Monday, June 11, 2012
Мишель Пфайфер: Өдөрт хоёроос гурван хайрцаг тамхи татдаг байлаа
Холливудын гудамж 6801. Энэ бол жүжигчин Мишель Пфайферийн буюу 2345 дахь алдрын од. Зургаан ч удаа “Алтан бөмбөрцөг” хүртсэн түүнтэй CNN-ийн эрүүл мэндийн мэдээний албаны дарга Санжая Гупта уулзаж ярилцжээ. Хатан хааны ёслолд уригдсан Пирс Морганыг орлон, “The Piers Morgan Tonight” нэвтрүүлгийг хөтөлж буй аж.
-Үзэгчдийн сэтгэлд хоногшсон хэд хэдэн кинонд тоглож, “Оскар”-ын шагналд гурван ч удаа нэр дэвшсэн нэгэн хүн нэвтрүүлэгт маань уригдаад буй. “People” сэтгүүлийн “Хамгийн үзэсгэлэнтэй хүмүүс” тусгай дугаарын нүүрнээ түүний зураг хэвлэгдэж байсан. Түүнээс хойш цөөнгүй удаа эл жагсаалтад тэргүүлсэн нь биднийг төдийлэн гайхашруулаагүй. Мэдээж энэ гайхалтай бүсгүй бол Мишель Пфайфер.
Тэрбээр уран бүтээл, гэр бүлийн амьдрал, эрүүл чийрэг бие нь энэ бүх амжилтад хүрэх гол хөшүүрэг болсон тухай ярихаар ирээд байна.
“People” сэтгүүлийн тусгай дугарын нүүр хуудаснаа зураг тань хэвлэгдэж байсныг би тод санаж байна. Үзэсгэлэнтэй хүмүүсийн жагсаалтыг өдгөө жил бүр гаргадаг болсон. Харин та анхны жагсаалтыг тэргүүлсэн байх аа?
-Анхных байсан эсэхийг нь би сайн мэдэхгүй байна.
-Тэд таны зургийг нэгдүгээр хуудсанд тавих зөвшөөрөл авсан уу, эсвэл мэдээгүй байхад тань энэ жагсаалтыг гаргаад нийтэлчихсэн байв уу?
-Тухайн үед би энэ жагсаалтыг утгагүй зүйл гэж үздэг байлаа. Тиймээс би энэ жагсаалтыг тэргүүлсэндээ их ичсэн.
-Цаг хугацаа өнгөрөх тусам танд илүү хүнд тусна гэж бодсон хэрэг үү?
-Тийм ээ. Нас ахих тусам улам л хэцүү санагдана. (инээв) Та хэтэрхий гүн ухаад байх шиг байна.
-Та сайхан харагдаж байна шүү дээ.
-Баярлалаа. Та их эелдэг юм.
-Та өөрийнхөө тоглосон кинонуудыг үздэг үү?
-Ихэвчлэн нэг л удаа үздэг.
-Би хэдэн кино болн жүжигчдийн нэр дурдах гэсэн юм. “Хөөрхөн хүүхэн” киногоор Жулия Робертс, “Хурга майлахаа болино” киноны дүрээр Жүди Фостер, “Төрөлхийн зөн совин”-оор Шэрон Стоун нар таны өрсөлдөж буй төрөлд ялсан.
-Тийм ээ.
-Та харамсдаг уу?
-Үгүй дээ. Үүнээс болоод тэдний хэн нэгэнд нь дургүй болох үндэслэл ч байхгүй. Тэд бүгд гайхалтай бүтээл болсноос гадна жүжигчид нь ч чадварлаг хүмүүс. Заримдаа хүн хийх ёсгүй баймаар сонголтоо ч хийдэг юм. Өөрөө хүсэхгүй болохоор тэр шүү дээ. Өөрөөр хэлбэл хүндлэл үзүүлэх ёстой зүйлд байраа хүндэтгэлтэйгээр тавьж өгөх нь зүйн хэрэг юм.
-Та сохор болзоонд явсаныхаа дараа жил нь л Дэвид Кэллитэй гэрлэсэн. Тэр цагаас хойш 19 жил өнгөрсөн байна. Ялангуяа Холливудын ертөнц дэх хосуудын хувьд 19 жил гэдэг урт хугацаа шүү.
-Амьдралын хувьд 19 жил гэдэг урт хугацаа.
-Урт удаан аз жаргалтай хамтын амьдралын тань нууц нь юу вэ?
-Бид огт өөр хүмүүс учир харилцаа маань сонирхолтой бас их нийцтэй байдаг. Харилцаандаа бие биенээ хүндлэхийг л чухалчилдаг. Нэг нь нөгөөгийнхөө ажлыг ч хүндэтгэдэг. Аз жаргалтай хамтын амьдралын хамгийн чухал хүчин зүйл нь хүндлэл бас дахин хүндлэл юм даа.
-Би энэ тухай их олон номоос уншиж байсан юм байна. Та хоёрт хамт байх хугацаа бага хэдий ч хамт байхдаа их хөгжилтэй байгаа харагддаг.
-Тийм ээ. Нөхөр маань надад байнга захидал бичдэг. Ажлаа дуусгачихаад л захидал бүрийг нь нэг бүрчлэн уншдаг. Тэр нь бидний хамт байж чадаагүй орон зайг дүүргэдэг байх.
-Бас та хоёр Холливудаас хол амьдрахаар шийдсэн.
-Тийм ээ. Мэдээж энэ шийдвэр олон зүйлээс намайг холдуулсан. Гэр бүлийнхэн маань Лос-Анжелест амьдардаг. Энд би амьдралынхаа дийлэнх хугацааг өнгөрүүлсэн болохоор дотнын найзууд маань ч бүгд Лос-Анжелест амьдардаг.
-Та Клаудиа Рөүзийг өргөж авсан. Гэхдээ энэ явдал таныг Дэвидтэй гэрлэхээс өмнө болсон хэрэг.
-Та түүний тухай их л судалж дээ.
-Тийм ээ. Энэ чинь миний ажил шүү дээ. Ганц бие ээжүүд өнөө үед олон болсон. Харин та бараг 20 жилийн өмнө хүүхэд өргөж авч байсан. Тухайн үед ганц бие ээжийн талаарх ойлголт өнөөгийнхөөс тэс өөр байсан. Шийдвэр гаргахад хэцүү байсан уу?
-Үгүй. Мэдээж тухайн үед гаргасан шийдвэр маань эрчүүдтэй дотно харилцаа үүсгэхэд бэрхшээл үүсгэж мэднэ гэдгийг таамаглаж байсан. Гэхдээ хүү маань намайг эрчүүдээс хол байлгаж, цагаа дэмий үрэхээс хамгаалах болно гэж бодсон.
-Дэвид харин хэрхэн хүлээн авсан бол?
-Би түүнд хүүхэдтэй гэдгээ хэлж байснаа их тод санадаг. Намайг хэлэхэд тэр “Зөв зөв” гэхээс өөр юу ч хэлээгүй. Тэр надад хайртай болсноо ухаарахаас өмнө би түүнд хайртай болсон болов уу гэж боддог юм.
-Тийм гэж үү?
-Тэр надад бага зэрэг эргэлзэж байсан болов уу.
-Мишель Пфайферт эргэлзэх хүн байна гэж үү?
-Тэр надад сэтгэл татагдсан хэдий ч эргэлзсэн. Аав болж хариуцлага үүрэхэд бэоэн эсэхтээ л эргэлзэж байсан байх л даа.
-Өөрийгөө гучин жилийн өмнөх Мишельтэй харьцуулбал хэр өөрчлөгдсөн байна вэ?
-Их өөр болсон. Би хүнтэй гэрлэсэн байна. Мэдээж тухайн үед залуу байсан учраас илүү хүчтэй, дайчин, бищ даасан, юу ч ярихаас айдаггүй байж. Бас тэр үеийнхээс илүү эрүүл чийрэг болсон. Тухайн үед би өдөрт хоёроос гурван хайрцаг тамхи татдаг байлаа.
-Би тэр тухай сонсоод их гайхаж байлаа.
-Би тэгж л өөрийгөө дэглэм барьж байна гэж боддог байж л дээ. Би ер нь дасгал хийж байгаагүй юм. Гуч хүрээд л би тамхиа хаясан.
-Яаж тамхи татдаг муу зуршлаа орхисон бэ?
-Зүү тавиулсан. Гэхдээ энэ арга үр дүн өгсөн эсэхийг би сайн хэлж мэдэхгүй байна. Учир нь би өөрөө их хичээсэн. Түүнээс өмнө би их олон удаа муу зуршлаа хаях гэж оролдсон. Гуч хүрээд л арай гэж тамхинаас салсан хэрэг.
-Өөрийнхөө дүрс бичлэгийг харахад танд ямар санагддаг вэ?
-Заримдаа сайхан, заримдаа бүр онцгүй санагддаг. Хэр өнгөлөг гарч байгаагаас л шалтгаална шүү дээ. (инээв)
-Одоо бол та гайхалтай сайхан харагдаж байна.
-Нүүрний будаг, гэрэлтүүлэг гэх мэт зүйлсээс болоод л тэгж харагдаж байгаа юм.
-Гэхдээ та 54 настай. Хүмүүс тантай адилхан сайхан харагдахын тулд мэс засал гэх мэт элдэв арга хэрэглэж байна.
-Би хэзээ ч хийлгэхгүй гэж хэлэхгүй. Нас ахих тусам “Хэзээ ч” гэж хэлэхэд хэцүү болдог юм байна. Ялангуяа олны танил хүмүүсийн хувьд тэгж хэлэх нь бүр ч хүнд. Хүн өөрийгөө өөрчлөхийг л хүсэж байгаа бол бусдын юу гэж хэлэх хэнд хамаатай юм бэ. Ялангуяа өөрөө эл өөрчлөлтөндөө сэтгэл хангалуун байгаа бол бусдын үзэл бодол чухал биш.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment