгчдийн өөрт нь зориулж урласан даашинзанд төдийлэн ач холбогдол өгдөггүй гэж ярьж байсан. 40 гаруй настай хүнд тэгж гоёж гангалахад анхаарлаа хандуулах үе биш шүү дээ.
-Нэшвил таны хувцаслалтын хэв маягийг эвдсэн үү? 
-Үгүй дээ.
-За хэлчих л дээ. Та ковбой малгай шүүгээндээ хадгалдаг л биз дээ? 
-Би ковбой малгай өмсдөггүй ээ. Их хөөрхөн л дөө. Гэхдээ л би усны хувцас өмсчихсөн байхдаа ганц нэг удаа толгой дээрээ тавьж байсныг эс тооцвол тийм малгай өмсдөггүй. Харин охиндоо өмсүүлэх дуртай.
-Кэйт танд хувцас худалдан авч өгдөг үү? 
-Тэр надад дотуур хувцас бэлэглэдэг.
-Өөрийн таашаадаг зүйлстээ түүнийг уруу татаж байгаа хэрэг үү? 
-Би түүнийг юунд ч уруу татаагүй ээ. Түүнийг өөрийнхөөрөө байхад нь би илүү дуртай.
-Таны хувьд хайр дурлал хамгийн чухал зүйл үү? 
-Би хүмүүсээс гайхалтай сайхан хайр дурлал, амжилтанд хүрсэн карьер хоёрын алийг нь сонгох вэ гэж асуудаг юм. Зарим хүн карьер гэж хариулдаг нь намайг их гайхашруулдаг.
-Яагаад тийм сонголт хийдгийг нь би мэднэ. Тэд чинь тархи нь ажилладаггүй хүмүүс. Би л тэдний оронд байсан бол насны хайраа сонгоно. 

No comments:

Post a Comment