Sunday, October 28, 2012

Урлагийнхныг ашиглах уран арга


Нэгэн цагт болхидуухан зураглалтай хэдэн зургийн эвлүүлэг, нуршсан тайлбартай реклам төдийхнөөр төсөөлөгдөж байсан сурталчилгаа өнөөдөр пи ар, маркетинг, сурталчилгаа болон салбарлан хөгжиж тэр хэрээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, байгууллагаа сурталчлах далд хэлбэр, арга өдрөөс өдөрт улам нарийсч буйн гэрч нь бид болж байгаа билээ. Харамсалтай нь дүрмээс гажих өнөөх өвөрмөц ухаан мөн л энэ салбарт бараан сүүдрээ тусгаж, үзэгч, хэрэглэгч төдийгүй зэргэлдээх салбарынхнаа ч хэлмэгдүүлэх боллоо. 

Тухайн үедээ залуусыг байлдан дагуулж байсан “The Pussyсat Dolls”  хамтлагийн дуучин Николь Шерзингер эх оронд маань ирж, ая дуугаа өргөнө гэсэн эхний мэдээ энэ шинэ маркетингийн бодлогыг эхлэлийг тавьсан. “Ирмүүн” агентлаг “Космополитан” сэтгүүлийн Монгол хувилбарыг хариуцан гаргаж, олон улсын хэмээгдэх нэр хүндтэй сэтгүүлүүд Монголд хөл тавих эхлэлийг тавьсан гавьяатнууд. Харамсалтай нь түүнийхээ зэрэгцээ үзэгчид ард иргэдийн сэтгэлийг хий хөөргөдөн, хүүгээ бэрсэд тавьж ноёныг мадлах сэргэлэн тактик хэрэглэсэн нь сийрэг толгойтнууд. Хэдийгээр тэд шоубизнесийн ертөнцөд цахиур хагалаад байсан дуучныг ирж чадахгүй болсон тухай тоглолт товлогдсон хугацаанаас хэдхэн цагийн өмнө тайлбарласан ч, үнэмшил муутайхан шалтгаан нь үзэгчдийг итгүүлж дөнгөөгүй. Тухайн жилийн цаг агаарын гэнэтийн өөрчлөлт, цочир хүйтрэлийн талаар халуун намраар эрдэмтэд зарласаар байтал гэнэтийн хүйтрэл, цасан шуурганд балмагдсан дуучин жавар тачигнаж буй Орос, Германаар дайрах нислэгээр Монголд ирэхээс татгалзсан юм байх. Бүр сонирхолтой нь тоглолт болохоос хэдхэн хоногийн өмнө дуучны Facebook хуудсанд хуваарьт ажлынх нь товыг зарлахад Монголд очих талаар үг өгүүлбэр байгаагүй нь иргэдийг эргэлзүүлж, итгэлийг нь алдсан зохион байгуулагчид руу дайрч давшлахад хүргэсэн биз. Үнэндээ ч өнөөдөр төлөвлөөд л маргааш тоглочихдог гэнэтийн сюрпризээр дүүрэн ажлын хуваарь манайхаас өөр оронд үгүй. Тэр ч байтугай дэлхийн тавцанд өрсөлдөж буй эрхмүүдийн ажлын хуваарь жилийн өмнө гарчихдаг талаар мэдээлэл, мэдлэг сайтай үзэгч, хөгжим сонирхогчид хэдийнэ мэдчихээд өнөөх ирнэ гэж амлаад байсан эрхмүүдийн цахим хуудсаар зочилж, үзлэг шалгалт хийгээд үнэн мөнийг олоод амжчихсан байгаа юм.
Үймээн дэгдээсэн ирэх, ирэхгүйн талаарх мэдээллүүд үзэгчдийг талцуулж, нэг хэсэг нь Николь Шерзингерийн ямба маягийг гайхан шагшиж, нөгөө хэсэг нь “Ирмүүн”-ийнхний овсгоо самбааг гайхаад, хэл амаа билүүдээд өнгөрснөөс цаашгүй. Тоглолт ч болдгоороо болж, сэтгүүл ч хэвлэгддэгээрээ хэвлэгдэж, үр дүнд нь үзэгчид сэтгэл санаа, эдийн засгаар, дуучин нэр хүндээрээ хохироод үлдсэнээс зохион байгуулагчид томоохон сурталчилгааг багахан өртгөөр хийж, оносон уу гэхээс алдсан зүйл багатай үлдсэн. Ингээд л ямар ч хариуцлага тооцдоггүй, алдагдалгүй, асар том далайцтай сурталчилгаа болсон эл шинэлэг арга бизнес эрхлэгчдийн тархинд оч харвуулан дараагийн хувилбаруудын талаарх төсөөлөл, төлөвлөгөө гаргуулсан байхыг үгүйсгэх аргагүй.
Ингэж хардах шалтгаан ч бий. Учир нь өнгөрөгч өвлийн бас нэгэн дуулиан залуусыг цөсийг хөөргөж, бяцхан хүлээлт үүсгэж дөнгөсөн. Солонгос залуусын “Big bang” хамтлагийг Монголд урьсан, хамтлагийн гишүүн T.O.P Монголд ирэх талаар мэдээлэл хэвлэл, цахим хуудсуудад цөөнгүй гарсан боловч тэдний бараа сураг ч үзэгдээгүй. Түүний араас бас нэгэн дуулиан шуугиан. Сүүлийн үед уран бүтээлүүд нь хит болж, хип хоп сонирхогчдын анхаарлыг татах болсон рэппер Pitbull Монголд тоглох нь. Энэ удаад мөн л тоглолтын тов гарч, тасалбар нь ч худалдаалагдаад эхэлсэн. Үндэсний баяр наадмын дараахан хөгжим сонирхогчдыг Төв цэнгэлдэх хүрээлэнд цуглуулах тоглолт үндсэндээ залуусын энэ ярианы гол сэдэв болж, өнөөх жил бүр л болдог үндэсний барилдаанаас илүү донжтой хувцасладаг куба гаралтай дуучныг дэргэдээс нь харах ганц удаагийн боломж 20-иод наснынхны анхаарлыг татаад байв. Тоглолт болох өдөр ойртсоор л... Гэтэл зохион байгуулагчид алдартныг ирэх хугацаагаа хойшлуулсан хэмээн зарлах нь тэр. Тоглолтын шинэ тов гаралгүй алдарт маргаашийг ардаа гээсээр “Байгууллагаа сурталчлах гэсэн башир арга” гэх үзэгчдийн бухимдал аажимдаа дарагдаж, хичээлийн шинэ жил, ажлын ачааллын үе ихсээд асуудалдаа түүртсэн олон амлалтаа биелүүл хэмээн шаардахаа ч умартсан. Цаг хугацаа бүхнийг анагаадгийн үлгэр тэр.
Гэхдээ бас зохион байгуулагчид бүгд л үзэгчдийг даллуураар даллаж, эгээ тарвага адил хошгоруулсан юм гэвэл өрөөсгөл болох биз. Энэ сарын 20-нд Спортын ордонд тоглолтоо хийсэн “Onyx“ дэлхийн тавцанд өрсөлдөж буй уран бүтээлчид Монголын тайзыг гололгүй ирж болохыг биечлэн харуулсан. Өнгөрөгч зууны сүүлчээр хип хопчдыг байлдан дагуулж байсан алдарт рэпперүүд энэ төрлийн эрхэмлэн хүндэлж, үүх түүхийг нь судалж, үзэл суртлыг нь дэмждэг залуусын цөсийг хөөргөхөөр товлосон хугацаанд ирж, амласан тоглолтоо ч үзүүлсэн. Харамсалтай нь шинэ зуун гарсаар шинэ уран бүтээл тоотой хэд гаргаж, нэг ёсондоо үеэ өнгөрөөсөн хамтлагийн үнэ цэнэгүй хамтлагийнхныг голсноос ч тэр үү, ул болж мартагдсан хуучин хэв маягийг үл ойшоосноос болоод ч уу үзэгчид хип хопын домог хэмээгдэгчдийн сэтгэлд хүртэл цуглаж чадсангүй. Үзэгчдээ голсон рэпперүүд үг хэлээ хурцлаад, буудал руугаа буцаж мордсон талаар ч сэтгүүлчид ам булаалдан бичсэн. Тэр ч байтугай сэтгэл хөөрсөн залуусын дахиулах гэсэн алга ташилтаас залхсаных уу, зах зээл багатай оронд зам зуур буудалласандаа бухимдсанаас ч тэр үү ууж байсан усны саваа үзэгчид руу өшиглөж зүггүйтсэн талаар ч цахим хуудас, хэвлэлүүдэд гарсан сурвалжлагаас олоод уншчих боломжтой. Товчхондоо тоож ирсэн нь үеэ өнгөрөөж өнөө цагийн шоу бизнесээс шахагдсан хэрнээ хэрээ мэдэхгүй биеэ тоосон хэдэр зантай хэдэн (үнэндээ хоёрхон) рэппер байж л таарч.
Олны танил эрхмүүдийг, дэлхийд данстай оддыг тэр дундаа урлагийнхныг хэлмэгдүүлсэн энэ шинэ давалгаа бүр эртнээс эхэлсэн гэж үзэж ч болох. Гудамжнаа хаа сайгүй таарах хэзээний танил дотно зурагт хуудсууд баримт нотолгоо нь. Тэр ч байтугай алдарт жүжигчин Жет Лиг авчраад кинондоо тоглуулчихсан адтай хүмүүс, бид. Энэ мэт жишээг эрэн сурвалжлаад байх ч шаардлагагүй. Та ч бас танил дотно дүр төрхтэй таарч л явсан байх. Эцэст нь бид эзэн Чингисийнхээ нэрийг худалдаж иддэг байсан үеэ ардаа орхисон гээд давуу талыг нь бас дурдаад өнгөрөх нь зүйтэй. Түүнийхээ оронд дэлхийд данстай оддыг маркетинг, сурталчилгаандаа ашиглан, даяаршлагдах моодыг жинхэнэ утгаар нь дэлгэрүүлж буй мэдрэмжтэй иргэд гээд хөөрөгдүүлсэн ч болох.

No comments:

Post a Comment