Monday, July 2, 2012

Урлагийн оддын нууц болсон уралдаан



Карусо, Паваротти, Корелли, Краус, Андерсон, Кристоф… Уралдаанаас төрсөн алдартнуудын жагсаалт уртаас урт болон цааш үргэлжилнэ. Нэр хүндтэй наадмуудад амжилттай оролцсон уран бүтээлчдэд өгөх шагналын цомыг чамлахааргүй мөнгө, багагүй нэр хүнд дагадаг. Хамгийн гол нь атгаж л чадвал амжилтад хүрэх хаалга тэдний өмнө нээгддэг учраас л дэлхийн өнцөг булан бүрт эл салбарынхны дунд өрнөдөг тэмцээн хэдэн зуугаараа зохион байгуулагддаг аж. 

Нэгэн урлагийн менежер “Манхэттэнд олон зуун гайхалтай хоолойтон нуугдаж буй. Харамсалтай нь тэдний ганцхан хувь нь олонд танигдах юм даа” хэмээсэн байдаг. Үнэхээр ч Канадын продюсерууд дуурийн алтан гургалдай төрүүлэхээр олон ч уран бүтээлчийг бэлтгэсэн. Гэхдээ тэднээс амжилт, нэр алдарт хүрсэн нь цөөн. Тиймээс л тэд нэр хүндтэй уралдаанд оролцон амжилт олох хэдийнэ түгэн дэлгэрсэн аргыг ашиглаж хүссэндээ хүрсэн байдаг. Торонто руу цагаачлан ирсэн грек гэр бүлээс гаралтай дуучин Тереза Стратас 1950-иад оны сүүлчээр болсон “Met” уралдаанд түрүүлснээсээ хойш дэлхийн томоохон театруудад уригдан дуулах болжээ. Амжилтад хүрэх гэж цөөнгүй жил шаргуу хөдөлмөрлөсөн ч төдий л үр дүнд хүрээгүй гоцлооч Бен Хеппнер ч “Met”-ийн эцсийн шатанд тэнцэж, 1988 онд Биргит Нилсоны шагналыг хүртсэнээр л алдар хүндтэй нэгэн болсон. Өдгөө гялалзаж буй Канадын дуурийн од Изабель Баяракдарианы гайхалтай хоолойг үзэгчид 1997 онд “Met”-ийн наадамд түрүүлснээр л бахдан бишрэх болсон. Эцэст нь бурхнаас заяасан хосгүй хоолойтон Марие Николь Лемьег мартах аргагүй. Тэрбээр Бельгид болсон хатан хаан Элизабетийн нэрэмжит уралдаанд тэргүүлснээр олонд танигдсан байдаг.
Мэдээж уралдаан бүр уран бүтээлчдэд ийм боломж олгохгүй. Зөвхөн дуурийн дуучдын дунд зохиогддог олон улсын чанартай уралдаан тэмцээн гэхэд л зуу зуугаараа зохион байгуулагддаг бөгөөд тэдний зарим нь бүр хэдэн арван жилийн түүхтэй байх юм. Олон зуун уралдаанаас хамгийн нэр хүндтэйд нь “Кардифф дахь шилдэг дуучин”, Хатан хаан Сонжагийн нэрэмжит уралдаан (Осло хотноо), “Бельведер” (Вена хотноо), “Опералиа”, Уигморын хол дахь, Роберт Шуманагийн болон Чайковскийн нэрэмжит уралдаан багтана.
Гавьяат жүжигчин, ДБЭТ-ийн гоцлооч Э.Амартүвшин өнгөрөгч онд Оросын нийслэлд зохион байгуулагдсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд амжилттай оролцож, хоёрдугаар байрт шалгарч байсан. Зургаан аравны түүхтэй нэр хүндтэй наадамд аман хүзүүдсэн түүний амжилт энэ жил нэр тенор Пласидо Домингогийн санаачилсан Дэлхийн дуурийн XX уралдаанд манлайлснаар үргэлжиллээ.
Хэдийгээр 1993 онд анх зохион байгуулагдсан харьцангуй залуу хэдий ч Опералиа буюу Дэлхийн дуурийн уралдаан П.И.Чайкавскийн наадмаас дутахааргүй нэр хүндтэй болж чадсан. Тус наадмаас л сонгодог урлагийн орчин цагийн одод болох Бриан Асава, Хосе Кура, Жойс Дидонато, Элизабет Футрал, Инва Мула, Ана Мария Мартинез нар төрөн гарсан.
Залуу дуулаачдыг тодруулах наадам анх Францын Парис хотноо зохиогдож байсан бол түүнээс хойш жил бүр өөр хотод зохион байгуулагдах болжээ. Түүнчлэн шүүгчдийн бүрэлдэхүүнд ч дөрвөн өөр бүсийн, нэр хүндтэй театруудын 10 найруулагчийг сонгодог нь “Дэлхийнх” гэх тодотголтой нь холбоотой. Наадамд оролцох хүсэлтэй гоцлоочдын бичлэгийг гурван шүүгч сонсоод шилдэг 40 оролцогчид тайзнаа дуулан өрсөлдөх эрх олгодог зарчимтай аж. Жил бүр 800-1000 дуучин оролцох хүсэлтээ ирүүлдэг болсон нь “Опералиа”-гийн цар хүрээ жилээс жил цар хүрээ нь өргөсч, өрсөлдөөн ихтэй болж буйн нотолгоо.
Залуу дуучдын хоолойн царааг таниулсан уралдааны шагналын сан нь 175000 доллар хэдий ч шагналтнуудад мөнгөнөөс илүүтэй олонд танигдах, нэр хүндтэй театрууд болон уран бүтээлчидтэй хамтран ажиллах санал ирдэг нь хамгийн том давуу тал болдог байна. Санаачлагч П.Доминго дэлхийн томоохон театруудын найруулагчдыг шүүгчээр сонгодог нь ч залуу чадварлаг уран бүтээлчдийг тэдэнд таниулж, томоохон театруудын цусыг сэлбэх гэснийх. Тиймдээ ч тус наадмын шагналтнууд удалгүй томоохон компаниудтай гэрээ байгуулж, эсвэл театрын найруулагчидтай холбоо тогтоон нэрд гарах нь түгээмэл. Тэгэхээр тун удахгүй Монголоор овоглосон чадварлаг баритон сонгодог урлагийн оддын жагсаалтыг үргэлжлүүлж мэдэх нь.
Түүний өмнө оролцсон П.И.Чайковскийн наадам яагаад Э.Амартүвшинг од болгож чадаагүй юм бэ гэх бодол төрж байгаа биз. Хариулт нь тун энгийн. Шүүгчдээр нь томоохон театруудын найруулагчид ажилладаггүй болоод л тэр. Гэхдээ энэ нь нэр хүнд муутай, хуучин зөвлөлтийн харьяалалд байсан цөөн орны дуучид оролцдог цомхон наадам гэсэн үг биш.
Бүр 1958 оноос эхтэй уг уралдаан анх хийлч, төгөлдөр хуурчдын дунд өрнөдөг байж. Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг наадмын хоёр дахь удаагийнхт их хуурчдыг өрсөлдүүлдэг болж, дараагийн удаагийнхаас дуучдынх гэсэн тодотголтой төрөл нэмэгдсэн байдаг. Тиймдээ ч сонгодог урлагийн олимп хэмээгдэх болж. 1990 оноос олон улсынх болж өргөжсөн наадмын 2011 онд болсон XIV дэх удаагийн наадамд гэхэд л Канад, БНСУ, Франц зэрэг сонгодог урлагийн хөгжлөөр тэргүүлдэг орны уран бүтээлчид өрсөлдсөн байна.
Нэр хүндтэй уралдаанууд дуучдыг дэлхийн тавцанаа гаргаж ирдэг гэж үү? Үнэн хэрэгтээ уяа сойлго нь таарсан чадварлаг уран бүтээлчдэд уралдаан олонд танигдах боломж л олгодог хэрэг. Өнөөх хөгжиж буй орны урлагийнханд үгүйлэгдээд байдаг менежмент, дэлхийн томоохон театр, компанитай тогтоох холбоо харилцаа үүсгэх боломж энэ үеэр л олонд танигдаагүй алтан гургалдайнуудад олддог хэрэг.

No comments:

Post a Comment