Saturday, January 14, 2012

ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД


Улирч буй 2011 оны онцлох үйл явдлын жагсаалтад чухал, гайхширмаар бүр тэнэг үйл явдлууд ч багтсан.
ШИНЭ УЛС ТӨРСӨН НЬ. Дэлхийн отгон улс болох Өмнөд Суданыг салан тусгаарлаж, бие даасан улс болохыг өнгөрөгч нэгдүгээр сард 99 хувийн саналаар дэмжсэн. Эл баярт үйл явдлыг тэмдэглэж Өмнөд Суданчууд нийслэл Жубадаа цуглан тэмдэглэсэн байна. Санал хуралтын дүнг тус хотод байрлуулсан том дэлгэцээр Картум хотоос шууд дамжуулан хүргэсэн аж. Отгон улсын иргэдийн олонх нь Христ болон анимист шүтлэгтэй бөгөөд, тавин жил тэмцэхдээ хоёр сая орчим хүний амийг алдсаны эцэст долдугаар сарын 9-нд тусгаар тогтнолоо баталсан юм. Африк дахь иргэний дайн 2005 онд дуусаж, энхийн хэлэлцээр байгуулсаны дараа санал хураалтаар Өмнөд Суданы салан тусгаарлах асуудлийг шийдвэрлэхээр болсон билээ. Өмнөд суданчууд баялаг газрын тосныхоо нөөцийг эзэмшихээр болсон бол хойд суданчууд тээвэрлэлт, үйлдвэрлэлт болон экспортын ажлыг эрхлэхээр болжээ. Судан хуваагдахаасаа өмнө Африкийн хамгийн том орон байсан бол одоо Алжир тус тивд тэргүүлэх болсон байна.
“АРАБ ЛИГ” ГИШҮҮН ОРНЫХОО ЭСРЭГ. Ливийн ард иргэдийг М.Каддафигийн нисэх хүчний дайралтаас хамгаалахын тулд “Араб лиг” НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гуравдугаар сарын 12-нд тусламж хүсчээ. Каддафигийн засгийг газар эрх мэдлээ алдахад тус байгууллага босогчдод дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдсэн учир “Араб лиг” анх удаа гишүүн орныхоо эсрэг шийдвэр гаргасан нь энэ. Гэхдээ тэд Аюулгүйн зөвлөлийг уг үйл явдалд оролцохоос өмнө Америк тэргүүтэй орнуудыг цэргээ татахыг хүссэн байна. “Араб лиг”-ийн эл шийдвэрийг Алжир, Сири гэх хоёр орон л хүлээн зөвшөөрөөгүй аж.
MI CASA ES SU CASA (МИНИЙ БАЙШИН БОЛ ЧИНИЙ ГЭР). Хагас зууны дараа кубачууд байшин худалдаж авах, борлуулах эрхтэй боллоо. Коммунист намын Конгрессын гишүүд дөрөвдүгээр сар эдийн засгийн далайцтай өөрчлөлт хийж, эл хуулийг баталжээ. Байшин борлуулахыг хууль бус явдал хэмээн 1960-аад оны эхээр эрх баригчид баталснаар ихэнх кубачууд байшингаа хүүхдүүдээ өвлүүлэх маягаар л амьдарч байжээ. Харин шинэ хууль ёсоор нэг иргэн нэг л байшин, эсвэл орон сууж худалдаж болох гэнэ. Энэ талаар Оттавагийн Карлетон их сургуулийн Куба судлаач Арч Риттер “Тун ухаалаг алхам боллоо. Байшин борлуулах эрх олгоно гэдэг кубачуудын хувьд асар чухал зүйл. Учир нь тэд насаараа нэг байшинд л амьдарч, тэндээ нас нөгчдөг байлаа шүү дээ” хэмээн “The New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.
ГЭРТ ҮЙЛДВЭРЛЭСЭН РВАНДА КИНО. Рванда дахь хоморголон устгах явдлаас амьд үлдсэн хүмүүсийн тухай кино хийсэн “Саарал хэрэг” кино Трибека наадмын үеэр нээлтээ хийлээ. Киву Рухорахозагийн найруулсан эл кино түүний эх орондоо хийсэн анхны бүрэн хэмжээний бүтээл бөгөөд их бага зардлаар бүтсэн байна. Уг үйл явдлын талаар уран бүтээлчид цөөнгүй кино хийсэн байдаг ч харийн оронд төрсөн хэдий ч эх орондоо элэгтэй найруулагч Рухорахозагийнх шиг сэтгэлд хүрсэн нь цөөн байдаг. Тиймээс ч “Саарал хэрэг” кино Трибекагаас шүүгчдийн нэрэмжит болон шилдэг эрэгтэй жүжигчний шагнал авсан юм. Шүүгчид Рухорахозагийн бүтээлийг 1994 онд болсон аймшигт үйл явдлыг болон амьд үлдсэн хүмүүс хэрхэн тэмцэж байсныг тун үнэмшилтэй харуулсан хэмээн үнэлжээ.
ОРЧИН ЦАГИЙН ГҮНЖ. Их Британийн хоёр дахь угсаа залгамжлагч хунтайж Уильямын Лондоны Уэстминстер чогчин дуган дахь хуримыг дэлхий даяар 300 сая гаруй хүн интернэт болон телевизээр үзсэн. Кэмбрижийн гүнгийн гэргий Кэйт Мидлтон нь өдгөө 29 настай бөгөөд тэрбээр коллеж дүүргэсэн анхны хатан хаан болох аж. Хосууд Шотланд дахь Гэгээн Эндрьюсийн их сургуульд суралцаж байхдаа танилцсан бөгөөд Мидлтон гүнж урлаг судлаач мэргэжлээр 2005 онд төгсчээ. Хунтайж Чарльзын гэргий Камилла Паркер Боулс Парис дахь Британийн институтэд суралцаж байсан боловч сургуулиа дүүргэж, дипломоо гардан аваагүй байна. Өмнөх хатдын хувьд дунд сургуульд суралцсан хэдий ч их сургууль төгсөж, зэрэг горилсон хүн байдаггүй гэнэ. Түүнчлэн гэрлэхээсээ сүйт залуутайгаа хамт амьдарсан анхны хатан хаан нь Кэйт болох нь.
ГАЗЫН ЗУРВАС ДАХЬ БЯЦХАН МОЦАРТ. Газын зурвас дахь бүслэлтийг үл ойшоон Изралийн удирдаач Даниэл Баренбойм Моцартын 4-р симфонийг дохисон байна. Европын шилдэг найрлыг хөгжимчдийг удирдсан түүнийг тоглолтыг НҮБ зохион байгуулсан бөгөөд тоглолт Газа хотын ал-Мадха соёлын төвд тавдугаар сарын 3-нд болжээ. Энэ нь 2007 онд Израиль Газын зурваст бүслэлт хийснээс хойш тус улсад болсон анхны олон улсын соёл урлагийн арга хэмжээ аж. Харин үзэгчдийн суудалд зөвхөн дунд сургуулийн сурагчид болон тусламжийн ажилтнууд тухалсан байна. Удирдаач Баренбойм олон жилийн турш өөрийн мэргэжлээ энхийн хэлэлцээрийн байгуулахад түлхэц болгохоор ашигласан боловч тодорхой үр дүнд хүрч чадаагүйгээр үл барам Израиль түүний Газа хот дахь тоглолтыг цуцалж, энгийн иргэдийг бүслэлт хийсэн газар руу нэвтрэхийг хориглосон байна.
ЕВРОП ДАХЬ ҮХЛИЙН ЗООГ. Нэн аюултай E. coli савханцрын вирусын улмаас олон мянган хүн гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн нь Германд урьд хожид гарч байгаагүй аюул тарилаа. Тавдугаар сард гарсан халдварт өвчний улмаас 50 хүн нас барсны 48 нь герман хүн байсан бол 4000 гаруй хүн өвдсөний дийлэнх нь тус улсынх, цөөн хэсэг нь Германд жуулчилж явсан 15 орны иргэд байсан аж. Герман, Хятадын эрдэмтдийн өгүүлснээр E. coli савханцрын вирус мутацид орж, эмэнд тэсвэртэй болсноор барахгүй хор хөнөөл нь ч улам нэмэгдсэн байна. Гэдэсний халдварт өвчний халдвар авсан олон хүний бөөр ажиллагаагүй болгосон. Тиймээс Германы эрүүл мэндийн салбарын удирдлагууд иргдэдээ өргөст хэмх хэрэглэхгүй байхыг сануулан, Испаниас нийлүүлж буй өргөст хэмхэд хориг тавьж, тус улсын газар тариалан эрхлэгчдийг буруутгасан нь Испанийн газар тариаланд ч багагүй хохирол учруулсан. Гэсэн ч ердөө сарын дараа халдварт өвчний буруутан зөвхөн испаничууд биш болохыг баталж, Египетээс нийлүүлж буй шош, буурцгаас уг вирус илэрснийг Германы засгийн газар тогтоов.
ЛЕНИНИЙ УГСАА ГАРВАЛЫН ТАЛААРХ БОДИТ ҮНЭН. Зөвлөлт холбоот улсыг үндэслэг Владимир Ленинийг еврей хүн байсан гэх цуу яриаг баталсан баримтыг анх удаа олон нийтэд дэлгэжээ. Их удирдагчаа биширсэн оросууд болон үндэс угсаагаар ялгаварлах үзэл ноёрхсоор байсан тул уг үнэнийг илчилнэ гэдэг том үймээн дэгдээж мэдэхээр байсан тул хэдэн арван жил нуусан байна. Эцэст нь 1990-ээд оны үед КГБ-ийн ажилтнуудын илрүүлсэн 111 хуудас материалыг Москва хот дахь Үндэсний түүхийн музейд тавьжээ. Уг баримтууд дунд Ленинийг нас барснаас найман жилийн дараа буюу 1932 онд эгч Анна Уляновагийнх нь Сталинд бичсэн захидал байгаа аж. Тэрбээр захидалдаа өвөө Израил Бланкыг Украйны еврей байсныг дурдаад, 1820 онд дүрвэж, анагаах ухааны сургуульд элсэн орсон тухай нь бичжээ. Мөн энэ үнэнийг нууцлах болно гэдгээ ч дурдсан байна.
ГЭРИЙН ҮЙЛЧЛЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ. Дэлхийн 100 сая гаруй гэрийн үйлчлэгч нар бусад ажилчдын адил үйлдвэрчний эвлэлээр эрхээ хамгаалуулах хүсэлтээ илэрхийллээ. Засгийн газар, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын нэгдсэн байгууллагууд ч энэ хүсэлтийг НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагад тавьснаар зургадугаар сарын 16-нд тус эвлэлийн гишүүд санал хураажээ. Хааллттай хаалганы цаана ажилладаг үйлчлэгч нарын олонх нь цагаач охид, бүсгүйчүүд байдаг тул ажил олгогчид тэднийг хүссэнээр ажиллуулдаг байдалтай тэмцэхээр анхны олон улсын конвенци баталжээ. Ингэснээр зөвхөн гэрийн үйлчлэгчээр ажилладаг сая сая бүсгүйчүүдийн эрх ашгийг хамгаалаад зогсохгүй Персийн булангийн орнуудад сонсогддог хүний наймаа, боолчлол гэх аймшигтай гэмт хэргүүдтэй ч тэмцэж байгаа хэрэг гэж гишүүд үзжээ. Уг конвенцид гэрийн үйлчлэгч нарын ажлын цаг, цалингийн доод хэмжээ болон илүү цагаар ажиллахад үзүүлэх өгөх хөлс, амралт, аюулгүй байдал зэргийг тусгажээ. Ингэснээр гэрийн үйлчлэгч нарын гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалж, албадан хөдөлмөр эрхлүүлэх байдалд хяналт тавих боломжтой болж байгаа аж. Уг конвенцид Арабын орнуудыг нэгдэхэд уриалах ажлыг Арабын салхи хийнэ гэдгээ мэдэгдсэн байна.
ЛГБТ-ҮҮДИЙН ЭРХИЙГ ОЛОН УЛСАД ТУНХАГЛАЛАА. НҮБ-ын Хүний эрхийн хороо зургадугаар сарын 17-нд гей, лесби, трансжендер хүмүүсийн эрхийн олон улсад мөрдөгдөх хэм хэмжээ, тэдний эрхийг хамгаалах, гадуурхах байдлыг зогсоох тухай тунхаглал гаргасан. Хаалттай санал асуулгад 23 оролцсоноос 19 гишүүн зөвшөөрч, гурав нь түдгэлзсэн байна. Тунхаглал гаргах шийдвэрийг эсэргүүцэгчдийн олонх нь Оросын гишүүд байсан бол Африк Арабын цөөн орнууд ижил хүйстнээ сонирхогчдын эрх ашгийг хамгаалах шаардлагагүй хэмээн маргажээ. Гэсэн ч уг тунхаглал Өмнөд Африк төдийгүй дэлхийн бусад орнуудад ч хэрэгжиж эхлээд байна. Амнести олон улсын байгууллагын мэдэгдэж буйгаар одоогоор ижил хүйстэйнтэйгээ гэр бүл болохыг 70 гаруй орон хуулиар зөвшөөрөөд байгаа аж.
АМЕРИКИЙН ЗЭРЭГЛЭЛ БУУРСАН НЬ. Цагаан ордон багагүй эрсдэл хүлээн төсөв танах, өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаас хэдхэн өдрийн дараа буюу наймдугаар сарын 5-нд “S&P” үнэлгээний агентлаг тус улсын зээлжих эрхийн зэрэглэлийг ААА-аас АА+ болгон бурууллаа. Энэ нь Америк түүхэндээ анх удаа ААА зэрэглэлээ алдсан явдал юм. “S&P” үнэлгээний агентлаг энэ явдлын үр дүнд Америкийн эрх баригчид болон сөрөг хүчнийнхэн хамтран ажиллаж, санхүүгийн олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нийлүүлэх сонирхол ихэснэ гэж үзсэн байна.
ХАВДРЫН ЭС УСТГАДАГ ЭМЧИЛГЭЭ. Эмч нар хавдрын эс устгах эмчилгээний туршилт амжилттай болсон талаар мэдэгдлээ. Тэд генийн эмчилгээ хийх аргаар цагаан эсийг хөгжүүлж, цусан дахь хавдрын эсийг устгаж, дахин үүсэхээс хамгаалдаг болгох туршилт явуулсан аж. Пенсилванийн  их сургуулийн эрдэмтэд угтаа ДОХ-ын вирусын эсрэг эмчилгээний арга туршиж байсан бөгөөд дархлааны системийг хөгжүүлэх гурван шаттай эмчилгээний явцад өвчтний цагаан эс хавдрын эсийг устгах чадвартай болж буйн илрүүлжээ. Туршилтад хамрагдсан хоёр өвчтний хавдар үгүй болсон бөгөөд гурав дахийнх нь хавдрын хэмжээ багач байгаа тухай эмч нар ярьжээ. Судалгааны багийн ахлагч Карл Жүн эмч “The New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Эмчилгээний явцад өвчтний хариу үйлдэл үзүүлдэг тул эрсдэлтэй арга” гэжээ. Эмчилгээ эхэлснээс 10 хоногийн дараа өвчтний бие халуурч, эцэж ядран, ханиад томуутай төстэй шинж илэрдэг байна. Харин хэдхэн долоо хоногийн дараа халуун аажмаар буурч, хавдрын ул мөр ч үгүй болж байгаа гэнэ. Эмчилгээний үеэр өвчтний дархлаа сулардаг тул хавдар үгүй болсны дараа дархлаа сайжруулах эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог байна.
САУДИ ЭМЭГТЭЙЧҮҮДЭД СОНГОХ, СОНГОГДОХ ЭРХ ОЛГОЛОО. “Арабын хавар”-ын шахалтаар Саудын хаан Абдулла эмэгтэйчүүдэд сонгох, сонгогдох эрх олгохоор шийдвэр гаргажээ. Гэхдээ энэ шийдвэр 2015 онд болох сонгуулиас эхлэн хэрэгжиж эхлэх юм. Есдүгээр сарын 29-нд шийдвэр гарах хүртэл тус улсын эмэгтэйчүүд сонгуульд оролцох, машин унах, эрчүүдийн зөвшөөрөлгүйгээр зугаалах, сургуульд сурч, ажил хийх эрхгүй байсан аж. Харин есдүгээр сарын 25-нд болсон Шура зөвлөлийн нээлтийн үеэр хаан улсын тэргүүн хуврагуудтайгаа зөвлөлдсөний эцэст эл шийдвэрийг гаргажээ. Түүний шийдвэр сауд бүсгүйчүүдийг удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, хааны  зөвлөхөөр ажиллах боломж олгож буйгаараа чухал ач холбогдолтой хэдий ч хууль санаачлах, хэрэгжүүлэх эрхгүй байх юм. Саудын Араб энэ мэт шийдвэртэй алхам хийж, бүс нутагтаа үлгэр дуурайл үзүүлж байгаа ч хувьсгал хийхэд дарамт шахалт их байгаа аж. Энэ талаар Амнести олон улсын байгууллагын Дорно дахиныг хариуцсан дэд захирал Филип Лютер “Саудын араб их удаан урагшилж байна. Эмэгтэйчүүдэд сонгох эрх олгож байгаа орнуудын сүүл мушгина гэдэг бахадмаар зүйл биш” хэмээг АР агентлагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
ЧУЛУУН ЗЭВСГИЙН ҮЕИЙН БЯЦХАН МИКЕЛАНЖЕЛО. Балар эртний багачуул хурууныха хээг хаданд үлдээх аргаар аав ээждээ газарчилдаг байсан хэмээн археологичид үзэж байна. Францын өмнөд нутаг дахь 8045 метр урт үргэлжлэх Руффиньяк агуйгаас олдсон хээнүүдийг эрдэмтэд судалж байна. Аравдугаар сард Кэмбрижийн их сургуульд болсон зөвлөлгөөний үеэр Жессика Куни Лесли Ван Желдер нар дөрвөн хүүхдийн хурууны хээг судалж үзээд, одоогоос 13 мянган жилийн өмнөх буюу чулуун зэвсгийн үеийн хүүхдүүдийнх гэдгийг нь тогтоосноор барахгүй хүүхдүүд уг хээгээрээ томчуудад замчилдаг байсан хэмээн таамаглаж байгаагаа мэдэгдсэн юм. Агуйн нэг хонгилд хүүхдүүдийн хурууны хээ их олон байсан тул уг “өрөөг” тэд тоглоомын өрөө эсвэл ёслолын танхим болгон тэмдэглэсэн гэж үзэж байгаа юм. Хээний хэмжээгээр тэднийг гурав орчим настай байсныг тогтоосон байна. Ийм хээ Франц төдийгүй Испани, Австралиас ч олдсон байдаг. Харин эл таамаглалыг зарим эрдэмтэд хадны сүг зураг төдий зүйл хэмээн няцааж байгаа бол зөвлөлгөөнд оролцсон эрдэмтдийн олонх нь ямар нэг утга илэрхийлж байгаа гэж үзэж байна.
АМЕРИК ХЭВ МАЯГТАЙ ФРАНЦ УЛС ТӨР. Америк маягаар зохион байгуулах Ерөнхийлөгчийн анхны сонгуульд Николас Саркозитой өрсөлдөх нэр дэвшигчдийг сонгох санал хураалт эхэлжээ. Ирэх дөрөвдүгээр сард болох сонгуульд нэр дэвшигчийг хоёр шаттай санал хураалтаар сонгох бөгөөд өрсөлдөгч намынхан нь өс санаж, тэмцэлдсэн компанит ажил явуулахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Аравдугаар сард бол нэр дэвшигчийг тодруулах санал асуулгад зургаан хүн өрсөлдөж, нээлтэй санал хурааснаас Франсуа Голланд 56.5 хувийн санал авч ялсан. Дараагийн шатанд гурван сая хүний дэмжлэг авна гэж таамаглаж байсан түүний горьдлого талаар болж, тэрбээр 2.7 сая хүний санал авсан байна. Есдүгээр сарын сүүлчээр Саркозигийн консервативчууд сенатад эрх мэдлээ алдсан нь 1958 оноос хойш давтагдаагүй явдал бөгөөд энэ нь өрсөлдөгчдөд нь ирэх жил болох сонгуульд ялах найдвар төрүүлээд байна.
БАСКИЙН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙНХЭН ГАРАА ЗОГСООВ. Испанийн баскийн салан тусгаарлагч Эта байгууллага Америк, Европ дахь алан хядах үйл ажиллагаагаа зогсоож, 40 жил үргэлжилсэн сөргөлдөөнөө дуусгахаа аравдугаар сарын 20-нд мэдэгдэв. Тэд Испани, Францтай дахин хэлэлцээр хийх хүсэлтээ илэрхийлж, сөргөлдөөний үеэр амь үрэгдсэн 800 хүний төлөө харамсаж байгаагаа хэлжээ. ЕТА байгууллага 1960-аад оны сүүлчээр Испаниас салан тусгаарлах тэмцлээ эхэлж, гал нээсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд буулт хийхээс татгалзаж байсан юм. Харин энэ талаар Испанийн Ерөнхий сайд Хосе Родригез Запатеро эл мэдээг талархан хүлээж авч байгаагаа мэдэгдээд хэлэлцээрийн асуудлыг арваннэгдүгээр сард эхлэх бүх нийтийн сонгуулийн дараа авч үзэхээр болсон билээ.
НИСЛЭГИЙН ШИНЭ ХЭЛБЭР. “Боинг”-ийн шинэ хөлөг “Dreamliner” зочигч тээврийн анхны албан ёсны нислэгээ аравдугаар сарын 26-нд хийж, Токиогоос хөөрч, Хонконгт газардлаа. Японы “All Nippon Airways” компани анхны нислэгийг хийсэн байна. Энэ нь модон онгоцноос төмөр хөлөгт шилжсэнээс хойшх хамгийн том шинэчлэл хийж буй нислэг болсноороо онцлог. Уг онгоцны эд ангиудыг ган болон хөнгөнцагааны оронд нүүрстөрөгчөөр бэхжүүлсэн хуванцраар хийсэн тул төмөр онгоцноос  илүү хөнгөн шатахуун зарцуулалтын хувьд ч ижил овор хэмжээтэй онгоцноос 20 хувиар бага аж. Түүнчлэн жин багатай болсноор зорчигчийн хэсэг илүү цэлгэр уужим болж, цонхыг нь томсгон, ачааны хэсэг ч багтаамж ихтэй болсон байна.
ДЭЛХИЙ ДОЛООН ТЭРБУМ ДАХЬ ИРГЭНЭЭ ХҮЛЭЭН  АВЛАА! НҮБ-ын Хүн амын сан дэлхийн долоон тэрбум дахь иргэн аравдугаар сарын 31-нд мэндэлсэн талаар мэдээлсэн. Гэхдээ яг аль улсад төрсөн хүүхэд долоон тэрбум дахь болон бүртгэгдэж буйг нарийн тооцоолон гаргах боломжгүй гэжээ. Гэхдээ тэдний таамаглаж буйгаар хүн амын олонх нь ядуу тарчиг хэдий ч төрөлт эрчимтэй нэмэгдэж буй Сахар орчмын Африкийн орнууд, төрөлт буурсан ч хүн амын тоо их учир мэндэлж буй нялхсын тоогоор тэргүүлдэг Энэтхэгт төрсөн байх магадлал өндөр аж. АНУ-ын Хүн амын тооллогын товчоо Европын улсууд болон Орос, Япон зэрэг хөгжингүй орнуудад төрөлт буурч, хүн амын дунд насжилт нэмэгдэх болсон тул уг үйл явдлыг 2012 оны гуравдугаар сарын 30-наас өмнө болохгүй гэдэгт итгэлтэй байсан юм. Харин НҮБ дэлхийн хүн амыг өдөрт 200 мянгаар нэмэгдэж, ялангуяа хөгжиж буй орнуудад хүн амын өсөлт их байгааг хэлсэн. Тэдний тооцоолц буйгаар дэлхийн хүн ам 2041 он гэхэд есөн тэрбум, 2081 онд 10 тэрбум болж өсөх гэнэ. Харин 1804 онд дэлхий дээр ердөө нэг тэрбум хүн амьдарч байжээ.

No comments:

Post a Comment