Sunday, October 14, 2012

Хатан зоригтнууд


Хатан зоригтон гэхээр л хамгийн хүчирхэг, эрэлхэг, тэмцэгч, товчхондоо хүний дээд хэмээн төсөөлөгддөг. Алдарт жүжигчин Мел Гибсоны найруулж, өөрөө гол дүрд нь тоглосон “Хатан зоригтон” гэх кино ч энэ үгийн утгыг багагүй өндөрт өргөсөн биз. Өөдөсхөн үрээ бүдчин унахад нь өвдөг нь шалбараа болов уу хэмээн түгшин гүйж очдог эцэг эхчүүдтэй харьцуулахад алгын чинээхэн үрээ амь эрссэн энэ нийгэмд эр зориг, авхаалж самбаа гарган сургуульдаа очих хүндхэн даалгавар тохоон томилдог асран хамгаалагчдыг бас нэгэн төрлийн “хатан зоригтнууд” гэлтэй. 

Арваадхан алхам явахаасаа түвэгшээсний гороор алаг үрээ үүрд алдчихсан харамсалтай хэрэг энэ онд орон нутагт гарсан байх юм. Голын цаанатай байрлах цэцэрлэгт нь хүүхдээ хүргэж өгөлгүй, гол гаталгаад л ээж аав хоёр нь буцаж. “Өөрөө дэгдээд гүйчих” гэх өнөөх л хайрхамжгүй үг үрийнх нь амийг авч одно хэмээн хэн санах билээ. Цэцэрлэг тухайн өдөр ажиллаагүй тул жаал ганцаар буцахаас аргагүй болж, гэртээ харих замдаа голд живсэн аж. Тэр ч байтугай өөрсдөө дулаан хөнжилдөө дугжирч байгаад хөлд орж буй бяцхан үрээ осгоочихсон хэрэг энэ оны эхээр нийслэлд гарчээ. Ээж, аавынхаа унтаж байх үеэр жаал гэрийнхээ хаалгыг онгойлгон гартал үүд нь түгжигдчихэж. Өвлийн тэсгим хүйтэнд даарч бээрч, айж эмээсэндээ аврал эрсэн бяцхан хүүгийн дуу аав, ээжийнхээ чихэнд хүрэлгүй алсарчээ.
Нуугдаж тоглож байсан хоёр жаал гэрийнхээ гадаа хэвтэх хөргөгчинд орж түгжигдэн, ээж, аавынхаа анхаарал болгоомжгүйгээс амь эрсдэж, бүр цогцос нь үмхийрч илжирсэн байхад л олсон хэрэг Налайх дүүрэгт хэдэн жилийн өмнө гарч л байсан.
Энэ мэт тохиолдлуудыг эргэн сөхвөл уртаас урт зохиол, зузаан боть болно. Үхсэн хүн үг хэлдэггүй. Харин хохирогчийн өмнөөс амийг нь, эрүүл мэндийг нь нэхэх асран хамгаалагчид нь өөрсдөө буруутан болсон болохоор бяцхан үрсийн өмнөөс дугарах хүнлэг сэтгэлтэн өнөөдөртөө үгүй. Үүнийг цөөнгүй баримт гэрчилнэ. Эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй байдлаас болоод эрүүл мэнд, амь насаараа хохирсон багачуулын тоо хэд вэ гээд асуувал “Тэд” гээд баттай хэлэх нь байтугай, бүдүүн баараг тойм тоо хэлэх нэг ч хариуцлагатан байхгүй. Энэ талаар хийсэн судалгаа, статистик огт үгүй гэдгийн Нийслэлийн эрүүл мэндийн газар, Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагынхан бүгд батална. Товчхондоо амьд явах эрх нь зөрчигдсөн багачуулын асуудалд анхаарал тавьж, ажил хэрэг болгож буй хүн Монголд алга.
Эрүүл аюулгүй орчинд өсөж торних эрхээ эдлэх боломжийг хангах ёстой ээж, аавууд тэнтэр тунтар алхах жаалхан хүү, охиноо өөрөөс нь өндөргүй ах, эгчид нь даатгачихаад гэрт нь түгжээд явчихдаг, гудамж, тоглоомын талбайд орхиод гүйчихдэг явдал бидний эргэн тойронд хаа сайгүй бий. Дөрөв таван настай хүүхдэдээ дүүгээ харах ахадсан үүрэг өгчихөөд, дөрөв таван настай хүүхэд байтугай 40, 50 хүргэсэн хашир анжгай ч ажил гэрийн хооронд шогшихдоо амьд харих баталгаагүй болсон энэ нийслэлд хөтлүүлцэн гаргасан зоригтой шийдвэр тань үрийнхээ замд үхэл бэлдсэнээс өөрцгүй шийдвэр гэдгийг тунгаан нэг бодоорой.
Эцэг эх нь цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөгүйгээс, тоглоомондоо улайран өөрийн төсөөлөл дэх гэгээхэн ертөнцдөө уусан шингэчихдэг бяцхан үрсээ харж, хамгаалах хүнгүй гудамж, тоглоомын талбайд орхичихдгоос товчхондоо эцэг, эхчүүдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас болоод өдөрт нэгээс хоёр хүүхэд автомашины осолд өртөн, эрүүл мэнд, амь насаараа хохирч байна гэсэн тоо баримт бий. Муу муухай гэсэн бүхнээс нууж өсгөсөн жаалхан үрээ санамсар болгоомжгүйгээс өөрөө дайрчихсан хэрэг ч бүртгэгдсэн байх нь бий.
Энэ оны эхний найман сарын байдлаар он гарсаар гэмт хэргийн улмаас амь эрсэдсэн бага насны 29, 8-13 насны хүүхэд 9, 14-17 насны 22 хүүхэд байх юм. Хэдийгээр Монгол улсын эрүүгийн хуулинд “Сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандах” гэсэн зүйл заалт байдаг ч энэ зүйлээр шүүхэд хандсан хавтаст хэрэг сүүлийн хоёр жилд ирээгүй гэдгийг Монгол улсын дээд шүүхийн олон нийттэй харилцах албаныхан мэдээлсэн. Гэхдээ энэ нь асран хамгаалагчийнхаа хариуцлагагүй, анхаарал болгоомжгүйгээс хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохироогүй гэсэн үг биш. Ганцхан тэдэнд тооцох хариуцлага сулдаж, энэ талаарх мэдээ мэдээлэл, анхааруулга, сэрэмжлүүлэг хомсдсоных.
Сонирхолтой нь эцэг эхийн хайхрамжгүйгээс арван сартай болон хоёр настай жаахан охид гэртэйгээ хамт үнс нурам болох аюул дундуур амь өрсөн гарсан байхад өнөөх нийгмийн хариуцлагаа ухамсарлагч байгууллагууд хүүхдийн эрүүл аюулгүй орчинд өсөн торних эрхийг хамгаалахаар ганц ч дурсаагүйгээр үл барам хэвлэлийн мэдээллийнхэн “Энэ цагийн эгэл баатар”-аар өргөмжилж, төрөөс шударга журам медалиар шагнан, охидоо амиа өөрсдөө авар гээд хатан зориг гаргаад хаяад явсан аав М.Буянбатыг нь хүндэтгэлтэйгээр хоймортоо залж, хэвлэлийн хурал хийн магтаж сайшаасан хачирхалтай түүх бидэнд бий. Энэ онд гэхэд л жорлонд унасан дүүгийнхээ амийг аварсан тохиолдол гарч байсан ч хүүхдийнхээ амь насаар дэнчин тавьсан эцэг эхчүүдийг гэсгээх талаар бас үг цухуйлгасангүй.
Өнгөрөгч онд гэхэд л зочид буудлаас хоёр сартай хүүхдийн, Энхтайваны гүүрний дороос аманд нь малгайг нь чихэж хөнөөсөн нярайн цогцос олдсон тухай болон жорлонд хүүхдээ төрүүлчихээд хашаа давуулан шидчихсэн цэвдэг сэтгэл ээжийн тухай мэдээлэл гарч байсан. Гэхдээ хэрэг явдлын талаар дуулиан болгоод өнгөрснөөс биш, хэрэгтнүүдийг хэрхэн шийтгэж, цээрлүүлсэн тухай хэн нь дурсаагүй, дуулгаагүй. Олныг шуугиулсан нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж, нэр хүнд, ашиг харснаас биш, сэтгэл өвдөж, санаа зовон, араас нь хөөцөлдөж, мэдээлэл хүргэн, ахиад битгий бяцхан амь эндээсэй гэсэндээ араатан сэтгэлт ээж, аавуудыг айлгах гэж бичсэн, нийтэлсэн, цацсан нэвтрүүлэг, нийтлэл хэд билээ?
Амьдралаа сайн сайхан болгох, авдаг хэдээ нэмж, хүүхдээ хүнээс дутахгүй сайхан орчин нөхцөлд өсгөх хүсэл хүн бүрийн зүрх сэтгэл бий. Гэхдээ “Үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө л ингэж цаг наргүй ажиллаж байгаа юм шүү” гэж өөрийгөө хуурч, өрөөлд хүүхдээ даатгачихаад өнгөрүүлсэн цаг хором бүрт тань өөдөсхөн жаахан амь эрсдэлд орж байдаг юм шүү. Үрийнхээ үхлээс үнэтэй хөрөнгө эдлээд та сэтгэл тэнэгэр амьдарч чадах уу?

No comments:

Post a Comment