Tuesday, July 17, 2012

Марк Уолберг: Дээдсийн ямбалсан хэллэгээс хар яриа, хараал илүү таалагддаг




Бостоны цагдаагийн газарт 20 гаруй удаа саатуулагдаж, хар тамхинд донтож явсан гээд түүнд таагүй түүх бий. Гэхдээ тэр бүхнийг ардаа орхиж, сая сая үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч болж чадсан гарамгай “тэмцэгч” бол Марк Уолберг. Дунд сургуулиа ч төгсөж чадаагүй Марк хөгжмийн урлагт цахиур хагалж, 1990-ээд онд дэлгэцийн урлагт нэр хүнд олсон нэгэн. 1990-ээд оныхноос хамгийн дур булаам эрээр шалгарч байсан тэрбээр Пирс Морганы нэвтрүүлэгт уригджээ. 


-Тэрбээр Бостоны ядуусын хорооллын залуу хөгжмийн ертөнцөд хөл тавьж, түүнээсээ кино урлагт урвасан. Хүнд бэрх замыг туулж байсан Марк Уолберг өнөөдөр бизнес эрхлэгч, продюсерээр ажиллахын зэрэгцээ дунд сургуулиа төгсөхөөр чармайж байна.  Харин бид түүнтэй шинэ уран бүтээл болох “Тед”-ийнх нь талаар ярилцахаар уриад байна. Энэ бол бид бүхний хүүхдүүдээ худалдан авч өгдөг тедди баавгайн түүх  биш. 
Холливудын хамгийн зав багатай уран бүтээлчдийн нэг болох Марк Уолберг студид маань ирээд байна. Тавтай морилно уу. 
-Сайн байна уу, эрхэм ээ? (Тедди баавгай барьсан байв)
-Өнөөх баавгай чинь байна шүү дээ. 
-Тэр их томоогүй залуу шүү.
-Тийм гэдэг нь илт байна. Гэхдээ тэр түүхэн дэх хамгийн жигшмээр баавгай байх. 
-Хүүхдүүд маань яагаад аавынхаа тоглосон киног үзэж болохгүй гэдэгт бага зэрэг урам нь хугараад байгаа. Лос-Анжелест явахад автобус, байшин барилга гээд хаа сайгүй баавгай бид хоёрын зурагт хуудас өлгөөтэй байгаа. Тэгээд л тэд маань “Аав аа, таны зураг байна. Бид яагаад киног чинь үзэж болохгүй юм бэ” гэж асуудаг.
Хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхөд ч ангийнхан нь “Бид таны шинэ киног тэсэн ядаж хүлээж байгаа” гэцгээж байна.
-Та дөрвөн хүүхэдтэй хүн. Тэднийг эл киног үзэж болохгүй гэдгийг хэрхэн  тайлбарлаж байгаа вэ? 
-Би тэдэнд тэр баавгай бол аймшигтай амтай гэж тайлбарладаг.
-Киноны хэсэгт та нэг амьсгаагаар их олон нэр хэлдэг. Тэр үед та ямар ч текст ашиглааггүй гэсэн. Энэ үнэн үү? 
-Тийм ээ. Зураг авахын өмнө тухайн хэсгийн текстүүдийг урьдчилан заавал бэлддэг. Гэхдээ харилцан ярианы хамгийн хэцүү хэсэг нь тэр байсан. Би нэг дор 57 нэр хэлдэг. Хамгийн гол нь тэднийг 2-3 минутын дотор хэлэх ёстой байсан.
-Тэгээд та хэрхэн тэр олон нэрийг ийм богинохон хугацаанд нэрлэж амжсан юм бэ? 
-Их бэлтгэл хийсэн. Бүр тэр хэсгийн зургийг авахуулахаас найман долоо хоногийн өмнөөс эхлэн чанга дуугаар унших маягаар бэлтгэж эхэлсэн. Би зохиолын текстүүдийн байнга урьдчилан цээжилдэг.
-Тэгсэн атал та энэ чадвараараа огт бардамнадаггүй. 
-Энэ чинь миний хийх ёстой ажил болоод л тэр. Их өндөр хөлс авдаг жүжигчидтэй би цөөнгүй удаа хамтран ажиллаж байсан л даа. Тэд харин текстээ цээжилдэггүй юм билээ. Энэ нь миний урмыг бага зэрэг хугалсан л даа. Учир нь түүний төлөө л маш их хөлс авч байгаа шүү дээ.
-Хамгийн сайн бэлддэг жүжигчин нь таны бодлоор хэн бэ? 
-Расел Кроу.
-“Тед” таны чадварыг арай өөр талаас нь нээж харуулсан байх. Харин танд ингэж олон төрлийн кинонд тоглох нь таалагдаж байна уу? 
-Их таалагдаж байгаа шүү. Би үзэгчдэд гэнэтийн бэлэг барьж, өөрийгөө огт өөрөөр харуулж, тэр хэрээр өөрийгөө эвдэхийг хичээдэг.
-Британийн цуврал кино “Хотын сүм”-ийн жүжигчид шиг аялгатай ярьж чадах уу? 
-Тэгэлгүй яах вэ.
-Тэгвэл нэг дүрийг нь дуурайж жүжиглэж үзүүлээч. 
-Хэрэггүй биз дээ. Надад дээдсийн ямбалсан хэллэгээс хар яриа, хараал илүү таалагддаг. Би (хараал хэлэв) гэж хэлэхийг илүүд үзнэ.
-CNN-ээр цацагдаж байгаа болохоор хараал хэлэх хориотой шүү дээ. 
-Уучлаарай.
-Таны ээж энэ нэвтрүүлгийг үзэж байгаа. 
-Одоо үзэлтгүй боллоо доо. Уучлаарай, ээж ээ. Тандаа хайртай шүү. Гэхдээ би олдсон боломжийг алдахгүй байхыг хичээдэг хүн. Ялангуяа зөв цагт. Юм бүрийг дутуу дулимаг, (хараал хэлэв) хиймээргүй байна. Би дахиад л муухай үг хэрэглэчихлээ.
-Та Тед шиг болсон байна шүү. 
-Тед их муу нөлөөтэй баавгай.
-Кино урлаг гэдэг их ярвигтай бизнес. Харин та өөрийгөө одоо бизнес эрхлэгч гэдэг утгаар нь харах болсон гэж саяхны ярилцлагадаа дурдсан байсан. 
-Би бүр анхнаасаа л бизнестэй салшгүй холбоотой байсан. Би жүжиглэх дуртай гэдгийг та мэдэх байх. Кино урлаг, жүжиглэлт бол миний анхны хайр. Харин гэртээ илүү их хугацаа өнгөрүүлж, эхнэр хүүхдүүдтэйгээ байнга хамт байхын тулд бизнес эрхэлж эхэлсэн. Гэртээ хөлөө жийгээд киноны санал ирэхийг хүлээж суудаг жүжигчин би биш. Би өөрөө л хөөцөлдөхгүй бол найруулагчид ч өөр хүнд саналаа илгээх болно.
-Танай хүүхдүүд Жастин Бибертэй хамт сагсан бөмбөгийн тухай кинонд тоглох гэж байгаа гэсэн яриа гарсан байна билээ. 
-Хөвгүүд энэ саналыг зөвшөөрч байгаа. Харин охин маань Жастинаас болоод жаахан асуудалд орооцолдоод байгаа. Тэр маань найман настай. Харин Селена Гомез Жастиныг охинтой маань хамт ажиллуулах хүсэлгүй байх шиг байна.
-Дурлалын өрсөлдөөн үү? 
-Тийм л болов уу. Миний бодлоор тэр их авьяастай жаал. Тиймээс кино урлагт амжилт гаргаж чадна.
-Таныг сагсан бөмбөг тоглохдоо сайн гэдгийг сонссон юм байна. Харин Жастин чадах болов уу? 
-Тэр чадна. Би түүний клипүүдээс үзсэн.
-Та 13 настай байхдаа сургуулиа орхисон. Биднийг сүүлд уулзахад та төгсөж чадаагүй байгаа, түүндээ их харамсдаг гэж хэлж байсан. Харин түүнээс хойш энэ талаар багагүй зүйл хийж, цахим сүлжээгээр дамжуулан хичээл сонсож, гэрчилгээгээ удахгүй авах гэж байгаа гэсэн. 
-Энэ ажил дөнгөж л эхэлж байна. Өнөөдөр би ээжтэйгээ утсаар ярьтал намайг дахин сурах гэж байгаа талаар сониноос олж уншсанаа хэлж байсан. Бас ээж минь 55 настай байхдаа дунд сургууль дүүргэсэн гэрчилгээгээ гардаж авч байсан тухайгаа ч дурссан.
-Тийм гэж үү? 
-Гэрчилгээ нь одоо гэрийнх нь хананд өлгөөтэй байдаг. Төгсөлтийн гэрчилгээгээ гардаж авч байсан үе бол ээжийн минь хамгийн бахархалтай мөч гэж ярьдаг.
-Харин таны шийдвэрийн талаар ээж тань ямар бодолтой байна вэ? 
-Ээж минь надаар их бахархаж байсан. Гэхдээ их амаргүй байх болов уу гэж байна билээ. Би ч түүнийг гадарлаж байгаа. Учир нь би гуравдугаар ангид сурдаг охиныхоо гэрийн даалгаврыг давтуулж чаддаггүй юм.
-Хүүхдүүдийн тань хувьд ч энэ их гайхалтай үйл явдал болох байх. 
-Тэд энэ талаар мэддэггүй юм. “Аав аа, хэрвээ та төгсөөгүй юм бол бидэнд сургуульд сурах шаардлага байгаа юм уу” гэсэн асуулттай нүүр тулгарахыг хүсээгүй. Тиймээс л цахим сүлжээ ашиглан сургуулиа төгсөхөөр шийдсэн. Би гэрийн багштай болсон. Тун удахгүй сургуулиа төгсөх байх гэж найдаж байгаа.
-Та бүхий л хичээлийг үзэж байгаа юу? 
-Тийм ээ. Цөөнгүй кредит цуглуулаад байгаа. Ялангуяа англи хэлний хичээл дээрээ өндөр оноо авсан. Амьдралын туршлага дээр тулгуурласан болохоор илүү дөхөм байлаа. Сурч байсан сургуулийн маань багш надтай холбогдоод “Манайх шинэ системд шилжсэн. Тиймээс интернэтээр сураад төгсөх боломжтой болсон” гэж хэлсэн юм. Би тэр даруй л бүртгүүлэхээр шийдсэн.
-Ямар хичээлд илүү сайн байна вэ? 
-Математик. Бас англи хэл.
-Харин ямар хичээлд муу байна вэ?
-Шинжлэх ухаан болон нийгмийн хичээлүүдэд тааруухан байгаа. Надад шинжлэх ухааны талаар ямар ч ойлголт байхгүй. Тиймээс бүр эхнээс нь үзэж байгаа.

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete