Saturday, January 14, 2012

Хүн төрөлхтнийг хагас зуун жил хүлээлгэсэн “дугуйчин”


Уинстон Черчилийн өгүүлснээр “Бүхий л агуу зүйл энгийн байдаг”. Тиймдээ ч абсурд бүтээлүүдээрээ уран зохиол сонирхогчдыг гайхашруулсан С.Беккетийн “Годог хүлээхүй” судлаачдын дунд олон арван маргаан дэгдээж, өнгөрсөн зууны алдарт абсурд жүжиг хэмээн цоллуулсан биз. Урьд өмнө сонсож байгаагүй учир битүүлэг гаригийн урт хөл, цэнхэр биет ухаалаг амьтад эл зохиолд гардаггүй. Баатрууд нь ирээдүйг зөгнөсөн элдэв таавар боддог суутнууд ч биш. Бараг хоёр цаг үргэлжлэх хоёр үзэгдэлт инээдмийн жүжигт гарах дүрүүд нь энгийнээс энгийн дөрвөн эр, нэг жаал л байх аж. Тэд зүүдний ертөнцөд элдэв ухаан сийлсэн уран арга хэрэглэдэггүй. Бөмбөрцөг дэлхийн хаа ч юм нэг замын дэргэд, хаанаас ч юм ирж, Годо гэх эрийг хүлээж байгааг л өгүүлнэ. Тэр ч байтугай зохиолын нэр нь ч энгийн. Жүжгийн гол дүрүүд болох Владимир, Эстрагон хоёр Годог хүлээж байх зуур болох хэсэгхэн үйл явдлыг харуулна.
Сэтгүүлч Д.Оюунномин Годотой Баабарын номоор дамжуулан танилцсан гэдэг. Тэгээд л нэгэн цагт Р.Олдингтоны “Гайхамшигт галзуу ирланд эр” хэмээн тодорхойлж байсан С.Беккетийн бүтээлүүдэд шимтэх болж. Амьдралын өнгө будаггүй үнэнийг өгүүлэх С.Беккетийн орчин цагийн сонгодог бүтээлүүдийг тэр өнгөрөгч онд “Алтан хальс” холбооныхны зохион байгуулдаг арт хаус кино төслийн хүрээнд үзэгчдэд танилцуулж байсан бөгөөд энэ үеэр л Годо анх монголчуудтай танилцсан гэдэг. Харин энэ удаа учир битүүлэг Годог монгол орчуулгатайгаар үзэгчдийг хүлээлгэх ажлыг сэтгүүлч Д.Оюунномин санаачлан, хэсэг нөхдийн хамт зохион байгуулж байгаа бөгөөд “Black box” хамтарч буй.
Яагаад заавал Годо гэж? Хариулт нь их энгийн. Санаачлагч нь С.Беккетийн шүтэн бишрэгч, бас “Beckket on Film Project” төслийн үеэр зохиолчийн 19 жүжгийг 19 найруулагч өөрсдийнхөөр найруулан дэлгэцийн хувилбар болгосноос шидээврүүдийнх нь нэг “Годог хүлээхүй” байсан учраас л тэр гэнэ. Энэ сарын 14, 15-нд “Black box” театрт гарах хувилбарыг 2001 онд Майкл Линдсей-Хогг эх зохиолоос хэлбийлгэлгүй найруулан тавьсан аж.
Самуэл Беккетийн бүтээлүүдийг ямар үндэстэнд хамруулах эсэх нь одоо ч судлаачдын дунд маргаан дэгдээсээр л буй. Ирландад төрж, залуу насаа тэнд өнгөрөөсөн хэдий ч, дэлхийн II дайны үед Франц руу нүүж, тэндээ суурьшсан байдаг. Түүний франц хэлээр бичсэн олон арван зохиолын нэг нь “Годог хүлээхүй” эмгэнэлт инээдмийн жүжиг. 1948 аравдугаар сард бичиж эхлэн, 1949 оны нэгдүгээр сард дуусгасан жүжгийг анх Парисын Бабилон театр анх найруулагч Рожер Блиний тавилтаар үзэгчдийн хүртээл болгож байж.
Үзэгчдийг хүлээлгэсэн Годог латинаар “Godot” хэмээн бичдэг. Абсурд сонихрогчдын маргаан маргаан эндээс л эхлэн дэгдэж байж. Ирланд, англичууд уг нэрийг дуудахдаа өргөлтийг эхний үед хэрэглэдэг бол хойд америкчууд ихэвчлэн сүүлийн үед өргөлт ашигладаг байж. Харин эл маргааныг тэрбээр “Годо бол Ирланд, Англи гаралтай нэр. Тиймээс хойд америкчуудын дуудлага буруу, үгийн өргөлтийн эхний үед хэрэглэнэ. Мөн Т үсгийг дуудахгүй” хэмээн тасалсан удаатай. Харин дараагийн эцэс төгсгөлгүй бөгөөд хамгийн ээдрээтэй маргаан Годо чухам хэн байсан тухай өрнөдөг. Годогийн үнэн төрхийг олох гэж судлаачид багагүй бэдэрсэн ч энэ нууцийг С.Беккет дэлгэхийг хүссэнгүй. Харин зарим нэг таамагт хариу хэлсэн нь бий. Колин Даквортын “Годо үнэндээ Поццо байсан уу” гэсэн асуултад тэр “Энэ дүгнэлт ердөө л жүжгийн хэсэгт гардаг. Тиймээс үнэн гэсэн үг биш” хэмээн хариулж байсан бол Годо гэж ямар утгатай нэр болохыг тэр найруулагч Рожер Блинд “Годо гэдэг францын гутал гэсэн үгнээс гаралтай. Жүжгийн маань хамгийн чухал объект бол хөл юм” гэж тайлбарласан нь бий. Годо үнэндээ бурхныг хэлж байгаа гэсэн таамаглалд олон судлаачид санал нэгддэг. Харин С.Беккет энэ таамаглалыг няцаахдаа “Хэрэв би бурхны тухай бичих гэж байсан бол элдэв нэр томъёо хэрэглэлгүй зүгээр л бурхан гэх байсан. Би жүжгээ франц хэлээр бичсэн. Тэгээд ч би зохиолоо өөрийн ухаангүй бичдэг болохоор хэн гэдгийг нь хэлэх аргагүй” гэсэн байна. Хожим нь Хью Кеннер бүтээлдээ “С.Беккет нэгэнтээ Годо гэж ямар утгатай болохыг тайлбарлахдаа Францын дугуйн спортын ахмад тамирчин Годог дурссан байдаг. Тэрбээр Рожер Годог Роубакст болсон дугуйн тэмцээний үеэр хүлээж байсан гэдэг” гэж бичсэн нь бий.
Бортгон малгайтнууд болох Владимир Эстрагон хоёрын талаар ч цөөнгүй таамаг бий. Гэхдээ олон хүний үздэг шиг тэднийг хэсүүлчин гэх тодорхойлолт эх зохиолд нэг ч үгүй. Харин тэдний хоолойг сонсдог байсан тухай нь найруулагч Рожер Блин дурссан байдаг. Тэрбээр “Беккет тэдний хоолойг сонсдог байсан хэдий ч тэдний төрх байдлыг надад тодорхойлон хэлж чаддаггүй байсан. Надад хэлсэн ганцхан зүйл бол “Тэд бортгон малгай өмсдөг” гэсэн өгүүлбэр” гэжээ.  Инээдтэй хоёр баатрынхаа тухай зохиолч “Ватт” гэх бүтээлдээ цухуйлгасан байдаг. Владимир жүжгийн ихэнх хэсэгт зогсож байгаа харагддаг бол Эстрагон эсрэгээрээ байнга л сууж байх. Тэгсэн атал Владимир тайван, харин Эстрагон идэвхгүй нэгэн. Мартамхай Эстрагоныг альцгеймерийн өвчин туссан хэмээн тодорхойлох хүн байхад эсрэгээр тэднийг эрдэмтэн гэх таамаг ч гарсан байдаг.
XX зууны тэсрэлт болсон эл “хүлээлтийг” судлаачид олон янзаар тайлбарласан. Улс төржүүлэн “Годог хүлээхүй” бол хүйтэн дайны тухай хэмээх таамаглал бий. Бас Германыг эсэргүүцсэн францчуудын байр суурийг илэрхийлсэн жүжиг гэж үзэх хүн ч цөөнгүй. Харин Грэхэм Хазел “Поццо Лаки хоёроор Ирланд, Британийг төлөөлүүлсэн” гэж бичжээ.
Хүлээлтийн мөн чанарыг сэтгэл судлалын үүднээс тайлбарласан цөөнгүй таамаг бий. Зигмунд Фрейдийн онолтой холбон Эстрагоны хураангуй нэр болох Гого бол Эгог (э)го-(э)го илэрхийлж, харин Владимирийн Диди гэх товчилсон нэр Идийг (Ид-ид)төлөөлж байгаа гэх таамаг ч бий. Түүнчлэн Карл Жунгийн онолд нийцүүлэн “Дөрвөн өөр зан чанартай дүрийг хоёр бүлэгт хуваан сайн, мууг зэрэгцүүлсэн” гэж судлаачид таамаг дэвшүүлсэн байдаг.
Сүсэг бишрэлтнүүд ч уг жүжгийг өөрсдийнхөөр тайлбарлаж, дээр дурдсан ёсоор Годог бурхан гэж тодорхойлон, түүнийхээ баталгаа болгож жүжигт гарах мод бол амьдралын мод, Владимир Эстрагон хоёрын Годогийн тухай харилцан яриаг жишээ татан баталгаажуулсан байна. Түүнчлэн Энтони Кронин Беккетийн амьдрал, үзэл бодолд Библи чухал нөлөөтэй гэж үздэг байж. Тиймдээ ч “Түүний номын шүүгээнд библи хэзээд л байж байдаг сан” гэж дурссан байдаг.
Энэ мэтчилэн олон таамаг дэвшүүлсээр ирсэн, цаашид ч дэвшүүлсээр байх биз. Гэхдээ зохиолчийн өөрийнх нь жүжгийг нь тавих гэж хичээх ч эв дүйгээ олохгүй байгаа залуу найруулагчид хандан “Энэ чинь тун энгийн юм шүү дээ. Тэр дөрөв эх хөрсөнд шингэх хүртлээ жинхэнэ мөн чанараа харуулахгүй. Бид бүгд л, тэр ч байтугай ертөнц дээрх бүхий л зүйлс дүр эсгэн амьдардаг” гэсэн тайлбар хамгийн оновчтой нь байх болов уу.

No comments:

Post a Comment