Monday, June 18, 2012

Сонгогдох урлаг

Улирлыг цаг агаарын хэмнэлээр биш, үйл явдлын өөрчлөлтөөр нэрлэдэг байсан бол “Сонгуулийнх” гэсэн сэтэртэй нь иргэдийн дургүй улирлын жагсаалтыг манлайлах байсан нь гарцаагүй. 


Хүн нас ахих тусам туршлагаждаг. Тэр ч ёсоор иргэд сонгууль өгөх тусам туршлага сууж, 1990 оны анхны ардчилсан сонгуулиас хойш долоо дахь удаагаа төрд төлөөллөө сонгох гэж буй иргэд энэ тал дээр хэдийнэ хашир анжгай болжээ. Иргэдийн энэ өөрчлөлтөөс шалтгаалан энэ удаагийн сонгууль түүнтэй холбоотой асуудлуудад хэд хэдэн өөрчлөлт гарсан байх юм.
Тэднээс хамгийн томоохон нь гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд сонгуульд анх удаа оролцсон түүхэн үйл явдал. Иргэд ардчилсан сонгуульд оролцох болсоор хэдийнэ хоёр аравныг ардаа үдсэн байхад хилийн чанадад орших зуу гаруй мянган иргэд энэ эрхээ эдэлж чадаагүй байх юм. Тиймдээ ч төрд төлөөлөлгүй явсан иргэд энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцож, бүртгүүлсэн иргэдийн 65 хувь нь саналаа өгчээ. “Бид сонгох эрхтэй” клуб энэ талаарх нийтлэл болон сонгуулийн үр дүнгийн талаарх судалгааг олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан санал хураалтын талаар нийтэд зарлажээ.
“Сонгуулийн тойргоос гадуурх иргэдийн санал хураах явцын судалгаа” хэмээн тайлбар тольд тэмдэглэсэн байдаг “Exit poll” гэх шинэ нэр томъёог мэдлэгийн санд нэмсэн тус судалгааны үр дүнгээс харахад Вашингтон, Сан-Франциско, Лондон, Сөүл, Токио хотод санал өгсөн иргэдийн олонх нь (судалдгаанд оролцогчдын 44 хувь) нь Ардчилсан намд саналаа өгсөн байна.
“Анх удаа л саналаа өгөх гэж байна. Тиймээс нэр дэвшигчдийн талаарх тэнцвэртэй мэдээлэл олж авч, сонгуульдаа хариуцлагатай хандмаар байна” хэмээх танилын минь яриа энэ түүхэн үйл явдал олон хүний хувьд ямар чухал өөрчлөлт болсныг сануулсан.
Зөвхөн нэр дэвшигчдэд тавьдаг байсан “халамж, анхаарал” энэ удаад сонгогчид руу ч чиглэсэн нь бас нэгэн өөрчлөлт шинэчлэл. “Сонгогчдын боловсролын төв” гэсэн хаягтай нийгмийн сурталчилгаа, ухуулах мэдээлэл телевизийн сувгуудаар цацагдах болсоор удлаа. “Нэр дэвшигчдийн төлөө саналаа өгөх, өгөхгүй байхаар амлах, нэр дэвшигчдээс мөнгө, эд зүйлс нэхэх, авах…” гээд л сонгогчдын ёс зүйн талаарх мэдээллийг цээжилтэл, бүр зүүдэнд ортол сануулж байх юм. Санал худалдан авах байдлыг таслан зогсоох эл шинэ арга сонгогчдод “Нэр дэвшигчдийн боловсролын төв” гэх байгууллага ч байх ёстой гэх бодол эрхгүй төрүүлж буй.
Үнэндээ сонгогчдоос илүү нэр дэвшигчид ёс зүйгүй авирлаж, элдэв арга хэрэглэдгийг олон баримт гэрчилнэ. Сонгуулийн хорооны мэргэжилтнүүд гэхэд л “Сонгуулийн сурталчилгаатай холбоотой гомдол ихэвчлэн “Нэр дэвшигчид сурталчилгаагаа зөвшөөрөлгүй газар байрлуулсан” гэсэн асуудлаар хандаж байна” хэмээн мэдээлсэн.
Түүнчлэн “Сурталчилгаа тарааж буй ажилтнууд хаалгаа тайлахгүй удвал уурлаж, зандрах шинжтэй” гэсэн оршин суугчдын сэтгэгдэл ч сонгогдох ухаан, урлагт суралцах цаг болсныг харуулна.
УИХ-ын долоо дахь сонгуулийн бэлтгэл ажил ид өрнөж буй эдгээр өдрүүдэд иргэдийн бухимдал дээд улаан бүсийг давж байх шиг. Томсгосон тойргийн нэг дутагдал ч энэ байж мэдэх. Дөрвөөс таван л нэр дэвшигчийн сурталчилгааны ажилтнууд хаалга тогшин, сэтгүүл, тараах материал гарт атгуулдаг байсан бол энэ тоо гурваас дөрөв дахин нэмэгдэж, тэр хэрээр хаалга балбагчдын тоо, иргэдийн хаалга буйдан хоёрын хооронд хийх рээс нэмэгдсэн биз.
Хаалга үүд тогших сурталчилгааныхнаас залхахдаа “Тавтай морилно уу” гэх уриалгахан самбарын оронд “Сонголтоо хэдийнэ хийсэн тул тараах материал авахгүй. Хаалга битгий тогш” гэсэн анхааруулга хадах моод дэлгэрсэн байх юм. Иргэдийн дунд гарсан инээдтэй ч юм уу, эмгэнэлтэй ч юм уу бас нэгэн өөрчлөлт энэ.
Тэр тусам нэр дэвшигчдийн сурталчилгааны арга улам нарийсч мэдээлэл түгээх бүхий л арга хэрэгслийг ашиглаж байна, энэ зун. Өнөөх телевизийн захиалгат нэвтрүүлэг, сонины нийтлэлтэй зэрэгцэн телевизийг компьютерээр солигчдод зориулан Facebook, Twitter гэх мэт олон нийтийн цахим сүлжээ ашигласан сурталчилгаа, пи араа түгээдэг болж. Хэрэв тэд зурагт үзэх, олон нийтийн цахим сүлжээгээр шагайх ч завгүй эрхэм байвал яах вэ? Сурталчилгааны багийнхан нь энийг ч нарийн тооцоолж, имэйл маркетинг буюу цахим шуудангаар нь захидал, ил захидал илгээх, эсвэл бүр гар утас руу нь залгах шинэ арга ашигладаг болжээ.
Өглөө өдөр, үдэш оройгүй бөмбөгдөх сонгуулийн сурталчилгаанаас зугтан зусландаа гарсан намайг ч эл сурталчилгаа нэртэй “хүчирхийлэл” эрээд олчихож байна. Өчигдөрхөн утас тачигнаж “22-р тойрог буюу Баянзүрх, Налайх дүүрэгт нэр дэвшигч Д.Ганхуягийг дэмжээрэй” хэмээж байх юм.
Сонгуулийн шинэ сурталчилгааны арга завгүй нэгний цагаас хумслан үймүүлж байхад заримыг нь бүр баярлуулж байх юм. Нэр дэвшигчдэд туслах нэрийдлээр сонгогчдын цахим шуудангийн хаяг, утасны дугаарыг цуглуулан худалдах шинэ бизнес энэ хавар эрчээ авсан болохоор тэгэхээс ч аргагүй.
Мэдээллийн технологийн хөгжлийг дагаад бас сонгуулийн сурталчилгааны бас нэг дэвшилт бол телевизийн сурталчилгаа. Намынхаа бэлгэ тэмдгийн урд зогссон нэр дэвшигчийн амирлангуй төрхийг мөрийн хөтөлбөр, амлалтыг дурдсан текстээр амилуулах төдий байсан нэр дэвшигчид болон намуудын сурталчилгаа дулимагхан хийсэн нэр хүндтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгаанаас л чанартай болсон байх. Суваг солин нүд үзүүрлэдэг байсан энэ төрлийн сурталчилгааг ахин дахин үзэж, дурлах өдөр ирнэ гэдгийг дөрвөн жилийн өмнө сонгогчид төсөөлөх ч үгүй байсан. Харин арав хүрэхгүй хоногийн өмнө www.youtube.com цахим хуудаснаа байршуулсан Ардчилсан намын сурталчилгааг давхардсан тоогоор 48 мянга орчим хүн үзэж, “Гоё хийжээ. Сонсоод л баймаар” гэх хүмүүсийн сэтгэгдэл бичсэн нь төсөөлөгдөхгүй байсан өөрчлөлт хэдийнэ ирснийг гэрчилнэ.
Томсгосон тойргийн бас нэгэн дутагдал цоо шинэ аргыг бий болгосон. Хэт олон нэр дэвшигч нэг тойрогт өрсөлдөх болсноос үүдэлтэй содон, өвөрмөц гишүүдээ өрсөлдүүлэх сонирхол бий болжээ. Та хотын гудмаар өлгөсөн сурталчилгааны самбаруудыг нэг сонирхоод үзээрэй. Алтан-Утас, Үнэн, Монсор тэргүүтэй өвөрмөц, содон нэртэй нэр дэвшигчдийн самбар эрхгүй нүдэнд тусах вий.
Төрд төлөөллөө сонгоно гэдэг нарийн ухаан, харин сонгогдоно гэдэг нарийн урлаг болон хөгжөө юу даа.


No comments:

Post a Comment