Monday, November 5, 2012

Шинэ цагийн нийгмийн гамшиг



Чингисийн үр удам хэмээн цээжээ дэлдэх дуртай монголчууд бид тун удахгүй бас нэг тоон үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэх хандлагатай байна. АНУ-ын гэр бүл судлалын төвөөс 2004 онд гаргасан судалгаагаар гэр бүл цуцлалтаар 29-т жагсаж байсан бол энэ жил эхний арав руу огцом дэвшжээ. 

Мянган хүн тутамд хэдэн гэр бүл цуцлалт ноогдож байгаагаар арав гаруй жилийн өмнө улс орнуудыг жагсаасан эл статистикт монголчууд 0,37 хэмээн хариулж байж. Харин энэ оны эхний гурван улирлын байдлаар гэхэд л энэ тоо үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд буюу 1,5 болтлоо суга өссөн байх юм. Харамсалтай нь энэ тоон үзүүлэлтийг цаасан дээр бичиглэсэн гэрээ, шүүхийн шийдвэр төдийхнөөр бус бодит амьдрал дээрх тоон үзүүлэлтээр гаргавал бүр ч өсөх нь дамжиггүй. “Хамтран амьдрагч” гэх хөгжингүй орнуудтай хөл нийлүүлж буйгаа батлах хачин маягтай нэр томъёогоор өөрсдийгөө гоодсон хосууд өнгөрөгч оны байдлаар гэхэд л найман гэр бүл тутамд нэг ногдож байх юм. Гэр бүлийн үнэт зүйлс гээчийн хэдийнэ умартаж орхиод цаасан дээр дансгүй өрх нэмчихсэн эдгээр хосуудын хэд нь нийлж, хэд нь салж байгааг бодитойгоор тооцох аргагүй. Товчхондоо гэр бүл болох, салах асуудалд хосууд гэртээ тоглон суух хүүхдүүдийн наадгай адил хандаж, өнөөх улсын үндэс хэмээгддэг гэр бүл гэх нэгж төд мөдгүй мартагдах шинжтэй.
Хосуудын хоорондын асуудлыг үндэсний аюулгүй байдалтай холбон дэвэргэлээ хэмээн хойш тавих гэж байгаа бол түр азнаарай. Зөвхөн он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 415 бүртгэгдэж, хэдийнэ 41 хүний амийг авч одсон бол, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар монгол хүний гэнэтийн үхлийн шалтгааны хоёрдугаарт хүчирхийлэл, гэнэтийн осол бичигдсэн байх юм.
Хөгжингүй орнуудад халдлага, томоохон гамшиг сүйрлийн үед тэмдэглэгддэг нас барсан хүний тоо манай орны гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдын тоотой дүйж байгаа нь үндэсний аюулгүй байдалд заналхийлэх түвшинд хүрсний нэг илрэл биш гэж үү. Цаашилбал гэмт хэрэгтнүүдийн 70 хувь нь тогтворгүй гэр бүлд өссөн, нийт гэмт хэргийн 86 хувь нь гэр бүл, ахуйн хүрээнд гардаг хүчирхийлэл, хардалтаас үүдэлтэй байгаа гээд олон арван тоо баримт дурдаж болно. Товчхондоо гэр бүл гэгч нэгжийн асуудлыг хойш тавьсанаас гэмт хэргийн өсөлт гаарч, тэнэмэл орон гэргүй хүүхдүүдийн тоо өсөж, ирээдүйн иргэд болсон бяцхан үрсийн маань хоёр хүүхэд тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байна.
Сайн эзэгтэйн тухай уламжлалт ойлголт, түүнийг таслан зогсоож, гэмтнүүдийг гэсгээх ёстой хуулийн заалт амьдралаас дэндүү хол хөндий байдаг нь гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлж, толгойг нь илэх гол шалтгаан болдог хэмээвэл хэтийдсэн болохгүй.
Нүүдэллэн амьдарч байх ахуйд өрхийн тэргүүн адуу малаа оторлуулах, алдсан малын эрэлд мордох гээд л гадуурх ажлаа амжуулж, эзэгтэй нар хүүхдээ асарч, хүмүүжүүлэх, сүү сааль гээд л гэрийн дотоод ажлыг хийдэг байсан хуваарилалт суурин иргэншилд шилжээд хэдийнэ гурван зууныг ардаа үдэж буй XXI зууны метрополис хэмээх сүрдмээр тодотголтой залуучуудын амьдралын хэв маягт ч амь бөхтэй зууралдсаар л байх юм. Угтаа эрчүүд, бүсгүйчүүдийн аль аль нь амьдралаа тэтгэхээр ажил хийж, нэг ёсондоо гэрийн гаднах ажилд хамтран зүтгэдэг болсон өнөө цагт гэрийн дотоод асуудалд ч ажил үүргийг тэнцүү хуваарилах нь өнөөх энэ зууны эхнээс монголчуудын дунд эрчимтэй хэлэлцэгдэх болсон тэгш эрх гээчийн бас нэгэн үзүүлэлт байлтай. Гэхдээ аргаа түшин амаржиж хэдийнээс хат суусан монгол бүсгүйчүүд гэрийн дотоод ажил төдийхэнд түүртэн хөгжингүй орнуудын цэмцгэрхэн хатагтай нар шиг ажлын хуваарилалтын тэнцвэргүй байдалд гомдоллож, энэ асуудлыг хөндөж, сөхөж байсан удаагүй. Тэр ч байтугай “Зодсон юм биш ээ. Ганц удаа л алгадсан” гээд хүчирхийллийг хүний эдлэх ёстой нэгэн үйл юм шиг санаж, хүчирхийлэгчийн үйлдлийг өмгөөлөн суух хүлцэнгүй байдлыг гэр бүл судлаачид номлож “Нөхөр нь өөр эмэгтэй дагаад явсан бол эхнэрийнх нь арчаагүйнх. Орой ирэхэд нь уурлаж, бухимдах шалтаг гаргахгүй бүхнийг жин тан, яс тас хийсэн байх нь эзэгтэй хүний үүрэг” хэмээн мунхруулах нь ердийн үзэгдэл. Нэг үгээр хэлбэл бид өөрсдөө гэр бүлийн хүчирхийллийг өөгшүүлж, хэт даврагчдыг хөөргөдөн, эхнэр, үр хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насанд заналхийлэх боломжийг олгодог.
Харин үр дүнд нь... Гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэргийн халдлагад өнгөрөгч онд гэхэд л 28 хүүхэд өртөж, 3 хүүхэд тутмын хоёр нь гэртээ амар тайван байж чаддаггүй байх жишээтэй. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хийсэн судалгаагаар 21 аймагт хийсэн судалгаагаар хамрагдсан 1100 хүүхдийн 63.73% гэр бүл дэх хүчирхийллийн гэрч болж, талаас илүү хувь нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон байх юм. Эмэгтэйчүүдийн хориход нөхөр эсвэл хамтран амьдрагчаа хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдэж байгаа эмэгтэйчүүдийн 70% нь эр нөхрийн хүчирхийлэл дарамтад байснаас сэтгэл санааны дарамтад орж, гэмт хэрэг үйлдсэн байдаг гэсэн тооцоо ч бий.
Сэтгэл сэрдхийлгэм энэ олон тоо хаалга бүрийн цаана нуугдаж буй бэлгийн, биеийн, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийллийн бодит тоо баримт болж чаддаггүй нь бүр ч харамсалтай. Эх хүний энэрэнгүй ууч сэтгэл, өнөөх гэр бүл судлаач гэх мундаг сэтэртэй хүмүүсийн эр нөхрийгөө дээдлэх мунхруулга, гэр бүлийн болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай хуулийн тухай мэдээлэл хангалтгүйгээс тэдний олонх нь хүнд төмөр хаалганы цаана хүлээтэй, дараастай хэвээр хэнд ч мэдэгдэлгүйгээр үргэлжилсээр л байдаг.
Өнөөх бүсгүйчүүдийг бүрэн бууж өгөх ёстой гэсэн суртал ухуулга, монгол эмэгтэйн хатан ухаан гэх чамин сэтэртэй номлолоороо хүлж, баглаж хүмүүжүүлчихээд, хүчирхийлэл газар авч, хохирогчийн биед ноцтой гэмтэл учруулах хүртэл даамжруулах боломжийг олгодог нь хэтрүүлэг биш. Нэг удаагийн гар хүрэх явдлыг уучилж хэлтрүүлээд нэлээн хэд болоод, даамжирч, даврахын цагт даръя гэсэн ч боломж үгүй, зугтъя гэсэн ч газар байхгүйн гайгаар хэдэн хүнээр “тахил өргөж” байж энэ асуудалд анхаарал хандуулах ёстой юм бэ.
Суртал ухуулгад хууртаж, сэтгэлээ тайтгаруулж явсан хохирогчийн гомдол цөхрөл барагдах үед цагдаагийн байгууллага “Гэр бүлийн маргаан” хэмээн гэмтнийг оодруулах нь ч бий. Угтаа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн есдүгээр зүйлд цагдаагийн байгууллага хүчирхийлэлтэй холбоотой гомдлыг хүлээн авч бүртгэхээс эхлээд хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авахуулах хүсэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах хүртэл арга хэмжээ авах учиртай. Нөгөөтэйгүүр хохирогчийн хамгаалах сайн хөгжөөгүйгээс Хүчирхийллийн эсрэг төвийн хамгаалах байранд долоо хүртэл хоног байлгаж, цаашид хэрхэхийг хувь заяанд нь даатгах тохиолдол ч түгээмэл.
Гэр бүлийн хүчирхийлэл төдийгүй замбараагаа алдсан гэр бүл төлөвлөлт, цуцлалтын асуудалд ч анхаарал хандуулж, гэр бүл гэх үнэт нэгжийн нэр хүндийг өсгөх тал дээр холбогдох байгууллагууд анхаарал хандуулж, ажил хэрэг болгох цаг хэдийнэ болсон. 18 нас хүртэлх хүүхдүүд 2006 онд 175 эрүүлжүүлэгдэж байсан бол 2011 онд 1416 болтлоо өссөн. Гэмт хэрэгт холбогдож байгаа хүүхдүүдийн тоо буурсан ч тэдний арга нарийсч, гэмт хэргийн нөхцөл байдал улам хүндэрч байгааг судалгаагаар гаргажээ. Түүгээр барахгүй ядуурал, ажилгүйдэл зэрэг нийгмийн хүчин зүйлээс гадна хүүхэд багачуудын гэмт хэрэг рүү түлхэж буй хамгийн гол хүчин зүйл нь гэр бүлийн таагүй, тогтворгүй байдал гэдгийг судалгаагаар гаргачихаад байна.
Өнөөгийн гэр бүлийн тогтворгүй байдал 15-20 жилийн дараахь нийгмийн тогтворгүй эмч замбараагүй байдлыг ул үндэс нь гэдгийг хөгжингүй орнууд хэдийнэ анзаарчихаад эл асуудлыг хууль түүнийхээ бодитой хэрэгжилтээр шийдэж, зохицуулж байх юм. Ирээдүйн иргэнийг бэлтгэх хамгийн чухал орчныг амар тайван, тогтвортой байлгах нь ирээдүйд хийж буй бидний хамгийн том хөрөнгө оруулалт. Тиймдээ ч гэр бүл төлөвлөлт, түүний тогтвортой байдлыг шийдчихсэн орнуудын хөгжил харьцангуй тогтвортойгоор өсөн нэмэгдэж байна.

No comments:

Post a Comment