Нүүрэндээ инээмсэглэл тодруулаад, нүдэндээ жаргалын оч гэрэлтүүлж басхүү ичингүйрэн өвдөг дээрээ сөхрөн суусан британи бүсгүйн төрх ихэд танил харагдана. Гэхдээ хатагтай Диана Спенсер гэж эндүүрэм энэ бүсгүй бол түүний хүү хунтайж Уильямын сүйт бүсгүй, Британийн шинэ гүнж Кэйт Мидлтон. Яг л хадам ээжийнх нь гэрлэх ёслол шиг Кэйт Мидлтоны хурим ч бас бүхнийг нарийн төлөвлөж, чамбай гүйцэтгэсэн эрхэмсэг болж, дэлхий даяар сая сая хүн энэ үйл явдалд анхаарал хандуулсан. Эдийн засгийн хямрал гээд л элдэв асуудлуудад ундууцаж, дэлбэрэх шахаад байсан сонины хуудсуудад ч шинэ гүнжийн талаарх таатай мэдээлэл нийтэлж тайвшрах боломж олдох нь тэр. Гэхдээ манай шинэ цагийн гүнж Кэйт Мидлтоны өнгөрсөн амьдралын талаарх таагүй дурсамжийг тэнд сөхөөгүй байсан байх аа. Үлгэрийн сайхан төгсгөлд итгэдэг хүн үгүй болж, хөлд нь таарах болор шаахайн эрэлд бүсгүйчүүд хатахаа больсон өнөө цагт “гүнж” гэсэн ажлын байр нийгэмд хэрэгтэй юу.
Хэдийгээр гүнж нар охидын маань сонирхлыг татахаа больсон, тэд хүн төрөлхтний соёлт иргэншлээс арчигдан үгүй болж байна гэж үзэх аргагүй ч, орчин цагт гүнжийн талаарх ойлголт өөрчлөгдсөн гэвэл мэтгэх хүн үгүй болов уу. Бяцхан охид ердөө гурав эсвэл дөрвөн настайдаа л гүнж хүн ямар байх ёстойг гадарладаг болчихдог. Тэд титэм, гялтганасан гутал, хөвсгөртэй хормойтой даашинзтай болохыг хүснэ. Тэр ч байтугай жижигхэн хөл нь хувь заяаг нь өөрчлөх Үнсгэлжин, өөрийн угсаа гаралыг үл гадарлах гүнж Анастасия, мангасын дүрд хувирсан ханхүүг аврагч Белла гээд л “Дисней”-н гүнж нартай холбоотой бүхий л зүйлд хорхойсдог. Холливуд ч гүнжийн тухай шинэ түүх зохиож байсан. Тэд анх ахлах сургуулийн охин гүнж болох хичээлд сууж эцэст ч Женовын хатан хааж болж байгаа тухай өгүүлэх “Гүнжийн өдрийн тэмдэглэл” гэх кино бүтээж Анне Хэтавэйг гол дүрд нь тоглуулж байсан.
Харин феминизмийн хоёр дахь давалгаа “Нойрсож буй гүнж” тэргүүтэй түүхүүдээр эхэлж, тэд бүсгүй хүний амьдрал гэрлэснээр эхэлдэг, харин гэрлэлт сайхан ханхүүгийн үнсэлтээс эхэлдэг гэх үзлээр охидыг төлөвшүүлж эхэлсэн. Саяхан нэгэн ээж “Охин минь гүнж болохын мөрөөсөл болох юм” гэж сэтгэл зовнингуй ярьж байсан нь өнөөдөр ч энэ үзэл байсаар л байгаагийн тод жишээ юм.
Харин би түүнд санаа зовох хэрэггүйг сануулсан. Учир нь бяцхан охин нь феминизмийн хоёр дахь давалгааны буруу онолоор хүмүүжсэн хэрэг. Гэхдээ нарийн тунгаавал энэ бас ч тийм ч буруу үзэл биш. Энэ давалгаа гоё сайхан харагдах, хүлцэн байхын тухай биш, өөртөө итгэлтэй байх, сэтгэлийн хаттай байхыг сургадаг. Хөвгүүд супер баатруудыг үлгэр дуурайлаа болгож, тэднээс хүчтэй зоригтой байхыг суралцдаг шиг охид ч бас гүнж нараас үлгэр жишээ авдаг гэсэн үг. Тэднээс илүү өлмий дор нь дэлхий ертөнц бүхэлдээ байгааг үлгэр жишээчээр үзүүлэх хүн хэн байхсан билээ. Кэйт Мидлтон, Диана Спенсер нар шиг үзэсгэлэнтэй агаад сэтгэл татам, мэдрэмжтэй хэрнээ зэвсэгт хүчин удирдаж, эрдэнэсийн сан хөмрөг нээх хүчтэй байхыг сургах хүн өөр бий гэж үү. Гүнж нар хэзээ ч поп одод шиг хар тамхи хэрэглэдэггүй, тэгсэн атлаа Хиллари Клинтон, Кондолиза Райс нараас ч илүү хүчтэй, гэхдээ тэднээс илүү сайхан хувцасладаг. Гэхдээ загвар өмсөгчид шиг хэт задгай биш, ээждээ тусалсныхаа төлөө хэзээ ч гомдоллож, бухимддаггүй. Бүр хатан хаан болох байсан ч тэр. Тиймээс гүнж нараас илүү үлгэр дуурайл болох бүсгүй олдохгүй л болов уу.
Өнөө цагийн гүнж нараас үүргээ үлгэр жишээ гүйцэтгэж байгаа хоёр хүнийг нэрлэх байна. Диана гүнж л сүйрлийн ирмэгт очоод байсан Британийн нийгмийн тогтолцоонд дүн шинжилгээ хийсэн ч, харамсалтай нь цөөн хэдэн хүнээс л талархлын үг сонссон. Учир нь тэр бүгдэд хүлээн зөвшөөрөгдөхүйц үзэсгэлэнтэй байсан хэдий ч, бүгдэд хүлээн зөвшөөрөгдөхүйц боловсролтой байгаагүй юм. Түүний нийтэд түгээсэн мэдээлэл ч зөнгөөрөө хийсэн үйлдэл мэт харагдсан нь ийн үл ойшооход хүргэсэн биз. Гэхдээ тэр анхааралтай нягталж, дүн шинжилгээ хийж байж дүгнэлт гаргасан гэдэгт би итгэлтэй байна. Тухайн үед анги давхаргын ойлголт өнөөгийнхөөс ч хатуу байлаа. Гэсэн ч Диана гэр оронгүй болсон иргэд, хүүхдүүд нь ажилгүй болсон хөгшдийг хүлээн авч, “өндөр боловсрол” олгодог сүмдийг цөөлж, элит гэх үзлийг халж, Элтон Жоны тоглолтыг дэмжиж байлаа. ДОХ-ын вирусын халдвар авсан иргэд адлагдаж байх үед тэр өвчтнүүдтэй хамт зургаа татуулж, хүлээн авч уулздаг байсан. Британийн муслимчууд гадуурхагдаж байх үед ч тэдэнд өгөөмөр, энэрэнгүй хандахыг уриалсан хүн нь мөн л Диана гүнж.
Хэрэв Британийн гадаад харилцаа сайжирч, илүү нээлттэй болбол элитүүд нийгмийг өөрчлөх алхмыг эрхгүй хийнэ гэдгийг Диана мэдэж байсан гэдэгт итгэлтэй байна. Тиймээс ч тэр энэ өөрчлөлтөд биечлэн оролцсон биз. Тэгээд л өөрчлөгдөх дургүй нийгэмтэй ухаалаг дайн зарласан байна. Тэгэхдээ хатан хаан Элизабет I, Виктория нар шиг сүр хүчтэй байж л энэ бүхнийг хийж чадна гэдгийг ч анзаарчихаж. Хатан хаан Элизабет I цасан цагаан энгэсэг, үсийг нь толийтол хуссан дух төдийгүй даашинз гоёл чимэглэл, бараа бологчдоороо өөрийн сүр хүчийг илэрхийлж, Британийн колонийн тухай, “онгон” хатан хэмээн шоолуулсан ч нөхөрт гарах бодолгүйгээ, хууль бус үйлдэлд хатуу арга хэмжээ авах тухай улс төрийн чухал үзэл баримтлалаа нийтэд түгээдэг байжээ. Харин хатан хаан Виктория үндэстний ээж хэмээн өөрийгөө тунхаглаж, халамжтай эхнэр, хатуу шүүгч, ард олныг энэрэгч гэсэн хэв маяг бүрдүүлж, Британийн нийгмийн тогтвортой байдал, үйлдвэржилтийн эргэлт, хаант засаглалыг хөрөнгөтнөөс ялгаварлах байдлын тухай нийтэд ухуулж байжээ. Диана язгууртан эмэгтэйчүүдийн гадаад төрх, хувцаслалтдаа анхаарах, эх орондоо элгэмсүү хандах эл уламжлалаар зэвсэг хийн улс төр рүү довтолж эхэлсэн юм.
Харин Кэйт Мидлтон яагаад ингэж их шуугиан дэгдээж, олны анхаарлыг татаж байна вэ? Учир нь Диана гүнжийн хүсэж мөрөөдөж, бодож төлөвлөж байсан Британи дахь өөрчлөлтийг үргэлжлүүлэх шинэ үеийн төлөөлөгч гэдгийг нь хүмүүс зөнгөөрөө гадарлаж байгаа болохоор л тэр. Тэр гарал угсаагаар ялгаварлан гадуурхдаг бүх нийтээр тэгш эрхтэй Их Британийн гүнж болсон. Түүнчлэн Мидлтоныхон тууштай, ихийг хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй хүмүүс. Элэнц өвөө нь чулуун нүүрсний уурхайчин байсан учир тэд Британийн нийгэм ямар хувьсамтгай болохыг Дианагаас ч илүү мэднэ. Кэйт бүхий л хүнд тусламжийн гараа сунгахад хэзээд бэлэн байдгаараа Диана гүнжтэй төстэй харагдах хэдий ч, хэнийг ч ялгалгүй харилцдгаараа түүнээс илүү байж ч мэднэ. Тэр ч байтугай Кэйт эгч Пиппатайгаа хамт бүхий л дэлгүүрийг самнаж, үнэтэй чамин хувцсыг, хямдхан үзэмжтэй зүйлтэй ч хослуулан өмсдөг байж. Зөвхөн хувцаслалт төдийгүй бусад олон зүйлд дээд зэрэглэлийг, дундажуудтай хослуулдаг энэ зангаа гаргадаг нь удахгүй Букингэмийн ордныхонд ч нөлөөлж мэдэх юм. Тэр цаашид ч энэ байдлаараа хадгалж, дундаж түвшнийхнийг язгууртнуудаас үл ялгаварлах чөлөөт нийгмийг бий болгох уу? Магад ч үгүй л юм. Түүний эл энгийн байдал нь дуулайн шуугиантай тэмцэл хийхээс илүү үр дүнтэйгээр өөрсдөөс нь өөр туслах хүн үгүй Британийн ажилчин ангийханд тус болж, анги давхаргын ялгааг арилгаж мэдэх юм.
Тэгэхээр бид гүнж болохын мөрөөсөл болоод буй охиддоо санаа зовох хэрэгтэй юү? Бараг л шаардлагагүй дээ. Учир нь орчиж цагт гүнжийн талаарх ойлголт их өөрчлөгдсөн. Өнөө үед гүнж гэдэг хоолны ширээний ард тухалсан эмзэг бүсгүй байхаа больсон. Үнэндээ тэднийг хэн нэгний туслалцаагүйгээр юу ч хийж чаддаггүй хүүхэлдэй мэтээр хүлээж авах ташаа ойлголт нэмэгдэх болсон. Гэтэл “гүнж”-ийн алба гэдэг хариуцлага өндөр, ажил ихтэй тушаал. Тэд бүсгүйчүүд бидний гэр орноо авч явахаас хэд дахин том асуудалд анхаарал хандуулдаг. Яг л эзэгтэй нар нэгэн зэрэг бүхий л ажилд гар бие оролцдог шиг тэд ч улс гүрэн, дэлхий дахины хэдэн арван асуудлыг шийдэхээр ханцуй шамлан зүтгэдэг. Тэгэхээр гүнжийг үл ойшооно гэдэг хоцрогдсон үзэл болох нь.
Гэхдээ бид яагаад ганцхан Британийн гүнж нарын тухай л яриад байгаа юм бэ. Учир нь өдгөө цагийн гүнж нараас тэдэн шиг амжилт олж, үлгэр жишээ ажиллаж байгаа нь ховор. Японы гүнж Масако гэхэд л Харвард Оксфордын их сургуульд суралцаж, хэл шинжээчийн мэргэжил эзэмшин олон улсын худалдааны зуучлагч болсон хэдий ч өнгөрсөн найман жилийн хугацаанд ард түмний асуудалд анхаарал бараг хандуулаагүй. Харин үүнийгээ стрессээс болсон гэж хаацайлсан байгаа юм.
Тайландын хааны ууган охин Америкийн жирийн иргэнтэй гэр бүл болж, цол хэргэмээсээ татгалзсан боловч саяхан гэр бүлээ цуцлуулан, эх нутагтаа эрхэг очсоноор богинохон үлгэр нь өндөрлөсөн байна. Гэтэл хаан ширээ залгамжлах хүүгийнх нь эхнэр томоогүйтэж төрсөн өдрийн баяраараа хагас нүцгэлэн бичлэг хийлгэснийг нь интернэтээр цацаж орхиж. Үнсгэлжингийн үлгэрээс тэс өөр байгаа биз. Саудын Арабын гүнжийн түүх хамгийн аймшигтай нь. Гүнжийн гэр бүлтэй хүнтэй амрагласан нь батлагдаж, 19 настай бүсгүйг өвөөгийнх нь тушаалаар 1977 онд цаазаар авсан байдаг. Үлгэр жишээ болохоор үйлдэл биш учир энэ мэт хэргүүдэд тэр бүр ач холбогдол өгдөггүй.
Бүр ухамсар дорой нэгэн байсан ч гүнжийн байгаа байдал олон хүнд нөлөөлдөг учраас л тэр. Энэ бүхний эцэст “Дисней”-н гүнж нар чухам юу хийж байна вэ? Тэд өөрийн болон бусдын амьдралыг авраад тун завгүй яваа. Анастасия гэхэд л Распутин гэх чөтгөрийг дарж, Орос орныг аварч байхад, Мулан Хүн гүрний түрэмгийлэгчдээс гэр бүл, эх орноо аврахаар дайнд мордож байх жишээтэй. Белла ч шидтэнд хараагдсан ордныхныг аварч байна. “Гүнжийн өдрийн тэмдэглэл” киноны гүнж эмээгийнхээ тусламжтай гадаад төрхөө өөрчлөөд зогсохгүй, сэтгэлийн хат, тэсвэр тэвчээр гэх дотоод хүчийг ч олж авдаг. Бүр 1950-иад оноос үзэгчдийн хүртээл болсон Үнсгэлжил хүртэл жижигхэн хөлтэйгөөс цаашгүй юм биш. Тэр энэрэнгүй сайхан сэтгэлтэй учраас л хойд эгч нарынхаа амсаагүй хувь заяаг атгасан юм. Сонирхолтой нь бүсгүйчүүдийн хүч чадал, баатарлаг байдлыг түүхийг өгүүлсэн үлгэр бүрт гол баатрыг нь хүлцэнгүй, үзэсгэлэнтэйгээр дүрсэлсэн байдаг. Тиймээс таван настай охин тань ягаан өнгийн даашинзаар гоёж эхэлбэл бүү санаа зовоорой. Тэр зүгээр л нэг өнгөнд хууртах биш, дэлхийг эргүүлэх чадварт өөрийн мэдэлгүй татагдаж байгаа юм.
No comments:
Post a Comment