Monday, July 2, 2012

Оливер Стоун: Дайны ачаар муугүй найруулагч болно гэдгээ ухаарсан


Вьетнамын дайны талаарх бүтээлүүдээрээ 1980-аад оны сүүлчээр үзэгчдийг байлдан дагуулж байсан уран бүтээлч бол Оливер Стоун. Зохиолч, найруулагч, продюсер тэрбээр 40 гаруй жил кино урлагт хүчин зүтгэж буй Холливудын акулуудын нэг. Тиймдээ ч түүний шинэ уран бүтээл болох “Зэрлэгүүд” кино сонирхогч төдийгүй, судлаач шүүмжлэгчдийн анхаарлыг багагүй татаж буй. 

-Өнөөдөр бол нэвтрүүлгийн маань хувьд түүхэн үдэш. Учир нь Холливудын агуу уран бүтээлчдийн нэг болох Оливер Стоуныг бид студидээ урьсан. Тэрбээр “Шөнө дундын хурдан галт тэрэг” киногоор шилдэг киноны зохиол төрөлд шалгарч, “Оскар” хүртсэнээс хойш хэдийнэ 30 гаруй жил өнгөрчээ.  
Кино урлаг төдийгүй улс төрд хүч сорьж яваа түүнээс ярвигтай хэдэн асуулт асуухаар бэлдсэн юм. Оливер ч амаргүй хариулт өгөх нь гарцаагүй. 
-Сайн уу, Пирс?
-Студид маань тавтай морил. 
-Баярлалаа.
-Би бүр жаахан байхаасаа л таныг бишрэн хүндэлдэг байлаа. Америкчууд санаа бодлоо шулуухан илэрхийлдэг бол британичууд далд утгатай, ёжилж ёгтолсон байдлаар хэлж, сэтгэлийн хөдөлгөөнөө ч нуудаг. Та бид хоёр ч тэдний нэг. Таны кинонд ч эл далд утга, бусдыг турхирсан байдал илт мэдрэгддэг. 
-Тийм ээ.
-Таны амьдралд ч бусдыг турхирсан хандлага байдаг гэдэг. Гэмтнүүдэд таагүй ханддаг гэдэг тань үнэн үү? 
-Үгүй дээ. Би улс төрч шиг дипломат байхыг хичээдэг. Би бусдыг уурлуулж, гомдоохыг хүсдэггүй. Бас хүмүүсийн хоорондын тэмцэлд ч оролцох дургүй. Төгсгөл нь аймшигтай байх нь ойлгомжтой шүү дээ. Харин үнэнд дурлаж, түүний төлөө явахыг л хүсдэг. Мэдэж байгаа зүйлээсээ зугтахыг урьтал болгодоггүй.
-Таны нэрийг “Google”-ээр хайвал “маргаантай” гэх ангилалд багтах их олон баримт гарч ирнэ гэдэг. 
-Тэр бол хэтрүүлэг.
-Жаахан л хэтрүүлэг оруулсан байх. 
-Хөдөлмөрлөж байгаа хүн бүр л тийм байдалд ордог шүү дээ. Ялангуяа кино урлагт бол маргаантай асуудлууд олонтаа урган гарч ирдэг.
-Би л бусдад тийм сэтгэгдэл төрүүлдэг юм болов уу гэсэн бодол танд төрдөг үү? 
-Заримдаа төрдөг. Гэхдээ энэ маргаантай байдал үүсэж л байдаг, удалгүй сарнин алга болж л байдаг яг л цаг агаарын байдал шиг. Энэ нь юуг ч илэрхийлэхгүй.
Миний уран бүтээлүүд муугүй болдог шиг санагддаг. Би киногоо дахин үзэх дуртай. Дэлгэцнээ гарснаас нь хэдэн жилийн дараа киногоо дахин үзэхэд “Хүмүүс өчүүхэн жижиг зүйлд анхаарал хандуулдаг юм бэ дээ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг.
-Таны бага насны амьдралын талаар би цөөнгүй уншиж байсан. Аав ээж хоёр тань их сайхан хүмүүс хэдий ч гэрлэлтээ цуцлуулахдаа галзуу юм шиг л аашилсан тухай та дурссан байдаг. Харин та хэдийнэ хоёр удаа гэрлэлтээ цуцлуулсан. Таны гэр бүл салалт яг л кинон дээр гардаг үйл явдлуудтай ижилхэн байсан уу? 
-Тийм ээ.
-Ямар киноны хэсэгтэй илүү төстэй байсан бэ? 
-Би тэр тухай огт бодож байгаагүй юм байна. Түүний оронд Блэйк Лайвлигийн (найз бүсгүй нь) тухай надаас асуу.
-Юу таныг тийм эрс шийдэмгий шийдвэр гаргахад хүргэснийг л мэдэх гэсэн юм. 
-Би амьдралаа бусдаас нуудаггүй шүү дээ. Бүр тэр тухайгаа бичиж, ярьж байсан.
Аав ээж хоёрын минь тухайд гэвэл тэд их эрс тэс ааш араншинтай хүмүүс. Бага насаа дурсахад гайхалтай байдаг ч, сэтгэлийг минь их шархлуулдаг юм. Учир нь ээж аав хоёрыг салахад би дөнгөж 14 настай байсан. Тэгээд л дугуйлангаа орхиж, сэтгэлээр их унасан. Гэр бүл салах үед хамгийн их хохирдог хүмүүс нь хүүхдүүд шүү дээ. Удалгүй Вьетнамын дайн болж би тийшээ явсан.
-Та одоо ээжтэйгээ ямар харилцаатай байдаг вэ? Ээж тань одоо 90 гаруй настай байх аа? 
-Тийм ээ.
-Бусад ээжүүдийн л адил таны үнэнч шүтэн бишрэгч, хамгийн хатуу шүүмжлэгч байсан уу? 
-Ээж маань өөрийгөө тэгж л боддог байх. (инээв) Энэ яриаг түр хойш тавья. Бидний харилцаа их сонирхолтой. Сайн муу хосолж л байна. Мэдээж цөөнгүй бэрхшээл бий. Гэр бүлийн харилцаа амаргүй гэдгийг та сайн мэдэх байх.
-Та аав, ээж хоёрынхоо ямар зан чанарыг дуурайсан гэж боддог вэ? 
-Сайн талыг нь уу?
-Тийм ээ. 
-Ээжийнхээ сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, хайр татам, өгөөмөр, ууч, энэрэнгүй занг дуурайсан байх. Харин ааваас ажил хэрэгч, ухаалаг, мэдрэмжтэй, загвар хөөдөггүй, өөртөө дүгнэлт хийх дуртай зан чанарыг өвлөсөн гэж л хэлнэ.
-Тантай хамтран ажиллаж байсан хүмүүс таныг “Ажилсаг, эрч хүчтэй, бүтээлч, бие даасан, бага зэрэг галзуу” гэж дүгнэдэг юм билээ. 
-Чихэнд чимэгтэй сонсогдож байна шүү.
-Тэд бүгд л тантай хамтран ажилласандаа баяртай байсан. 
-19 киноны найруулагчаар ажиллахдаа кино багийнхантай би их найрсаг харилцаатай байсан. Хамтран ажилласан хүмүүсийнхээ 98 хувьтай нь одоо ч холбоотой байгаа. Амьдрал баян учраас бас би тэдэнтэй илүү нээлттэй харилцдаг байсан болохоор тэр.
-Таны хамтран ажиллаж байсан эрэгтэй жүжигчдээс хамгийн шилдгийг нь нэрлэ гэвэл та хэний нэрийг хэлэх вэ? 
-Кэвин Костнер Энтони Хопкинсоос өдөр шөнө шиг л ялгаатай. Гэхдээ тэдний хэнтэй нь ч ажиллахад сайхан байдаг. Том Крук Колин Фаррелаас газар тэнгэр шиг ялгаатай. Гэхдээ тэдний хэн нь ч хамтран ажиллахад урамтай.
-Чарли Шийний хувьд… 
-Би түүнтэй их олон жилийн өмнө хоёр ч удаа хамтран ажиллаж байсан. Тэр хоёуланд нь их өөр арга барилаар ажилласан. Анхны удаад хамтран ажиллахад тэр их мөрөөдөмтгий байсан бол хожим “Уолл Стрит” кинонд тоглохдоо илүү өөртөө итгэлтэй, ямар нэгэн зүйлд баригдахгүй ажиллаж байсан.
-Вьетнамын дайнаас та юу сурсан бэ? 
-Хамгийн түрүүнд хэрхэн амьд үлдэхийг сурсан. Тэнд байхад хамгийн хэцүү зүйл нь ухаан суух явдал байв. Ихэнхдээ л тэнэг юм шиг суусаар байгаад урьдчилж таамаглахын оронд бүх юм болоод өнгөрсөн хойно ухаарч байв.
Гэхдээ энэ дайнд оролцсоны ачаар би дүрслэн бодох авьяастайгаа ойлгож, муугүй найруулагч, зохиолч болох юм байна гэдгээ ухаарсан.
-“Зэрлэгүүд” бас л дайны тухай кино биз? Гэхдээ хар тамхины дайны талаар өгүүлдэг. 
-Тийм ээ. Би Вьетнамын дайны тухай гурван кино хийсэн. Тэдэндээ бүгдэд нь хайртай.
-Та Лайвлигийн тухай нэгэнтээ “Тэр бол хиргүй тунгалаг, тансаг ертөнцөөс ирсэн хүн. Тиймээс л би түүнд хайртай байдаг юм” гэсэн байсан. Тэр үнэхээр өөр ертөнцөөс ирсэн юм уу? 
-Тийм ээ. Түүний байгаа байдал бидэнтэй огт адилгүй.
-Гэхдээ…
-Би Вьетнамд, Азид хайртай. Учир нь тэнд байхдаа л би амар тайван байж чаддаг. Лайвли яг л тэр амар тайван газраас ирсэн юм шиг санагддаг.
-Харин та одоо тайван байж чадаж байна уу? 
-Гэрлэлтийн ачаар чадаж байгаа. Бас би нас ахисан байна. Эр бэлгийн даавар буурах хэрээр хүн тайвшралыг олдог.
-Надад бол бүр төсөөлөгдөх ч үгүй байна. Тантай хэзээ ч уулзаж байгаагүй хүнд өөрийнхөө талаар тайлбарлаж хэлэх вэ? 
-Би бусдыг гайхашруулж, бас урмыг нь хугалж чаддаг нэгэн.
-Яагаад гайхашруулдаг гэж? 
-Амьдрал гэдэг нууцлаг, үнэний араас эцэс төгсгөлгүй ангуучилдаг. Харин энэ ан заримдаа муу үр дүнд хүргэдэг. Сайн мууг хослуулж бай гэж эмээ маань үргэлж захидаг байлаа.

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete