Monday, June 18, 2012
Билл Клинтон: Хиллари тэтгэвэртээ гарна гэсэн
Америкчууд төдийгүй дэлхий нийтээр тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд анхаарал хандуулж буй эдгээр өдрүүдэд “The Piers Morgan Tonight” нэвтрүүлэгт Америкийн нэгдсэн улсын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтон. Харин хөтлөгч нь “Дурласан Шекспир” киногоор шилдэг продюсерийн шагналыг Академиас хүртэж байсан “The Weinstein” компанийн захирал Харви Уэйнштэйн.
-Сайн байцгаана уу? Намайг Харви Уэйнштэйн гэдэг. Та бүхэн намайг “Дурласан Шекспир”, “Уран бүтээлч” зэрэг кинонуудын продюсерээр ажилласнаар илүүтэй мэдэх байх.
Пирс Морган өөрийг нь орлохыг надаас хүссэн юм. Түүний хэлэхийг анх сонсоод тоглож байна л гэж бодсон. Харин тэр тоглоогүй байж. Эх орныхоо түүхэнд томоохон өөрчлөлт хийсэн нэгэн эрхэмтэй уулзах гэж буйгаа би нэр төрийн хэрэг гэж бодож байна. Мэдээж тэр хүн бол Америкийн 42 дахь Ерөнхийлөгч Уильям Жефферсон Клинтон.
-Сайн уу, Харви. (инээв)
-Тантай юуны тухай ярилцахаа ч сайн мэдэхгүй байна.
-Чиний сонирхсон сэдвээр л ярилцъя.
-Баярлалаа. (инээв) Та бусадтай ярилцахдаа их тайван, өөртөө итгэлтэй байх юм, ноён Ерөнхийлөгч өө. Та илэн далангуй ярилцаж байгаа харагддаг. Харин надаас ярилцлага авч байх үед би бага зэрэг тавгүйрхэж, эмээдэг. Та яадаг вэ?
-Би ярилцаж буй хүнийхээ нүд рүү нь хардаг. Тэгвэл дараагийн алхмын талаарх айдас үгүй болдог юм.
-Би зөвхөн киноны талаар ярилцахдаа л тайван байж чаддаг. Таныг бас киноны хорхойтон гэдгийг мэдэх юм. Бид өнгөрсөн хугацаанд цөөнгүй удаа хамтдаа кино үзсэн болохоор тэр.
-Бүр их олон удаа шүү.
-Таны хамгийн дуртай кино юу вэ?
-Би киног нэгээс илүү үздэггүй. Харин дахин дахин үзсэн кино маань “Үд дунд”. Энэ кино дэлгэцнээ гарч эхлэх үед би зургаан настай, Арканзаст амьдардаг байлаа. Тухайн үед киноны тасалбар 10 цент байсан. Тэгээд л 20 цент олж аваад түүгээрээ ундаа, амттан авч иддэг байлаа. Харин уг киног би 25-30 удаа үзсэн. Мөн “Касабланка”-г олон дахин үзэхдээ огт уйдаагүй.
-Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад тань энэ улсын шериф болчихсон мэт сэтгэгдэл төрж байв уу?
-Зарим үед тийм сэтгэгдэл төрдөг байсан.
-Улсын тань хүмүүс гүйлдээд л, нуугдаад л… Харин та л ганцаараа дайснуудтай тэмцэж, их ганцаарддаг байв уу?
-Хааяа. Хамгийн чухал нь ерөнхийлөгч хүн дунджыг баримтлах нь хамгийн чухал. Мексикт гэхэд л өнөөдөр хүн амынх нь 81 хувь бидний эсрэг байр суурьтай байна.
-Хэрэв танай гэр бүлийн тухай кино хийхээр болвол та өөрийнхөө дүрд хэнийг тоглуулах вэ?
-Бурхан минь, мэдэхгүй юм даа. Энэ тал дээр би таны саналыг илүүтэй дэмжнэ ээ.
-Брэд Питт үү, эсвэл Жорж Клуни юу?
-Сайхан төрхтэй хүмүүс сонгосон байна. Өндөр нам, биеийн байдлаараа Жорж Клуни бид хоёр ойролцоо болов уу.
-Тийм шүү. Гэхдээ сайхан төрхтэй хүн биш шүү дээ.
-Тэгвэл болилоо. (инээв) Миний бодлоор тэр сайхан төрхтэй. Түүний хамрыг монтойлгоод жаахан будчихвал надтай адилхан харагдах байх. Тэр өнгөрсөн жил их сайхан кинонуудад тоглосон.
-Харин эхнэрийнхээ дүрд хэнийг тоглуулах вэ?
-Мэрил Стрип.
-Дональд Трамп нэр дэвшигч Митт Румниг ивээн тэтгэж байгаа юм билээ. Тэр бол ухаалаг бизнес эрхлэгч. Харин иргэд түүнд ямар хандлагатай байгаа талаар та мэдэх үү?
-Мэдэхгүй байна. Бид Нью-Йоркийн иргэд гэдгээс өөрөөр дотно танил биш л дээ.
-Би мөн л Нью-Йоркийнх.
-Тэр надад таалагддаг. Бид хамт гольф тоглож байлаа. Харин тэдний бодлогын тухайд их тунгааж, олон талаас нь бодож байж шийдвэр гаргах хэрэгтэй гэж бодож байна.
-Обама Румни хоёрын хэн нь илүү олон санал авах бол?
-Энэ талаар танд хэлж чадахгүй нь. Би Ерөнхийлөгчийг 5-6 онооны давуутай ялах болов уу гэж бодсоор л байгаа.
-Та шилдэг шинжээч шүү дээ.
-Гэхдээ энэ таамаг минь зөвхөн өнөөдрийн л байдлаар шүү дээ.
-Яагаад тэр вэ?
-Эдийн засгийн нөхцлөөс шалтгаалан энэ байдал өөрчлөгдөх магадлалтай. Долоон жилийн өмнөх хямралын дараа үеийнхтэй харьцуулахад ажлын байр эрс нэмэгдсэн байна. Энэ бол Ерөнхийлөгч Обама 3.5 жилийн хугацаад хийсэн ажлын үр дүн. Харин Европ Японд тулгарч буй эдийн засгийн хямралаас бид холуур өнгөрнө гэж бардам хэлэх аргагүй. Энэ хямрал урьд урьдынхаас илүү хохирол амсуулах магадлалтай байгаа. Тиймээс хүмүүс ч эргэлзэж байна. Хүмүүс өглөө бүр “Би ажлаасаа халагдчихаагүй байгаа” гэсэн айдастай сэрж байна. Энэ бол бэрхшээл мөн. Хэдийгээр Ерөнхийлөгч 150.000 ажлын байр бий болгосон ч энэ нь америкчуудад дахин бэрхшээл тохиолдохгүй гэсэн баталгаа биш.
Гэхдээ тэр төсвийн танаас хийснээр алдагдлыг бууруулж чадсан. Өрсөлдөгчөөсөө илүүтэй 10 жилийн өмнө огт дурдагдахгүй байсан үндэсний өрийн асуудлыг сөхөж, анхаарал хандуулсан. Бид л түүний хийсэн бүхнийг санаж, түүнд итгэл хүлээлгэвэл тэр цаашид ч Америк орныг авч явж чадна. Тиймээс би түүнийг дахин сонгогдоно гэж бодож байна.
-Охины тань талаар тантай ярилцмаар санагдлаа. Учир нь би өсвөр насны хоёр охинтой. Та Цагаан ордонд өсвөр насны охиноо хэрхэн хүмүүжүүлдэг байв?
-Хэрэв бид цагаан ордонд байгаагүй бол яах байсан бэ гэж бодож л охиноо чадлынхаа хэрээр л хүмүүжүүлдэг байлаа. Бид хамтдаа оройн хоолоо иддэг байсан. Ажил хийдэг аав ээжүүдтэй харьцуулахад миний хамгийн том давуу тал бол энэ юм. Би хэдэн цагаар ажиллах байсан ч хамаагүй оройн хоолоо заавал гэртээ иддэг байсан.
-Тийм ээ, би санаж байна.
-Мэдээж өглөө бүр цуг сууж цайгаа ууна. Би түүнийг хоолны үеэр хүссэн бүхнээ чөлөөтэй ярьдаг байлгахыг хичээдэг байлаа. Нээлттэй илэн далангуй харилцаатай байхыг л чухалчилдаг байсан хэрэг л дээ. Түүнийг ахлах сургуульд байхад бид нэг л удаа маргалдаж байсан. Яг юунаас болж маргалдсанаа одоо санадаггүй юм.
-Та “Сүйт бүсгүй гүнж” киног охиныхоо хамт жил бүр үздэг гэсэн байх аа?
-Тийм ээ. Хэдэн удаа үзсэнээ ч мартчихаж. Гэхдээ киноны текстийг охин минь надаас илүү сайн мэднэ. Гэхдээ бид хоёр хоёул уг кинонд дуртай. Миний бодлоор хүлээн зөвшөөрөгдөөгүй алтан кинонуудын нэг нь “Сүйт бүсгүй гүнж”.
-2016 онд Клинтон Цагаан ордон руу нүүх болов уу? Эл сонгуульд охин Челси нь, эсвэл бүр Клинтоны гэр бүлийн эзэгтэй өрсөлдөх юм болов уу? (инээв)
-Челси маань арай нас залуу байна. Миний бодол л доо. Үгүй ч байж мэднэ. Хиллари харин “тэтгэвэрт гарах” бодолтой байгаа. Гэхдээ харж л байя.
Тэр улс төрөөс холдож гэртээ ирээд, хүмүүнлэгийн ажил хийх төлөвлөгөөтэй байгаа. Тэр минь 20 жил шаргуу ажиллалаа шүү дээ. Би эхнэрээрээ их бахархдаг. Төрийн нарийн бичгийн даргын ажлаа ч сайн хийсэн гэж бодож байгаа.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment