Monday, February 20, 2012

БАЙСАН ЦИРК


13 метр диаметртэй тойрогт авьяастнууд чуулаад л… Авхаалж самбаа сорьсон тэдний үзүүлбэрийн төгсгөлд алга таших чимээ аадар борооны дусал шаагих шиг сонстох учиртай. Харамсалтай нь техник технологийн хөгжил дэвшлийн хөлд үрэгдсэн бичгийн машин, захидал тэргүүтэй олон хохирогчдын нэг нь циркийн урлаг. Үзэгчдийн хөлд дарагдаж, үзүүлбэрүүд нь хэдэн өдөртөө л ярианы гол сэдэв болдог байсан энэ урлаг нэг л мэдэхэд сонирхол татахаа байж, эрсдэл, элдэв марзан шог, илбэ шидийн ертөнцөд дурлагсдыг хөгжим, кино урлаг, телевизийн элдэв цэнгээнт нэвтрүүлгүүд зурагтынх нь ард дөнгөлчихдөг болсон үе бол 1970-аад он. Уналтын энэ үед уран арга сэдэж, үзэгчдээ болон байр сууриа алдах байх ухаан сийлсэн уран бүтээлчид циркийн уламжлалт үзүүлбэрүүдийг театрчилсан хэлбэрт хувиргаж, контемпорари хэмээх цоо шинэ төрлөөр хөгжүүлж ирсэн. Циркийн энэ хувьсал Австралт, Канад, Франц, Их Британи, Америкт хүчтэй дэлгэрч, улмаар дэлхий даяар тархжээ. Тэгэхээс ч аргагүй. Төрөхөөс үхэх хүртэлх амьдралд тохиолдож болох бүхий л этгээд хачин, содон сонирхолтой үйл явдлыг, тэр ч байтугай үнэнд нийцэхгүй үлгэрийн баатрууд, бидний дунд байхгүй хийсвэр дүрүүд, сэтгэлгээний ертөнц дэх шинэ гариг гээд үнэнийг худалтай нь, бодитыг хийсвэртэй нь гэрээсээ гаралгүйгээр өдөр бүр үздэг нүд тайлчихсан үзэгчдийг байлдан дагуулах арга ухаан ч нарийсах нь гарцаагүй. Харин өнөөх дэлхий дахины арга барилаас хоцрогдож, гээгдчихээд байгаа цөөн орнуудын нэг нь Монгол.
Тойрог манежний голд хөтлөгч зогсчихоод дараагийн үзүүлбэрийн талаар мэдээлэл өгөхдөө уртаас урт илтгэл тавих шахан уран бүтээлчдэдээ хувцас солих цаг олгодог байдал бүр өмнөх мянганых. Одоо дүрс бичлэгт түүх болон үлдсэн энэ дүр төрхийг харин манай циркийн асраас харж болохоор юм билээ. Уртаас урт улиглалынх нь үеэр уйдаж орхиод багачууд зүүрмэглэчих дөхдөг. Угтаа хөгжөөх үүрэгтэй тоглолт үзэгчдээ залхааж орхисон энэ байдал даамжирвал догдолсон эцэг эхчүүдийнхээ байдлыг хүүхдүүд нь элэглээд, үзэгчдийн суудал тоглолтын тайз болон хувирах шинжтэй. Үеэ өнгөрөөсөн эл тоглолтыг хэдийнэ халаад өнөө цагт циркийн жүжигчдийн авьяас чадварыг хөшиг нээгдэхээс хаах хүртэл үргэлжлэх содон шийдэлтэй тавилт, дуу хөгжим, гэрлийн үзүүлбэрээр амилуулж үзэгчдийн нүд хужирласан шоу хийх болсныг олон оронд уригддаг манежний мастерууд анзаарсан л баймаар.
Төрийн бодлого, хөрөнгө мөнгөний гачигдал гээд тэдний хаацайлах олон шалтаг байвч, тоглолтыг театрчилсан хэлбэрт шилжүүлэн, хөтлөгчийг халж, үзүүлбэр бүрийг нарийн уялдаа холбоотой болгон найруулж, үзэгчийг залхаах хором өгөхгүй байх гэх мэт хөрөнгө мөнгөнөөс үл хамаарах шинэчлэлийг хийчихэж болмоор. Шоу тоглолт болон хувьсгал хийснийхээ ачаар л цирк XXI зуунтай хөл золгосон гашуун үнэнийг ухаарах цаг хэдийнэ болсон.
Гудамжны хоёр уран бүтээлч санаачлан 1984 онд байгуулсан “Нарны цирк” өдгөө хамгийн алдартайд тооцогдох болсон. Тэдний нууц нь дэлхийн дээд амжилт, уралдааны тэмцээний шагнал биш жүжигчдийнхээ чадварыг өндөр сэтгэмжтэй театрчилсан тоглолтоор харуулж, гэрлийн үзүүлбэр, оркестр гээд бүхнийг цогцоор шийдсэн явдал.
Цирк хэмээх үгийг нэвтэрхий тольд “Алиалагч, акробат, сургуультай амьтад, хөгжимчин, жүжигчид, жонглёр болон бусад анхаарал татсан үзүүлбэр толилуулан нүүдэллэн явдаг байгууллага” хэмээсэн байх юм. Хэдийгээр эртний Ромын үед үүсэхдээ тодорхой нэг барилга, байгууламжинд тоглолтоо сонирхуулаг байсан ч энэ байдал удалгүй эвдэгдэж, улмаар XIX зууны үеэс очсон газар бүртээ томоохон асарт, 13 метр диаметртэй тойрог тайз засан тоглох болж. Харин манайд циркийн урлаг цэнхэр оройтой барилгаар төсөөлөгдөх болсоор олон жилийг ардаа үдлээ. Уг нь нүүдлийн хэлбэрт шилжсэн урлагийн төрөл нүүдэлчин ард түмэнд харин ч ойр баймаар. Энэ давуу талаа ашиглан эх орныхоо өнцөг булан бүрт хүрч, орон нутгийн үзэгчдийг мэргэжлийн урлаг соёлын үйлчилгээгээр хангах ёстой циркийн урлаг энэ асуудалд харин ч хойрго хандаад байх шиг. Драмын эрдмийн болон Хүүхэлдэйн театрынхан хэдийнэ эх орноо тойроод эхэлчихсэн, тэр ч байтугай тодорхой акустик орчин шаарддаг ДБЭТ-ын шинэ дуурийнхаа нээлтийг орон нутагт тавих талаар ярьж, төлөвлөж байхад нүүдлийн урлагийн таг чиг.
Цэнхэр оройтоос асарт шилжсэн эхний жилүүдэд тоглолт төдийгүй орчин үзэгчдийн сэтгэлд нийцсэнгүй. Зуны дунд сарын аагим халууныг асартаа хураачихаад, үзэгчдийн биеийн дулааныг нэмсэн тоглолт гадаадын орнуудад ч давтагдсан байх юм. Өнгөрөгч онд Абу Даби дахь Монгол циркийн тоглолтыг үзсэн сэтгэгдлээ арабчууд их л бухимдангуй илэрхийлсэн хорь гаруй мессеж тоглолтын мэдээллийн дор хадаатай харагдана. Асрын халуун, бүгчим, агааржуулалт муутайг, ариун цэврийн өрөө ажиллаагүйг анхааруулаад, “Цаг үрсэн тоглолтод очих хэрэггүй” гэсэн анхааруулга ч бичсэн байна билээ. Арабчуудын эгдүүцлийг төрүүлсэн бас нэг асуудал нь амьтдыг зовоон тарчилгасан явдал. Дэлхий нийтээр байгаль орчин, амьтны эрхийн асуудалд анхаарал хандуулах болсон цагт сургуультай амьтдын үзүүлбэрийн талаар ч дахин нэг бодууштайг арабчуудын сэтгэгдэл сануулж байна.
Нэгэн цагт дэлхийд тэргүүлэгчид хэмээн цээжээ дэлдэж байсан монгол цирк өдгөө сүүл мушгих болсон гэвэл хэтрүүлсэн болохгүй л болов уу. Урдаа барьдаг уран нугаралт өдгөө ч дэлхийн мянга мянган үзэгчдийг бишрүүлж байгааг эс тооцвол монгол циркийн үзүүлбэрүүдэд үзэгчдийн нүд хужирлах зүйл огтхон ч үгүй болсон.
Уян налархай биеийн гайхамшгийг хятадууд хэдэн зуун жилийн турш гайхуулж ирсэн бол уран нугаралт хэмээх энэ урлаг Америк, Европын орнуудад 1900-аад оноос л хөгжиж эхэлсэн байдаг. Тиймдээ ч буддын шашнаар дамжин манай оронд хөл тавьсан уран нугаралт хөгжингүй орнуудад шагшигдахаас аргагүй. Тэгэхдээ бүр Монгол гэсэн тодотголтой амнаас ам дамжин яригдахын учир нь цамын бүжгээр дамжуулан монголчуудад уламжлагдсан уран нугаралт социализмын үед оросын уран бүтээлчдээс суралцсан сонгодог урлагтай хослон өнөөгийн хэлбэрээ олж, уран нугаралтын өөр нэгэн төрөл болон салаалсан хэрэг. Хятадын уламжлалт уран нугаралт огцом хөдөлгөөнтэй, үзэгчдийн сэтгэлийг түгшээсэн элемент ихтэй байдаг бол монгол уран нугаралтыг гадаадын судлаачид илүү тайван, бүжгэн жүжгийн хэмнэлтэй төстэй хэмээн тодорхойлдог. Тиймээс ч энэ онцгой төрлийг дэлхийн дахинаа сурталчлахаар монгол охид таван тивд хэсүүчлэх гадаадын циркийн компаниудад ажиллах болсон.
Зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцэн хөгжингүй орнуудыг зорьсон монгол нугараач охид ихэвчлэн гадаадын циркт ажиллаж байсан бол сүүлийн жилүүдэд  “Шинэ цирк” төв, “Циркус Монголиа Хадгаа” цирк, “X-Bud Roses”, “Шонхоодой” цирк, “Монгол нугаралт” төв, “Маск Мимо” хамтлаг тэргүүтэй байгууллагууд үйл ажиллагаа явуулах болсноор манай уран бүтээлчид зөвхөн уран нугаралтаар төсөөлж байсан Монгол циркийн урлагийг цогцоор дэлхий дахинаа таниулах болсон нь том ололт. Харин дараагийн алхмыг хэрхэн тавихаас энэ салбарын ирээдүй ихээхэн хамаарна.

No comments:

Post a Comment